ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛДЫН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИЙН 
ЗАХИРЛУУДЫГ БАРИВЧИЛЖЭЭ-

АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр нэр бүхий гишүүд, сайд, дарга нарыг шалгаж эхлээд байгаа билээ. Үүний дагуу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт  ЖДҮХС-гийн зээлтэй холбоотойгоор баривчилгаа явуулсан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тодруулбал, “Хас говь транс” компанийн захирал н.Чагнаасүрэн, “Жаргалант харвeст” компанийн захирал Л.Батсүрэн нарыг саатуулсан гэжээ. 

“Жаргалант харвест” ХХК нь Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг, ЖДҮХС-гаас 1,2 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл байна. Тус компанийн үүсгэн байгуулагч нь Нирун овогт Л.Батсүрэн, үйл ажиллагааны чиглэл нь үр тариа, гурилын үйлдвэрлэл эрхлэлт, хадгалалт, газар тариалан, мал аж ахуй хослон эрхлэх үйл ажиллагаа явуулдаг гэж бүртгэлийн мэдээлэлдээ дурджээ. Л.Батсүрэн нь мөн “Херо контент групп” ХХК  гэдэг компанийн эзэн юм байна.

Өнөөдрийн байдлаар н.Чагнаадоржийн харъяалалд байдаг “Хас говь транс” нь ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй байна. Тус компани (зарим мэдээлэлд “Хас говь” ХХК) 950 сая төгрөгийн зээл авчээ. Энэхүү компанийг үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн Л.Энхболдын ойрын хүн төдийгүй байгуулагдаад хэдхэн сар болоод их хэмжээний зээл авсан гэдэг мэдээлэл цахим орчинд тархаад буй юм.

Мөн эдгээр компаниуд нь “Азийн говь” гэх компанитай хамааралтай байж болзошгүй аж. “Азийн говь” компани нь ЖДҮХС-гаас мөн 650 сая төгрөгийн зээл авчээ. Тус компанийн захирлын албан тушаалд Ч.Оргил гэх хүний нэр бүртгэлтэй байдаг аж.

-“Жаргалант харвест” ХХК: 1,2 тэрбум (захирал Нирун овогт Л.Батсүрэн)

-“Хас говь транс” ХХК:  950 сая (захирал Э.Чагнаадорж)

-“Азийн говь” ХХК: 650 сая (захирал Ч.Оргил) нийлээд 2,8 тэрбум төгрөгийн зээлийн асуудал яригдаж байна.

Л.Энхболд гишүүнтэй хамт ЖДҮХС-гаас зээл авсан хоёр ч гишүүн шалгагдаж буй тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтэлж эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын нэр үүнд холбогдсон юм. Энэхүү дуулианы дараа өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 19-ний өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорыг шалгаж эхлэв.

Энэ талаар албаны эх сурвалж  “Ц.Ням-Осорыг шалгаж байгаа нь үнэн. Ер нь зээл авсан бүх албан тушаалтанд хэрэг бүртгэл нээж, шалгаж байна” гэжээ. Тэрээр өөрийн хамаарал бүхий "Хос Эрхэс" компаниараа дамжуулж, 500 сая төгрөгийн зээл авсан болох нь илчлэгдэж, өчигдөр ийнхүү албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буй юм.

Энэ мэтчлэн ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий албан тушаалтнууд эхнээсээ шалгагдан, баривчлагдаж эхэллээ. Энэ долоо хоногт арав орчим хүнийг баривчлах тухай мэдээлэл байна.

Авлигатай тэмцэх газартай зэрэгцэн Улсын Ерөнхий Прокурорын газраас сүүлийн үед олны анхаарал татсан дуулиант хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Эдгээр ажлын хэсэгт ЦЕГ-аас 22 мөрдөгчийг татаж, ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, ЦЕГ, АТГ-ын удирдлагуудад шуурхай  шалгаж шийдвэрлэн, үр дүнг тооцож ажиллах үүрэг өгчээ.

ЖДҮХС-гаас 2016 оноос хойш хоёр удаа зээл олгосон байна. Нийт 700 гаруй төсөл, өргөдөл ирснээс 220 гаруй компанид ямар ч үнэлгээ, шалгаруулалтгүйгээр зээл олгосон гэх мэдээлэл байгаа юм. ЖДҮХС-гийн зээлийн асуудалд улс төрийн нөлөө бүхий эрхмүүд холбогдсоныг “хэн, хэрхэн дэлгэв” гэдэг асуудал яригдсаар буй юм. Холбогдох албаны эх сурвалжийн хэлснээр  “ЖДҮС-гийн экс дарга О.Мөнхцэцэг зээлийн булхайтай бүх асуудлыг дэлгэсэн” гэдэг мэдээлэл байна.

П.УРНАА medee.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ