Чингис хааны хөшөө юу аль эсвэл...
Чингис хааны мэндэлсэн өлгий нутаг, Амар мөрний эх, Онон голын сав газрын зүрхэн хэсэг буюу Дадал сумын Дэлүүн болдог овооны өөдөөс харсан Бага Яргайт уулын энгэрт “Мянганы суут их хүн эзэн богд Чингис хаан” цогцолбор баригдана. Төсөл 2019-2024 онд бүрэн хэрэгжиж дуусах бөгөөд АХБ-ны 19 сая ам.доллар буюу 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах аж.
Гэвч энэхүү Чингис хааны цээж баримал хэлбэрийн томоохон барилгын зургийг харсан хүн бүр Чингис хаантай биш Д.Дагвадорж аваргатай адилхан болж, аваргын гэгээн дүр байна гэцгээж байна. Тэр бүү хэл хулгайч, луйварчдын дүр байснаас аваргынх байсан нь дээр хэмээн хошигноод амжжээ. Ямартай ч цогцолбор баригдаж дууссаны дараа энэхүү бяцхан мэтгэлцээнд цэг тавих биз ээ.
Уг нь энэхүү цогцолбор Чингис хааны цээж баримал хэлбэрийн томоохон барилга байх бөгөөд дагалдуулан 230 автобус болон суудлын машины хүчин чадалтай авто зогсоол, Дадал сумын төвөөс цогцолбор хүртэл 2.6 км хатуу хучилттай зам, 3.5 км цахилгааны шугам, үзэсгэлэн ба уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдах хурлын танхим, утасгүй интернэт орчин, мэдээллийн төвүүд, ариун цэврийн эко байгууламж 30 гаруй, хог хаягдлын дахин боловсруулах төв, саарал ус цэвэршүүлэх байгууламж зэргийг барьж байгуулахаар зураг төслийн ажлууд хийгдэж буй аж.
Цогцолборт 25-30 хүний байнгын ажлын байр байхаас гадна Дадал суманд 9000 хүн ам суурьшиж, жилд хамгийн багадаа 90 мянган жуулчин ирж очих урсгал үүснэ хэмээн тооцоолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ