С.Оюунцэцэг: Охиныг минь хөдөө аваачаад булчихъя гэж хүртэл ярьсан байсан
аянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 2017 оны наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө 13 настай М охин амиа алдсан юм. Энэ хэрэгт Д.Жавхлан, Э.Амарболд нарыг Эрүүгийн хуулийн 10.2.4, 10.2.7, 10.2.11 дүгээр зүйл, хүний амыг онц ноцтойгоор хөнөөсөн, бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт гэм буруутайд тооцон, яллах дүгнэлт үйлдээд байгаа. Хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд арваннэгдүгээр сарын 21-ний өдөр хэлэлцэнэ. Талийгаач охины эмээ С.Оюунцэцэгтэй ярилцлаа.
-Хэрэг шийдэгдэхгүй жил гаруй хугацаа өнгөрлөө. Мөрдөн байцаалтад буцаагаад байсан шалтгаан нь юутай холбоотой юм бэ?
-Шүүх эмнэлгийн акт эхнээсээ буруу гарсан учраас л хэрэг удааширсан. Харин шүүхийн шатанд ирж байж дахин шинжилгээ хийлгэх, хэргийн газар авагдсан баримт зэргийг үндэслэж үхлийн шалтгааныг нарийн гаргаж ирсэн. Хэрэг хоёр ч удаа мөрдөн байцаалтад буцлаа. Эхний удаа Хор судлалын лабораторийн эмч нарын баг гаргаж, шинжээч ажиллуулж, үхлийн шалтгаанд архины нөлөөлөл байсан эсэхийг тогтоох үндэслэлээр буцаасан. Архи 13 настай хүүхдэд хэр их нөлөөлсөн бэ гэдгийг тогтоосон. Амь насанд нь архи нөлөөлөв үү гэдгийг анагаах ухааны талаас нь тодорхой дүгнэлт гаргуулахаар буцаасан.
Хүүхэд гэлтгүй том хүн архи их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд үхэлд хүргэдэг юм байна. Хор судлалын лабораторийн захирал С.Юндэн эмч нарын багийг ахалж ажилласан. Талийгаачаас 5.7 промелийн хэмжээтэй архи илэрсэн. Энэ бол маш их хэмжээний үзүүлэлт. Шууд үхэлд хүргэх боломжтой гэж эмч нар үзэж байгаа. С.Юндэн эмч шүүх эмнэлгийн дүгнэлтэн дээрээ жишээ дурьдсан байна лээ. Хүүхэд гэлтгүй том хүн гэхэд л 2.5 промель гарахад л үзэгдэх орчинтойгоо харьцаж явах чадамжгүй болдог гэсэн байна лээ. Гэтэл 13 настай хүүхдээс 5.7 промелийн хэмжээтэй архи илэрч байгаа нь байж боломгүй юм. Шууд үхэлд хүргэх үзүүлэлт юм билээ.
Хоёр дахь удаагаа буцсан нь хэргийн зүйл ангийг өөрчлөх ёстой гэж шүүх үзсэнтэй холбоотой. Анх гэмт этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэхдээ зөвхөн хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, шалгаж байсан. Хүний амь хөнөөсөн гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээгүй байсан юм. Тиймээс энэ хэрэг бол хүний амь санаатай хөнөөсөн хэрэг гэж үзэх ёстой гэдэг үндэслэлээр хоёр дахь удаагаа буцаасан.
-Архи их хэмжээгээр уулгасантай холбоотойгоор амиа алджээ гэж үзэж байгаа гэсэн үг үү?
-Хоёр шүүгдэгч их хэмжээний архи хүчээр уулгаснаас амиа алдахад хүрсэн. Архи хүчээр уулгаж, дараа нь хүчирхийлсэн. Мөн амиа алдахад нь өөр гадны нөлөө ч байгаа. Талийгаач маш их цус алдсан байсан. Бид охиныгоо амиа алдсанаас гурав хоногийн дараа Шүүх эмнэлгийн жижүүрийн эмчийг гуйж байж цогцсыг нь үзсэн. “Охиныгоо мөн, бишийг мэдмээр байна” гэж гуйж байж цогцсыг ээж, аав нь болон бид гурав орж харсан. Цогцсыг хөлдөөгчид хийсэн байсан. Тэгэхэд талийгаачийн хамрынх нь зүүн яс цөмөрсөн байна лээ. Хамар цөмөрсөн байдлыг ажихад архиа цутгаж, амыг нь дараад, хамрынх нь ясыг цөмлөсөн байх магадлалтай. Тэр үед нүүрийг нь кремдэж янзалсан байсан. Мөн хүчирхийлснээс болоод зүрх нь хаагдсан байхыг ч үгүйсгэхгүй. Жаахан хүүхэд шүү дээ.
-Нүүрийг нь будсан байсан гэж үү... Ямар учраас?
-Талийгаачийн нүүрийг битүү кремдсэн байсан.
-Хэн нүүрийг нь кремдсэн байх уу?
-Шүүх эмнэлгийнхэн л кремдэнэ шүү дээ. Ямар учраас нүүрэнд нь крем түрхсэнийг мэдэхгүй. Ар гэрийнхэн нь зохих хэмжээнд нөлөөлж, талийгаачийн нүүрэндэх хөхрөлт ч юм уу, ямар нэгэн зүйл нуун далдлах зорилготой байхыг үгүйсгэхгүй гэж үзэж байгаа. Нэлээн зузаан кремдсэн байсан.
-Энэ асуудалд шүүх эмнэлэг, мөрдөн байцаагч нь ямар тайлбар өгч байх юм?
-Мөрдөн байцаалт өгөхдөө хамрын гэмтэл авсан байсан, аав, ээж нь хүүхдээ таниагүй гэдэг ч юм уу маш тодорхой мэдүүлэг өгч байсан. Гэтэл тодорхой арга хэмжээ авдаггүй. Харин шүүхийн шатанд ирж байж л шүүх бүрэлдэхүүн хүн амины хэрэг юм байна гэж нотолж байгаа. Шүүхийн байгууллага гэж байхгүй байсан бол энэ хэрэг шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэслээд хэрэгсэхгүй болоод дуусах байсан. Ийм л ажиллагаа хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр ямартай ч шүүхийн байгууллага өргөсөн тангарагтаа үнэнч байгаад, үнэн зөвөөр шийдэх байх гэж найдаж байна. Жил гурван сар болж байна. Бидний ганц итгэж байгаа итгэл шүүх л байна.
-Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг саяхан болсон. Ээж нь хүүхдээ дагуулаад архи уугаад явдаг байсан гэсэн зүйлс яригдсан бололтой. Яагаад ийм мэдээлэл гарах болов?
-Талийгаачийн ээж нь мөрдөн байцаагчид мэдүүлэг өгөхөөр очсон юм. Манай хүү бид хоёр ч хамт очсон. Гэтэл бид хоёр гадаа үүдэнд нь хүлээж байтал бэр маань дуу нь өндөрсөөд ирсэн. Гараад ирэхээр нь юу болов гээд асуусан чинь “Мөрдөн байцаагч “Та хүүхдээ амралтад дагуулж явахдаа шар айраг өгсөн гэсэн мэдүүлэг яриа байгаа” гэж хэллээ. Тэгээд үнэхээр их уур хүрлээ. Эх хүн тийм жаахан хүүхдээ дагуулж яваад пиво уулгаад байна гэж байх уу. Та юу ярих гээд байна гэж хэллээ. Үнэхээр их гомдож байна” гэж хэлсэн.
Яагаад ийм яриа гарсан бэ гэхээр шүүгдэгч Э.Амарболдын дүү Э.Амарзаяа гэдэг охинтой миний охин найзалдаг байсан. Талийгаачийн ээж нь зун ажлынхантайгаа амралтад явахдаа хоёр хүүхдийг аваад явсан юм билээ. Талийгаач тэр найз охиндоо “Би ээжтэй амралтад яваад” гэж ярьсан юм шиг байгаа юм. Түүнийг нь Амарболдынхоо хэргийг хөнгөлөх гэж ээж нь цагдаад мэдүүлэг өгөхдөө “Амралтад ээжтэйгээ явсан гэсэн. Энэ хүүхэд угаасаа архи, пиво уудаг” гэсэн санаатай ойлголт төрүүлэх гэж ярьсан юм болов уу гэж би ойлгоод байгаа. Охин маань ээжтэйгээ хамт амралтад явсныг нь тэгж мушгиж, Э.Амарболдын хэргийг хөнгөрүүлэх үүднээс ингэж мөрдөн байцаагчид мэдүүлэг өгч, архи дарс уудаг мэтээр, бүр буудлаар хэсдэг юм шиг ярьж, хүрээг нь тэлээд байгаа юм.Шүүгдэгчийн талаас тийм явуургүй зүйл хэлсэн. Тийм юм гэж хэзээ ч байхгүй. Миний охин жаахан хүүхэд шүү дээ.
-Талийгаачийг урлаг, соёлыг авьяастай, хичээл сурлагадаа сайн хүүхэд байсан гэж багш нар нь ярьж байсан. Та эмээгийнх нь хувьд түүнийг илүү сайн мэдэх байх л даа?
-Хичээл орж байсан багш нар, дуу хөгжмийн багш нь манай охиныг ямар хүүхэд байсныг мэднэ дээ. Миний охины хувьд даруу төлөв, шударга, юманд их хичээл чармайлттай хүүхэд байсан. Дунд ангид орсныхоо дараа хичээлээ тараад англи хэлний дугуйланд явна. Англи хэлэндээ их дуртай. Чөлөөт цаг бага гарна. Хичээл сургуулиа л хийгээд явдаг хүүхэд байсан. Урлаг, соёлын уралдаанд удаа дараа орж, тэргүүн байр, шагналт байруудад орж байсан.
-Шүүгдэгч Д.Жавхлан талийгаачийг хүчиндсэн гэдэг нь шинжилгээгээр тогтоогдоогүй гэж хэлсэн гэж байсан?
-Шүүх эмнэлгийн шинжилгээгээр Д.Жавхлангийн үрийн шингэн илрээгүй. Харин Э.Амарболд талийгаачийг хүчирхийлсэн болох нь тогтоогдсон. Яагаад Д.Жавхлангийнх илрээгүй вэ гэхээр гэмт хэргээ нуун далдлах үүднээс арчиж цэвэрлэсэн байдаг. Хэрэг явдал болсны дараа Д.Жавхлан буудлын үйлчлэгчээс хоёр удаа маш их хэмжээгээр хоёр гартаа сальфетка дүүргэж аваад өрөө рүүгээ орсон бичлэг байдаг. Тэгэхээр Д.Жавхлан гэмт хэргээ нуун далдлах зорилгоор үйлдсэн эд мөрөө дээд зэргээр цэвэрлэсэн гэж хардаж байгаа.
Хоёрдугаарт, охин яагаад их хэмжээний цус алдав гэдгийг бодох ёстой. Д.Жавхланг эхлээд охиныг маань хүчирхийлж, аймшигтай үйлдэл хийж байхад Э.Амарболд унтаж байсан гэдэг. Д.Жавхлан бүр охиныг онц хэрцгийгээр хүчирхийлж, гэмт хэрэг үйлдсэн. Үүнээс үүдэж маш их цус гарсан. Язралт, урагдалт, шарх үүссэн. Амиа алдсаных нь дараа ч Д.Жавхлан хүчирхийлсэн байдаг.
Д.Жавхлан ёс бус үйлдэл хийснийхээ дараа Э.Амарболдыг сэрээж, “Чи одоо үйлдэл хий” гэсэн байгаа юм. Тэгээд Э.Амарболд нь охин дээр очиход амиа алдсан байсан юм билээ. Тэгээд тэр хоёр ариун цэврийн өрөө рүү орж, хоорондоо ярьсан гэсэн. Д.Жавхлан нь “Э.Амарболдоо чамд машин барьдаг найз байна уу. Одоо энэ хэргээс мултрахын тулд охиныг хөдөө аваачаад булчихъя. Ахиухан бензин хийлгээд, яваад өгчих найз байна уу” гэсэн байгаа юм. Тэгэхээр нь Э.Амарболд “Тэгж одоо болохгүй. Бөөн асуудал болно” гэсэн юм билээ. Түүнээс хойш тэр хоёр юу ярьж, ямар зүйл болсныг нь мэдэхгүй шүү дээ. Э.Амарболдын өгсөн мэдүүлгээс үзэхэд ийм зүйл болсон юм билээ.
-Шүүгдэгч Э.Амарболдын дүү охиныг шүүх хуралд гэрчээр оруулах хүсэлт тавьсан гэж байсан?
-Гэрчээр оруулахыг бид эрс эсэргүүцсэн. Шүүх зөвшөөрөөгүй. Зэрлэг араатнуудын ар гэрийг гэрчээр оруулж байдаг тийш шүүх байхгүй шүү дээ. Ямар хэргийн газар дээр байсан биш. Байлцуулаад байх шаардлагагүй байх.
-Буудлын эздийг хэрэгт холбогдуулан шалгасан уу?
-Зочид буудлын эздийг иргэний хариуцагчаар татах хүсэлтийг бидний зүгээс гаргасан. Шүүх бол иргэний хариуцагчаар татах нь зөв гэж үзсэн. Анхны шүүх хуралд оролцох мэдэгдэл өгсөн боловч ирээгүй. Одоо болох шүүх хуралд иргэний хариуцагчаар оролцуулах ёстой.
Т.Амараа
ZINDAA.MN
СЭТГЭГДЭЛ БИЧИХ