Ажлын байрандаа амиа хорлосон асрагчийн дүрс бичлэг хяналтын камерт үлджээ
Cүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн асрагч эмэгтэй ажлын байран дээрээ амиа хорлосон харамсалтай хэрэг энэ сарын 16-17-нд шилжих шөнө гарсан байна. Талийгаач тус эмнэлгийн Сэтгэц наркологийн тасагт асрагчаар ажилладаг байсан ба Хэнтий аймгаас Сүхбаатар аймагт ирж суурьшаад байжээ.
Хэрэг гарсан шөнө талийгаач ээлжтэй ажиллаж байсан аж. Эмнэлгийн ажилтан ажлын байран дээрээ амиа хорлосон хэрэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт анх удаа гарсан учир Аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагуудын зүгээс дээрх хэргийн талаар ихэд нууцалж байгаа гэх мэдээлэл байна.
Болсон хэрэг явдлын тухайд хөөж үзэхэд, талийгаач 28 настай, эмэгтэй Г нь нөхөр, гурван хүүхдийн хамт Эрдэнэцагаан сумын тавдугаар багт амьдардаг байжээ. Хэрэг гарсан өдөр талийгаачаас гадна долоон хүн жижүүрт хонож байсан бөгөөд тус эмнэлгийн дотоод хяналтын камерт дүрс бичлэг үлдсэн байжээ. Тодруулбал, 2018 оны арванхоёрдугаар сарын 16-17-нд шилжих шөнийн 02:07 цагт талийгаач Г амралтын өрөөнөөс ариун цэврийн өрөө рүү орж буй дүрс бичлэг үлдсэн байна. Харин талийгаач Г-г ариун цэврийн өрөөнд сэтгэцийн өвчтөнг номхотгоход ашигладаг олсоор өөрийгөө боомилсон байдалтай байхыг тухайн өдрийн өглөөний 07:00 цагт тасгийнх нь сувилагч анх харж мэдсэнээр цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Хэргийн газарт Аймгийн цагдаагийн газрын алба хаагчид очиж, үзлэг шинжилгээ хийсэн гэх ба хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгалтын ажиллагаа явуулж эхлээд байна.
Болсон явдлын талаар Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас тодруулахад “Одоогоор хэргийн нөхцөл шалтгааныг тодруулахаар шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Талийгаачийн энэ үйлдэлд ажлын байрны дарамт байсан уу, эсвэл ар гэрийн асуудалтай байсан уу гэдгийг удахгүй тогтооно. Холбогдох баримтуудыг цуглуулж байна. Өөрөөр энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Тухайн өдөр ээлжинд гарч байсан гэх Аймгийн нэгдсэн эмнэлгийн эрхлэгч Ц.Хүрэлбаатар “Тэр шөнө 01:00 цагт өвчтөн эргэх гээд тасаг руу нь ороход хохирогч цаашаа хараад хэвтэж байсан. Тухайн үед юм бодолгүй өнгөрсөн. Хэргийн талаарх мэдээллийг өглөө 07:00 цаг өнгөрөөгөөд авсан. Удирдлагуудын зүгээс тухайн ажилтанд ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байсан зүйл байхгүй. Хэргийн үнэн мөнийг хууль хяналтын байгууллагууд тогтоох байх” гэдэг тайлбарыг өгчээ.
Орон нутгийн эх сурвалжуудын ярьж буйгаар, талийгаач нь шинээр томилогдон ирсэн зарим албан тушаалтантай таарамжгүй харилцаатай байсан гэх ба ажлын байрны дарамт шахалт байсан байж болзошгүй байгаа аж.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
СЭТГЭГДЭЛ БИЧИХ