Ч.Гэрэлхүү: Прокурорын байгууллагаас нөлөө бүхий хүмүүсийг шалгаж байгаа

“Mongolian next top model” шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнийн нас барсан шалтгааныг тодруулах шүүх эмнэлгийн дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй байна. Тиймээс ар гэрийнхнийх нь зүгээс шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хурдан гаргахыг хүсч байна. Мөн талийгаачийн ах Ч.Гэрэлхүү өөрийн фэйсбүүктээ нэвтрүүлгийн үеэр монтажлагдсан бичлэг, дүүгээ нас барахаас хэд хоногийн өмнө лифтээр явж байсан бичлэгийг олон нийтэд дэлгэж, цаашид ч өшөө олон баримт дэлгэнэ гэдгээ илэрхийлээд байгаа юм. Түүнчлэн дүүгийнхээ нас барсан хэрэгт “Mongolian next top model” нэвтрүүлгийн оролцогч Э.Одонтунгалагийг сэжиглэж байгаагаа ч илэрхийлээд байгаа. Тиймээс энэ талаар Ч.Гэрэлхүүгээс тодрууллаа. 

-Дүүгийнхээ амиа алдсан хэрэгт нэвтрүүлэгт хамт оролцож байсан Э.Одонтунгалагийг сэжиглэж байгаагаа илэрхийлсэн байна. Чухам ямар шалтгаанаар Э.Одонтунгалагийг буруутгаад байгаа юм бэ?

-Миний дүүгийн нас барсан хэрэгт Э.Одонтунгалаг буруутай. Тэр хажуунаас нь хараад бах таваа хангаж байсан. Би баримтуудаа дэлгэж дуусаагүй байгаа. Нэг өдөр олон баримт дэлгэвэл хүмүүсийн толгой эргэх байх. Тиймээс баримтуудаа цэгцтэй, хянуур оруулж байна. Э.Одонтунгалаг гэх охин АНУ-д сурч байсан. Хилээр чөлөөтэй орж гардаг. Эсвэл хоёр улсын иргэншилтэй байгаа. Ер нь тэр охиныг нөлөөтэй айлын, улстөрчдийн хамаатан, садангийн хүүхэд байх гэж бодож байна. Одоо Энхтайван гээд аавынх нь тухай мэдээллийг хайж байгаа. Яг ямар хүн бэ гэж тодорхойлж чадаагүй байна. 

-Гол нь энэ охиныг дүүгийн чинь үхэлд буруутгах яг ямар үндэслэл байгаа юм бэ? 

-Сайтуудын мэдээллийн дор зочин гэсэн сэтгэгдлүүдийн ихэнхийг АНУ-аас бичсэн байна.  Э.Одонтунгалаг өнгөрсөн нэгдүгээр сард буюу 10 сарын өмнө АНУ-д байсан л даа. Зочин гэсэн сэтгэгдлүүдийг бичсэн хаягийг бүгдийг нь хаанаас бичсэнийг шалгаж илрүүлж байгаа. Тэд баригдахгүй гэж тооцоолсон байх. Гэхдээ илрүүлэх л болно. Түүнийг Э.Одонтунгалагийн танхай балмад найзууд бичсэн. Эсвэл тэр охин одоо АНУ-д байгаа. 

(Энэ сэтгэгдлүүдийг Э.Одонтунгалаг бичсэн хэмээн тэрбээр хардаж байгаа аж)

-Зөвхөн энэ үндэслэлээр буруутгана гэхээр сонин байна л даа. Эсвэл талийгаач дүү чинь Э.Одонтунгалагтай таарамжгүй харилцаатай байсан юм уу?

-Тийм. Э.Одонтунгалаг гэх шоунд оролцож байхдаа миний дүүтэй таарамжгүй харилцаатай байсан юм билээ. Үүнийг гурван оролцогч надад яриа өгөхдөө хэлж байсан. 

-Цагдаагаас шалгаж нотлогдоогүй хэрэгт хэн нэгнийг шууд буруутгаж олон нийтээр түгээх нь аюултай. Э.Одонтунгалагийг нийтээрээ, нийгмээрээ жигшин зэвүүцэж байгаад энэ охин нийгмийн энэ хандлагыг дийлэхгүй ямар нэг муу зүйл болвол та хариуцлагаа хүлээж чадах уу?

-Би бүх баримтуудаа дэлгэсний дараа эргээд холбогдоно оо. 

-Урьдчилсан дүгнэлтээр амиа хорлосон гэж гараад байгаа шүү дээ?

-Миний дүүгийн амиа алдсан хэрэгт прокурорын газраас нөлөө бүхий хүмүүсийг шалгаж байгаа. 23-26 насны нэг эмэгтэй, гурван эрэгтэйг холбогдуулж шалгаж байгаа. Гэхдээ эмэгтэй нь хоригдсон эсэхийг мэдэхгүй байна. 

-Шалгагдаж байгаа хүмүүс нь яг ямар хүмүүс бэ. Энэ талаар тэнд мэдээлэл байна уу?

-Тэр талаар нарийн сайн мэдээлэл байхгүй. 

-Шүүх эмнэлгийн дүгнэлт гарах хугацаа болчихсон байхад одоо хүртэл гараагүй байна. Яагаад гарахгүй байгаа шалтгааныг тодруулсан уу?

-Шүүх эмнэлгийн дүгнэлтэд будилаан орсон. Цогцсыг аймшигтайгаар өөрчилсөн. Өндрөөс унасан болгож, хар тамхитай холбож гаргах гэсэн боловч чадаагүй учир одоо архитай холбох гэж үзэж байна. Гэмт хэрэгтнүүд энэ хэрэгт маш их мөнгө зарж байгаа. 

-Цогцсыг яаж өөрчилсөн юм бэ?

-Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр ээж нь мэнгэ тавих гээд морг руу орсон байгаа юм. Гэтэл хамар нь шалбарсан, толгой нь хавдаж, духнаасаа дээш долгионтож хавдсан, чихнээс нь цус гарсан, хоёрдугаар шилбэ нь хөхөрсөн байсан. Цээжнээс нь хүйс хүртэл их муухай далий мурий оёдол тавьсан байсан гэсэн. Тэгээд ээж нь эмчээс нь “Цогцос яагаад ингэж өөр болсон юм бэ” гэж асуухад доошоо хараад юу ч дуугараагүй байгаа юм.

-Анх ямар байсан юм бэ?

-Хамгийн анх ээж нь аравдугаар сарын 24-нд морг руу орж харахад нүүр царай нь зүгээр, толгой нь бүтэн байсан. Ээжтэй нь хамт орсон гурван хүн үүнийг батална. Нас барсан хүнийг өөрчлөөд байдаг нь их аймаар юм. Энэ талаар өмгөөлөгчөөс нь асуухад суурь өвчин байна уу гэж бүх талаас нь шалгадаг гэсэн. Цуснаас нь бүх шилжилгээ гардаг шүү дээ. Гадны нөлөөтэй юү гэж шалгуулж байхад... Хэлэх муу үг олдохгүй байна. Цаашдаа тэвчиж сууж чадахгүй нь. Тиймээс телевизийн сурвалжлагч нарыг шүүх эмнэлэг дээр очоод сурвалжлаад өгөөч гэж хүсмээр байна. 

zaluu.com Х.Соёл-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ