Зул сарын баярыг тэмдэглэдэг хачин сонин уламжлалууд

Зул сарын баярыг дэлхийн улс орнууд өөр өөрийн өвөрмөц уламжлалаар тэмдэглэдэг бөгөөд зарим хачирхалтай сонин уламжлалын талаар танилцуулж байна. 


Жил бүрийн сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд дэлхий даяар шинэ жилийн баярын уур амьсгал бүрдэж, хүн бүхэн илүү аз жаргалтай болж, хүйтэн өвлийн улирал хүртэл таатай санагддаг билээ.


Филиппиний аварга том дэнлүүт наадам


Филиппин улсад жил тутам зул сарын баярын өмнөх долоо хоногийн бямба гарагт тус баярын нийслэл гэгддэг Сан Фернандо хотод аварга том дэнлүүт наадмыг зохион байгуулдаг байна. Уг наадмыг үзэж сонирхохоор филиппинчүүд Сан Фернандо хотыг олноор зоридогоос гадна дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс хүрэлцэн ирдэг байна. Урьд өмнө нь дэнлүүнүүдийг хагас метр диаметртэй цаасаар хийж, лаагаар гэрэлтүүлдэг байсан бол одоо дэнлүүний хэмжээ 6 метрт хүрч, олон төрлийн гэрлийн чийдэнгээр чимэглэдэг болжээ.


Шведийн Евле хот дахь ямаа


Шведийн Евле хотын төв талбайд зул сарын баярын өмнөх өдрүүдэд 13 метр өндөр хэмжээтэй йоль ямааг 1966 оноос хойш байрлуулж эхэлжээ. Үүний зэрэгцээ уг ямааг шатаах бас нэгэн уламжлал иргэдийн дунд тархсан нь аварга том ямааг шатаах ажээ. 1966 оноос хойш уг ямааг 29 удаа шатааж байснаас 2016 онд хамгийн их сүйдэж байв.






Австрийн "Крампус"


Австрид "Крампус" нэртэй мангас хотын гудамжуудаар хэрэн хэсэж хүүхдүүдийг айлгаж, муу зүйл хийсэн хүүхдүүдийг бүр шийтгэдэг байна. Тэр бол Сүнсний баярын дүр биш харин Санта Клаусын өөр нэгэн хувилбар ажээ. Австри уламжлалын дагуу Санта Клаус сайн хүүхдүүдийг шагнадаг бол муу зүйл хийсэн хүүхдүүдийг "Крампус" барьж, шуудайндаа хийж авч явдаг байна. 12 дугаар сарын эхний долоо хоногт залуу эрэгтэйчүүд "Крампус" шиг хувцаслан хүүхэд багачуудыг айлгадаг ажээ.



Исландын зул сарын баярын өвгөд


Зул сарын болохоос 13 хоногийн өмнө инээдтэй хувцаслаж, сахал зүүсэн 13 эрэгтэй Исландын өнцөг булан бүрт харагдаж эхэлдэг байна. Тэд 13 хоногийн турш Исланд даяарх хүүхдүүд дээр зочилдог бөгөөд тэднийг ирэх өдөр хүүхдүүд цонхныхоо дор хамгийн гоё гуТлаа тавьдаг ажээ. Харин өвгөд сайн хүүхдүүдийн гуталд бэлэг хийдэг бол сахилгагүй хүүхдүүдийн гутал дотор муудсан төмс үлдээдэг байна.





Норвегийн шүүр


Зул сарын баярын хамгийн хачин сонин уламжлал нь хүмүүс шүүрээ нуудаг Норвегид байдаг байж магадгүй. Энэ нь олон зуун жилийн өмнөөс өвлөгдөн ирсэн уламжлал бөгөөд Зул сарын баярын өмнөх өдөр шулам болон муу сүнснүүд гарч ирж, шүүр унадаг гэж итгэдэг байсантай холбоотой юм. Эрт дээр үеэс өнөөг хүртэл норвегичууд шүүрээ гэрийнхээ хамгийн аюулгүй газарт хадгалж, хулгайд алдахаас сэргийлдэг байна.





Колумбийн бяцхан лаануудын баяр


Колумбичууд цонх, тагт болон байшингийн урд талын талбайдаа лаа болон цаасан дэнлүүг байрлуулдаг бөгөөд бүгд зэрэг асаахад маш сайхан харагддаг ажээ. Хамгийн сонирхолтой баяр Кимбайя хотод болдог бөгөөд хөрш айлууд лаа болон дэнлүүгээ хэн нь хамгийн гоё өрөх эсэхээрээ өөр хоорондоо өрсөлддөг байна.





Канадын гэрлийн ёслол


Канадын Торонто хотод зохион байгуулдаг гэрлийн ёслолын үеэр тэнгэрт маш сайхан гэрлүүд харагддаг байна. Энэ төрлийн ёслолыг анх 1967 онд шинээр баригдсан Хотын танхим болон талбайд зориулан тэмдэглэж байжээ. Өнөө үед талбай болон гацуур модыг 300 мянга гаруй “LED” гэрлийн чийдэнгээр чимэглэдэг болсон бөгөөд оройн 23 цагаас эхлэн он гарах хүртэл солют тасралтгүй буудуулдаг байна.

Montsame.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ