УИХ-ыг тарахыг шаардан жагслаа
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг зүй бусаар зарцуулсныг эсэргүүцэн, УИХ-ыг тарахыг шаардан иргэд өнөөдөр /2018.11.11/ Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулж байна.
Жагсаалын үеэр хуульч, философич, АТОЗ-ын тэргүүн Ц.Нарангэрэлийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Авлигачдаар дүүрсэн УИХ-ыг тараахын тулд ард түмэн жагсаал зохион байгуулж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Оффшорын асуудал, 60 тэрбумын хэрэг зэрэгтэй холбоотойгоор УИХ-ыг тараах 12 үндэслэл бий болсон. Үүнтэй холбоотойгоор УИХ-ыг тараах тулган шаардах бичгийг маргааш /2018.11.12/ УИХ-д хүргүүлнэ. Тулган шаардах бичгийн дагуу УИХ огцрох ёстой. Яагаад гэвэл, ард түмний итгэлийг хүлээх чадваргүй, ажиллах чадамжгүй, зөвхөн хувийн эрх ашгаа эрхэм болгосон гишүүдээс УИХ бүрдсэн байна. Тиймээс УИХ-ыг тарааж, ард түмний онц их хурал зарлан хуралдаж Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй. Үндсэн хуулийг өөрчилснөөр ямар засаглалтай болохоо ард түмэн өөрсдөө шийдэх ёстой” гэлээ.
news.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ