Д.Отгонжаргал: Өдөр тутамдаа өмсөж болохуйц маш энгийн хийцтэй даашинз шинэ жилээр ТРЕНД болно
-НАС БИЕД ХҮРСЭН ЭМЭГТЭЙ ХҮН БҮРИЙН ДОТОР ДЭГГҮЙ ЖААХАН
ОХИНЫ СЭТГЭХГҮЙ БАЙНГА Л БАЙДАГ-
“Mongalia O couture” салоны захирал, загвар зохион бүтээгч Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргалтай ярилцлаа. Чамин тансаг, гоё сайхны дээд, мөрөөдлийн гэмээр тансаг даашинзуудыг нь урлагч түүнийг “Гоёлын даашинзны хатан хаан” хэмээн өргөмжилөхөд үгүйсгэх хүн үгүй биз ээ.
-“Mongalian O Couture” брэнд тав дахь жилдээ загварын шоугаа ирэх сарын 01-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн загварын шоу урьд жилүүдийнхээ шоунаас юугаараа онцлог вэ?
-Манай загварын шоу энэ жил тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Таван жилийн ой тохиож буй учраас бидний зүгээс тодорхой хэмжээний ач холбогдол өгч байгаа. Шинэ жилийн өмнөхөн болдог o couture ажиллагаатай үдшийн гоёлын даашинзны загварын шоу миний стил имижийг илүү их тодорхойлж өгдөг ч жил бүрийн шоу маань утга агуулгатай байдаг. Өнгөрсөн жилийн шоу уламжлалт хэв маягатай байсан. Энэ жилийнх “Wonderland” буюу үлгэрийн ордонд байгаа мэт сэтгэгдэлийг төрүүлэхээс гадна хоёр ертөнцтэй бүсгүй гэсэн утга агуулгатай байгаа. Нас биед хүрсэн эмэгтэй хүн бүрийн дотор буцаад бага насандаа очих юмсан гэсэн дэггүй жаахан охины сэтгэхгүй байнга л байдаг. Харин бяцхан охидуудын зүрх сэтгэлд хурдхан шиг том болох юмсан. Гоё сайхан зүйлс хэрэглэж, сайхан эмэгтэй болох юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Ээжийнхээ өндөр өсгийтийг өмсөж үзээгүй охид байхгүй болов уу. Тиймээс энэ удаагийнхаа загварын шоугаар нас биед хүрсэн эмэгтэйчүүд болон охидын дотоод сэтгэлийн холбоосыг илэрхийлэхийг зорьж байгаа. Загварын шоуг маань үзэж буй бүсгүйчүүд бага насандаа очсон мэт сэтгэгдэл төрөх байхаа.
-Энэ удаагийн загварын шоунд ойролцоогоор хичнээн загвар танилцуулагдах вэ. Шоуны бэлтгэл ажил хэр хангагдаж байна?
-Шоуны бэлтгэл ажил хангагдаж байгаа. Нийтдээ 70 гаруй бүтээл олонд танилцуулагдана. Бүгд өөр өөрийн гэсэн өнгө аястай байгаа. 12 дугаар сар дөхөөд ирэхээр яагаад ч юм уралдааны морь шиг “O Couture” загварынхаа шоуг танилцуулна гээд сэтгэл догдлоод байдаг болчихож. Манай хамт олон маань ч гэсэн загварынхаа шоунд дуртай. Хонож ажилласан ч гэсэн “Ядарлаа, хэцүү байна” гэж хэлдэггүй бүгдээрээ л шоугаа амжилттай зохион байгуулахын тулд хамтдаа хичээцгээж байна. Маш олон хүний оюун ухаан, сэтгэл, хүч хөдөлмөр шингэж байж хувцас бүтдэг. Загварын шоунд танилцуулагдаж буй загварууд бидний хамтын бүтээл.
-“Mongalian O Couture” брэндийг цор ганц, дахин давтагдашгүй бүтээл урладаг гэдгийг хүмүүс мэддэг болсон байна. Нэг бүтээл дээр ойролцоогоор хэд хоног зарцуулдаг вэ?
-“Mongalian O Couture” брэнд нээгдээд дөрвөн жил болж байгаа. Энэ хугацаанд o couture буюу гар ажиллагааг хүмүүст таниулья, мэдүүлье гэсэн зорилготой байсан. Дэлхийд цорын ганц гэсэн үйлчилгээ хамгийн өндөр өртөгтэй байдаг. Бүтээгдэхүүнийг хийж буй цаг хугацааны 50-иас дээш хувийг нь гар ажиллагаа эзэлж байвал o couture шинж рүү ордог. Намайг дөрвөн жилийн өмнө загварын салонаа нээж байхад хүмүүс тэр болгон мэддэггүй, зөвхөн урлаг соёлынхон үйлчлүүлдэг байсан. Одоо харьцангуй өөр болсон шүү. O couture дизайнераас маш их хүч хөдөлмөр, цаг хугацааг шаарддаг. Жишээлбэл, нэг загвар дээр анхаарал төвлөрөөд ажиллаад эхлэхээр идэж, унтах гэр бүл, үр хүүхдээ мартана. Дизайнер мэргэжил маш их золиос, тэсвэр тэвчээрийг шаарддаг. Ялангуяа гар ажиллагаа ихтэй даашинзыг урлахад маш их цаг хугацаа ордог. Хүнээс захилга авлаа гэхэд материалын судалгаа хийнэ. Дараа нь 2-3 удаа пермэрикээ өмсүүлнэ. Маш олон шат дамжлагатай байдаг. Хамгийн эцэст нь чимэглэлээ хийдэг. Үйлчлүүлэгчээсээ 100 хувийн сэтгэл ханамж авна гэдэг маш хүнд ажил. Манай бүтээгдэхүүнүүдийг урлахад маш их цаг хугацаа ордог. Захиалгатай хувцас хамгийн багадаа долоо хоног тэрнээс дээш хоногоор хийж гүйцэтгэдэг.
-Та 1999 онд загварын ертөнцөд хөл тавьсан. 19 жилийн хугацаанд Монгол Улсын загварын ертөнц хэр хурдацтай хөгжив?
-Урлах эрдэм сургуульд 1999 онд элсэн орж 2003 онд сургуулиа төгссөн. Сургуульдаа есөн жил багшилсан. Энэ хугацаанд загварын ертөнцтэй холбогдож өөрийгөө арвин их туршлага хуримтлуулсан гэж боддог. Манай улсын загварын ертөнц сүүлийн дөрвөн жилийн хугацаанд маш хурдацтай хөгжиж байна. Урьд нь загварын шоу танилцуулдаг хүн бараг байсангүй. Урлах эрдэм сургууль Монгол Улсын загварын ертөнц хөгжих хамгийн том хөшүүргийг “Ulaanbaatar fashion week” шоугаараа тавьсан болов уу гэж боддог. Энэ шоу тодорхой хэмжээгээр дизайнеруудыг хөгжүүлж, дэмжиж алдаршуулдаг байсан. Миний амжилтад том хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа гэж боддог. 3-4 жилийн өмнөх загварын ертөнцийг өнөөдрийнхтэй харьцуулж харахад арай өөр байсан. Цагаан сар, баяр наадам болох үеэр өдөрт нэг брэнд бий болж байна шүү дээ. Манай салбар хурдацтай хөгжиж байна, цаашид ч гэсэн одоогийн түвшнээс огт өөр болсон байх болов уу.
-ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ТӨГС ХАРАГДУУЛАХ ДААШИНЗ УРЛАНА ГЭДЭГ МАШ ЧУХАЛ-
-Тамирчин хүний амжилтын дээд оргил нь олимпоос алтан медаль авах байдаг. Харин дизайнеруудын хувьд амжилтын дээд оргил нь юу вэ?
-Ихэнх дизайнерууд гадны зах зээл рүү гарахыг хүсдэг. Би ч гэсэн хэзээ нэгэн цагт Милан, Парис, Нью-Йорк хотын загварын долоо хоногт уран бүтээлээ танилцуулаад өөрийн гэсэн захиалагчтай болох нь миний мөрөөдөл. Өнөөдөр биелэхгүй ч гэсэн хэдэн жилийн дараа биелэх бүрэн боломжтой. Гэхдээ хувь хүнээс ихээхэн шалтгаална, маш их мөнгө хэрэгтэй.
-Ирэх жилээс загварынхаа шоуг гадаадад хийхээр төлөвлөж байгаа гэж сонссон. Энэ талаараа ярихгүй юу?
-Манай загварын шоу ашгийн бус. Урьд жилүүдэд зохион байгуулсан шоунаасаа ашиг олж байгаагүй. Хасах бланс гарчихгүй л бол “Бурхандаа баярлалаа” гээд л явдаг. Загварын шоу зохион байгуулахад маш өндөр зардал гардаг ч гэсэн хүмүүст сайхан соёлыг түгээж байгаадаа баярладаг. Манай улсын зах зээл маш жижигхэн хийгээд, хийгээд л байдаг боловч үр дүн гардаггүй. Өнгөрсөн жил Хөх хотод анхныхаа шоуг зохион байгуулж, дэлгүүрээ нээсэн. Тодорхой хэмжээгээр гадны зах зээлд хөл тавьж монгол туургатнууддаа үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн. Дараа жилээс Хонг Конг, Шиньжян хотуудад өөрийнхаа загварын шоуг үзүүлнэ гэсэн төлөвлөгөө, зорилго тавиа ажиллаж байгаа.
-Тун удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна. Бүсгүйчүүд маань энэ жил ямар өнгийн, ямархуу загвартай даашинз өмсвөл сайхан харагдах вэ?
-Гоёлын даашинз тренд гэхээсээ илүү сонгодог загвар давамгайлдаг. Энэ жилийн хувьд өнгөний хувьд маш зөөлхөн энхрий ялдам өнгөнүүд болох ягаан, чернилэн ягаан, цэнхэр өнгөнүүд илүү давамгайлж байна. Үдшийн гоёлын даашинзны загварын чиг хандлагад романтик, сонгодог хэв маяг байнга л оршин тогтнож байдаг. Энэ жил ерөнхийдөө минимал тал руугаа давамгайлсан байгаа. Өдөр тутамдаа өмсөж болохуйц маш энгийн хийцтэй. Тэгсэн хирнээ хормой, энгэртээ жижигхэн чимэглэлтэй эсвэл o couture загсан хэлбэртэй, сиси хормойтой байвал илүү сайхан харагдана.
-Бүсгүйчүүд өөрийнхөө биеийн галбирт тохирсон даашинзыг өмсч болох уу?
-Бололгүй яахав. Монголчууд шинэ жилийн баярт маш их ач холбогдол өгдөг. Манай салонд ирдэг захиалагч нар хүртэл “Отгоо эгчээ, шинэ жилийнхээ баярын хамгийн үзсгэлэнтэй бүсгүй нь болмоор байна” гэж хэлдэг. Ерөнхийдөө дизайнерийн зөвөлгөө маш чухал, төгс бие галбиртай эмэгтэй хүн цөөхөн байдаг. Тиймээс эмэгтэй хүнийг төгс харагдуулах даашинз бүтээнэ гэдэг маш чухал хариуцлагатай ажил. Жишээлбэл, унжуу мөртэй хүнийг яаж гоё мөртэй болгож харагдуулах вэ. Богинохон цээжтэй хүнийг урт цээжтэй болгож харагдуулахад хувцасны харьцаа эсгүүр чухал байдаг.
-Тэгэхээр бүсгүйчүүд туршлагатай дизайнеруудад хандсанаар төгс бие галбиртай харагдаж болох нь ээ?
-Тийм, туршлагатай дизайнеруудаас зөвлөгөө авч өөртөө тусгаж аван хэрэгжүүлээд үр дүнг нь гаргах хэрэгтэй гэж боддог.
-БИ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН НЭГ, ЖДҮ-ИЙН
САНГААС ЗЭЭЛ АВЧ ЧАДСАН БОЛ...-
-Төрөөс дэмжлэг авдаггүй цөөхөн салбарын нэг нь хувцас загварын ертөнц юм болов уу гэж боддог. Та санал нийлэх үү?
-Нийлэлгүй яахав, манай салбар тэр чигээрээ орхигдсон, бор зүрхээрээ л явдаг. Дээрээс нь муу нэртэй, загвар өмсөгч нар нь бүр ч илүү муу нэртэй. Өнөөдөр спортын салбарыг ямар түвшинд төрөөс дэмжидэг вэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Жишээлбэл, би азийн шилдэг дизайнер болсон. Олон улсаас шагнал аваад ирсэн хүнийг улсаас урамшуулдаг юм байна лээ. Гэвч би нэг жилийн дараа танилаасаа “Төрөөс 15 сая төгрөгийн шагнал өгдөг” гэдгийг мэдсэн. Тэгээд хөөцөлдөөд үзтэл надад урамшууал өгөх ямар ч боломж байгаагүй. Шагнал авснаасаа хойш 45 хоногийн дотор мэдүүлэгээ өгөөд шагналаа хөөцөлдөж болдог юм байна лээ. Бидэнд ийм төрлийн ямар ч мэдээлэл байдаггүй. Ихэнх салбарууд аль нэг яаманд харьялагддаг. Харин бид эзэнгүй орхигдсон хүмүүс, мэдээ мэдээлэл өгдөг газар ч байдаггүй. Сая ЖДҮ-ийн сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн мэдээлэл олон нийтэд цацагдаж эхлэхэд л иймэрхүү төрлийн мэдээлэл авч чадааггүйгээ мэдсэн.
-Таны загварын салон тодорхой хэмжээгээр үйлдвэрлэл явуулдаг. Хэдэн хүнийг тогтвортой ажлын байраар хангаж байна?
-Бид жижиг дунд үйлдвэрлэгчдийн нэг. Өнөөдөр 30 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж байна. ЖДҮ-ийн сангаас хөнгөлттэй нөхцөлөөр зээл авах гээд очиход “Зарлагдаад дуусчихсан, санхүүжилт байхгүй” гэсэн хариултыг сонсдог байсан. Хэзээ нь зарлагдаад, хэзээ санхүүлжилт нь дуусчихдаг юм. Уг нь үйлдвэрлэл хөгжвөл маш олон хүнийг ажлын байраар хангана. Гэтэл ихэнх ажилчид маань гадаад руу ажиллахаар явж байна. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид ажилчин бий болгож тогтвортой ажлын байраар хангана гэдэг хамгийн том асуудал болоод байна. Манайх оёдолчин, дизайнер ажилд авах гэхээр ажиллах боловсон хүчин байхгүй байна шүү дээ. Тэд биднээс хамаагүй өндөр цалин амлаж байна. Хэрэв бидэнд ЖДҮ-ийн сангийн хөнгөлттэй олдсон бол тодорхой хэмжээгээр ажилчдынхаа цалинг нэмээд ажиллах хүчээ гадны зах зээлд алдахгүй шүү дээ. Өнөөдөр монголд амьдрах, ажиллах сонирхолтой залуучууд алга байна.
М.АМАРЖАРГАЛ
Гэрэл зургийг Г.ТҮШИГ
medee.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ