SOS!!! Гэр хорооллын хүүхдүүдийн 30 хувь нь сүрьеэгийн далд халдвар тээж байна

Энэ жил Улаанбаатар хот агаарын бохирдлоор дэлхийд гуравдугаарт жагслаа. Өнгөрсөн жил БНХАУ-ын нийслэл Бээжин хот манай нийслэлийн урд жагсаж байсан. Харин энэ жил манай нийслэл хотын ард жагсчээ. 23 сая гаруй хүн амтай Бээжин хот, гуравхан сая хүн амтай Улаанбаатар хот хоёрын хооронд асар их ялгаа байна.

Агаар дахь гол бохирдуулах бодис нь PM10, PM 2.5 тоосонцор юм. Үүнтэй эвлэрч маск зүүхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөөд буй. Маск дотроо PM 2.5 гэсэн тэмдэглэгээтэй, карбон шүүлтүүртэйг сонгож хэрэглэх шаардлагатай.

Юун түрүүнд утааны талаар товч мэдээлэл хүргэе. Утаа нь нэг мм-ийг 100-аас 1000 хүртэл хуваасантай тэнцэх голч бүхий хатуу биетүүдийн хийн төлөвт байгаа орчинг шинжлэх ухаанд “утаа” хэмээн тайлбарладаг. Харин Улаанбаатарын утаа Монголын агаарын чанарын стандарт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын чанарын стандартуудаас 10-35 дахин хол давсан гэдгийг Дэлхийн банкнаас олон жилийн өмнө сануулж байлаа. Улаанбаатар хотод хамгийн ихээр утааг үүсгэж буй эх үүсвэр бол гэр хорооллын яндангууд, уурын зуухнуудаас гарч буй нүүрсний утаа юм. Нүүрс нь дотроо хатуу нүүрстөрөгч ба хөнгөн дэгдэмхий бодисыг агуулдаг. Хатуу нүүрстөрөгч шатаад СО2 хэлбэрээр агаарт цацагдана. Энэ бол дэлхийн дулааралд нөлөөлдгөөрөө муу боловч өнгөгүй, үнэргүй, хоргүй хий бөгөөд Улаанбаатарын утаанд хамаа байхгүй. Харин нүүрсэнд байдаг хөнгөн дэгдэмхий бодис нь галлаж эхэлмэгц амархан ууршаад шатаж амжилгүй шууд яндан руу сорогдож утаа тортог хэлбэрээр гадагшилдаг. Тэр дэгдэмхий бодис бол замын хартай төстэй, өмхий үнэртэй, маш хортой тосорхог зүйл ба агаараар дамжиж эцэстээ хүмүүсийн уушгинд орж хуримтлагддаг аж. Нэг тонн нүүрс 10 хүний жилийн турш амьсгалах хүчилтөрөгчийг устгадаг байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан зарим тоо баримтыг дурдая. Улаанбаатар хотод амьдарч буй хүүхэд бусад сум сууринд амьдарч буй хүүхдүүдээс бронхит багтраа өвчнөөр өвдөх нь 10-15 дахин их байгаа юм. Гэр хорооллын хүүхдүүдийн 30 хувь нь сүрьеэгийн далд халдвар тээж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлж буйг эмч нар дахин анхаарууллаа. Сүүлийн жилүүдэд 1-5 насны хүүхдийн уушги хамгийн их гэмтэж байгааг албаны хүмүүс хэлсэн юм. Бага насны хүүхдийн дархлаа гүйцэд тогтоогүй, уушгины системийн тогтолцоо бүрэн гүйцэт хөгжөөгүй байдаг тул бронхит, сүрьеэ зэрэг хүнд өвчлөлд амархан нэрвэгдэж байна. Харин жирэмсэн эхчүүдийн 20-27 хувь нь эрт болон хожуу үеийн хордлоготой, хотын хүн амын 23-24 хувь нь амьсгалын замын өвчлөлтэй, шинэ төрсөн хүүхдүүдийн 3-4 хувь нь хүчилтөрөгчийн дутагдалтай байна.  Нийт өвчлөгсдийн 53 хувийг эмэгтэйчүүд, 47 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Харин хотод амьдарч буй нийт хүүхдийн 48 хувь нь амьсгалын замын ямар нэгэн өвчлөлтэй байна.

Агаарын бохирдлоос болж нэг хүүхэд жилд 7-8 удаа амьсгалын замын өвчнөөр өвчилдөг. Мөн жирэмсэн эхийн зулбах магадлал 4 дахин нэмэгддэг бөгөөд аутизмийн эмгэгтэй хүүхэд төрөх эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг байна.  Улмаар агаарын бохирдол хүний цусанд нөлөөлж байгаа бөгөөд цаашлаад генийн өөрчлөлтөд оруулахыг ч үгүйсгэхгүй.  

БНХАУ-ын Бээжин хотын захиргаанаас хүйт эхэлж, утаа ихсэхтэй зэрэгцэн онцгой байдал зарлаж, аюулын дохио асууж, ард иргэддээ амны хаалт үнэгүй тараадаг. Харин манайд аюулын түвшнээс мянга түм хол давчихаад байхад юу ч болоогүй мэт л суух юм.

Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал энэ оны 11 дүгээр сарын байдлаар ямар байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газрын, агаарын чанарын албанаас тодрууллаа.

Орчны шинжилгээний албаны, ахлах мэргэжилтэн Ш.Нямдаваа “Хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар болон химийн аргаар тодорхойлж байна. 2018 оны хүйтний улирлын 11 дүгээр сарын Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM10 тоосонцор 58 мкг/м 3 -ээр буюу 39 хувиар, хүхэрлэг хий 5 мкг/м 3 -ээр буюу 18 хувиар тус тус их байсан бол PM 2.5 тоосонцор 17 мкг/м 3 -ээр буюу 14 хувиар, азотын давхар исэл 9 мкг/м 3 -ээр буюу 17 хувиар бага үзүүлэлттэй байна” гэв.

Агаарын бохирдлын үед толгой эргэх, өвдөх, дотор муухайрах тайван бус болох, зүрх дэлсэх, амьсгалын тогтолцоо, мэдрэлийн эмгэг үүсэх зэрэг хордлогын ши нж тэмдэгүүд илэрдэг. Хэрвээ уг шинж тэмдэгүүдээс илрэч эхэлбэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Эмнэлгийн байгууллагынхан л энэ мэт зөвлөмжийг хүргүүлж буйгаас бус шийдвэр гаргагчид харамсалтай нь утааны талаар үг дуугарах нь цөөн. Дуугарсан ч түүнийгээ бодит ажил болгохгүй тэгсхийгээд мартдаг. Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаж байсан байх юм. Тэрбээр агаарын бохирдлын асуудлаар “Онц байдал зарлах” саналыг УИХ-ын даргад хүргүүлж байв.

Тэрбээр “Өнөөдөр утааны асуудал онцгой анхаарал татаж байна. Харамсалтай нь утаатай холбоотой зовлон дээр бизнес хийдэг улс төр, бизнесийн бүлэглэлүүд гарч ирсэн. Тэд өнөөдөр 147 тэрбум төгрөгийг утааны эсрэг, утаа багасгана гэсэн нэрээр завшсан. 100 орчим сая ам.долларыг мөн утаагүй зуух зэрэгт хэрэглэсэн. Бүгдээрээ утааны асуудалд онцгой анхаарал хандуулъя. Жил бүр үүнийг ярьдаг. Засаг захиргааны нэгж, тодорхой хэлбэл, ЭСЯ, зарим яамд, их, дээд сургууль, дотуур байр, музей, зарим урлагийн байгууллагыг хотоос гаргая. Энэ шийдвэрийг хурдан гаргаад ирэх хавраас ажилдаа оръё” гэсэн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 13-нд “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганы үеэр хэлсэн үгэндээ “Үе үеийн Засгийн газар утаа бууруулах олон ажил хийсэн боловч байдгаараа. Тиймээс Засгийн газраас хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилгоор баталсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлснээр бохирдуулагч эх үүсвэрийг 80 хувиар багасган, дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг нийслэлд бүрэн хориглож, агаар орчны бохирдлыг 2025 он гэхэд 50-иас доошгүй хувь бууруулах зорилт тавин бүх талын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Яндангийн тоог цөөлөх, эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхөд цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх, тэглэх, сэргээгдэх эрчим хүчийг бодлогын хүрээнд дэмжин ажиллана. ҮАБЗ агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг өнгөрсөн жил хүлээн зөвшөөрсөн” гэжээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны арванхоёрдугаар сарын 28-нд чуулганы хуралдааны үеэр “Утааны асуудал үнэхээр анхаарал татсан, онцгой асуудал байсаар байна. Энэ асуудал дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, МАН, АН, МАХН гэх мэтийн ялгаа байхгүй, нэгдмэл бодлого, зорилго, үйл ажиллагаа хэрэгтэй. Сүүлийн өдрүүдэд иргэдээс санал хүсэлт, мессеж, утасны дуудлага маш их ирж байна. Иргэдийн бухимдах нь аргагүй. Утаа, агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын болон бусад өвчлөл эрс нэмэгдсэн. 2016 оны намар УИХ утааны асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсож, тодорхой чиглэл үүрэг өгч байсан. Үүнийхээ хэрэгжилтийг авч үзмээр байна. Тиймээс УИХ-ын даргын зөвлөлийг яаралтай хуралдуулж утаа, агаарын бохирдлыг бууруулах талаар УИХ-аас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид юунд анхаарч, ямар арга хэмжээ авах ёстойг судлан, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулъя” гэж байлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 2017 оны аравдугаар сарын 13-нд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганы үеэр “Биднийг хамгийн бухимдалтай улс орны жагсаалтад дээгүүр тавьсан гурван хүчин зүйлийн нэг бол агаарын бохирдол. Утаатай тэмцэхэд ямар алдаа дутагдал байв гэдгийг эхлээд зөв дүгнэх хэрэгтэй. Юуны өмнө хуулийн хэрэгжилт, хяналтын механизмын салангид байдал, агаарын бохирдлоос жил бүр улсын төсөвт 20-25 тэрбум төгрөг хуримтлагддаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд зориулалтын дагуу зарцуулагдахгүй байгаа нь төр иргэдийнхээ аюулгүй амьдрах эрхийг хангаж чадахгүй байдалд хүргэж байна. Бодлогын залгамж халаа, тогтвортой байдал чухал. Мөн Утааны эх үүсвэрийн нэгдсэн суурь судалгааны дутагдалтай. Үндэсний үйлдвэрлэгчид дэмжлэг үзүүлдэггүй байдал нөлөөлж байна. Эдгээрийг шийдэх нь Агаарын орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр юм” гэж байв.

Тэд ийн ярьдаг ч улс төрдөө утаа манартал үзэлцсээр уушги дүүргэдэг утааг ор тас мартацгаадаг. Уг нь УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас бүрддэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл  хотын ард иргэдийн эрхийг зөрчиж, эрүүл мэндэд халдсан нөхцөл байдлыг үзэж, харж яаралтай онцгой байдал зарлаж эхний арга хэмжээнүүдийг авч эхлэх хэрэгтэй байна. Гэр хорооллын хүүхдүүдийн 30 хувь нь сүрьеэгийн далд халдвар тээж байгаа гэдгээс илүү ямар тоо харж байж утаатай тэмцэхээр улс төрөө хойш тавьцгаах вэ, улстөрчид өө.

Л.Сайнбаяр

 24tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ