Ёолк ба хар нулимс

Юун утаа, юун ядуурал, юун 60 тэрбум, юун ЖДҮ ёолкдоод завгүй байнаа монголчууд. Энэ жил ёолкдолт өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хэд дахин өссөн мэт санагдаад байна. Нэгэн найзын маань эхнэр арваад ёолкны ард гараад ажирсан шинжгүй ахиад хэдэн цэнгүүн хүлээгдэж байгааг сайрхан ярив. Ажлын, ангийн, андын, ахан дүүсийн,аймаг сумын, айл хөршийн тэр ч бүү хэл фитнесийн, баз хүргэнүүдийн гээд нэрлээд байвал дуусахгүйнээ. Хийе гэвэл арга нь олдно, хийхгүй гэвэл шалтаг мундахгүй гэгчээр ямар нэгэн асуудал босгоод л ёолкддог болж. Эдийн засаг хүндрэх тусам л манайхан улам бүр зугаа цэнгээнд шунадаг бололтой. Ананастай тахиа, оргилуун дарс хэмжээлшгүй сархад , ард нь шарталт. Үнэндээ энэ ёолкдолт эдийн засгаар бүрэн сүйрүүлнэ. Болсон болоогүй даашинзанд хүүхдүүдийнх нь хоолны мөнгө тэр аяараа явна. За тэгээд гоо сайханд хэвтэж танигдахын аргагүй сайхан болсон ч мөнөөх л мөнгө урссаар. Нэгэн орой бүгд л хөөрхөн харагдах авч маргааш өглөө нь сэгсийсэн алмас шиг л юм болж хоцорно. Яг ямар аз жаргалыг мэдэрч, юу хожсоноо бодоод ч олохгүй. Харин халаасан дахь хэдээ сэгсэрснээ тэр ч бүү хэл өр шир тавин байж даашинз, хослол авсандаа халаглан харуусах хүн ч тааралдах юм. Манайх шиг ийм нүсэр бас олон ёолк хэсдэг улс орон байдаг боловуу, бүү мэд. Ер нь манайхан социализмын үед л оросуудаас сурсан зүйл л дээ. Хэн нэгний баярлах, айлын авгайн арваад ёолк хэсч цэнгэх зэргийг хязгаарлах гэсэнгүй. Зүгээр л хайран мөнгө ямар ч үр дүнгүй цацагдаж, тэгээд эрүүл мэндээрээ хохирон үлдэж буйд л харуусахдаа бичиж сууна. Энэ их оргилуун дарс, даашинз гээд ихэнх нь импортоор авч ногоон төлдөг нуль зарлага. Энэ их зэрлэг цэнгэл татарсан хойно л бид хөгжил ярих нь зүйтэй болов уу. Ёстой л "Цагаан сар ба хар нулимас" гэдэг шиг "Ёолк ба хар нулимас" гэгч болж байна даа. Хүүе! Мартсанаас цагаан сардаа бэлдье байз, мөнгө зээлэхгүй биз уншигчидаа...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ