О.Хонгорзул: Хавдрын эс үржихгүй, үсэрхийлэхгүй байх механизмыг судалсан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтнаар энэ удаа АШУҮИС-ийн багш, доктор О.Хонгорзул, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн доктор Б.Цэрэндулам нар тодорлоо.  Шилдэг залуу судлаачдын шинэ судалгааных нь ажлын талаар ярилцсанаа хүргэж байна.     

-Ерөнхийлөгчийн нэрэмжит Шилдэг залуу эрдэмтэн судлаач шагналын эзэн болсон Та хоёрт юуны өмнө баяр хүргэе. Монголын анагаах ухааны салбарт Та хоёрын судалгааны ажил ямар үр нөлөөтэй бүтээл болсон талаар яриагаа эхлүүлье?      

-Б.Цэрэндулам: Миний хувьд Германы их сургуулийн Хүний генетикийн хүрээлэнд энэхүү судалгаагаа хийсэн. Хүний генетикийн чиглэлээр хийсэн судалгаагаараа Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ. Цаашдаа улам илүү зүйл хийж бүтээгээсэй хэмээн дэмжиж байгаад баяртай байна. Хүний биеийн болон бэлгийн оюун ухааны олон төрлийн гажгуудыг үүсгэдэг чардж синдромтой холбоотой, түүний үүсгэгч молекул механизмыг нь тогтоох зорилготой юм. 50-60 хувь нь молекулын шалтгаантай байдаг генийн харилцан үйлчлэгч уургуудыг судалсан байгаа. Судалгааны үр дүнд хоёр шинэ төрлийн харилцан үйлчлэгч уураг буюу генийг тогтоосон. Нэг нь болохоор тодорхой үүрэг нь тогтоогдоогүй цоо шинэ ген байсан. Нөгөөдөх нь зарим нэг аутизмын эмгэгтэй хүмүүст мутаци илэрсэн ген байсан. Энэ хоёр генийн чарже синдром болон аутимзмын холбоог молекулын төвшинд тогтоосон. Эцэг эхэд ямар ч мутаци байхгүй мөртлөө гаднын нөлөөгөөр стресс, агаарын бохирдол, орчны таагүй нөхцөл, химийн хортой нөхцөлд ажилладаг гэх зэрэг шалтгаан нь үл мэдэг синдромтой хүүхэд төрдөг. Үүний шалтгааныг тайлах чиглэлээр судалгаа хийсэн.  Энэ чиглэлээр Монголд хараахан судалж амжаагүй байгаа юм.     

  

-О.Хонгорзул: Миний хувьд Японы Жичи Анагаахын их сургуулийн Анатомийн тэнхимийн Гистологи-Биологийн салбарт суралцан докторын зэрэг хамгаалсан. Судалгааны гол чиглэл бол өнчин тархи тэр дундаа өнчин тархины урд хэлтэрийг судалсан. Өнчин тархины урд хэлтэрийн үүдэл эсийн зохицуулга, нас бие гүйцсэн амьтанд үүдэл эс хэрхэн яаж зохицуулагддаг талаар судалсан. Өнчин тархины үүдэл эс хэрхэн, яаж зохицуулагдаж байгаа механизмыг тайлбарлах гэж оролдсон. Энэхүү механизмыг амжилттай тайлбарлаж чадах юм бол цаашлаад хавдрын эсийн эмчилгээнд чухал нөлөөтэй.

Үүдэл эс дээр эсийн сигнал гэж байдаг. Зэргэлдээ оршиж байгаа хоёр эс өөр хоорондоо мэдээлэл дамжуулдаг. Энэ мэдээллийн механизм амжилттай дамжихаас шалтгаалаад үүдэл эс ялгаран хөгжих эсвэл олшрох эсэх нь тодорхойлогддог. Тэгэхээр энэ сигнал нь үүдэл эсийн олшролтод оролцоод байна уу, эсвэл ялгаран хөгжилтөд оролцоод байна уу гэдэг талаас, мөн үед E-cadherin нэртэй наалдагч уураг энэхүү үйл явцад яг ямар үүрэгтэйгээр оролцдогийг олсон.

 Өнөөгийн байдлаар миний хийсэн судалгааны зарим нэг хэсгүүд нь АНУ-д хэрэглэгдэж байна.  “Notch signaling” элэгний хавдрыг дарангуйлах үйл ажиллагаагаар туршилт хийж, эмчилгээнд ашиглах гэж байна.   

Энэхүүс сигнал нь хавдрын үед идэвхиждэг гэж үзсэн. Хэрвээ тухайн сигналаар хавдрын эсийг дарангуйлж чадах юм бол хавдрын эсийн хоорондын мэдээлэл дамжуулах процессыг нь дарангуйлж өгнө. Тэгэхээр мэдээлэл дамжихгүй байна гэдэг нь хавдрын эс үсэрхийлэхгүй байх боломжтой гэдгийг эхний ээлжийн туршилтуудаар батлаад байгаа.         

Одоо миний хувьд АШУҮИС-ийн Шинжлэх ухаан технологийн газрын судлаач мэргэжилтэн, Биологи-гистологийн тэнхимд багшаар ажиллахын зэрэгцээ судалгаагаа үргэлжлүүлэн хийж байна. Цаашдаа судалгаагаа илүү нарийвчлаад миний судалсан судалгааны бай генд яаж нөлөөлж болох талаар судалж байна.

-О.Хонгорзул доктортой өнгөрсөн хавар Нобелийн шагналтнуудын уулзалтад явахын өмнө уулзаж, ярилцаж байсан уу.  Нобелийн шагналтнуудын уулзалтад эх орноо төлөөлөөд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-60 мянган оюутнаас Нобелийн шагналтнуудын уулзалтад оролцох залуу судлаачдыг шалгаруулсан юм билээ. 60 мянган оюутан дундаас Монголоос хоёр судлаач очсон юм билээ. Уулзалтад очоод тэр талаар мэдсэн. Уулзалт маш сайхан болж өндөрлөсөн. 10 хоногийн турш Нобелийн шагналтнуудын лекцийг сонсож, тэдэнтэй санал бодлоо солилцож, зөвлөгөө авч байгаад ирсэн.    

-Салбарын судлаачдын хувьд Монголынхоо шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх, шинэчлэх, өөрчлөх хэрэгтэй талуудад нь гярхай хандаж, ажигладаг болов уу?   

-Б.Цэрэндулам: Шинжлэх ухааны хөгжил цэвэр санхүүжилтээс хамааралтай байдаг гэж хэлж болно. Гадаадын шилдэг их сургуульд өндөр төвшинд бэлгэгдсэн залуус эх орондоо ирээд ажиллая , судалгаа хийе гэхээр санхүүжилт нь хязгаарлагдмал. Үүнээс болж хүссэн судалгаагаа хийж, үр дүнг нь харж чадахгүй байна.   

-О.Хонгорзул: Улсын хэмжээнд шинжлэх ухаанд зарцуулж буй хөрөнгө бага ч АШУҮИС-ийн хувьд нийт төсвийнхөө 3 хүртэлх хувийг багш нарынхаа судалгаанд зарцуулдаг. Сургуулиас боломжийнхоо хэрээр эрдэмтэн багш, судлаачдаа дэмжиж ажилладаг.

Японд нэг анзаарсан зүйл бий. Тэр нь японы бүх эрдэмтэд жил нэг удаа салбар салбарын нэгдсэн уулзалт хийдэг. Тэр үеэрээ хэн юуг, хэрхэн судлах зорилтоо гаргаж харилцан тохиролцоод явдаг. Жишээ нь, тархи судалдаг эрдэмтэд цуглалаа гэхэд тархийг хэсэг бүрээр нь хувааж аван, хүн бүр өөр өөр даалгавартай буцна. Тэгээд ирэх жил нь үр дүнгээ ярилцдаг. Энэ нь тэд өөр хоорондоо өрсөлдөх бус Япон орны шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх, бусад оронтой өрсөлдөх, тэднээс илүүг бүтээх гэсэн нэгдмэл зорилго, нэг санаатай байгаагийн илрэл юм. Улсаараа нэг зорилгын төлөө ажиллаж, япон хүнээ яаж амжилтад хүргэх вэ гэдэг туйлын зорилготой. Энэ нь Японы хөгжилд нэн ялангуяа шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй санагдсан.     

-Ярилцсанд баярлалаа. Та хоёрт амжилт хүсье. itoim.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ