Ой зургаахан сартай ихэр зүрхэнд амьдрал бэлэглэцгээе
Нарт ертөнцөд эрдэнэт хүний биеийг олж төрөхийг сая ширхэг арвайг агаарт цацахад ганц нь л зүүний үзүүрт тогтохтой адилтган зүйрлэдэг. Азаар олж авсан энэ их хувь заяаныхаа эзэн байх, өөрөө өөрийнхөө амьдралын гол дүр болж явах эсэх нь тухайн хүнээс л шалтгаалдаг. Тэдэн дунд нэг эсээс хоёр, гурваараа ихэрлэн төрсөн ховор хувь заяа олон. Тэр дундаа эрэгтэй, эмэгтэй ихэрлэн гэдэг бүр сайхан хувь тохиол гэдэг. Ийм л ховорхон тохиолоор төрсөн хоёр ихэр хүү, охин хоёр маань хүндээр өвдөж, ээж, аав, элэг нэгт монголчуудаа эмзэглүүлээд байна.
Тодруулбал, өдгөө нэг ой зургаахан сартай Б.Амирлан, Б.Анирлан гэх эрэгтэй, эмэгтэй хоёр маань хүнд өвчин тусаж элэг нэгт Монгол ахан дүүсээсээ тусламж хүсч байгаа юм байна.
Энэ талаар ихэрүүдийн аав Г.Батбаяраас тодрууллаа.
-Ихрүүдийн биеийн байдал одоо ямар байгаа вэ. Эмчилгээ хийлгэж байгаа юу?
-Охин маань Бээжин рүү явж 10-14 хоног эмчилгээ хийлгээд буцаж ирдэг. Эмчилгээ хийлгэсний дараахан гайгүй болоод удахгүй дахиад зүрх нь өвдөөд эхэлдэг. Тэгэхээр нь дахиад Бээжин яваад өдрийн 1300 юаны эмчилгээ хийлгэдэг.
-Онош нь яг юу юм бэ?
-2018 оны 5-р сараас эхлэн зүрхний томролт болон зүрхний төрөлхийн эмгэг оноштойгоор эмчлүүлж байгаа.
-Хүү нь бас өвдсөн гэж байсан?
-Гэнэт өндөр халуураад аймгийн эмнэлэгт үзүүлсэн чинь урьдчилсан байдлаар цусны хавдар гэж оношлогдсон. Тэгээд л ихэрүүд нэгнээ дагадаг гэсэн гэж бодогдоод л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг л юм болсон. Тэгээд хотод ирээд үзүүлсэн чинь хавдар биш цус багадалт монголдоо эмчлүүлэх боломжтой гэсэн.
-Танай хоёр одоо хэдэн настай юм бэ?
-Ой таван сартай.
-Охиныхон эмчилгээний зардал хэдэн төгрөг болно гэсэн бэ?
-Анх Монгол улсад эмчлэх боломжгүй гэсэн хариу авсан учир гадаадын олон улсад эмчлүүлэх хүсэлтээ явуулж эхэлсэн. Үүний дагуу Солонгос улсын хүүхдийн нэгдсэн эмнэлгээс хариу ирсэн бөгөөд өвчнийг эмчлэхэд 33,100 ам.долларын өртөгтэй болно гэсэн.
-Энэ нь Монгол мөнгөөр хэдэн төгрөг болох вэ?
-33,100 ам.доллар нь зөвхөн хувьсах зардал гэсэн. Монгол мөнгөнд шилжүүлэхээр 84 сая орчим төгрөг болж байгаа.
-Одоо яг хэчнээн төгрөг дутуу байгаа юм бол?
-Монголын ард түмнийхээ сайн сэтгэлийн дэмээр ихэнх мөнгө нь цуглачихсан байгаа. Мөн манайх машин тэрэг, үл хөдлөх хөрөнгүүдээ зарсан. Гэвч одоо дахиад 17 орчим сая төгрөг дутуу байгаа. Тэр мөнгө нь цуглачихвал шууд Солонгос явж, хагалгаандаа орно доо.
"Таван сараас хойш эмнэлгээр хийж явлаа. Үнэхээр арга аа барж байна. Хүүхдүүдэд маань туслаач" хэмээн бидэнд хандсан Г.Батбаяр таван хүүхдийн аав бөгөөд хамгийн бага хоёр нь ихэрлэж, гэр дүүрэн баяр хөөр бэлэглэж байсан цаг саяхан гэнэ. Тиймээс аав, ээж, ах, эгчдээ баяр хөөр бэлэглэнэ ирсэн бяцхан охины эмчилгээний төлбөрт хандив өргөж, гэрэлт ертөнцөд амьдрах хувь тохиол хайрлахыг нийт Монголчууддаа уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ