Агнуурын тэнгисээс заналхийлсэн аюул

Аварга загас гэж андуурмаар том толгойтой, бараг хоёр метр шахам урт, араа шүд нь ярзайсан могой загас уснаас үсрэн гарч голд шидсэн талхыг бүтнээр нь залгиад шумбах аж. Ердийн могой загас хамгийн уртдаа 30-50 см байдгийг бодолцвол юуг л бол юуг залгиж, хүн рүү хүртэл дайрах энэхүү урт амьтан аймшигт араатан болон хувирчээ.

Басхүү хоёр толгойтой чоно, дээд эрүүндээ соёотой, духан дээрээ эвэртэй буга энэ бүс нутагт үзэгдэх болсон гэнэ. ОХУ-ын НТВ-гийн сувгаар саяхан нэвтрүүлсэн энэхүү аймшиг, түгшүүр төрүүлсэн нэвтрүүлгийг олон хүн үзсэн буй за. 1986 онд Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрснээс хойш 32 жил өнгөрчээ.

Гэтэл сүйрсэн станцын эргэн тойрны хорио тогтоосон бүсэд бидний санаанд багтамгүй ямар гээчийн амьдрал бий болсныг уг нэвтрүүлэг анх удаа олон нийтэд дэлгэж сэрэмжийн харанга дэлдсэн нь тэр байсан болов уу. Нэвтрүүлгийн дараа Украины эрх баригчид үнэн бодит байдлыг өдий болтол нуун дарагдуулсныгаа тайлбарлахаар ёстой тамаа цайж байна. 

ЭРДЭМТЭД ЭНЭ ЭМГЭНЭЛТ ҮЙЛ ЯВЦ ЦААШДАА 100 ИЛҮҮ ЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ ГЭЖ БАЙНА

Атомын цахилгаан станцын сүйрлийн хор хөнөөл өдий олон жил болоход арилсангүй. Харин ч тэр бүс нутаг дахь биологийн зүйл, амьтан мутацид орж, Стивен Кингийн зохиолоос хэд дахин илүү аймшигт ертөнц бий болж байгааг эл нэвтрүүлэг харууллаа. Энэ бол зөвхөн Украинчуудад хамаатай гай зовлон гэж ойлговол эндүүрэл.

1986 оны тэрхүү гамшгийн дараа Орос болон Украинд гаж ураг ямар их байгааг тухайн үеийн эрх баригчид олон нийтээс нууж, чандлан байсан ч эдүгээ нэгэнт тодорхой болчихлоо.

Одоо ч гэсэн хүн гэхэд хүн биш, амьтан гэхэд амьтан биш “юмнууд” радио идэвхт цацрагт хордсон хүмүүсийн үр удмаас төрсөөр л байна.


Оросууд найдвартай “булшилсан” гэж нотлоод байсан цөмийн реакторуудаас (Чернобылийн) цацраг идэвхит бодис алдагдсан хэвээр байгааг нэвтрүүлэг бэлтгэсэн НТВ-гийн сэтгүүлч нотлон ярьж байна билээ. Тийм ээ, цөмийн хор урхаг ийм аюултай. Хүн төрөлхтөнийг мөхөөх аюул ямагт ойрхон байгааг 2011 онд Японд болсон газар хөдлөлтөөс бид ухаарсан.Эрдэмтэд энэ эмгэнэлт үйл явц цаашдаа 100 илүү жил үргэлжилнэ хэмээн нотолж байгаа юм. Чернобылийн станцын орчин тойронд 70 км дотор дэлбэрэлтийн дараа тархсан цези-137, цези-134, иод-131 гээд асар хөнөөлтэй элементүүдийн үйлчлэлд өвс ногоо, ургамал, амьтан, агаар ус гээд хордоогүй зүйл үлдсэнгүй. 

Фүкүшимагийн атомын цахилгаан станцад гарсан осол хор хөнөөлөөрөө Чернобылиэс 10 дахин илүү гарлаа гэдгийг япончууд удтал нууж дарсныхаа эцэст хүлээн зөвшөөрч байлаа. Бодит аюулыг олон нийтээс нууснаараа улам хэцүү нөхцөл үүсэхийг Японы эрх баригчид ухаарсан хэрэг.

Яс юман дээрээ тэр үед ерөнхий сайд асан Наота Кан Фүкүшимагийн атомын цахилгаан станцын сүйрлийн дараах хор хөнөөлийг нуусныхаа төлөө огцорсон юм. Тэнд маш ноцтой байдал үүсээд байж.

Чернобыльд болж байсан шиг аймшиг эхэлчихэж.


Фүкүшимагийн атомын цахилгаан станцын орчинд тархсан цөмийн цацраг идэвхит бодисын хэмжээ Чернобылиэс даруй 10 дахин их байна.Фүкүшимагийн ойр орчмын оршин суугчид дүрвэж, тэнд эзгүйрсэн амьдрал энэ хэдэн жилд хэрхэн хувирч байгааг Японы хэвлэлүүд одооноос бичиж эхэлж байна. Чернобылийн орчмын амьтад мутацид орсон шиг Фүкүшимад мөн тийм байдал үүсчээ. 

Япон хийгээд Зүүн өмнөд Азийн орнуудын загас агнуурын гол бүс нь яг тэр цацраг идэвхит элемент тархаад байгаа орчин.
Агнуурын тэнгис орчмоос загас олзворлохыг хориглосноос хойш гэхэд л монголчууд хойд хөршөөс 97 мянган тонн лаазалсан загас, түрс импортоор оруулж ирсэн тоо баримт байна.
Чихгүй туулай, найман хөлтэй тугал гэх мэт гаж амьтан үзэгдэж эхэлснийг япончууд мэдээлж байна. Фүкүшимагийн хор хөнөөлийн түвшинг тогтоох судалгаа шинжилгээний тусгай комиссын тайланд Фүкүшимагийн атомын цахилгаан станцын орчинд тархсан цөмийн цацраг идэвхит бодисын хэмжээ Чернобылиэс даруй 10 дахин их байна гэдгийг анх дурдсан байж.

Эл станц далайн эрэг дээр шахуу байсан учраас орчны далайн ус 60 км радиуст цези, стронцигоор хордсон болохыг тусгай комисс баталсан нь япончуудыг төдийгүй дэлхийн улс орнуудыг айдаст автуулсан билээ.

Учир нь Япон хийгээд Зүүн өмнөд Азийн орнуудын загас агнуурын гол бүс нь яг тэр цацраг идэвхит элемент тархаад байгаа орчин. Япончууд далайн бүтээгдэхүүнийхээ 42 хувийг энэ бүс нутгаас бэлтгэдэг. ийм учраас тусгай комиссын тайлангийн дараа Японы Засгийн газар Агнуурын тэнгист хөвөгч заводуудаа оролцуулаад Курилийн орчмын далайн гаралтай бүтээгдэхүүн олзворлогч 242 үйлдвэрээ хаах шийдвэр гаргасан байдаг.

Хорт хавдар үүсгэгч Стронци-90 хэмээх элемент Агнуурын тэнгисийн уснаас илэрсэн бөгөөд үүнийг саармагжуулж, хор хөнөөлийг нь бүрэн арилгахад 30 жил шаардагдах төдийгүй урьдчилсан байдлаар даруй 19 тэрбум ам.доллар зарцуулах ёстой болсныг мөн тайланд дурдсан байлаа.

Тусгай комиссын энэхүү тайлангийн дараа АНУ Японоос импортоор авдаг далайн бүтээгдэхүүнээ хязгаарласан.


Яагаад гэвэл Япон, БНСУ, Хятад улс Агнуурын тэнгис дэх үйлдвэрлэлээ зогсоогоод байхад ганцхан оросууд л тэндээс загас агнуураа одоо болтол үргэлжлүүлсээр байна.Америкчууд 1350 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн асар том баг ажиллуулж Японоос импортоор оруулдаг хүнсний болон бусад бүтээгдэхүүнд шинжилгээ хийлгэж байгааг бид анзаарах хэрэгтэй болов уу.

Агнуурын тэнгис, Курил хавиас оросууд лаазалсан бүтээгдэхүүнийхээ (бидний мэдэх килька, шпрот г.м) 99 хувийг хангадаг. Монголчуудын өдөр тутам хүнсэндээ хэрэглэж буй хойд хөршөөс импортоор оруулж ирдэг (маш хямдхан үнэтэй лаазалсан бүтээгдэхүүнүүд) загасны нөөш тэгэхээр үхлийн аюул агуулсан хор байж мэдэх магадлал ихтэй байна гэсэн үг.

Монголын аль ч дэлгүүрт овоолоостой байдаг килька, шпрот хийгээд түрснүүдэд Фүкүшимагийн атомын цахилгаан станцаас тархсан хор байхгүй гэх баталгаа үгүй.

Агнуурын тэнгис орчмоос загас олзворлохыг хориглосноос хойш гэхэд л монголчууд хойд хөршөөс 97 мянган тонн лаазалсан загас, түрс импортоор оруулж ирсэн тоо баримт байна.

Манайд уг нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Мэргэжлийн хяналт, Цөмийн энергийн газар, хил, гааль, энэ тэр гээд мундаг байгууллагууд байдаг.

ЗАГАСНЫ НӨӨШ ТЭГЭХЭЭР ҮХЛИЙН АЮУЛ АГУУЛСАН ХОР БАЙХ МАГАДЛАЛТАЙ

Хамгийн гол нь тэд хийх ёстой ажлаа мэддэг эсэх нь эргэлзээтэй. Оросууд Агнуурын тэнгисээс олзворлосон бүтээгдэхүүнээ Калининград руу зөөвөрлөж лаазалдаг юм билээ.


Монголчуудын жилд импортоор оруулж ирдэг лаазалсан загас, загасан бүтээгдэхүүний 60 гаруй хувийг тэгвэл Калининградаас нийлүүлдэг гээд бодвол бид чухам юу иддэг болж таарах нь вэ.

Хүн төрөлхтөн цацраг идэвхит хордлогоос аврагдах боломж, арга хайн бачимдаж байхад бид л гэж нэг “амгалан” үндэстэн. Тэр ч бүү хэл бусад улсын цөмийн хаягдал, хог шаарыг нь авна энэ тэр гэсэн солиотой бодлыг толгойдоо тээж явах юм даа.
gogo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ