Ноён Бондгор:Хосуудада үлгэр дуурайл болох үүднээс "Хос жаргал" дууг гэргийтэйгээ хамтран дуулсан
Олонд ноён Бондгор нэрээрээ танигдсан дуучин Ц.Амарбаяртай ярилцлаа.
-Монгол Улсын Эх, үрсийн элч дуучин хэмээх цол хүртсэн. Үүнээс яриагаа эхэлье гэж бодлоо?
-Хүүхдийн уран бүтээл мартагдаад, хүүхдийн дуу бараг устчихсан байх үед би хүүхдийн дуу анх дуулж гарч ирж байлаа. “Каралсон”, “Тавтай нойрсоорой” дуунууд маань хүүхдүүдийн хүмүүжилд нөлөөлсөн. Хүүхдүүд хайрын дуу сонсдог байсан бол миний гаргасан хүүхдийн дууны цомгийг сонсдог болсон. Бидний багад хүүхдийн дуугаа сонсож хүмүүждэг байсан яг тэр зүйл рүү хэлбийж эхэлсэн юм. Үүний дараа мэр сэр хүүхдийн дуучид гарч ирэх болсон. Хүүхдийн сэдэв хүчээ аваад эхлэнгүүт өвчтэй, зовлонтой хүүхдүүдийг ашигласан мөнгөний бизнесүүд олноороо орж ирсэн. Би нэг талаараа сайн сайхан зүйлс түгээн дэлгэрүүлж гарч ирсэн ч нөгөө талаараа муу муухай, буруу зүйл дэлгэрэх, ашиг хонжоо харсан хүмүүсийн бай болж эхэлсэн дээ. Ийм хүмүүс гэнэт гарч ирээд л баахан өвдсөн, зовсон хүүхдүүдийн хандивын тоглолт гээд пижигнээд эхэлсэн. Би анх хүүхдийн дууны цомог гаргаснаасаа хойш энд тэнд өвчтэй хүүхдэд туслах хандивын тоглолт хийж дэмжих болсон. Өвчтэй хүүхдэд хандив цугуулуулах Монголын анхны хандивын тоглолтыг хийж байлаа шүү дээ. Ингээд Эх, үрсийн элч дуучин гэх хүндтэй цолыг авсан. Би цомог болгондоо ээж, хүүхдийн тухай дууг орхигдуулдаггүй. Заавал оруулдаг.
-Та дуучин гэхээсээ илүү нийгмийн хариуцлага асар өндөртэй хүн. Олон сайн дурын ажил, буяны үйлсийг санаачилж, түгээн дэлгэрүүлж байсан. Энэ талаараа ярихгүй юу?
-Малчдад туслах “Нэмнээ” аяныг өнгөрсөн өвөл өрнүүлсэн юм. Нэгэндээ туслах сэтгэлтэй олон залуусыг цуглуулж, охид нь нэмнээ оёж, залуучууд нь орой, үдэшгүй хоол ундаар тусалсан. Энэ аянд 150-200 компани оролцсон байдаг. Долоо хоногийн дотор 3500 нэмнээ оёж, одоогийн ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шадар сайд байх үед нь өөрийн биеэр хүлээлгэж өгч байлаа. Монголын төр жил бүр нэмнээ, өвөлжилтийн бэлтгэлд мөнгө зарах юм. Бидний ээж, аавын үед нийслэлээс хөдөө малчдад туслах аян өрнүүлж, арван жилийн сурагчдыг оролцуулдаг байсан. Охид нь хоёр нэмнээ оёж ирэх, хөвгүүд нь лаа, шүдэнз авчирдаг. Эдгээрийг чинь цуглуулаад Илгээлтийн эзэд гээд явуулдаг байсан. Одоо энэ алдагдсан. Би зөв зүйлийг эхлүүлэнгүүт хэдэн залуучууд нэгдэж, долоо хоногийн дотор 3500 нэмнээ оёчихож байгаа юм. Тэгэхээр яг Бондгор шиг арван залуу байхад долоо хоногийн дотор 35 мянган нэмнээ цугларах боломжтой байгаа биз дээ. Байхгүй учраас л би ингээд гүйгээд байгаа юм. Хүмүүс намайг ийм юм санаачилаад хийхээр дагаж хийдэггүй. Бондгорыг дуурайсан болчихно гэдэг. Яг үнэндээ би дуурайлгах гээд, гоцгойрох гэсэндээ ийм юм хийгээгүй. Бусад хүмүүсийг уриалах гэсэн дээ хийдэг. Хүмүүс атаа, жөтөө, өчүүхэн нэр алдар, карер хөөсөн жижигхэн зүйлээсээ болж сайн сайхан зүйлийг орхигдуулчихаад байна.
-Ганга нууранд мод тарьсан гэж сонссон юм байна?
-Сүхбаатар аймгийн Ганга нууранд 35 мянган мод өөрийнхөө зардлаар тарьсан. Өвөр Монголоос 50 хүн урьж, хотоос ах дүүсээ аваад Ганга нууранд хоёр хоносон. Тэгэхэд Монголын төр Ганга нуур дууслаа, ширгэлээ гээд яриад л байдаг. Бид зүгээр ярьдаг л болчихоод байна. Ингээд яриад байх зуур бүх л юм дууслаа. Би Ганга нуур ширгэлээ гэж фэйсбүүкт бичиж, твиттерт жиргээгүй. Нэр алдар хөөж дулдуйдахын оронд Өвөр монголчуудтайгаа нэгдэж, нуур тойруулаад мод тарьсан. Тэгсэн Сүхбаатар аймагт миний тоглолтыг хийлгээгүй. Мод тарьснаас болж.
-Яагаад тэр вэ?
-Нэрийг нь хэлээд яах вэ. Сүхбаатар аймгаас гарсан сайд, гишүүд тоглолтыг хаасан. Сүхбаатар аймгийн хоёр намаас надтай ирж уулзсан. Надад хийсэн бичлэг бий. Дорнодоос амьд хөгжмийн хамтлаг авчираад талбай дээр үнэгүй тоглолт хийхээр болсон юм. Тоглолт эхлэх гээд, тэр талбайд хар мянган амьтан цуглачихсан. Гэтэл тогоо тасалчихаад өгөхгүй байгаа юм чинь.
-Зохион байгуулалттай гэж ойлгох уу?
-Зохион байгуулалттай гэдэг нь ойлгомжтой. Сүхбаатарын нөхдүүдийн ганц мөнгө хийдэг газар нь Ганга нуур байж л дээ. Яг тэр үед Ганга нуурыг аврах төсөв батлагдах байж. Тэгсэн нэг дуучин 35 мянган мод үнэгүй тарьчихаар хамаг төсөв нь нурчих гээд, нөгөө гишүүн миний дэргэд жижиг болчих гээд. Уг нь тэр хүн намайг бодвол төрийг түшилцэж яваа хүн шүү дээ. Тэгэхэд өөрийгөө тэгж жижигрүүлж ойлгосон. Би нэг талаараа өөртөө баяртай байгаа. Зөв зүйл хийвэл ямар ч хүнийг айлгадаг юм билээ. Бодвол тэр төсвийг батлаагүй л байлгүй. Тэгээд л уурандаа миний тоглолт, хамаг юмыг шахаад эхэлсэн. Дорнодод тоглох гэсэн бас л саад болсон.
-Таны уран бүтээлийг сонсоод байхад уянгалаг, намуухан санагддаг. Дуугаа сонсогчдод хүргэхийн тулд юун дээр илүү анхаардаг вэ?
-Дуу гэдэг амьтай, жигүүртэй. Залуучууд С.Жавхлан, Л.Болдбаатар шиг дуучин болно гээд л байдаг. Тэр хоёрыг хэзээ ч гүйцэхгүйгээс хойш тийм дуучин болно гэх чинь утгагүй хэрэг. Хэрвээ Хуяг гэдэг дуучин байлаа гэхэд тэр Хуяг гэдэг нэрийг брэнд болгох хэрэгтэй. С.Жавхлан, Л.Болдбаатар шиг биш, шал өөр дуучин гарч ирэх юм. Тэгэхгүй гараад ирчихсэн брэндийг дагаад туугаад байх биш. Тэгэх тусам олонд танигдсан брэнд улам өнгө ордог. Би хэзээ ч хэн нэгэн шиг дуучин болъё гэж боддоггүй. Монголд Ноён Бондгорыг таниулъя л гэдэг. Энийг л хэлье, үүнийг л дуулья гэж чин сэтгэлээсээ өөрийгөө илэрхийлж дуулдаг. Тэрнээс биш ямарваа нэгэн зүйлтэй барьцаж, шунаж ганц нэг дуу дуулаад хэдэн төгрөг олчихъё гэдэггүй. Дуу мөнгө олдог зүйл биш. Залуучуудын хүсээд байгаа юм нь од, баян болъё гэдэгт хамаг алдаа нь байдаг. Би од болъё гэж мөрөөдөж байгаа ч үгүй. Би монголчуудыг эерэг зүйл уриалж, өөрийгөө брэнд болгоё л гэсэн. Намайг мод тарихад хүмүүс дагаж ирээд тусалдаг байя гэж санадаг. Өнгөрсөн цагаан сараар 21 дээл өрх толгойлсон ээжүүдэд бэлэглэсэн. Миний эхлүүлсэн зөндөө ажлыг хэн ч ярьдаггүй. Ганц ярьдаг юм нь “Өө энэ Бондгор аймар бүдүүн, тарган” гээд л муулаад байдаг. Тэд зөвхөн тарганд минь ач холбогдол өгч, миний гэдсийг ярьж байх хооронд би ардуур нь тэдний аав, ээж, үр хүүдүүдийнх нь төлөө хөдөлмөрлөдөг. Хүн намайг муулахад би өсөрхдөггүй. Надад бүх юмыг хайрлаж чаддаг чанар бий. Энэ хүн гэртээ харивал над шиг ээж нь хоол, цайгаа хийгээд хүлээж байгаа даа гэж бодогддог. Миний өөг хараад байгаа болохоос биш энэ залуу сайн хүн байна даа гээд бодчихоор эргээд надад ямар ч зовлонгүй. Энэ богинохон амьдралд юун хүмүүстэй жөтөөрхөж явах. Тэрний оронд хорвоод сайн сайхан юм бүтээж явах нь илүү дээр. Миний хийж байгаа ажлуудыг анзаараарай. 21 ээжид дээл өгсөн нэг гишүүн байна уу. Хайгаад ч гарч ирэхгүй. Ордонд гишүүн гээд таахалзаж байхаар гарж ирээд дээлээ өмсөөд надтай хамт нэмнээ оёж, мод тариад явбал хамаагүй өлзийтэй. Би бол буян хурааж байгаа. Тэд нүгэл хурааж байгаа.
-Олон хүнд туслах энэ сэтгэл тань юунаас эхлэлтэй вэ?
-Дуунаас. “Миний найз” дуунаас жишээ авъя. Энэ дууг эсгий туургатан даяараа дуулдаг. Анх дуулахад Монголын мянга мянган найзууд надад талархал илэрхийлсэн. Над дээр олон хүн ирээд найзтайгаа уулзсан, эвлэрсэн гэх зөндөө сайн сайхан юм ярьдаг. Эндээс үүдээд “Миний найз” дуу энэ олон найзуудыг эвлэрүүлсэн гэхээр зөвхөн дуу гаргана гэдэг зүгээр нэг дуу аялаад явах биш. Цаашаа хэтийн зорилго, төлөвлөгөө байх ёстой. “Дүү минь” дуу 2013 оны шилдэг дуугаар шалгарсан. Энэ дууг би бүр зорьж хийсэн. Яагаад гэвэл тухайн үед төрсөн ах, дүү нарын тухай эвгүй мэдээлэл надад цуглараад байсан юм. Төрсөн ах, дүү хоёр нэгнийхээ амийг бүрэлгэсэн хэрэг гарсан. Мөн эгч нь дээрэм хийхдээ хүний аминд хүрчихэж. Гэтэл төрсөн дүү эгчийгээ аварч, өмнөөс нь ял үүрчээ гэх зэрэг эвгүй үйл явдал гарах болсон. Зүгээр нэг хуурай ах, дүү биш төрсөн ах, дүү нар элгээ жийлцээд эхэлсэн. Түмэн олны дундаас би дуугаа олдог. Монголчуудад ийм дуу хэрэгтэй байна гэсэн санаа орж ирдэг юм. Би олон түмний дунд байнга явдаг. Тэгээд л би “Дүү минь” дууг хийсэн дээ. Гарсан даруйдаа хит болсон. Энэ дуу маань ах, дүү нарын тэврэлддэг дуу болж, нэгэндээ зориулдаг дуу болж эхэлсэн.
-“Амжилт хүсье” дууг мөн л нийгэмд хэрэгтэй гэдэг үүднээс хийсэн үү?
-Тухайн үед эдийн засаг унаж, хүн болгон оюун санааны хямралд орчихсон. Хямраад байгаа юм уу гэхээр гадуур үзвэр, үйлчилгээний газрууд дүүрэн хүнтэй. Тэр үед би хүмүүст урам хэрэгтэй юм байна, яаж хүмүүст урам өгөх вэ гэж бодож байгаад Жавхаа ах дээрээ очоод энэ санаагаа хэлсэн. Жавхлан ах “Чи яг зөв сэтгэсэн байна. Ах нь ийм шүлэг бичнэ” гэсэн. Тэгээд “Амжилт хүсье” гэдэг дууг хийсэн. Тэгэхээр дуу өөрөө амьтай, жигүүртэй гээд байгаа маань энэ. Хэн нэгэн зохиолчийн хийсэн хэдэн дууг сонсож байгаад арай гайгүйг нь дуулах биш, хэдэн дуу дуулаад од болох биш юм. Хэдэн дуугаар халтуур хийчихье гэсэн ахархан бодол яг л тийм ахархан байдаг. Нэг, хоёрхон дуутай болсон болоогүй Соёлын тэргүүний ажилтан Монголоор дүүрэн. Тэд нар нь дандаа тоглолт хийх юм. Тоглолт хийж байгаа хүмүүсээс таних амьтан алга. Нийгэм нь өөрөө ядуу болохоор урлаг нь гуйлгачин болчихсон.
-Дуулах авьяасаа хэнээс өвлөж авсан бэ?
-Яг ний нуугүй хэлэхэд хоолойгоороо дуулдаггүй юм. Чадалтай хоолойтой хүн бүр дуучин байдаггүй. Дууг зөвхөн ухаанаараа дуулдаг. Дуу бол ерөөсөө ур, ухааныг шаарддаг. Ухаан байгаад ур байсан цагт дуулна. Мянган сайхан хоолойтой байгаад яахав дээ. Нарантуул дээр хувцас зардаг дуурийн дуучин байж л байна. Миний хажууд сургууль төгсчихсөн, би хүртэл шүтдэг дуурийн дуучны мэргэжилтэй, гайхамшигтай хоолойтой хүн тэнд байдаг. Тэгээд энэ хүний олонд танигдаад байгаа нь хаа байна. Хүний хувь заяа, тавилан гэж бий. Хүнд байгаа тэр тавилангаа мэдрээд хичээж зүтгэх хэрэгтэй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ.
-Та С.Жавхлантай ойр байдаг. Таны дуулах ур, ухааныг зааж, зөвлөдөг биз. Урлагийн тал дээр та хоёрын дунд ямар яриа өрнөдөг вэ?
-С.Жавхлан шиг хүн Монголд дахин төрөхгүй. Энэ хүн хоолой, ухаан, ур, тавилан, заяа, өөрийнх нь хичээл зүтгэл бүгд байна. Нэг ч дутуу юмгүй. Энэ хосгүй их эрдэм чадал, авьяас билиг нийлэхээр ийм төгс байгаа юм. Би энэ хүнээс зөвхөн үлгэрлэлийг авдаг. Зөвхөн би ч биш, олон хүмүүстэй яг надтай ярьдаг шигээ яриад суухыг би зөндөө харж байсан. Тэндээс хэн мэдрэмжтэй нь мэдрэх вэ гэдэг л чухал. С.Жавлхан гэдэг хүн хаана ч бичигдээгүй, хэний ч бестселлерээс илүү амьд ном. Би С.Жавхлан гэдэг номыг насаараа уншина. Түүнээс биш Жавхаа ах надад “Ааа” гэж дуулаарай гэж заагаагүй. Дуулах ур, ухаан хоёрыг л заасан юм. Би түүнийг мэдэрч, хүлээж авч чадаад байгаа юм. Мэдрэмжгүй хүн мянга Жавхаа ахын үгийг сонсоод нэмэргүй. Би эндээс их зүйл олж авсан. Тэр зүйл нь миний ураар бүтэж гараад байгаа юм. Тэгээд би дууг хоолойгоор биш, зөвхөн ур, ухаанаар дуулдаг юм аа гэж хэлээд байна шүү дээ. Дээрээс нь бүх хүн дуучин. Хэн сайн чанга дуулсан нь дуучин биш. Миний дуунууд намуухан, уянгалах байдаг нь би өөрийнхөө дуулах урыг олсонтой холбоотой. Дуу гэдгийг илэрхийлэл нь миний хувьд зүрх гарч буй авиаг хэлнэ. Чи солгой хоолойтой байсан ч ээжийнхээ өмнө очоод “Сүүний үнэр шингэсэн” гээд дуулаад эхлэхэд чиний ээж уярч, уйлна. Хүн болгон зүрх сэтгэлээсээ дуулвал тэр дуу. Хүмүүс зүрх сэтгэлээсээ дуулдаггүйд учир байгаа юм.
-С.Жавхланг гишүүн болсноос хойш хэр ойрхон уулзаж байна. Ингэж ойр байдаг нь нэг нутгийнх учраас тэр үү?
-Бараг өдөр бүр уулзаж байна. Жавхаа ахын нэг сайхан чанар нь нутаг, ус, дов жалганы үзэлгүй. Бид хоорондоо зөв зүйл нэвтрэлцэж чаддаг хүмүүс юм. Ах маань дуучин байхдаа ямар байсан, тэр хэвээрээ.
-Та нийгэмд болж бүтэхгүй зүйлийг олж харан дуугаараа дамжуулж илэрхийлдэг гэлээ. Таны сүүлд “Хос жаргал” дууг гэргийтэйгээ хамт дуулсан. Энэ нь бас нэг санааг илэрхийлсэн байх гэж бодогдлоо?
-Монголд одоо нүүрлээд байгаа зүйл нь гэр бүл салалт, хүүхдийн өнчрөл. Тэгээд би “Хос жаргал” дууг дуулахаар шийдсэн. Эхнэртэйгээ хамтран дуулсан шалтгаан нь бусад гэр бүлүүдэд үлгэр дуурайл өгөхийн тулд юм. Тиймээс эхнэртээ дуулах ур, ухааныг их удаан сургасан. Маш удаан бэлдүүлсэн. Энэ дууныхаа нэрээр хосуудын дунд фэйсбүүкээр уралдаан зарласан. Ингэхдээ “Хос жаргал” дуунд дээр хосууд өөрсдийнхөө зурган видео оруулж, уралдаанд оролцох юм. Нэгдүгээр байрт хагас таван ханатай гэр, хоёрдугаар байрт хурдан удмын даага, гуравдугаар байранд хундан цагаан хургатай хонь, дөрөвдүгээр байранд хос дээл, тавдугаар байранд Контас брэндийн хос цаг өгсөн. Оролцсон бүх хосуудад ивээн тэтгэгчдийн гарын бэлгийг өгсөн. Нэг сарын хугацаатай энэ тэмцээнд маань 2000 хос уралдаан бичлэгээ ирүүлсэн. Энэ чинь 4000 хүн гэсэн үг. Хүүхэдтэйгээ нийлээд 5000 хүн миний зарласан тэмцээнд оролцсон. Гэр бүлийнхээ зургийг эвлүүлэхийн тулд зургийн цомгоо үзнэ. Зургийн цомгоо үзэхээр дурсамж сэргэхээс гадна хамтаа нэг зорилготой болох юм. Энэ тэмцээнээрээ мөн лайк дарж, шэйр хийгээд баяжъя гэсэн юмыг тас цохихыг зорьсон. Янз бүрийн тэмцээн зарлаж баахан хүн оролцуулаад шагналаа өгсөн үгүй нь мэдэгдэхгүй өнгөрдөг болчихсон. Дээрээс нь лайк, шэйр хийгээд баяжина гэдэг сэтгэлгээг хүмүүст суулгаад байна.
-Эхнэр тань дуулах сонирхолтой юу. Эсвэл таны нөлөөгөөр дуулах сонирхолтой болсон юм уу?
-Ер нь дуулах сонирхолтой. Бид хоёр хэдэн жилийн өмнө хамт дуулах тухай ярилцаж байсан юм. Заавал олонд цацахгүй ч гэсэн дуу хийе гэж ярилцсан. Энэ яриа миний дотор байсаар ирсэн. Яг гэр бүлийн тухай судлаад эхлэх үед хосуудын амин сүнстэй дуу хийе гэж надад бодогдсон. Хосууд тэр дууг маань сонсоод аз жаргалтай болдог дууг хийх ёстой гэдгийг ойлгосон. Дууны үгийг өвөр монгол найз маань зохиосон.
-Залуу хүний хувьд өнөөгийн нийгмийн талаарх өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Эргэн тойрны залуучуудыг ажиглахад залхуурал гэдэг зүйлд нэрвэгдчихсэн байдаг. Нэг гэр бүлийн энгийн жишээ авъя. Маш их хөдөлмөрлөсөн энгийн сайхан аав, ээж хамаг бүхнээ үр хүүхдүүддээ зориулдаг. Тэр хүүхдүүд нь сайн сайхан амьдраад байна уу гэхээр үгүй. Сүүлийн үед хүүхэд, залуучууд дота, пабжи гэх тогломуудыг тоглох болж. Утасныхаа цэнэгийг дуустал хадам ээжээ зарж, эхнэрээрээ хүүхдээ харуулдаг залуус зөндөө. Гэр бүлийнхээ хамаг юмыг мартчихаад пабжи тоглох юм. Үүндээ бүр “Төгөлдөр хуурын дамжаа” гэсэн нэр өгчихөж. Асар их завтай болоод л тоглоом тоглож байгаа шүү дээ. Тэгээд яг ажиглахаар тэгж сайхан амьдраад байгаа зүйлгүй. Зөвхөн тэр тоглоомноос өөр юу ч тэр хүмүүст алга. Ингэж тоглоом тоглоод байгаа хүмүүсийн амьдрал нэг эргэж, эхнэр, хүүхэд нь орхиод явахад нөгөө гэр бүл салалт, хүүхэд өнчрөл бий болно. Хүн өнөөдөр аль надад хэрэгтэй вэ гэдгийг ойлгохгүй байна. Монголын залуучууд тоглоом, хар тамхи, залхууралд автчихаж. Ажилгүйдэл их. Залуучууд ажил олдвол хийнэ шүү дээ гэдэг сонин нь. Гэтэл фэйсбүүкээр өчнөөн ажлын санал байна. Хийдэг хүн байхгүй. Миний бодлоор байж болох бүх л муу муухай яг энэ нийгэмд өрнөөд эхэлчихсэн. Энэ нийгэм дунд залуу хүмүүс хөдөлмөрлөж байж хожино. Энэ нийгмийн хамгийн зөв гарцыг гаргаж дагуулах хүмүүс нь бид. Хийж бүтээж буй зүйлс, хүсэл мөрөөдөл гээд хамаг юм үнэгүйдээд байгаа нь залуучуудын залхууралтай холбоотой. Хааны заяатай гэж омогшдог хэрнээ гадаадад очоод боолын боол л хийж байна шүү дээ. Эх орондоо ямар гайхамшигтай амьдрал хүлээж байгааг, энд юуг бүтээж, босгож болох вэ гэдгийг хэн ч боддоггүй. Сүүлдээ гурван сар гадагшаа яваад ирвэл машинтай болно гэдэг залуус олширлоо. Зөвхөн машины хойноос хөөцөлдөж байх хооронд энд эх оронгүй болж байна. Машин, байр бидний зорилго биш. Бидний зорилго эх орон, гэр бүл. Эх орон чинь солонгосчуудаар хоолоо хийлгэдэг, хятадуудаар засгаа бариулдаг боллоо. Энэ ярилцлагаас маань олон залуус зөв зүйл ойлгож аваасай гэж хүсч байна.
-Та дараагийн уран бүтээлээ бодож олсон уу. Нууц биш бол уншигчидтай хуваалцахгүй юу?
-Бүгдийг уучилъя гэдэг дуу хиймээр байна. Эх орноо зарсан луйварчидаа уучилъя. Ээж, ааваа мөлжиж идсэн арчаагүй хүүг ч уучилъя. Эхнэр, хүүхдээ хаяад явсан залууг уучилъя. Нөхрөө хуурсан бүсгүйг ч уучилъя. Уучилсан хүн хамгийн цэлмэг хүн байдаг. Уучилж чаддаггүй хүн хамгийн бүрхэг хүн байдаг. Ийм хүн нийгэмд зөв алхам хийдэггүй. Дандаа хараал, ерөөлтэй, муу муухай юм хийдэг. Надад ийм л зүйл ажиглагдаад байгаа юм. Уучлал гэдэг зүйл байхгүй болохоор гэр бүл салаад байна. Нөхрөө нэг удаа уучилж, сайн сайхан амьдрах байсан тэр гэр бүл зөвхөн гөжүүд зангаасаа болж хагацах болжээ.
Э.ЯНЖМАА dnn.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ