“Хариуцлагагүй, хулгайч, худалч байж болдог юм байна” гэдэг ойлголтыг улс төрчид нийгэмд түгээж байна

-“ХАРИУЦЛАГАГҮЙ, ХУЛГАЙЧ, ХУДАЛЧ БАЙЖ БОЛДОГ ЮМ БАЙНА” гэдэг ойлголтыг энэ сайд, дарга нар өөрийн биеэр нийгэмд түгээж байгаа-

 

БНН-ын дарга Базарсадын Жаргалсайхантай уулзаж ярилцлаа.

-Та сүүлийн үед иргэддээ нэлээд ойртож, тэдэн рүү хандаад байна.  Шуудхан хэлэхэд өнөөдрийн улс төрийн болоод улс орны минь байгаа байдал үнэхээр сонгогч бидний л саналын үр дүн гэдгийг ойлгуулах гээд байна уу?

- Тийм ээ, үнэхээр хэцүү байна. Хулгай, дээрэм, луйвар их байна. Харж, харагдаж байгаа биз дээ. Гэхдээ энэ бүх муу, муухай байгаа байдал бол бидний өөрсдөөс л шалтгаалах асуудал. Яагаад? Одоо 20-30 насны залуус дотор сонгуульд саналаа өгч байгаа хүн байхгүй. Яагаад тэд сонгууль өгөхгүй байна вэ? Тэд нарт улс эх орон хамаагүй юм уу. Үгүй. Тэд өөрийн үүргээ яаж биелүүлэх ёстойгоо ухаараагүй. Үүргээ биелүүлсэн иргэн, хүн сайн сайхан ажиллаж, амьдардаг юм шүү гэдгийг л ойлгоогүй, ойлгуулаагүйгээс  сонгуульд саналаа өгөхийн ач тусыг мэдэхгүй байгаа юм.Тэгэхээр эцэг, эх нь үр хүүхдүүддээ улс төрийн мэдлэг олгох ёстой. “Гурван төгрөг л олж байвал бол оо” гэсэн байр суурийн чинь нөгөө талд гурван миллиард төгрөгөө алдаж байгаагаа ойлгохгүй байна. Өөрсдөө амьдралд, асуудалд ийм хариуцлагагүй хандчихаад улс төрчдийг буруутгадаг. Ийм байж болохгүй. Үүнийг л хэлж ойлгуулах, хүмүүжүүлэх гээд аргаа барж байна л даа.

-Ажил хийхгүй байж мөнгө яриад байдаг гэх шүүмжлэл бас Таных...?

- Монголчууд Солонгос хүмүүсээс 10 дахин бага ажил хийдэг. Тэгсэн атлаа Солонгост ажиллаж байгаа хүмүүстэй адилхан цалинг Монголдоо авах гээд байх юм.

-Нээрэн, танай компани хойд Солонгосоос ажилчин авч ажиллуулж байгаа биз дээ?

 -Хойд Солонгосын ажилчидтай харьцуулах юм бол манайхан ажил хийдэггүйтэй адил. Нээрээ шүү. Солонгос ажилчид цагт таван цамц хийж байхад монгол ажилчин ганц цамц л хийнэ. Одоо манайд таван солонгос ажилчин байна. Тэд нарын хугацаа нь ч одоо бас дуусч байгаа. НҮБ-ээс хориг тавьчихсан шүү дээ, тэднийд. Энэ 12 дугаар сар гэхэд Монголд нэг ч Солонгос ажилчин үлдэхгүй.

Манайхан дунд ажил хийдэг хүн алга. Нэг, нэг машин аваад уначихсан давхиад байх санаатай. Тэгсэн мөртлөө ажил хийдэг хүн байхгүй. “Ажил хий” гээд шаардахаар өөдөөс хүний эрх яриад байдаг. Хүний эрх ажил хийхэд ямар хамаатай юм бэ.

-Манай монголчууд яагаад ийм залхуу байна гэж Та боддог вэ?

Улс төрчид муу үлгэр дууриал үзүүлж байна. “Хариуцлагагүй, хулгайч, худалч байх юм бол болдог юм байна” гэдэг ойлголтыг тэд өөрийн биеэр нийгэмд түгээж байна. Харуулж байна. Тэгээд бас төрийн албан хаагчид, төрийн удирдлагууд нь  ажил хийдэггүй учир тэднийг дууриагаад бусад нь бас хийдэггүй. Харж байгаа биз дээ. Энэ төрийн удирдлагууд чинь найр, наадам хийхдээ гаргууд юм. Тийм болохоор зөв үлгэр дууриал алга байна. Хуучин социализмын үед бид нарын аав, ээжид дарга нар нь манлайлдаг, өөрсдөө үлгэрлэн, уриалж байж улсын ажил явдаг байсан.

-Ажлын таван өдөртэй болсон нь ардчиллын хэм хэмжээ юу эсвэл үнэхээр хийх ажилгүй болоод Монгол улс ажлын таван өдөрт шилжчихэв үү?

-Одоогоос 20 гаруй жилийн өмнө Монгол улс маш ядуу, төсвийн орлого нь 400-500 сая ам.доллар л байсан. Тэр үед төсвийнхөө мөнгийг хэмнэхийн тулд төрийн албан хаагч, ажиллагсдаа бага ажиллуулж, бага мөнгө өгнө гэж бодсон. Тийм учраас ажлын таван өдөрт шилжиж байсан. Тэр үед нь би хэлж л байсан. “Ажлын таван өдөр гэж бүү ярь. Харин ч ажлын долоон өдөртэй болох хэрэгтэй” гэж.

-За тэгвэл энэ ажилгүйдэл, ядуурал гэх байнгын дагуул болсон энэ асуудлуудыг яаж шийдэх  ёстой юм бэ?

 -Нийгмийн, орон сууцны, утааны за тэгээд ажилгүйдлын асуудал энэ бүхнийг шийдэхийн тулд эхлээд ажлын байрууд бий болгох ёстой.

-Улстөрийн намуудын Мөрийн хөтөлбөрт энэ бүхнийг шийднэ. “Ажлын байр нэмэгдүүлнэ” гэх өгүүлбэр байнга л байдаг?

-“Өрөм дотроосоо өтнө” гэж Монгол ардын зүйр үг бий. 1990 оноос хойш л энэ ажилгүйдэл, ядуурлын дампуурал эхэлсэн.

- Яагаад? Харин ардчилсан хувьсгал ялсан гээд нийгмийн хөгжилд ахиц дэвшил гарсан шүү дээ.

 -Бид нар улс эх орноо цаашдаа ямар хөгжлийн замаар авч явахаа мэдэхгүй байсан. Ялангуяа МАН, АН-д ямар ч үзэл бодол байгаагүй. Ямар сайндаа МАХН-ынхан “Нагаржуна” онолоор явна гэх вэ дээ. Ингэж л галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг хачин юм ярьж байлаа. Ичих ч үгүй тэрнийгээ тайлбарлаад байгаа юм. Дараа нь АН... Ардчилал гээд хүний эрх, эрх чөлөөг ярьсан нөхөд гарч ирсэн. Чухам тэрний цаана юу байгаа вэ? Хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахын тулд бид ямар нийгмийг бий болгох юм. Ямар замаар хөгжих вэ гэсэн зорилго чиглэл байхгүй л байсан. Өөрөөр хэлбэл, энэ хоёр намд үзэл баримтлал байгаагүй. Бас улс төрийн хуучин тогтолцоонд байсан намын бүтэц зохион байгуулалтаа тэр чигт нь аваад үлдчихсэн. Зах зээлийн эдийн засгийн ажил хэрэгч хүмүүсээ зохицуулж зохион байгуулах ёстой байдаг, иргэний хяналт байх ёстой байдаг, тэр бүх зах зээл ардчилсан институцуудаас нэгийг нь ч аваагүй. Дарга нар бүх юмыг шийддэг, бүх хууль дүрмийг зөрчиж болдгийг өөрсдийн биеэр ээлжлэн харууллаа.

-Энэ бүхнийг харсаар, мэдсээр байж ийм олон жил хоёрхон нам, ийм л улстөрийн хүчнийг төрдөө залаад яваагийн буруутан нь хэн билээ?

-Эдгээрийн гол завхрал нь манай залуусын улс төрийн мэдлэггүйгээс болж байгаа юм. Тийм учраас энэ хэддээ мэхлүүлэн хэдэн данх, халуун сав, цай, архи, мөнгөөр саналаа тэдэнд өгдөг болчихсон. Иргэдээ ийм харанхуй, улс төрийн боловсролгүй болгочихсон учраас тэд дур зоргоороо авирлах бүрэн боломжтой болсон. Өөрсдөдөө ийм ашигтай нөхцөл байдал үүсгэсэн тэд дэндүү эрдүү бас хэтэрхий тэнэг байгаагаа олж харахгүй өнөөдрийг хүртэл явлаа. Харин ингээд байж байтал Цукерберг гэж нэг хүн гарч ирснээр хүмүүсийн нүд одоо л нээгдэж эхэлж байна.

1990 оноос хойш хүүхэд залууст “Эрдэм боловсролтой бол” гэж сургаснаас “Эх орон, соёл, сахилга бат...” гэж сургаагүй. Эрдэм боловсрол гэхээр шинжлэх ухаан үзэхээ больчихсон нийгэм талдаа хичээлүүд зонхилсон баахан дипломтой ажилгүй хүмүүс үйлдвэрлэсэн. Гэтэл амьдрал дээр диплом нь хэнд ч хэрэггүй. Арга буюу иргэд нь чадах юмаараа л мөнгө олохыг боддог болсон. За тэгээд л, хулгай хийх нь хулгай хийж мөнгөтэй л болж байвал улс төрд хэн гарч ирэх нь хэнд ч хамаагүй гээд хаятал бүхэлдээ эдийн засаг маань унаж байна. Гадаад өр 32 миллиард төгрөг, иргэдийн өр таван миллиард төгрөгт хүрчихлээ. Гэтэл иргэдийн орлого нь огт нэмэгдээгүй. Ажиллагсдын дундаж цалин дөнгөж 200 долларт хүрээд байна.

-БИД НАРЫН ҮҮРЭГ НАСАНД ХҮРСЭН Л БОЛ ЗААВАЛ ОЧИЖ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХ ЁСТОЙ-

-Энэ хоёр намынхны хэн болохыг бас хэн нь юу хийгээд яагаад байгааг бүгд л мэддэг. Гэсэн хэдий ч сонгуулиар яалт ч үгүй гарч ирээд байгаагийн учир нь юу вэ?

-МАН, АН хоёр хүн амын бүртгэлийг санаатайгаар хийхгүй байгаа. Сонгуульд задгайгаар нь оруулаад, бүртгэлгүй иргэдийн тойргийн саналуудыг луйвардаж, булхайцуулахын тулд зориуд иргэдээ бүртгэж, журамлахгүй байгаа юм. Энэ нь тэдэнд сонгогчдын санал луйвардахад нь хэрэгтэй, тустай боловч иргэдэд ямар их хортой байгаа нь тэдэнд хамаагүй л байгаа хэрэг. Тогтсон хаяггүй болохоор ажлаас ажлын хооронд нүүдлийн шувуу шиг хэсүүчлээд байхаар тогтсон мэргэжлийн ажилчин байхгүй болчихож байгаа юм. Тогтсон ажилгүй хэсүүчилж яваа хүн ямар цалин хангамж авах нь тодорхой.  Тэгээд хаяг бүртгэлгүй хэн хаанаас нийгмийн халамж авах вэ дээ.

-Хаяггүй гэснээс хотын ачаалал хэт төвлөрөл нь ажилгүйдэл, ядуурлын гол эх үүсвэр болж байна. Хөдөөнөөс хот руу чиглэсэн энэ их шилжилт хөдөлгөөнийг  зохицуулах  тал дээр Та ямар бодолтой байдаг вэ?

-Хэдэн малаа зараад, хотод орж ирээд малынхаа мөнгөөр машин аваад унацгаачихсан хүн олон байна. Залуучууд нь эцэг, эхийнхээ хэдэн малыг авч зарчихаад нэг, нэг Приус аваад уначихаж байна. Ингээд хотод ч, хөдөө ч ажил хийх хүн байхгүй. Яагаад энэ хоты зам битүү түгжрэл байгаа нь нийтээрээ ажил хийдэггүйтэй холбоотой. Ажилгүй байгаагийн л дүр зураг. Өдөржингөө энэ зам дээр машин унаад явж халтуур хийж мөнгө олно гэсэн бодолтой... Үүнээс харахад бид нар татварын тогтолцоогоо буруу хийчихсэн. Малчин, тариачин, сэхээтэн, ажилчин бүгд татвар төлдөг хууль эрх зүйн алга. Уг нь Монгол улсын иргэн хэн боловч нэг хуулинд захирагдаж амьдрах ёстой биз дээ. Гэтэл манай малчид татвар түрээс юу ч төлдөггүй. Нэг ёсондоо нийгмийн хариуцлага хүлээдэггүй. Зөвхөн халамж хүртдэг. Үүнээс болоод орон нутаг хөгждөггүйгээс гадна бүгд Улаанбаатар хот руу шигдэж байна. Яагаад гэвэл орон нутагт татварын тогтолцоо байхгүй юм чинь яаж мөнгө төвлөрөх юм бэ. Орон нутагт мөнгө байхгүй болохоор тэнд яаж  хөгжил бий болох юм бэ. Одоо хөдөө орон нутагт 100 гаруй хүн байлаа гэхэд 20-30 нь л үлдэж бусад нь бүгд хотод ирчихсэн. Ялангуяа залуу үе. Аймгийн төвүүдий хар л даа. Том хар цоож зүүсэн хэдэн шавар байшингаас өөр юу байна вэ.

-Юун татвар төлөх... Хөдөө орон нутаг хөгжихгүй байгаа учраас мал маллах хүн ч ховордоод байгаа юм биш үү?

Мал аж ахуйгаа Хүннүгийн үеийн аргаар маллаж байна. Мал эмнэлэг байхгүй, зоо техникийн мэргэжилтэн байхгүй. Малаа вакцинжуулдаг, эрүүлжүүлдэг, малаа оторлуулдаг гэх бүх уламжлалт ажил байхгүй болж байна. “Амьд үлдсэн нь манайх, үхсэн нь танайх” гэдэг зэрлэг аргаар явж байна. Ямаагаа самнах гэхээр самнах хүн алга. Тариа ногоогоо хураах гэхээр хураах хүн алга. Хэн энэ  ажлуудыг хийх юм. Үнэхээр бодит байдал ийм байгаа.

-Үүний буруутан нь хэн гэж? Хот бараадаж яваа иргэн л лав биш биз дээ?

 -Гэхдээ үүнд манай ард түмэн буруугүй, энэ төрийг, засгийг толгойлж явсан, яваа дарга нар буруутай. “Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олдоггүй” гэж үг бий. Манай улс төрчид маш буруу үлгэр дууриал үзүүлж байгаа. “Та нар зүгээр сууж бай. Бид нар амьдрах орон сууц, тэтгэвэр тэтгэмжийг чинь үнэгүй өгнө” гээд ойлгуулчихсан. Бас хүний эрх ардчиллыг буруу ойлгуулсан.

- АН СӨРӨГ ХҮЧИН БАЙЖ ЧАДАХГҮЙ,  ЭРХ БАРИГЧ МАН-ЫГ ӨМӨӨРӨХ ЯНЗТАЙ. АРГАГҮЙ, БҮГД ТҮРИЙВЧ НЭГТЭЙ БОЛЧИХСОН УЧРААС-

-За, нэгэнт энэ том алдааг үүрсний хор хохирлыг улсын удирдсан дарга нар биш улс, иргэд маань үүрсээр өнөөг хүрлээ. Одоо үнэхээр туйлдаж байна. Тиймээс яг юунаас эхэлж энэ алдааг засч залруулах ёстой вэ?

 -Одоо үнэхээр иргэний үүргийн талаар ярих цаг болсон. “Бид нарын үүрэг насанд хүрсэн л бол заавал очиж сонгуульд саналаа өгөх ёстой. Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хуулийг сахин дагаж мөрддөг байх ёстой”. Гэвч үүний тухай хэн ч, юу ч ярихгүй байна. Яаж тэтгэвэр, тэтгэмж авах вэ, яаж бензиний үнийг хямдхан болж өгвөл үнэгүй болгох вэ? Дандаа ийм юм ярьж байна. Энэ бол буруу ойлголт. Дэлхийн зах зээлд бензин ямар үнэтэй байна, түүний дагуу л явна. Гэхдээ түүний үнийг буулгах арга байгаа. Улс татвар төлөгчдийн мөнгөөр бензиний үнийг буулгах боломжтой. Гэвч “Хойд хормойноосоо авч, урд хормойгоо нөхөх” шаардлага байна уу? Ойлголт нэгэнт буруу учраас бензиний үнийг маш хүндээр хүлээж авдаг. Гадаадад бол иймэрхүү юмыг эмзгээр хүлээж авдаггүй юм байна лээ. Гадаадад ганцхан юмыг маш хүндээр хүлээж авдаг. Тэр нь юу вэ гэхээр ажилгүйдэл. Ажилгүй л болгочихвол бүгд гараад жагсчихдаг. Харин манайд “Ажил өг” гэж дуугарч байгаа хүн байхгүй байна. Ажил хийхийг үзэл суртал, мода гээд ойлгочихсон. Нэг өрөөнд дарга мэт царайлаад компьютерийн өмнө сууж байвал их нэр хүндтэй чухал ажил гээд ойлгочихсон. Гэтэл хөдөлмөр эрхлээд бараа үйлдвэрлэдэг, үйлдвэрлэлд ажиллахад тэр нь гутамшиг юм байх. Монгол залуусын дунд хуурамч диплом, хулхины боловсролтой мөртлөө “Дарга хийнэ” гэдэг нь трэнд болчихсон. Өнөөдөр хөгжилтэй орнуудын үйлдвэрийн ажилчид нь дарга нараасаа илүү амьдардаг. Бид энэ хандлагыг яаралтай өөрчлөх ёстой.  Үүнийг бид биш энэ дарга нар хийх ёстой.  Тэгэхээр иргэн бүр үүргээ биелүүлэхээс эхэлж энэ алдааг засна. Хамгийн түрүүнд сонгуульдаа оролцдог, саналаа өгдөг. Сонголтоо зөв хийдэг байх ёстой. Иргэн үүргээ яаж биелүүлэхээс энэ улсын, тэр иргэний амьдрал ямар байх нь харагдана.

-Бараа материалын үнэ өсөөд байна. Зах зээлийн чөлөөт нийгэмд амьдарч байгаа учраас тэр болгоныг төр, засаг зохицуулах боломжгүй гэдэг л дээ. Үүнийг хэн хэрхэн зохицуулж чадах вэ?

-Юмны үнэ галзуурч байна. Өнөөдөр хийжүүлсэн ундаа гадаадад 20 центийн үнэтэй. Гэтэл манайд нэг ундаа хоёр долларын үнэтэй. 10 дахин их байгаа биз. Манайхан мах, гурил хоёрынхоо хэлбэр дүрсийг өөрчлөөд янз янзын нэр өгчихсөн цөөхөн нэр төрлийн хоолтой. Тэгсэн мөртлөө нэг таваг хоол захын зоогийн газарт 23000 төгрөгийн үнэтэй байгаа. Энэ нь 10 доллар гэсэн үг. Гэтэл гадаадад 10 доллароор хоёр хүн амаараа гартал хооллож байна. Манай хоолны газрын өртөг 3-5 дахин өндөр. Ямар ч сонголтгүй. Энэ юуг харуулаад байна вэ гэхээр хэрэглээний соёлыг өөрчлөх хэрэгтэй. Галзуурсан үнийн бодлогыг шийдэх хэрэгтэй байна. Юмны үнийг төр, засаг нэмээд байгаа юм биш шүү дээ. Манай  иргэд бараа, бүтээгдэхүүнээ өндөр үнэтэй худалдвал сайхан амьдарна гэдэг ойлголттой болчихсон. Бараа, бүтээгдэхүүн нь зарагдахгүй ч байсан үнийг нь нэмээд байдаг. Хар л даа. Өнөөдөр орон сууц бол дэндүү үнэтэй байна. Манайх 200 долларын цалинтай хүмүүс яаж метр квадрат нь 1000 долларын орон сууц хцдалдаж авах юм бэ. Хэзээ нь амьдарч, хоол идэх, эхнэр, хүүхдээ хувцаслах юм бэ. Энэ үнийн хөөрөгдлийг шийдэж болох уу гэвэл болно. Маш амархан шийдэх боломжтой. Манай Монголын барааны үнэ Орос, Хятадынхаас 2-3 дахин бага байх хэрэгтэй. Тэгэх юм бол дэлхий ертөнц манайх руу шуурна. Хятадууд хямдхан бараа гаргаад дэлхийн мөнгийг тоос сорогчоор сорж байгаа юм шиг сорсон. Одоо харин ажлын хөлсөө нэмчихсэн чинь Хятадын бараа зарагдахаа больчихсон. Тэднийх эдийн засгийн хямрал руу явж байна. Манайх гадаад, дотоод гэсэн хоёр тооцоотой байх хэрэгтэй. Тэгж байж бид гадны хүмүүсийн мөнгийг татаж авч чадна. Монголд мах хямдхан байвал Оросууд өдөр шөнөгүй Орос руугаа зөөнө.

-Иргэд сонгогчдын сонголтыг зөв болгохын тулд юу хийх ёстой вэ?

-Эхлээд юу ч гэсэн хүмүүсийг улс төрийн идэвх, мэдлэгтэй болгож байж сонгууль өгүүлэхгүй бол ийм үхмэл, хариуцлагагүй, эх оронч биш байдлаар сонгуульд оролцох юм бол дахиад энэ хэдийгээ л сонгоно.

Манай сэхээтний давхарга ялзарчихсан. Аль ялсан намд нь очиж албан тушаал авна гэж бодоод энэ хоёр намынхныг дагаж гүйдэг. МАН 2020 онд ялагдана тийм учраас АН гарах байх гээд  хэдэн төгрөг бариад гүйж байна. Энэ бүгдээс салж чадахгүй, хохироод л яваа асуудал нь энд байгаа юм.

-Монголд албан ёсны бүртгэлтэй улс төрийн нам цөөн биш л дээ. Гэвч сонгуулийн үеэр л нэр нь сонсогдохоос өөр юу ч хийдэггүй.  Үүнд БНН ч хамааралтай гэвэл Та санал нийлнэ биз?

-Улс төрийн намууд гээд байгаа намууд нь олигтой төлөвшиж чадаагүй. Дээр нь тэдэнд лидер алга. Тиймээс зорилго, зорилт нь бүдэг. Төр барьж байгаа намуудаас нээх ялгарах юм байхгүй. Сонгууль болохоор л хэдэн үг хэлдэг, үнэхээр юм хийдэггүй. Парламентын гаднах намуудаас үг хэлж дуугарч байгаа нь, шүүмжилж, үйл ажиллагаанд нь шүүмжлэл өгч байгаа ганцхан нам байгаа нь манай нам л байна.  АН сөрөг хүчин байж  чадахгүй байна. Бараг  эрх баригч МАН-ыг өмөөрөх янзтай байх юм. Аргагүй, бүгд түрийвч нэгтэй болчихсон учраас.

-Парламентын гаднах нам харин ч хүчтэй дуугарч, хяналт сайтай байх ёстой биш үү.

 -Бид сонгуулийн маргаашнаас нь л “Эрдэнэтийн 49 хувийг улсад нь буцааж өг” гэж ярьсан. Одоо АН энэ талаар ярихгүй байгаа нь өөрсдөө хулгай хийчихсэн учраас таг байгаа юм. Өнөөдөр ЖДҮ-ийн зээлийн тухай ярьж байна. Энэ бол жижигхэн асуудал. Цаана нь 20 гаруй сан байгаа. Тэндээс хэдэн зуун триллион төгрөгийг үрээд, тараагаад хаячихсан байгаа. Түүнийг гаргаж ярих ёстой. Энэ ЖДҮХС-гаас 100 дахин их мөнгөний хэрэг яригдана. Яагаад Эрдэнэтийн 49 хувийг ярихгүй байгаа юм. Яагаад гурван их наяд төгрөгийг хэвлэж гүйлгээнд гаргасан тухайгаа ярихгүй байгаа юм бэ. “Чингис” бондын мөнгийг хэн яаж албан тушаалаа ашиглаж авсан юм бэ. Тэр тухай яагаад ярихгүй байгаа юм энэ асуудлууд ЖДҮ-ийн асуудлыг бодвол 60 их наяд төгрөгийн тухай ярина шүү. Түүнийг одоо ярих ёстой.

- Өнөөдрийн цаг үе, улс төрийн байдлыг улстөрч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Сүүлийн 4-5 жилийн хугацаанд АН гарч ирээд, улс орон нэлээд завхарсан. Үүнд У.Хүрэлсүхийг оролцоогүй байх гэж бодоод байгаа юм. Тэр үед нь У.Хүрэлсүх байгаагүй учраас.  У.Хүрэлсүхийн хийх ёстой нэг номерын ажил нь энэ бусармаг үйлдлүүдийн эсрэг байх ёстой. Тэгэх юм бол ард түмэн У.Хүрэлсүхийг дэмжинэ. Ард түмэн өнөөдөр хоол нэхээгүй, хамгийн их үгүйлж байгаа зүйл бол шударга ёс. Мөн Ерөнхийлөгчөөс тийм л юм нэхсэн. Оффшорыг ил тод болгоод өгөөч. Ийм л юм хүссэн. Тэгтэл Х.Баттулга өнөөдөр энэ тал дээр хийж байгаа юм алга. Шударга ёсыг энэ нийгэмд тогтоож өгөхгүй бол цаашдаа энэ улс орон хөгжих боломжгүй боллоо.

Мөнгөний хуваарилалт дэндүү шударга биш явж байна. Хүн амын олонхи нь хотод төвлөрчихсөн байна. Бүтээн байгуулалт нэрийн доор УИХ-ын гишүүдийн тойрогт төр төсвийн мөнгийг хуваарилдгаа болих хэрэгтэй. Үйлдвэр байгуулах, газар тариалан, хүнсний асуудлыг биеэ дааж шийдэх, импортоор оруулж ирдэггүй бүтээгдэхүүнийг өөрсдөө шийдэх вэ гэх мэт асуудалд, хөгжилд энэ мөнгийг зориулах хэрэгтэй. Тэгэхгүй бол дахиад л тойрог дээр мөнгө хаяж, тендер зарлаж нөгөө хэдэн УИХ-ын гишүүд нь авч идэх гээд улайрч байна. УИХ-ын гишүүд ч бай Засгийн газрын гишүүд ч бай энэ асуудлаа ил тод болгохгүй бол ард түмэн нэг их удахгүй тэсрэх байх шүү. Нэг тэсрэх юм бол зогсоож чадахгүй ч байж  магадгүй.

-Монгол улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай саналаа хүргүүлсэн. Энэ талаар Та ямар бодолтой байна?

-УИХ-ын дарга болоод Ерөнхий сайд үүний хариуд ямар байр суурь илэрхийлж байгаа юм бэ. Ерөнхий сайд бол МАН-ын дарга хүн. Төр барьж байгаа намын дарга хүн бол Ерөнхийлөгчийн ийм ноцтой шийдвэрт албан ёсоор хариу өгөх ёстой. Яагаад тарах ёстой, яагаад тарахгүй байх ёстой юм бэ. Үүн дээр тодорхой хариулт өгөх хэрэгтэй.

-Энэ бүхний араас Ерөнхийлөгчийн Засаглалтай болох тухай яриа гарч  ирээд байна?

-Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй байж болно. Бид Орос, Хятадыг дууриагаад яах вэ дээ. Хүн амын бүтцийн хувьд ямар байгаа билээ. ОХУ сүүлийн 27 жилийн хугацаанд тийм их хөгжсөн юм уу. Москва хотод хэдэн байшин барьсан, үнэтэй барууны бараа аваачиж тавьсан. Иргэдийн нь орлого огт ахиагүй байгаа. Хар тамхи, архидан согтууралтанд автчихсан. Хүний эрх дээд зэргээр зөрчигдөж байна. Гэтэл түүнийг бид хуулж яах гэж байгаа юм бэ. Түүний оронд илүү сайн Парламентын засаглалтай байсан нь дээр биш үү. Өнөөдөр хэн нэгний амбицаас илүү Монгол улсын ирээдүй, тусгаар тогтнол чухал байна. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулгад “Бүтэхгүй юм битгий мөрөөд.  Иргэд энэ саналыг дэмжих ч үгүй. Тийм тэнэгтээ тулсан улс биш шүү, бас. Харин энэ парламентаа чанаржуулах тухай яривал өөр асуудал. Түүний оронд төрийн албаа чанаржуул. Сонгуулиа ил тод, шударга хийдэг бол. Иргэддээ улс төрийн боловсрол эзэмшүүл. Эх оронч болгож төлөвшүүл. Түүний дараа сонгуулиа хий.

-УИХ-ын гишүүн болно. Сайд хийнэ гэдэг чинь аль нэгэн сангаас мөнгө авах гэсэн тэмүүлэл болчихсон юм биш үү?

  ЖДҮ гээд нэг их сүржигнээд байна. Түүнийг авсан нөхдүүдээр төлүүл. Түүнээс илүү долоон их наяд төгрөгийн талаар яагаад ярихгүй байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл бусад сангуудаас авсан, идсэнийг л гарга. АН-ын үед гурван их наяд төгрөгийг хэн авсан юм бэ. Одоо тэр мөнгө хаана байна, юунд зарсан гээд бүгдийг ил гаргах хэрэгтэй. “Чингис” “Самурай” бондын мөнгө хаашаа алга болсон? Энэ бол 60 тэрбумаас хэд дахин их мөнгөний асуудал. Тэгэхээр 60 тэрбумын асуудлаар үүнийг хаацайлж, барьцаалж болохгүй.

Одоо энэ нөхдүүд идэж, ууж ханалаа шүү дээ. Үлдсэнийг нь энэ ард түмэнд өг. Бага дээр нь шуналаа дарах хэрэгтэй. Мөнхийн ус уучихсан биш АН-ыг тойрсон хэдэн дарга нар зөндөө хулгай хийсэн. Бид бүгд мэдэж байгаа. МАН ч адилхан.

Эрдэнэтийн асуудал хүндхэн байгаа. Эрх баригч нам улсын төсвөөс өрийг яаралтай барагдуулъя гэж байгаа. Харин сөрөг хүчний намын дарга С.Эрдэнэ "Буруутай хүнээр төлүүл. Энэ өрийг улс төлөх ёсгүй" гэж илэрхийлсэн. Энэ талаар Таны бодол?

Монголын төр энэ өрийг яаралтай төлөх хэрэгтэй. Дараагийн асуудал нь Эрдэнэтийн 49 хувийг шийдэх . Ёс зүйгүй хандаж байгаа шүүгчдэд хариуцлага тооц, хөрөнгийн баталгаагүй зээл өгсөн банкуудтай хариуцлага тооц тэгээд Эрдэнэтийн 49 хувийг буцааж авах нь зүйтэй

                                                                                                                                                                                                                                  Ярилцсан Д.Оюунболд ulsturch.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ