Ухаангүй удирдагчдын балгаар улсаа дампууруулсан ВЕНЕСУЭЛИЙН ЭМГЭНЭЛ

Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ Латин Америкийн орнуудаас хамгийн баян орон гэгддэг байсан, газрын тосны асар их баялагтай Венесуэл улсад өнөөдөр эдийн засаг, улс төрийн хямрал туйлдаа хүрээд байна. Сүүлийн 10 гаруй жилийн турш хямрал нүүрлэж улмаар 2017 онд тус улс зээлээ эргэн төлөх чадваргүй болсон юм.

Венесуэл байнгын цахилгааны хэрэглээний эх үүсвэргүй болсон тул цогцос хадгалах газарт  байгаа цогцсууд өмхийрч, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс өмхийрсөн мах идэн амиа зогоож байна. Гудамжинд хүүхэд, хөгшчүүлийн хүнсийг булааж зугтаах үзэгдэл хэвийн болж, хүнсний дэлгүүрүүдийн лангуу хоосорчээ. Венесуэлийн ард иргэд туйлдаж улс орондоо нүүрлээд буй эдийн засаг, улс төрийн үймээн самуунаас зугтан гадаад руу олноороо дүрвэж байна.

Энэхүү нөхцөл байдалд хүрэхэд нэг хүний эрх мэдэл, социалист бодлого, сул удирдлага, хээл хахууль нөлөөлсөн хэмээн барууны шинжээчид үзэж байна. 

ВЕНЕСУЭЛ УЛС ХҮНИЙ НӨӨЦИЙН ӨЛСГӨЛӨНД НЭРВЭГДЖЭЭ

1999 онд Уго Чавес төрийн эрхэнд гарч зүүний үзэл баримтлал ихэд дэлгэрсэн тул Венесуэл улсын нийгмийн дээд давхаргынхан улсаа орхиж эхэлсэн билээ. Эдийн засаг болон нийгмийн хямрал гүнзгийрэх тусам Венесуэлийн эрдэмтэн, эмч, багш, инженер, цахилгаанчин, бусад нарийн мэргэжилтнүүд гадагш дүрвэн гарч, тус улс хүний нөөцийн өлсгөлөнд нэрвэгджээ.

“Sen Educa” боловсролын ашгийн бус байгууллагын хийсэн судалгаанаас үзэхэд энэ жил улс даяар бага болон дунд сургуулийн багш нарын 12 хувь буюу 48,000 багш ажлаасаа гарсан байна. 2017 оны дунд үед багш нарын дундаж цалин 45 доллар байсан аж.

2014 оноос хойш 32,4 сая хүн амтай Венесуэл улсын 2.3 сая иргэн улсаа орхижээ.
Каракас дахь “Jose Manuel de los Rios” хүүхдийн эмнэлгийн нийт ажилтнуудын 20 хувь буюу 68 эмч сүүлийн хоёр жилийн хугацаанд ажлаасаа гарч, улсаа орхижээ. Тус эмнэлгийн ахлах эмч Хуниадес Урбина хэлэхдээ хүний нөөц хангалтгүй байгаа тул хагалгаа товлоход найман сараас нэг жилийн хугацааг зарцуулж байна гэсэн юм.“Familia Metro” тээврийн байгууллагын мэдээлснээр 2017 оны байдлаар төмөр зам, метроны чиглэлээр мэргэшсэн 2,226 ажилтан буюу нийт мэргэжилтнүүдийн 20 гаруй хувь нь ажлын байраа орхижээ.

Нэгэн цагт Венесуэлийн “MIT” гэгдэж Латин Америкийн улс орнуудын шилдэг инженер болон физикчдийг бэлтгэдэг байсан “Simon Bolivar” их сургууль 2017 оны байдлаар нийт ажилтнуудын 16 хувь буюу 129 профессор ажлаасаа гарч ихэнх нь өөр улс орон руу дүрвэжээ.

НҮБ-аас гаргасан судалгаанаас үзэхэд 2014 оноос хойш 32,4 сая хүн амтай Венесуэл улсын 2.3 сая иргэн улсаа орхисон байна. Ихэнх иргэд хөрш болох Колумб цаашлаад Эквадор, Перу, Чили, Бразил улс руу дүрвэжээ.

2017 онд Венесуэл улсын иргэд дараах улсууд руу дүрвэж байна.

АРД ИРГЭД ӨМХИЙРСӨН МАХ ИДЭЖ БАЙНА

Венесуэлийн зарим хот дэд бүтцийн доголдлын улмаас ус болон цахилгааны хомсдолтой тулгараад байна. Цахилгааны доголдолд орсноор махны худалдаачид болон дэлгүүрүүд махаа хөлдөөх газаргүй болжээ. Венесуэлд өдөрт дунджаар арван удаа цахилгаан тасардаг. Харин дараагийн өдөр бүтээгдэхүүн нь илжирсэн байдаг гэнэ.

Венесуэлийн хоёр дахь том хот Маракайбод ард иргэд өмхийрсөн мах худалдан авахаар оочирлон зогсож байна. Эдийн засгийн хямралтай энэ үед өмхийрсөн махыг хямд үнээр худалдан авч идэхээс өөр арга байхгүй аж. Хар захад өмхийрч, ялаа шавсан махыг худалдаалах нь энгийн үзэгдэл болсон байна. 

ЦАХИЛГААЫ ТАСАЛДЛЫН УЛМААС МОРГТ БАЙГАА ЦОГЦСУУД ИЛЖИРЧ ЭХЭЛЖЭЭ

Сулия хотын голлох эмнэлгийн моргт “BBC”-гийн сэтгүүлч Мундо сурвалжилга хийжээ. Тэрбээр тус моргын ажилтан Арнолдтой ярилцсан байна. Тэр хэний ч үл хүсэх энэ газарт ажиллаад сард ердөө 24 долларын цалин авдаг гэнэ.

Цахилгааны хязгаарлалтын улмаас моргд цогцос хадгалж чадахгүйд хүрчээ. Тухайлбал Цогцсын хүйтэн температурт хадгалах ёстой ч тэднийг байрлуулах тасалгаа ажиллахаа больсон мөн агааржуулагч системгүй тул өрөөний хэмд хэдэн сарын хугацаанд байснаар илжирч эхэлжээ.

Амиа алдагсдын гэр бүлийн хүмүүс оршуулгын зардлыг дийлэхгүй тул цогцсыг авдаггүй талаар хэлсэн байна.

Түүнчлэн моргд зориулалтын хувцас хэрэглэл маск, гутал, ариутгалын бодис, хлор зэрэг шаардлагатай эд хэрэгсэл огт байдаггүй талаар хуваалцжээ. ДОХ болон бусад халдварт өвчнөөр нас барсан олон иргэдийн цогцос ирдэг. Харин түүнд халдварт өвчнөөс сэргийлэх боломж байхгүй тул нэг л өдөр халдвар авахаас айдаг гэнэ.Амиа алдагсдын гэр бүлийн хүмүүс оршуулгын зардлыг дийлэхгүй тул цогцсыг авдаггүй талаар хэлсэн байна.

Тус морг нь Сулия хотын баруун хойд зүгт байрладаг бөгөөд агаарын хэм ихэнхдээ цельсийн 30 градусаас их байдаг аж. Сулия хот нь 4 сая хүн амтай газрын тосоор баялаг, мал аж ахуй, худалдаа наймаа хөгжсөн хот юм. Тус хот нь цахилгаан доголдол тогтмол үүсдэг тус улсын баруун хэсэгт байрладаг таван бүсийн нэг.

ГЭМТ ХЭРЭГ, ЯДУУРАЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ 

Венесуэл улсад эдийн засаг, нийгмийн хямралын улмаас гэмт хэрэг, хүчирхийлэл өргөн дэлгэр тархжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн нэгэн судалгаанаас үзэхэд хүн амын 90 хувь нь ядуу амьдарч байгаагаас 60 хувь нь идэх ч хоолгүй өглөө сэрдэг гэнэ. Хэт их ядуурлын улмаас гэмт хэргийн тоо өсөж өнгөрсөн жил гэхэд л 27,000 хүн амиа алджээ. Венесуэл гэмт хэргийн үзүүлэлтээр дэлхийд Эл Сальвадорын дараа хоёрдугаарт жагсаж байна.

Баян чинээлэг иргэд гадуур бие хамгаалагчтай явдаг бол энгийн иргэд аюулгүй байдлаа хангахын тулд шөнө гарахаас эмээдэг болжээ. Гудамжинд хүүхэд, хөгшчүүлийн хүнсийг булааж зугтаах, дээрэм тонуулын гэмт хэрэг хэвийн үзэгдэл болсон байна. 

2018 ОНЫ СҮҮЛЭЭР ВЕНЕСУЭЛД ИНФЛЯЦИЙН ТҮВШИН НЭГ САЯ ХУВЬД ХҮРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Энэ оны долдугаар сард хийсэн судалгаанаас үзэхэд Венесуэлийн жилийн инфляцийн түвшин 83,000 хувьд хүрсэн. 2018 оны сүүлээр инфляцийн түвшин нэг сая хувьд хүрэх төлөвтэй байна.

Венесуэлийн эдийн засаг 2013-2017 оны хооронд 35 хувиар буурчээ.

Венесуэлийн эдийн засаг 2013-2017 оны хооронд 35 хувиар буурчээ. Эдийн засагчдын таамагласнаар 2018 онд дахин 18 хувиар буурах хандлагатай байна. Мадуро засгийн эрхийг авснаас хойш дотоодын нийт бүтээгдэхүүн 45 хувиар буурчээ.

Мадуро энэ оны наймдугаар сард эдийн засгийг сэргээх цогц бодлогыг баримталж эхлэх шийдвэр гаргасан. Үүний хүрээнд наймдугаар сарын 20-ны өдөр мөнгөн тэмдэгтийнхээ 5 тэгийг хасаж шинэ мөнгөн тэмдэгт эргэлтэд оруулж “petro” гэж нэрлэсэн. Гэсэн ч нэг их нөлөө гарсангүй.

Венесуэл төлбөрийн чадамжгүй болж Олон Улсын Валютын Сангаас тусламж гуйх шаардлагатай тулгарсан ч 2007 онд тус сантай харилцаагаа тасалсан юм.

Харин Хятад улс сүүлийн 10 жилийн хугацаанд тус улсад 50 тэрбум ам.долларын зээл олгоод байгаа юм. Энэ оны есдүгээр сард Мадуро Бээжинд айлчилж, Хятад улс руу газрын тос экспортлох талаар тохиролцож хэдэн тэрбум долларын зээл хүлээн авчээ. Мадуро хэлэхдээ бид эдийн засгийн шинэ эрин үе рүү шилжих алхам хийлээ гэсэн юм.

ХЭН БУРУУТАЙ ВЭ

Уго Чавес 1998 онд төрийн эрхэнд гарсныхаа дараа иргэдийнхээ баян хоосны ялгааг арилгах, ядуурлыг бууруулахад бүх анхаарлаа чиглүүлэн ажиллажээ. Тэр иргэддээ хүч чадал, баялаг өгнө гэдгээ амласан.

Уго Чавес эдийн засгийн гол салбаруудыг нийгэмчилж, Төв банкны бие даасан байдлыг устгасан. Гаднын хөрөнгө оруулалттай харилцаа холбоо, эрчим хүч, газрын тосны компаниудыг хөөж гарган дотоодын салбар болох хөдөө аж ахуй, жижиг дунд  үйлдвэрлэл, үйлчилгээний олон зуун хувийн хэвшлийг нийгэмчилсэн юм.

Гадаад хөрөнгө оруулагчдыг хөөж гаргасны улмаас олон улсын зах зээлд түншлэгчгүй болж ганцаардсан.

Зөвхөн газрын тос экспортлон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зогсоосноор хөрөнгө оруулалт татарч, гадаад валютын хомсдолд оржээ. Гадаад хөрөнгө оруулагчдыг хөөж гаргасны улмаас олон улсын зах зээлд түншлэгчгүй болж ганцаардсан.

Түүний засгийн эрхэнд байх хугацаанд нийгэмчилсэн хөрөнгийн ашиг болон газрын тосны үнэ өсөлтөөс шалтгаалан зарим амлалт нь үр дүнгээ өгч, цалингийн доод хэмжээ өсөж, ядуурлын хувь хэмжээ багасаж байв.

Гэсэн ч урт хугацаанд хөрөнгө оруулалт үйлдвэрлэл зогсож, засгийн газар өрөндөө баригдаж эхэлсэн юм.

Нийгмийн халамжийн олон хөтөлбөр хэрэгжүүлж байсан Ерөнхийлөгч Уго Чавес 2013 онд таалал төгссөн. Харин түүний орыг Николас Мадуро залгамжилж, эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлсэн юм. Николас Мадуро тус улсын эдийн засгийн уналтад Венесуэлийн баримталж буй бодлого бус АНУ тэргүүтэй орнуудын хориг ба эдийн засгийн дайн буруутай хэмээн шүүмжилдэг. 

Эцэст нь Венесуэлийн эрх баригчид байгалийн нөөцөө ашиглан баялаг бүтээж чадахгүй, ард түмнээ мөлжиж, гадаад дотоодын дайсан үүсгэж, нэг хүнд засаглалаа бүрэн даатгаснаар нэг хүний дарангуйлал тогтож ардчилал нь устан үгүй болсон байна.

gogo.mn




СЭТГЭГДЭЛ БИЧИХ