Жүжигчин Р.Адъяад холбогдох хэргийн шүүх хурал болно
2018 оны гуравдугаар сарын 13-ны өдөр жүжигчин Р.Адъяагийн эхнэр болох Б.Золзаяа Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол гаргасан байдаг. Тэгвэл дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч шүүхэд шилжжээ. Хэргийг сануулахад, жүжигчин Р.Адъяа нь өнгөрөгч гуравдугаар сарын 13-ны өдөр эхнэр болох Б.Золзаяагийн биед халдаж, гэмтэл учруулсан. Эх сурвалжийн мэдээлснээр эхнэр Б.Золзаяа толгойн тус газраа хүндэвтэр гэмтэл авсан ч шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл авсан гэж тодорхойлжээ. Тухайн үед сошиалаар Р.Адъяаг эхнэрээ зодсон гэх мэдээлэл тархсан ч тэрбээр хэвлэлүүдэд өөрийнх нь нэр төрд халдсан, гүтгэсэн хэмээн ярьж байсан удаатай. Мөн хохирогчийн талаас нүүрэнд нь саажилт үүссэн тул эмчилгээний зардлыг нэхэмжилсэн ч одоог хүртэл олгоогүй гэх мэдээллийг өглөө.
Хуулийн байгууллагаас Р.Адьяаг Эрүүгийн хуулийн 11.6-2 буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байна. Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.
Р.Адьяад холбогдох шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хурал энэ сарын 31-ны өдрийн 10.00 цагт болохоор товлогджээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ