АН-аас МАНАН-гийн эсрэг таван гишүүн зогсож байна

МАНАН-г сарниаж, УИХ-ын даргыг огцруулах замаар шударга ёсны төлөө эхлүүлсэн тэмцлийг эрх баригч намын дотоод хагарал төдийхнөөр хэлж бичиж байсан нь ташаарсан зүйл гэдгийг дор бүрнээ нэгэнт ойлгожээ. Энэ тэмцэл нь зөвхөн нэг намын дотоод асуудал бус үндэсний хэмжээний тэмцэл гэдгийг өдрөөс өдөрт харуулсаар. Үүгээр ч зогсохгүй МАНАН бүлэглэл, “60 тэрбум”-ын асуудлыг цэгцэлж, төрд шударга ёсыг тогтоох гэсэн АН-ын гишүүд өөрсдийн улс төрийн карьер, нам эвслийн харьяалал харгалзахгүй тэмцэж байгааг сонгогч олон ч сайшааж байна. Тухайлбал, шударга ёсны төлөө үзэл бодлоо илэрхийлэн тэмцэж байгаа УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарт АН-ын удирдлагууд хар тамга дарсан ч АН-ын бүлэгтээ шударга хэмээн нэрлэгдэх УИХ-ын гишүүн З.Нарантуяа энэ шударга ёсны тэмцэлд үзэл бодлоо нэгтгэж, МАНАН бүлэглэлийг зайлуулахад бэлэн байгаагаа хувийн цахим хуудаснаа илэрхийлсэн.

Ийнхүү төрийн эрх барих дээд байгууллагын танхимд ажиллаж байгаа ард түмний төлөөлөл болсон гишүүдийн гуравны хоёр илүү хувь нь УИХ-ын даргыг огцруулж, төрд бугшаад буй шударга бус зүйлийг халахаар санал нэгдлээ. Энэ хэрээр ард түмний дийлэнх олонхи нь шударга ёсыг хүсч, тойргоос сонгогдсон гишүүдийнхээ тэмцлийг ташуурдан дэмжиж байгаа нь илт харагдана.  

УИХ-д есхөн гишүүнтэй байгаад өдгөө долоон гишүүнтэй үлдсэн АН-аас шударга ёсны талд З.Нарантуяа гишүүн дуу хоолойгоо нэгтгэснээр цаана үлдсэн нь зургаа болж таараад буй. Гэтэл саяхан АН-ын дэд даргаар сонгогдсон Б.Пүрэвдорж мөнхүү шударга ёсны талд үзэл бодлоо хэлж, сонгогч олонтой нэгдэхээ илэрхийлснээр МАНАН-г дэмжигч С.Эрдэнэ дөрөвхөн гишүүнтэй, өөрийгөө нэмээд тавуулаа үлдэж байна.  

Б.Пүрэвдоржийн хувьд “60 тэрбумын гэх хэрэгт оролцсон хүн УИХ-ын дарга байх, улмаар гишүүн байх боломжгүй гэж би анхны чуулган дээр М.Энхболдыг эсэргүүцэж байсан хүн. Ардын намынхнаас огцруулахаар орж ирвэл би хоёр гараа өргөөд дэмжинэ. Хэн ч байсан байсан гарын үсэг зурна” гэсэн байр сууриа нийгэмд дуулгажээ.

Хамгийн сүүлд УИХ-ын дэд дарга Л.Санжмятав гишүүн нэмэгдэж, төрийн гацааг арилгахын тулд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан юм. Ийнхүү Ардчилсан намаас таван гишүүн МАНАН-гийн эсрэг тэмцэхээ мэдэгдлээ. 

Үүнээс харвал шударга ёсны төлөөх тэмцэлд АН-ын шинэхэн дэд дарга нэгдэж байна гэсэн үг. Төр түшиж байгаа ард түмний төлөөлөл учраас яах аргагүй шударга үнэний талд зогсох ёстой гэдгээ ухамсарласан бололтой. Нөгөө талаар айсуй 2020 оны сонгуулиар ховдчуудад хэрхэн ямар дүн тавиулахаа ч бодолцсон байх. Ховдчууд бол эртний хувьсгалын өлгий нутаг төдийгүй эрх ямбатнуудын хөлд талхигдаж зовлон туулсан учраас өдгөө ч шударга ёсыг эрхэмлэдэг ард түмэн. Тийм дээ ч “Шударга ёсыг сахиж, ард түмнийхээ талд байгаарай” хэмээн түүнийг төрд илгээсэн зэргийг ч бодолцсон байх.  

МАНАН бүлэглэлийн эсрэг зогсож, шударга үнэний талд дуу хоолойгоо нэгтгэх гишүүд УИХ дахь АН-ын бүлэгт ахиад ч цөөнгүй байгааг намынх нь гишүүд, журмын нөхөд нь ярих юм билээ.

С.УУГАНБАЯР

WWW.ZINDAA.MN

СЭТГЭГДЭЛ БИЧИХ