У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
-ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛААР ЭРС ШИЙДЭМГИЙ БАЙСАН
Д.ХАЯНХЯРВАА ЭРГЭЛЗЭЖ ЭХЭЛСЭН НЬ ЮУНЫ УЧИР ВЭ?-
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Огцруулах бичигт 20 гаруй гишүүн гарын үсгээ зурсан гэх албан бус мэдээлэл байгаа бөгөөд Д.Хаянхярваа энэ талаар “Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан” гэж мэдэгдсэн.
Тиймээс түүнийг тун удахгүй Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн мэдүүлэх байх нь гэх хүлээлт олон нийтийн дунд үүсээд байгаа юм.
Түүнээс огцруулах бичгийг хэзээ өргөн барих талаар асуухад “Би УИХ-ын дарга, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. ЖДҮХС-аас зээл авсан Засгийн газрын хоёр сайдыг чөлөөл. Мөн ЖДҮХС-аас авсан зээлээ банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулсан байвал шалгаж хууль хяналтын байгууллагад шилжүүл. ЖДҮХС-аас зээл авсан төрийн албан тушаалтнууддаа хариуцлага тооц. Өөрөөр хэлбэл, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд хариуцлага тооц. Мөн намын бага хурлыг 11 сарын 20-ны өдөр зарлаач гэдэг тодорхой шаардлагыг тавьсан. Ерөнхий сайд шаардлагын хариуг өгөх байх. Шаардлагын хариу ирэхийг хүлээж байна. Хэрвээ миний тавьсан шаардлагууд хэрэгжээд явбал яриа хэлцлүүд хийгдээд явах ёстой. Шаардлагын хариуг ирүүлэхгүй бол дараагийн алхмууд хийгээд явах ёстой” гэсэн юм.
Түүний хэлж буйгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар түүний шаардлагын хариуг өөрийнх нь хүссэн агуулгаар өгвөл Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барихгүй аж. Хэдхэн хоногийн өмнө У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулж чадахгүй бол хэний хүү болдоо гэх дүрийг эрс, шийдэмгий үзүүлж явсан тэрбээр гэнэт асуудлыг эргэн харахаар болсон нь учиртай.
Ямартай ч Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барихгүй нь тодорхой болж байна уу гэх таамаг хөвөрч эхэллээ.
УЧИР ЮУ ВЭ ГЭВЭЛ, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар уулзаж өнөөдрийн улс төр дэхь “зодоон”-ыг зогсоох асуудлаар тохирсон гэх мэдээлэл байна. Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд үндсэндээ бууж өгсөн бөгөөд УИХ-ын даргын албан тушаалтайгаа үлдэх саналтай байгаагаа хэлсэн аж. Тэрбээр нийгмийн дунд бухимдал үүсгээд буй ЖДҮХС-аас УИХ, Засгийн газар, төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудлыг намжаахын тулд нэр бүхий хэдэн гишүүндээ хариуцлага тооцьё. Харин би УИХ-ын даргаараа үлдэе гэж хэлсэн талаар эх сурвалжууд хэлж байна. У.Хүрэлсүх ч мөн танхимын сайд нараасаа заримыг нь сугалах асуудлаар тохирсон гэх мэдээлэл байгаа юм.
Тэд эхлүүлсэн зодооноо ийнхүү төгсгөх дээр тохирчээ. Энэ нь ч эхнээсээ нотлогдож эхэллээ.
-УИХ-ын дарга М.Энхболд хоёр хоногийн өмнө Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарт ажлаа өгөхийг шаардлаа.
-УИХ-ын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Нэхүүл” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзан УИХ-ын дарга М.Энхболдын хариуг гардууллаа. /Тус хөдөлгөөн нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хамгаалж үлдэх зорилготой байгуулагдсан гэх мэдээлэл байгаа билээ/
-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн шаардлагыг Байнгын хороо, Дэд хороодод шилжүүлэв.
-ХХААХҮ-н сайд УИХ-ын гишүүн Ч.Улааныг нэр дэвшүүлж байгаа тогтоолын төслийг өргөн барилаа зэрэг албан мэдээлэл нь М.Энхболдыг хэлсэн, тохирсоны дагуу ажиллаж буйг илтгэж буй гэлтэй. /Хэрвээ Засгийн газрыг огцруулах нь тодорхой байсан бол У.Хүрэлсүх Ч.Улааныг сайдаар томилох асуудлыг ийнхүү яаран оруулж ирэхгүй байлаа/
Тэрбээр хамгийн сүүлд Д.Хаянхярваагийн тавьсан шаардлагын дагуу бүхий л арга хэмжээг авч ажиллахаар болсноо олон нийтэд зарлалаа.
ЖДҮХС-аас УИХ, Засгийн газрын гишүүд зээл авсан мэдээллийг М.Энхболдын фракцаас анх зориудаар гаргасан гэдэг. Тэдний зорилго Засгийн газрыг огцруулах байв. Гэтэл тэдний хүч Засгийн газрыг огцруулахад хүрэхгүй гэдэг нь өнгөрсөн даваа гаригийн Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулах асуудлыг хэлэлцсэн бүлгийн хуралдааны шийдвэрээс харагдсан. Тус өдрийн хуралдаан нь Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг хэлэлцсэн нэртэй боловч М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын хэн нь дийлэх вэ гэдгийг л харуулсан үйл явдал болсон. Хэд хоногоос УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын Ерөнхий прокуророос оруулж ирэх мэдээлэл байгаа. Энэ тохиолдолд М.Энхболд хэдэн гишүүнээр туг тахиад “ЖДҮ” гэх сэдвийг намжаахаар Ж.Хүрэлсүхтэй тохирсон тохироо биелэлээ олно гэсэн үг юм. Саянаас сандарч, бүдчин “Би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн” гэх мэдэгдлийг хийж буй нөхөр зүгээр ч нэг энэ үгийг хэлээгүй нь үүнтэй холбогдоно.
Ямартай ч Засгийн газрыг огцруулах асуудлаар М.Энхболдын хүссэн шийдвэр гарахгүй нь тодорхой болж буй учраас тэрбээр энэ удаа бууж өгч буй бололтой.
Хэрвээ Засгийн газрыг огцруулбал гудамжинд гарч УИХ-ыг тараах асуудлаар жагсана гэж ил, далдаар сүрдүүлж байсан У.Хүрэлсүх энэ удаа улс төрийн тоглолтоо сайн хийж ялагч болж мэдэхээр боллоо. Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулахаар эрс шийдсэн бол УИХ-ын дарга М.Энхболд бус ганц У.Хүрэлсүхэд шаардлага тавих нь ч тодорхой байлаа.
Т.ХУЛАН medee.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ