Загвар өмсөгч талийгаачийн Шүүхийн шинжилгээний дүгнэлтийг ар гэрийнхэнд нь танилцуулжээ
Өнөөдрөөс нэг сарын өмнө буюу 10 дугаар сарын 24-ний өдөр загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өөрийн амьдардаг байрны 11 давхраас унаж, амь насаа алдсан. Энэ хэргийн тухайд ар гэрийнхэн нь түүнийг бусдын гарт амиа алдсан гэж үзэж байсан бол Шүүх эмнэлэг талийгаачийг өндрөөс унахад нь гадны нөлөө байгаагүй гэх албан ёсны дүгнэлт гаргасан байна.
Шүүхийн шинжилгээний хоёр дахь албан ёсны дүгнэлт өчигдөр /2018.11.27/ гарсан бөгөөд дүгнэлтийг талийгаачийн ар гэрийнхэнд танилцуулжээ. Шинжилгээгээр талийгаачийн нас барсан явдалд гадны нөлөө байхгүй гэдэг нь батлагдсан гэж шинжилгээний дүгнэлтэд дурджээ. Зарим хэвлэлд талийгаачийг мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй гэх мэдээлэл байсан ч шинжилгээгээр тийм зүйл илрээгүй, хар тамхи хэрэглээгүй гэдэг нь тогтоогдсон. Харин түүнийг нас барахаасаа өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй гэх нөхцөл байдал илэрсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй нөхцөл байдал байсан эсэхийг тогтоохоор шалгаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ