Монголчууд хавдарт идүүлж байна
Бункерт техникч нар илүү олон цаг ажилладаг
Хавдрын эмнэлэг хүнээр хахжээ. Энэ бол монголчууд хавдарт хэр “дарлуулж” буйн илрэл. Хөл гишгэх зайгүй шахам эмнэлэгт очоод гайхаж, цочирдсон талаараа иргэд өдөр бүр л ийнхүү ярьж байна. Ярьсаар бүр дасал болжээ. Ийм зүйлд дасах нь буруу. Тэглээ гээд яах билээ. Гэхдээ иргэд нь халаглаж, нөхцөл байдлыг мэдэрч, мэдэж байгаа нь нэг талаар сайн. Харин төрийн гурван өндөрдөг минь ээ, Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, Хавдрын эмнэлгийн байдал, монголчуудын өвчлөл харанга дэлдэх хэмжээнд хэдийн хүрчихжээ. Хэзээ энэ байгууллагад ирж, ажилтай нь танилцах вэ. Энд тэнд бүтээн байгуулалт хийнэ гэж тууз хайчлахаасаа илүүтэй ХСҮТ-ээ анхаарч, гараа сунгахгүй бол улс үндэстний хэмжээнд сүйрэл болоход ойрхон байна. Хэтрүүллээ гэж байгаа бол биеэрээ очоод хараач, халаглах нь лавтай.
Монгол хүнийг чадавхжуулна, энэ тэр улсын сургалтын тогтолцооноос суралцъя, ийм ч гоё, тийм ч сайхан бүтээл, бүтээгдэхүүн хийе, ургацаа төдөн хувь авъя, эдийн засгаа солонгоруулъя л гэнэ. Энэ бүхнийг хүн гэдэг баялаг бүтээдэг шүү дээ. Ажилчин зөгий үгүй бол үүрэнд бал хуримтлагдах уу. Үүн лүгээ адил эрүүл, ажлын чадвартай иргэн цөөрчихвөл энэ улс хөгжих үү. Юу юуны түрүүнд, хамгаас эхэнд тавих асуудал бол нийгмийн хөдөлгүүр болсон хүний эрүүл мэнд билээ. Хором бүрээр хэмжигдэж буй монгол амь бүхний төлөө “Өнөөдөр” чанга дуугарч байна. Энэ улсын эд, эс болсон хүн бүр дэмжээрэй.
Биднийг, бидний хайртай дотнын хэн нэгнийг аварч, сэхээхийн төлөө нойр, хоолоо хугаслан зүтгэхдээ аавын, ээжийн үүргээ дутуу хагас гүйцэтгэж, гэр бүлээ өнчин мэт байлгаж буй энэ цагийн эгэл баатрууд болох эндхийн ажилтнуудын төлөө бүгдээрээ нэгдье, дуугаръя. Овойтол нь мөнгө цуглуулж өгч чадахгүй ч төр, засгийнхны чихэнд дуу хоолойгоо хүргэх боломж бидэнд бий.
Эд баялаг, зэрэг, цол, баян, ядуу гэж ялгахгүй ирдэг хатуу, хахир зүйл бол өвчин. Өнөөдөр ХСҮТ ачааллаа дийлэхгүй байгаа нь байр байшингийн хүрэлцээтэй ихэд холбоотой. Орох, гарах гарц нь нэг Хавдрын эмнэлгийн хашаагаар л ороход л газар, хашлага дээр сууж, хэн нэгнийхээ төлөө залбирч байгаа олон хүнийг та харах болно. Эмнэлэг дотор ч ялгаагүй зах дээр байгаа мэт хүн багширсаар л. Аавыгаа, ижийгээ, ах, дүүсээ түшсэн, эсвэл тэднээрээ түшүүлсэн, өвдсөн зовсон хүмүүс. “Ёо ёо”...Монголд минь хавдрын өвчлөл газар авчээ. Бид энэ өвчнөөр дэлхийд толгой цохиж явна.
“Өнөөдөр” сонин ХСҮТ-ийн үйл ажиллагаа, тэндхийн эмч, сувилагч, ажилтнуудын ажлын талаар цувралаар нийтэлж, сурвалжилж буй.
Д.Алтанцэцэг эрхлэгчтэй Хими эмчилгээний тасгийн эмч нар
Хими, цацрагийн талбай дахь дайчид
Сурвалжилганыхаа дөрөв дэх цувралаар ХСҮТ-ийн өвөрмөц эмчилгээний клиникийн тасгуудын үйл ажиллагаа, тэндхийн эмч, сувилагчдын ажлын онцлог болон ачаалал хэр байгааг харуулахыг зорив. Тус клиник нь Туяа болон Хими эмчилгээний, Сэргээн засах тусламж, үйлчилгээний гэсэн гурван тасагтай.
Хавдрын өвчлөлийн суурь гурван эмчилгээ гэж бий. Эдгээр нь мэс засал, туяагаар болон химийн эм, тариагаар эмчлэх арга юм. Тиймээс Хавдрын эмнэлгийн Хими эмчилгээний тасаг, Туяа эмчилгээний тасгийн ачаалал асар их байсаар ирсэн.
ХИМИЙН БОДИСТОЙ ХАРЬЦДАГ ТЭДНИЙ АЖЛЫГ ХЭВИЙН НӨХЦӨЛТЭЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ
Энэ сарын 19-ний даваа гаргийн өглөө ХСҮТ урьдын адил хөл тавих зайгүй шахам байлаа. Шинэ долоо хоногийн эхний өдөр ачаалал эрс, бүр ер бусын их нэмэгддэг учраас эндхийн дүр зургийг шоргоолжны үүртэй зүйрлэж болмоор. Хүмүүстэй түлхэлцэж, нудралцаж, дундуур нь зүтгэсээр Хими эмчилгээний тасгийн үүдэнд хүрлээ. Энд харин хөл хөдөлгөөн харьцангуй “бага” байна. Үйл ажиллагааных нь онцлогтой холбоотой ийм “нам гүм” байдал тун удахгүй их “тулаанаар” солигдоно гэдгийг тасгийн эрхлэгч Д.Алтанцэцэг тайлбарлав.
Өдгөө долоон эмч, 13 сувилагч, эмзүйч нэг, эм найруулагч хоёр, нэг туслах ажилтантай тус тасаг 21 ортойгоос гадна өдрийн эмчилгээнд 30 өвчтөн хамруулах хүчин чадалтай аж. Дугаар авсан үйлчлүүлэгчдийн хажуугаар хавдар нь задарсан зэрэг шалтгаантай, яаралтай авахаас аргагүй өвчтөнүүдийг нэмэхээр энэ тоо өдөрт 40 гарах нь хэвийн үзэгдэл. Заримдаа 50 гарах нь бий гэсэн. Химийн эмчилгээний онцлог нь нэг өвчтөнд зарцуулах хугацаа харьцангуй урт. Хэдэн цагаас эхлээд хагас өдөр үргэлжилнэ. Химийн эмчилгээ нь хорт хавдрын эсийн өсөлт, үржлийг зогсоож, устгах зорилготой. Тэгэхээр хавдартай өвчтөнүүдийн судсаар химийн тариа, бэлдмэл хийнэ гэсэн үг. Эл эмчилгээний үед хүндрэл гарах эрсдэл өндөр байдаг, зөвхөн Монголд биш л дээ. Дэлхийн практикт ч ийм. Тиймээс тэр болгоныг тооцоолж, урьдчилан сэргийлэх эм, тарилга давхар хэрэглэдэг юм байна. Энэ мэт шалтгаанаар эмчилгээний цаг сунжирна. Ажлын цагт багтахгүй, 22.00 цаг хүртэл эмчилгээ хийх тохиолдол үе үе гардаг, тэр болгонд хэдэн сувилагчаа өрөвддөг талаар Д.Алтанцэцэг эмч ярилаа. Өглөө тогтмол 8.30 цагт ажил эхэлдэг. Эмч, сувилагч нар гэрээсээ хэдэн цагт гарах нь ойлгомжтой. Харин тарах цаг нь ачааллаас шалтгаалаад тогтмол бус. Ажлын цагаас эрт тарна гэсэн ойлголт үгүй. Ихэнхдээ үүнээс оройтно. Шөнө хүртэл ажиллачихаад гудиггүйхэн инээгээд гардаг эндхийн ажилтнуудад талархаад баршгүй.
Эмчлүүлэгч эмчээ болон аль хэсэгт, ямар кабинетад очиж үзүүлж, хэнд хандах ёстойгоо ахин дахин асууж, сураглах хүмүүс тасгийн эрхлэгчийг байсхийгээд л “ээрэх” нь нэг талаар төвөгтэй санагдлаа. Гэхдээ эмч үүнд төвөгшөөж, ундуйцахгүй юм. Өдөр бүр ийм байдалтай тулдаг болохоор өвчтөнөө үзэхийн зэрэгцээ өрөөгөөр нь “шагайсан” хүн болгонд нэг бүрчлэн тайлбарлаж, зааж өгөхдөө яг л өөрийн гэр бүлийнхэнтэй харилцаж буй мэт элгэмсүү хандах аж.
ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 17 нь өнөө өглөө (энэ сарын 19) эмнэлгээс гарахаар “тойрохоо” зуруулжээ. Тэдэнтэй зөрөөд дарааллынхаа дагуу мөн тооны өвчтөн хэвтэнэ. Өглөө 09.00 цаг гэхэд тэд хэдийн ирчихсэн, эмчдээ үзүүлж, аль өрөөнд хуваарилагдахаа хүлээгээд хонгилд сууж байлаа.
Өрөө, тасалгааг ариутгаж, цэвэрлэхээс эхлээд, явж байгаад нь зөвлөгөө өгөх, ирсэн хэдийнх нь өвчний түүх, эмчилгээг бичих зэргээр хаана хаанаа ажил ёстой л ундарлаа. Энэ удаа ээлжинд гарсан ганц сувилагч (уг нь гурвуулаа ажилладаг байснаас нэг нь ээлжийн амралттай, нөгөөх нь өвчтэй байж таарлаа. Орон тоогоороо бол таван сувилагч байх ёстой аж) хаанаа ч хүрэхгүй мэт санагдлаа. Гэхдээ арвин туршлагатай У.Ариунаа сувилагч бүхнийг амжуулах ёстой. Цахилгаанд залгасан мэт “жирэлзэх” түүнээс юм асуугаад нэмэргүй. Хэтрүүлсэн хүнд нүдээ цавчих завгүй байгаа түүнд саад “болж”, тодруулга авахыг хүссэн ч чадсангүй. Тэд амжвал хоол идэх “эрхтэй”, эс бөгөөс ус ч балгахгүй гүйсээр дараагийн ээлжний сувилагч ажилдаа ирэхээр л “ухаан ордог” гэсэн.
М.Минжмаа, М.Бямбасүрэн эмч нар
Өдрийн эмчилгээний сувилагчийн ачаалал ч ялгаагүй аж. Өнөөдөр энэ үүргийг гүйцэтгэж байсан болон мэргэжил нэгтэй бусад нь “Нэг өвчтөнд өч төчнөөн тариа, тарилга хийдэг болохоор эмчлүүлэгчдийнхээ орны дундуур “гүйсээр” байтал ажил тарах цаг болдог. Юу ч идэж, уулгүй ажилласан тохиолдол өчнөөн шүү дээ. Ингэж байгаад уначихвал яана аа гэж хоорондоо яриад л өнгөрдөг. Үүнээс илүүтэй бид ажлын нөхцөлдөө санаа зовдог. Өдрийн талаас илүү хугацаанд химийн бодис үнэрлэж, заримдаа санамсаргүйгээр хүрэх нь ч бий. Бидний ажлын талаар хоёр жилийн өмнө судалгаа аваад хортой нөхцөлийн гуравдугаар үеийн дөрөвдүгээр зэрэгт хамруулах ёстой гэж мэргэжлийнхэн тогтоосон юм билээ. Тэгсэн хэрнээ хэвийн нөхцөлөөр тооцож буй нь шударга бус. Өнөөдрийн байдлаар бид барагцаагаар 30 орчим төрлийн химийн тариатай харьцаж байна” гэлээ.
Өдөр бүр багадаа найман цаг химийн бодистой харьцаж, тариа, тарилга хийдэг сувилагчдын үс унаж, халцрах нь элбэг гэсэн. Арьс нь хэт хуурайших, ам, хамар нь битүүрэх, хоолой бачуурах, дотор муухайрах, нойргүйдэх, дархлаа сулрах зэргээр химийн тарианы хордлого тодорхой хэмжээгээр илэрдэг гэдгийг тэд онцгойлон дурдсан.
Тус тасгийн ахлах сувилагч Б.Бадамдолгорын хажууд “шогшингоо” хэдэн зүйл тодрууллаа. Эндхийн сувилагч нар өдрийн, дундын, шөнийн гэсэн гурван ээлжээр ажилладаг. Долоо хоногт дунджаар 60 өвчтөн хэвтэн эмчлүүлдэг гэхээр “Ачаалал ямар байдаг вэ” гэж асуух нь утгагүй биз ээ. Сувилахуйн үүргийнхээ хажуугаар ажлаа нэг бүрчлэн бичээд, түүнийгээ баталгаажуулан цахим бүртгэлд оруулахын тулд компьютерт шивэхэд нэлээд хугацаа зарцуулдаг юм байна.
“Хавдартай хүмүүс, химийн эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүд сэтгэл зүйн хувьд их эмзэг байдаг. Тиймээс бид аль болох сэтгэлээр дэмжиж, боломжийнхоо хэрээр эрүүл мэндийн зөвлөгөө өгөхийг хичээдэг” гэж ахлах сувилагч учирлалаа.
Хими эмчилгээний тасгийн тусламж, үйлчилгээний хэсэгт эмзүйч нэг, эм найруулагч хоёр ажилладаг юм байна. Эм найруулагчийн орон тоо дутуу гэдгийг тэд хэлэв. Эмчийн бичсэн эмчилгээний дагуу химийн тариа, тарилгын орц, найрлагыг тааруулан, нягтлах асар өндөр хариуцлагатай тэднийг манай гэрэл зурагчин “Эндхийн хууль сахиулагчид юм байна” гэж “тодорхойлсон” нь тун тохирсон зүйрлэл санагдав. Өнөөгийн байдлаар тэд давхардсан тоогоор химийн 27 төрлийн тариа найруулж байгаа талаараа эм найруулагч Д.Норжмаа, эмзүйч Б.Батчимэг нар ярилаа. Тэгсэн ч ажлынх нь нөхцөлийг хортой биш, хэвийн бус гэсэн ангилалд багтаажээ.
Хими эмчилгээний тасгийн эмч нар ээлжлэн амбулаториор үзлэг хийдэг юм байна. Ингээд зогсохгүй тасгийн, өдрийн эмчилгээний хүмүүстээ ч хүрч үйлчлэх үүрэгтэй. Энэ тасгаар эмчлүүлэгчдийн эм, тариаг тухайн үед нь найруулж, бэлддэг учраас эмч нар “гэрлийн хурдаар” ажиллах шаардлагатай.
ХСҮТ-д хэвтэн эмчлүүлэгчдийн бараг 50 хувь нь энэ тасгаар үйлчлүүлдэг гэсэн статистик байна. Ингэж хэдэн тийш “хормойгоо дэрвүүлэн” гүйх эндхийн эмч, сувилагч нар өдөр цай уух завгүй байдгийг үйлчлүүлэгчид нь хүртэл мэддэг юм билээ. “Эвий дээ, энэ хэд бидний төлөө их л гүйх юм. Уг нь бид эрүүл мэндээ өөрсдөө л хариуцах ёстой. Өвдсөн хойноо бус, өмнө нь өөрийгөө анхаарахыг хүмүүст захиж хэлмээр байна” хэмээн энэ тасгийн үүдэнд суух гурван өвчтөн хэлснийг хүн бүр бодоосой.
ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛТАЙ АППАРАТ НЬ БАЙВЧ АШИГЛАХ НӨХЦӨЛ АЛГА
Та өдөр бүр цацраг идэвхт бөмбөг дотор, эсвэл цөмийн тогоонд ажилладаг бол яах вэ. ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасгийн үйл ажиллагааг сурвалжилж байхдаа өөрийн эрхгүй ингэж бодлоо. Хорт хавдрыг цацраг туяагаар “бөмбөгдөж” устгадаг тус тасгийнхныг бүхэлд нь цөмийн физикчид гэж болмоор. Тэд “цөмийн тогоонд” байгаа мэт хортой нөхцөлд ажилладгийг нь бодохоор нэг талаар “аймаар”, нөгөөтээгүүр бахархаж, бас сүрдмээр санагдсан.
М.Минжмаа эмчээр ахлуулсан тус тасгийн бүрэлдэхүүнд туяа эмчилгээний найм, зөвлөх нэг эмч, шарлагын техникч 10, 15 сувилагч багтдаг. Үүний зэрэгцээ үйл ажиллагааных нь онцлогтой хамаатай тусгай мэргэжлийн дөрвөн хүн бий. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн физикч юм. Тэд эмчийн заасны дагуу оноосон талбайд, тухайн тунгаар эмчилгээ хийж байгаа, эсэхийг нүд “цавчихгүй” хянадаг, асар өндөр хариуцлагатай хүмүүс. Энэ тасгийн эмч нар тухайн өвчтөний хавдар яг хаана байрласан, эрүүл эд, эрхтэн, артер дагасан булчирхай нь аль хэсэгт байна гэхчлэн тун нарийвчлалтай, нэг бүрчлэн зурдаг юм билээ. Шугам зургийн, эсвэл физикийн хичээлийг санагдуулам, дунд сургуульд байхдаа А цэгээс Б хүрэх траектор зурж үзээгүй хүн байхгүй л болов уу. Тэдний зураглалыг хараад физикчид бодолт хийдэг гэсэн үг. Үүнийг нь “амилуулдаг” хүмүүс нь шарлагын техникч юм байна. Тэд бункер буюу “цөмийн тогоонд” хамгийн удаан хугацаанд ажилладаг. Физикчийн бодолт хийсэн хугацаа, ямар өнцгөөр, аль хэсгээс нь шарах, аппаратын толгойг хаашаа, хэдэн градуст тохируулах вэ, талбайн өнцөг хэд байх ёстой гэх мэтээр нарийн тохируулга хийснийхээ дараа шарна. Үүнээс гадна бункерт орж, эмчлүүлэгчийн биед тугалган хаалтуудыг угсардаг аж.
Улсын хэмжээнд туяа эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлдэг ганц газар нь эднийх. Энэ утгаараа ачаалал их. Үйлчлүүлэгчид дунджаар нэг сар орчим хүлээдэг аж. Цус алдаж байгаа, хавдар нь задарсан зэрэг яаралтай тохиолдлоос бусад үед шүү дээ. Хавдрын хагалгааны дараа 4-6 долоо хоногийн дотор туяа эмчилгээ эхлэх заалттай байдаг ч ачааллаас шалтгаалаад зарим тохиолдолдол үүнийг мөрдөхөд хүндрэл тулгардаг гэдгийг эмч онцолсон. Энэ бол эмчилгээний үр дүнд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой.
Тэгэхээр ачааллыг бууруулахад энэ эмнэлгийн барилга байгууламжийг юуны өмнө өргөтгөх ёстой. Үүний зэрэгцээ өндөр хүчин чадалтай, дэвшилт техник маш чухал гэдгийг ч дуулгасан. Одоогийн байдлаар тус тасагт кобальт-60 үүсгүүртэй, туяа эмчилгээний хоёр аппарат бий. Харин дэлхийн жишгээр буюу 160-аад оронд шугаман хурдасгуураар энэ төрлийн эмчилгээ хийдэг болжээ. Манайд тэр нь байгаа аж. Засгийн газраас хөрөнгө мөнгийг нь шийдээд гурван жилийн өмнө тийм аппарат хоёрыг авсан юм билээ. Харамсалтай нь, цацраг идэвхт аппаратыг байрлуулах тусгай битүүмжлэлтэй (бункер) өрөө бүхий барилга нь хариуцлагагүй гүйцэтгэгч нараас болоод өнөөг хүртэл гацчихаад байгаа талаар Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд удаа дараа бичээд, яриад нэмэр алга. Холбогдох албаныхан чих, нүдээ таглачихдаг юм уу, эсвэл зориуд гацаах сонирхол байдаг уу, ямартай ч өнөөдөр энэ тухай ярьсаар л байна. Улс төрийн халуун дээд цэгтээ тулсан энэ өдрүүдэд үүнийг анзаарч, сөхөөрөх хүн бүр ч байхгүйг мэдсээр байж ХСҮТ-ийг аврах тухай чухал сэдвийг зэрэгцүүлэн “чихэж” буй “Өнөөдөр” сонин Ерөнхийлөгч Х.Баттулгад бага ч гэсэн найдаж буйгаа дахин дахин хэлье. Та Хавдрын эмнэлэгт ганц удаа ирээд, нөхцөл байдалтай нь танилцаад өгөөч.
Туяа эмчилгээгээр хавдар болон хавдар үсэрхийлж болзошгүй тунгалгийн замууд, нэвчиж ургасан хавдрыг тухайн хэсэгт нь өндөр энергитэй рентген туяа буюу ионжуулагч туяагаар үйлчилж, эсүүдийг нь үхүүлэх, цаашид үржиж, хуваагдах боломжгүй болгодог гэдгийг М.Минжмаа эмч тайлбарласан. Тэгэхээр гурван жил хөсөр хэвтэж буй, асар өндөр үнэтэй нөгөөх шугаман хурдасгуурын аппаратыг ашиглаад эхэлчихвэл хамгийн наад зах нь өвчтөнүүд хүлээх нь багасаж, хавдрын үеийн туяа эмчилгээний хүртээмж сайжирна. Өөр чухал зүйл нь эмчилгээний үр дүн, чанар хэд дахин нэмэгдэнэ. Өдгөө ашиглаж байгаа аппаратаар эмчлэхдээ компьютерын тусгай програмаар тооцоолон, бодож тугалган хаалт, хамгаалалт хийж байгаа ч шугаман хурдасгуурыг яагаад ч гүйцэхгүй гэдгийг тэрбээр хэллээ. Ийм сайхан эд байсаар атал ашиглах нөхцөлөөс нь болоод хараад л сууж байгаа нь дэндүү харамсмаар. Он гарахаас өмнө эл аппаратыг “өлгийнөөс” нь гаргаж, ашиглаж эхэлнэ гэж ХСҮТ-ийнхөн төлөвлөсөн ч хариуцлагагүй нөхөд нь “олдохгүй” байгаа, хөрөнгө мөнгөний асуудал нь шийдэгдээгүй зэрэг байдлаас үзвэл ойрын хэдэн сардаа түүний ид шидийг лав үзэхгүй нь. Энэ талаар бид тусад нь сурвалжлах болно.
Туяа эмчилгээний тасгийн эмч нарын “чагнуур” нь компьютер. Тэргүй бол ажил явахгүй. Тийм чухал багаж нь тасгийн хэмжээнд цөөхөн. Мөн л толгой өвтгөсөн асуудлуудын нэг нь энэ. Гурван компьютерынх нь нэг эвдэрсэн тул нөгөө хоёр дээр нь ээлжлэн ажиллахаас аргагүй. Эмч нарын дунд ч ийм дараалал үүсдэг юм байна.
Энэ тасаг 40 ортой. Ор хоногийн эргэлт нь 30 хоног, хэвтэн эмчлүүлэгчид багадаа хоёр долоо хоног, цаашлаад сар гаруй болох нь түгээмэл. Энэ нь эмчилгээний онцлогтой холбоотой. Гэхдээ аль болох олон хүнд үйлчлэхийн тулд нэг өвчтөнийг хэвтүүлэхээсээ өмнө хэдэн хоног гадуур шарлага хийх зэргээр үйл ажиллагаагаа зохицуулахыг хичээдэг гэсэн. Үүнээс гадна эмч нар амбулаториор үзлэг хийдэг. Энэ өдөр М.Бямбасүрэн эмчид амбулаториор үзүүлсэн, 70 настай нэгэн эмэгтэй шулуун гэдэсний амсрын хавдартай, түүнээс нь уушгинд үсэрхийлсэн. Ясанд үсэрхийлсэн байх магадлалтай гэнэ. Хожуу үед оношлогдсон нь ийнхүү хүндрэх гол шалтгаан болжээ. Үүний зэрэгцээ тэрбээр явганаас бэртээд, хөлөө хугалчихжээ. Ийм хэцүү байдалд орохгүйн тулд эмнэлэгт байнга үзүүлж, өөртөө хайртай байхыг хүмүүст сануулж өгөөрэй хэмээн тэрбээр бидэнд захилаа. М.Бямбасүрэн эмч тасгийн эрхлэгчтэйгээ зөвлөлдөн, тэр хүнд туяа эмчилгээ хийх боломжтой, эсэх, бие нь дийлэх үү, үгүй юү гэхчлэн ярилцлаа. Энэ үеэр Н.Сансар эмчийн нэг өвчтөний биеийн байдал улам дордсон тул “дараалал дайруулахаас” аргагүй болов. Түүнд эмчилгээ хийхийн тулд эмч өнөөдөртөө багтаан зураглал гаргах ёстой. “Шөнө ч хамаагүй сууж, эмчилгээний зургаа гаргаад, нэг өдрийн өмнө ч гэсэн эмчилгээг нь эхлэхгүй бол горьгүй” гэж тэрбээр тайлбарласан.
Эндхийн эмч, ажилтнуудын ажлын нөхцөл хортойд тооцогддог. Энэ талаар асуухад тасгийн эрхлэгч “Хортой нөхцөлд тооцогддог учраас манай эмч нар богиносгосон цагаар ажиллах ёстой боловч ажлаа дуусгахгүй явах боломжгүй. Өдөр бүр шахам л сунаж ажилладаг. Гэхдээ тэр цагуудад хортой нөхцөлд бус, бүр тодруулбал, амбулаторийн үзлэг хийх, өвчтөнүүдийнхээ зураглал, төлөвлөлтийг гаргах зэргээр ажилладаг. Үүнд маш их цаг зарцуулдаг. Харин манай техникч нар биднийг бодвол хортой нөхцөлд илүү олон цаг ажилладаг. Тэд ажлын өдрүүдэд байнга бункерт ордог” гэлээ.
Физикчдийн өрөөгөөр ороход ээлжийн амралттай нэг нь хүртэл ирчихсэн ажлаа хийж байгаатай таарлаа. Энэ хэсгийнхний компьютерт “буулгасан эмчилгээг” хөрсөн дээр нь буюу өвчтөний биед “буулгадаг” шарлагын техникч Б.Гансүх, Н.Ганзул гэсэн хоёр бүсгүйтэй уулзав. Тэд бол фронтын дайчид. Ажлынх нь нөхцөл үнэхээр хүнд, хортой нь илт. Цонх, агааржуулагч гэх юм алга. Зун бол ганц сэнсээр үлээлгэдэг ч тэр нь нэмэртэй гэхээсээ илүү “нэрмээс” ч болж мэдэхээр юм. Халуун агаарыг эргэлтэд оруулчихаар яг л саунд байгаа мэт болох нь мэдээж. Дээрээс нь зарим хавдрын үед маш их үнэр ялгардаг гэсэн. Энэ бүхнээс болоод толгой, зүрх нь өвддөг гэж байлаа. “Бид жил болгон мэргэжлийн үзлэг, хяналтад ордог. Хариу нь цацрагийн хордлогод илэрхий өртсөн гэж гардаггүй ч зүрхний үзүүлэлтүүд бүгд өөрчлөлттэй гэсэн. Ер нь толгой байнга шахуу өвддөг болсон. Бункерт тугалган хамгаалалтуудыг гараар угсарч удаан зогсохоор дотор муухайрдаг. Агаар дутсанаас зүрхээр хатгуулах, амьсгалахад хүндрэлтэй болох нь энүүхэнд. Шинжилгээгээр цус багадалттай гэж гардаг. Энэ ажлыг олон жил хийсэн манай зарим техникчийн цусны шинжилгээ тааруу гарсан юм билээ. Шугаман хурдасгуурын аппаратаа ашиглах боломж бүрдвэл бид бункерт орох нь багасна гэсэн” хэмээн ярьсан “дайчид”-аар бахархахын зэрэгцээ талархал илэрхийлээд бид бункер хэмээх “цөмийн тогооноос” гарлаа. Тэд ийм хүнд ажил хийснийхээ төлөө сард цалингийнхаа 10 хувийн нэмэгдэл авдаг. Тэр нь дунджаар 60 мянга орчим төгрөг аж.
ХСҮТ-ийнхөнд энэ мэт асуудал өчнөөн. Юуны түрүүнд байр байшингийнх нь асуудлыг шийдээд өгчихвөл дараа дараагийнх нь ажил цэгцрэх нь лавтай. Тэр цагт боловсон хүчнээ нэмэх, тоног төхөөрөмжөө улам хүчирхэгжүүлэх талаар ярих ёстой. Сав нь үгүй байхад сааль аваад хаанаа ч хийх билээ. Тэгэхээр нэн түрүүнд энэ асуудлыг даруй шийдэж өгвөл Ерөнхийлөгч өө, таны нэр хүнд суга өсөх нь дамжиггүй.
unuudur.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ