Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэбэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог

-ӨСӨЛТИЙН ДААВРЫГ МАШ ХАТУУ ЗААЛТТАЙГААР ХҮҮХДЭД ХЭРЭГЛЭДЭГ-

АШУYИС-ийн дотоод шүүрлийн тэнхмийн зөвлөх профессор, Чихрийн шижингийн тусламж үйлчилгээ сургалтын холбооны тэргүүн доктор, профессор Ж.Сувдтай өсөлтийн дааврын талаар ярилцлаа. Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд өсөлтийг дааврыг залжуулдаг, өсвөр насны хүүхдүүдийг өндөр болгодог хэмээн иргэдэд зарж борлуулдаг болсон. Өсөлтийн дааврыг эмчийн зааваргүйгээр нэмэлтээр хэрэглэх нь хэр зохистой талаар мэргэжлийн хүнээс хариулт авлаа.

-Бидний ярилцах сэдэв өсөлтийн дааврыг нэмэлтээр хэрэглэх болон залуужих зорилгоор хэрэглэх нь зөв үү, буруу юу. Тиймээс ярилцлагынхаа эхэнд өсөлтийн дааврын талаар ярилцах нь зүйтэй болов уу?

-Даавар дотоод шүүрлийн булчирхайнаас маш бага хэмжээтэйгээр ялгардаг. Нийлмэл бүтэцтэй, даавар бүх төрлийн бодисын солилцоонд оролцдог. Төвийн булчирхайн даавар, захын булчирхайн даавар тэнцвэртэй байх ёстой байдаг. Гэвч дааврын бэлдмэлийг илүүдлээр хэрэглээд эхэлбэл дааврынхаа булчирхайг дарангуйлдаг. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааг нь алга болгодог. Сүүлдээ дааврын дутагдлын эсвэл илүүдэл өвчтэй болдог. Ийм болсон хүмүүс бүх насаараа дааврыг оруулан хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрдэг. Иргэдийн дунд өсөлтийн даавар хэрэглэбэл өндөр болдог, залууждаг, булчингийн масс нэмэгдэж өв тэгш болдог гэсэн ойлголтууд байдаг. Гэвч ийм үр дүнд хүрэхээсээ наана өсөлтийн зон нь зогсчихсон 18-аас дээш насны залуучууд өсөлтийн даавар удаан хугацаанд нэмэлтээр хэрэглэбэл дотор бүх эрхтэнгүүд нь томрохоос гадна толгой, эрүүний яс, хэл амандаа багтахгүй болтлоо томрох мөн хөл нь 45-50 размерийн өмсгөлтэй болдог. Өөрөөр хэлбэл дотоод шүүрлийн эдгэршгүй маш аюултай өвчин тусдаг юм. Ийм өвчин ховор байдаг, өсөлтийн дааврыг дарангуйлах эмчилгээ өсөр өндөр өртөгтэй. Тиймээс эмчийн зааваргүйгээр өсөлтийн дааврыг хэрэглэж болохгүй гэдгийг хэлмээр байна.  Дааврын бэлдмэлээр ерөөсөө ч тоглож болохгүй.

-Өсөлтийн дааврыг ямар хүмүүс хэрэглэх заалттай байдаг юм бэ?

Эмч нар дээр залуучууд “Би 160 см өндөртэй одоо 170 см болмоор байна” гэж ирдэг. Бид ийм залуучуудад даавар хэрэглэдэггүй. Ямар үед өсөлтийн даавар хэрэглэдэг вэ гэвэл өсөхгүй байгаа хүүхдэд хэрэглэдэг. Гэхдээ өсөхгүй байгаа хүүхэд бүрт биш шүү. Өсөлтийн даавар зайлшгүй хэрэглэх заалттай, өнчин тархины өсөлтийн гормон дутуу байна гэсэн хүүхдүүдэд өсөлтийн дааврыг өдөр бүр тарьж өгдөг. Бүтэн жил болоход хүүхэд 20 см өслөө гэж бодоход 20-30 мянган ам.долларын өртөгтэй тариа хийгддэг. Энэ тариаг улсаас тусгай заалттай хэдхэн хүүхдэд үнэгүй олгодог. Маш хатуу заалтаар өсөлтийн дааврыг хэрэглэдэг. Өндөр бололхыг хүссэн хүн болгон өсөлтийн дааврыг хэрэглэж болдоггүй юмаа гэдгийг дахин, дахин сануулан хэлмээр байна.

-ӨСӨЛТИЙН ДААВАР ХЭРЭГЛЭЭД ЗАЛУУЖИЖ ГОЁ САЙХАН БОЛОХГҮЙ ЭЭ-

-Би танд “Өсөлтийн дааврын талаар ярилцлага өгөх боломж байна уу” гээд хүсэлт тавихдаа фэйсбүүкээр 100 мянган төгрөгөөр нааж хэрэглэдэг өсөлтийн даавар зардаг нэгэн бүсгүйн постыг явуулсан. Дааврыг наалт хэлбэрээр хэрэглэх боломж байдаг юм уу?

-Маш олон заалттайгаар өсөлтийн дааврыг наалт хэлбэрээр 100 мянган төгрөгөөр зарна гэсэн мэдээллийг уншсан л даа. Миний хувьд сайн мэдэхгүй юм, хуурам ч байж магадгүй. Хэрэв ийм наалт байдаг бол 100 мянган төгрөг буюу маш хямдхан үнэтэй байх боломжгүй гэж бодож байна. Өсөлтийн дааврын нэг жилийн эмчилгээний өртөг 20-30 мянган ам.долларын өртөгтэй байдаг гэж түрүүн хэлсэн. Үнэхээр тэр наалт өсөлтийн даавартай бол ярилцлагын эхэнд хэлсэн дотоодын шүүрлийн эдгэршгүй өвчин, эрхтэн томрох эмгэгд хүрч болзошгүй. Мэргэжлийн байгууллагууд нь тэр наалтыг шинжилж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Гадаад байхдаа залуужих зорилгоор өсөлтийн даавар уугаад хажуу талынхаа булчирхайг гэмтээчихсэн бамбайн дутагдал, бөөрний дээд булчирхайн дутагдалд орчихсон хоёр орлуулах эм уудаг насанд хүрсэн нэг хүн бидэн дээр орж ирсэн.

-Өсөлтийн даавар хэрэглэснээр хүн залуужиж арьс нь толгир болдоггүй юм байна тийм үү?

-Тийм, өсөлтийн даавар хэрэглэсэн тэр хүн залуужсан ч юм байхгүй бамбайн дутагдал, бөөрний дээд булчирхайн дутагдалын эмээ л уухгүй бол хөгширөөд хэвтэрт орчихож байгаа юм. Өсөлтийн гормон залуу хүмүүсийг өсгөдөг. Яг энэ зарчимаар насанд хүрсэн хүмүүст өсөлтийн даавар өгөөд үр дагавар гарах нь уу гээд судалгаа хийж үзэхэд эерэг үр дүн гараагүй. Жишээбэл, өсөлтийн даавар булчинг томсгож хүний биеийн галбирыг төгс болгодог юм уу гээд удаан хугацаагаар уулгаж туршилт хийхэд эхлээд булчин нь томорсон байгаа юм. Сүүлдээ булчин нь багасаад эхэлсэн. Учир нь булчинд ус хуримтлагдсан байсан. Өсөлтийн даавар хэрэглэдэг баян хүмүүс гоё болоод залуужиж байна уу. Анжелина Жоли хөгширөөд л байгаа биз дээ /инээв. сурв/

-Ээжүүд өсвөр насны хүү, охиноо өндөр болгохын тулд бизнесийн зорилгоор зарж буй дааврын бэлмэдлийг авч өгдөг. Өсөлтийн даавар нь ялгарч байгаа хүүхдүүдэд нэмэлтээр даавар өгөх нь хэр зохимжтой вэ?

-Өсвөр насны хүүхдүүдэд өсөлтийн даавар нь ялгарч аажмаар өсч байгаа. Үеийнхээ хүүхдүүдээс намхан байна гэж магадгүй. Гэвч тэр хүүхдийн удам, онцлог нь байж болно. Тэр хүүхэд 16,17 настайдаа суга өсч болно. Ийм тохиолдол байдаг шүү дээ. Тэгэхгүй наана нь 13, 14 настайд нь өсөлтийн даавар өгвөл хүүхэд нь өндөр болохгүй, намхан болгоно. Нэг ёсондоо хэвийн ялгарч байсан өсөлтийн даавар нь дарангуйлагдаж эсрэгээрээ дааврын өөрчлөлттэй хүүхэд болдог.

-Өсвөр насны хүүхдүүдэд өсөлтийн даавар нэмэлтээр өгөхгүй өөрөөс нь ялгарч буй дааврыг дэмжиж өгөхийн тулд эцэг, эхчүүдийн зүгээс юуг хийх ёстой вэ?

Нэгдүгээрт: Хүүхдээ эрт унтуулах хэрэгтэй. Унтаснаас хойш 1-2 цагийн дараа өсөлтийн даавар ихээр ялгардаг.

Хоёрдугаарт: Хүүхдээ их идүүлэхгүй байх хэрэгтэй. Бага зэргийн өлссөн байдал өсөлтийн дааврыг ихсэгдэг.

Гуравдугаарт: Дасгал хөдөлгөөн хийсний дараа өсөлтийн даавар ялгарна.

Эцэг, эхчүүд хүүхдээ таргалт л нь хооллоод, унтуулахгүй компьютер, ухаалаг утас тоглуулаад байж болохгүй. Физиологийн өсөлтийн дааврыг дэмжихийн тулд ийм л зүйлүүдийг хийж өгөх хэрэгтэй. Өсөлтийн даавартай наалт наагаад өндөр болохгүй хүүхдээ хорлоно гэсэн үг.

М.АМАРЖАРГАЛ

medee.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ