Г.Лхагвасүрэн: Миний жаахан охиныг өөрөө үхсэн мэтээр 100 хувь буруутгаж байна
Нэг жилийн өмнө “Очир” төвийн буудлын өрөөнд 13-хан настай охин бусдын зүй авирлалын золиос болон харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу “Гадны нөлөөгүй нас барсан” гэж гарсан нь ар гэрийнхэн болон олон мянган хүнийг бухимдуулж буй билээ.
Охин үрээ бусдын гарт алдсан гэр бүл шүүхийн байгууллагад сүүлийнхээ итгэлийг даатгаж, залбирч байгаагаа хэлж байгаа юм. Энэхүү хэргийн шүүхийн шийдвэр хэрхэн гарах бол гэдгийг Монголын ард түмэн хүлээн суугаа. Шүүх хурлын дараа талийгаач охины аав Г.Лхагвасүрэнтэй ярилцсанаа хүргэж байна.
-ҮРЭЭ НУТАГЛУУЛАХ ҮЕД ХАРАХАД ХӨЛ НЬ ХУГАРСАН БАЙСАН-
-Хоёулаа шүүх хурлын тухай ярилцаж эхлэх үү?
-Тэгье. Шүүх хурал хоёр дахь удгаа болж байна. Энэ удаагийн шүүх хурлаар хэргийн эцсийн шийдвэр гарч, гэм буруутай этгээдүүд ял авах байх гэж бодож байсан ч шүүгдэгч нарын өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэг хийх шаадлагатай гэсэн хүсэлт гаргаад ийнхүү хэлэлцүүлэг болсон. Урьдчилсэн хэлэлцүүлгийн шүүх хурлаар шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч О.Цэрэнпцунцаг хоёр санал хүсэлт гаргасан. Тэр нь юу вэ гэхээр нэгд дараагийн шүүх хуралд хэрэг гарсан “Очир” төвийг иргэний хариуцагчаар байлгах, хоёрт насанд хүрээгүй гэрч Мягмарнаранг шүүх хуралд байлгах хэрэгтэй гэж үзсэн. Тэр насанд хүрээгүй гэрч байцаалт өгөх журмын дагуу л байцаалт өгсөн байдаг. Мөн энэ шүүх хурлаар Оюунцэцэг гэх өмгөөлөгч миний охинд задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн таван хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг байсан. Тэр багийн ахлагч шинжээч эмчийг оролцуулья гэж байна. Тэрийг манайхан оролцуулах шаардлагагүй гэж үзэж байна.
-Яагаад тэр вэ?
-Эхний дүгнэлт дээрээ үзэгдэх шүдгүй гэсэн хэрнээ дараагийн шинжилгээний хариундаа шүдтэй гээд хариу нь өөрчлөгдөж гарсан байсан. Гэхдээ энэ шүүх эмнэлгийн шинжилгээний хариуд маргаад байх юм байхгүй. Дараагийн хүсэлт нь шүүгдэгчийн дүү болон ээж, найз нарыг нь гэрчээр оролцуулах хүсэлтэй байгаагаа хэлж байна. Ер нь миний охиныг зуун хувь буруутгаж шүүх хуралд орсон. Миний охиныг ээжтэйгээ хамт архидаад биеэ үнэлээд явдаг байсан гэж байна. Тэр шүүгдэгч талын өмгөөлөгчийн яриагаар бол. Биеэ үнэлдэг байсныг нь шүүх дээр ээж, аавд нь хэлж, сонсгоё гэрчлүүлье гэсэн хүсэлт тавьсан. Арай ч дээ. Би үрээ мэдэлгүй яах вэ дээ. Миний жаахан охин дүүтэйгээ эхийнхээ мөөмийг булаацалдаад иддэг байсан юм шүү дээ. Тэгэхэд юуны чинь архичин байх, юуны чинь биеэ үнэлэгч байх вэ дээ. Хичээлдээ өвөөгөөрөө хөтлүүлээд явдаг байсан. Өмнөх шүүх хурал дээр зүйл ангийг нь өөрчилсөн. Өмнө нь бага насны хүүхэд хүчиндсэний улмаас нас барсан гэх зүйл ангид хамааруулан яллах байсан. Тэр зүйл ангийг нь бид хүсэлт гаргаж байж санаатай хүний амь нас зэрлэгээр бүрэлгэсэн гэсэн зүйл анги нэмүүлсэн.
-Та шүүгдэгч талын өмгөөлөгч нарт ихээхэн гомдолтой байгаа юм байна. Тийм үү?
-Би уг нь нөгөө талын өмгөөлөгч нарын ажлыг хүндэтгэж байгаа. Гэхдээ ингэж миний охиныг 100 хувь буруутгаж болохгүй шүү дээ. Миний охиныг архичин, биеэ үнэлэгч байсан гэж хэлж байгаад нь гомдож байна. Ялгаа байхгүй энэ өмгөөлөгч өөрөө эхээс төрсөн, эмэгтэй хүн биз дээ. Өөрөө эх хүн байж хүний хүүхдийг ингэж хэлээд зогсож байгаад харамсаж байна. Ёс зүй талаасаа юм бодохоор л байгаа юм даа. Мөн шүүгдэгч Жавхлангийн өмгөөлөгч хэлэхдээ “Манай үйлчлүүлэгчийг нотлох баримтгүй яллах гээд байна” гээд байгаа. Мөрдөн байцаалтын шатанд нотлогдсон шүү дээ. Шүүгдэгч нарын үйлдэл ил байна. Мөн бичлэг, хэргийн газраас олдсон нотлох баримтууд гээд өчнөөн юм байхад юу яриад байгааг нь ойлгохгүй байна.
-Аймшигт хэрэг гарсан “Очир” төв одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа шүү дээ?
-Харин тийм. Бид маш их гомдолтой байгаа. Тэр “Очир” төв Зөрчлийн тухай хуулиараа 250 мянган төгрөгөөр л торгуулаад өнгөрсөн юм билээ.
-ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭ ХОЁР УДАА ӨӨР ГАРСАН-
-Та түрүүн “Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу өөрчлөгдсөн байсан” гэсэн. Энэ талаар тодруулж ярихгүй юу?
-Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу нийтдээ хоёр удаа л хийгдсэн. Эхний хариу нь үзэгдэх шүдгүй, гадны нөлөөгүй нас барсан байна гэж гарсан. Нас барсных нь дараа шүүх эмнэлэг дээр очоод, үрийнхээ зургийг хараад би хүртэл танихгүй байхад гадны нөлөөгүй гэж гарч байгаа юм даа. Хүнд танигдахгүй болтол нь зодсон байхад шүү дээ. Миний охины хамар цөмөрчихсөн байсан. Мөн аман дотор нь нил цус нөж байсан. Тэгэхэд үзэгдэх шүд байхгүй гэж гарсан. Тэгээд дахин хүсэлт өгч байж шинжээч эмч нарын бүрэлдэхүүн томилоод шинжилгээ хийсэн. Тэгэхэд хариу нь шүдтэй болоод гараад ирж байгаа юм.
-Та нэг ярилцлагадаа “Буудлын өрөөнд өөр хүн байсан. Тэрийг нь мэддэг нэг гэрч гарч ирсэн” гэж хэлсэн байсан. Энэ үнэн үү?
-Би “Очир” төв зочид буудалд очоод тухайн хэрэг гардаг өдрийн камерын бичлэгийг авъя гэхэд нэг залуу байсан. Тэр залуу болсон хэргийн процессийг бүгдийг нь мэдэж байсан. Би чи хэн бэ? гэхэд “Би хэрэгтний он жав, бас өрөөнд нь орсон юм чинь” гэсэн. Тэгэхээр тэр залуу миний охиныг нас барахад хажууд нь байсан байж тараад байгаа юм. Тэгээд би энд нэг хүн ийм юм яриад байна гэж байцаагчид хэлэхэд “Согтуу хүнийг алийг тэр гэх вэ” гээд очоогүй. Тэр хүнийг би удаан хайсан олоогүй.
-Та сүүлийн шүүх эмнэлгийн шинжилгээний хариутай танилцсан уу?
-Тийм. Гэхдээ өмнөхөө давтсан байсан. Өөрчлөгдсөн зүйл нь гэхээр шүдтэй гэсэн байсан. Ингэхдээ зургаас харахад гэж бичсэн байсан. Хамгийн муухай нь илт миний охиныг тамалж зодсон дүүрэн цус, хамар нь хугарсан, тэмтрээд үзэхэд хөл нь хугарсан байхад яс хугарсан гэж гараагүй байгаа юм.
-ОХИН МИНЬ ҮРГЭЛЖ БОДОГДООД НОЙРГҮЙ ХОНОЖ БАЙНА ДАА-
-Шүүгдэгч талын өмгөөлөгч нар “Манай үйлчлүүлэгч нар шүүх эмнэлэгт хахууль өгөхөөр тийм их мөнгөтэй айлын хүүхдүүд биш гэсэн. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Дам яриа сонсоход гэмт этгээдүүд “Шүүх эмнэлэгт байхад нь зохицуулдаг юм гэсэн” гээд ярьсан байсан. Үрээ нутаглуулахдаа харахад хүртэл их аймаар болсон, хамар, хөл, шүднүүд нь хугарсан байхад гадны нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ бүхэнд ямар нэгэн нөлөө орсон гэж үзэж байна. Мөнгө өгсөн байж болзошгүй шүү дээ.
-Та хэргийн зүйлчлэл буруу байна гэж их гомдол гаргаж явсан шүү дээ?
-Тэгсэн. Санаатай хүн амины хэрэг биш гэж байсан. Тэгэхэд би явсаар байгаад сая анхан шатны шүүх хурал болоход л санаатай хүн амины хэрэг байна гээд прокурорт буцаасан. Бүтэн нэг жил болгож байж сая нэг зүйл ангийг нь өөрчилж байна.
-Та шүүх эцсийн шийдвэрээ гаргахдаа үнэн зөв гаргана гэж итгэж байгаа юу?
-Тийм. Би Монголын шүүх шударгаар шүүнэ гэдэгт итгэж байна. Шударгаар шүүж ял оногдуулах байх гэж бодож байна. Гол нь шударгаар шүүгээсэй. Шударгаар шүүнэ гэдэгт найдаж, итгэж горьдож байна.
-Хэрэг гараад бүтэн нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаа ар гэрийнхний хувьд хэцүүхэн байсан болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Маш хүнд байна. Үргэлж л охиноо бодох юм. Үргэлж л санаанд уяатай байх юм. 13 жил алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн хүүхдээ бусдын гарт харгисаар алдах чинь ямар олиг байх вэ. Энэ сарын 21-нд өглөө арван цаг хүртэл итгэл найдвар тасраагүй байна. Хүлээнэ дээ. Энэ хугацаанд бүтэн нойртой хонож байгаа удаа алга даа.
У.УРАНЦЭЦЭГ medee.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ