Гарретт Уйлсон: Эрх мэдэлтнүүд хээл хахуулийн асуудалд орооцолдчихоод уучлалт гуйж, зээлээ буцаан төлж, нүглээ цайруулна гэдэг ичгүүртэй явдал
-“Вагнер Ази автомотив" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Гарретт Уйлсонтой ярилцлаа.
-МОНГОЛД ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.ЭНХБАЯРААС ӨӨР ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН ХҮН АВЛИГЫН АСУУДЛААР ШОРОНД ОРСНЫГ САНАХГҮЙ БАЙНА-
-Таны амралтын өдөр хэрхэн эхэлдэг вэ?
-Хагас сайн өдөр ажлын өдрөөс ялгаагүй ажил ихтэй өнгөрдөг. Ихэвчлэн хувийн ажлуудаа амжуулдаг. Ажилтай үедээ өглөөний цайгаа дандаа яарч уудаг болохоор энэ өдрийн өглөөний цайгаа тайван уухыг хүсдэг юм. Овъёос халуун усанд дэвтээж, өндөг юм уу блинчик шарах зэргээр амттай хоол идэж эхлүүлдэг. Ихэвчлэн гэрийн цэвэрлэгээнд цаг зарцуулдаг. Харин ням гаригийг гэртээ өнгөрүүлэх дуртай шүү. Хоёр амралтын өдрийн аль нэгийг сонгож фитнессээр хичээллэнэ. Гадаа дулаахан байвал гадуур алхах, ууланд гарах, цэвэр агаарт гүйх зэргээр өнгөрүүлдэг. Мэдээж завсраар нь хоол хүнсээ цуглуулна. Зарим ням гаригийг арай өөрөөр, хөгжилтэй байдлаар, найз нөхөдтэйгээ уулзах, амьд жааз хөгжим сонсох зэрэгт зарцуулдаг. Архи бараг уудаггүй болохоор баар цэнгээний газар ордоггүй. Харин амттай хоолонд “нугасгүй” шүү.
-Сүүлийн үед яг ямар ажил дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
-Би өмнө нь “Вагнер Ази”-ийн охин компани болох “Вагнер Ази автомотив” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Манай компани Jaguar, Range Rover брэндүүдийн албан ёсны төлөөлөгч байсан. Гэтэл тус компаниудаас хэдэн жилийн өмнөөс бидэнд шаарплага тавьсан. “Ford”-оос тусдаа байшин барих ёстой гэдэг шаардлага ирсэн. “Вагнер Ази”-ийн толгой компани хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрөөгүй, маш олон хэлэлцээр хийсний эцэст дилерийн эрхээсээ татгалзсан. Автомотив салбарт тийм хөрөнгө оруулалт хийхгүй гэж шийдээд Ford брэндийг “MSМ” компани руу, Jaguar, Range Rover брэндүүдийг “Starchase Motorsports” руу шилжүүлж байгаа. Тийм учраас “Вагнер Ази” компани автомашины салбараас гарч, үндсэн үйл ажиллагаа болох уул уурхай чиглэл рүү түлхүү анхаарч ажиллана. Тиймээс удахгүй ажлаа өгнө. Хоёр, гурван газраас ажлын санал ирсэн. Болж өгвөл Монголдоо амьдарч, ажиллах санаа бий. Энэ амьдрал минь сайхан, адал явдалтай санагддаг.
-“Вагнер Ази” компанийг Монголд үйл ажиллагаагаа явуулахаа больж, гарах гэж байгаа гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан. Худал мэдээлэл байх нь ээ?
-Энэ ташаа мэдээлэл. Ганц нэг охин компаниа зарсан болохоос биш хамгийн гол буюу үндсэн бизнесийн үйл ажиллагаа хэвээрээ явагдаж байна.
-Та нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх тухай ярьсан байдаг. Ажлаа өгчихөөд магадгүй өөрийн бизнесээ эхлүүлэх бодол бий юу?
-Хүн ганцхан ажлын байранд итгэж найдаад амьдарна гэдэг маш том эндүүрэл. Чадаж л байвал хоёр, гурваар зогсохгүй орлогын эх үүсвэртэй байхыг бодох хэрэгтэй. Тийм учраас үндсэн ажлаасаа гадна өөрийн гэсэн бизнесээ явуулах нь зөв. Энэ утгаараа би хэд хэдэн газарт хөрөнгө оруулалт хийсэн. Том компанид хүний удирдлага дор ажилласнаас өөрийнхөө мөрөөдлийг бий болгож, өөриймсөг сэтгэлээр ажиллах нь илүү амар, сэтгэл ханамжтай байдаг юм болов уу. Иймд би дараагийн ажлаа сонгохдоо хүний дор биш, хүнтэй хамтарч ажиллах ажлын байрыг л сонгох байх. Тэр нь шинэ бизнес байх, нэг байгууллагын хувьцаа эзэмшигч байх хоёрын аль нь ч байж болох юм. Хүний дор ажиллана гэдэг санал бодол зөрөлдөхөөс эхлээд асуудалтай. Алсын хараа, хандлага зэргээрээ өөр хүмүүс хамтран ажиллана гэдэг хэцүү л дээ.
-Таны ажиллах үндсэн арга барил, ажлын талбартаа баримталдаг гол зарчим юу вэ?
-Амьдарч буй нийгэмдээ эерэгээр нөлөөлдөг зах зээлийн маш чухал үүргийг биелүүлдэг байх. Мөн заавал ёс зүйн хувьд шударга, зөрчилгүй авлига, хээл хахуульгүй байхыг эрхэмлэдэг. Бусадтай адил баян болмоор байна. Гэвч бохир аргаар биш. Хэн нэгнийг хохироосон, луйвраар баяжсан аргаар амжилтад хүрмээргүй байна. Магадгүй баян болохын оронд нөлөөтэй хүн болмоор байна. Тэрхүү нөлөөгөөрөө нийгэмд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан, эерэгээр нөлөөлсөн, хөгжил дэвшилд нь гар бие оролцсон бизнесмэн баймаар байна. Ямар ч үйл ажиллагаандаа шударга зарчмыг баримталж, дээдлэх ёстой. Хорин жилийн өмнөхтэй харьцуулахад Монголын эдийн засаг асар их сэргэж, хөл дээрээ боссон. Цаашид ямар замналаар явах нь яг одоо амьдарч, аж төрж буй бидний үеэс шууд хамааралтай. Тиймээс бид зөв салбарыг хөгжүүлэх, бохир аргаар биш зөв аргаар ажиллаж сурах хэрэгтэй. Бохир арга буюу дээрэм, луйвар, хээл хахууль үнэхээрийн шившигтэй асуудал. Энэ нь олон мянган хүний амьдралд гай болж буй.
-Одоо улс төрчид, нөлөө бүхий хүмүүс таны хэлээд буй хээл хахууль, авлига, дээрэм бүхнийг хийх замаар хөлжин баяжиж байгааг хараад танд юу бодогдож байна вэ?
-Ерөнхийлөгчөөс эхлээд, Төрийн ордны цэвэрлэгч хүртэлх ямар ч төрийн албан хаагч татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг бас амьдардаг. Ард түмэн тэднийг тэжээж байгаа. Гэтэл ард түмэн тэдний доор биш, тэд ард түмний үйлчлэгч байж ажиллах зарчимтай. Төрийн санд хуримтлагдсан төсөв мөнгө гэдэг нь ард түмний хөлс хөдөлмөрөөр хуримтлагдсан зүйл. Миний хувьд жирийн татвар төлөгчдийн л нэг. Миний төлсөн татварыг зөв бодлогоор, зөв аргаар Монгол улсын хөгжилд зарцуулагдаасай гэж хүсдэг. Тухайлбал, дэд бүтэц барихад, сайн чанартай зам тавихад, олон сайхан цэцэрлэг, сургууль, эмнэлэг бариасай. Хүмүүсийн амьдралд төр засаг нь саад болох биш, хууль эрх зүйн аюулгүй орчныг бүрдүүлж бүх ард түмнийхээ эрх ашгийг хамгаалахын төлөө төрийн албан хаагч нь ажилладаг байгаасай. Монгол гэлтгүй дэлхий дахины улс орон ийм байгаасай. Тухайлбал, Америк улс Монголоос хуулийн зохицуулалтаараа хамаагүй чанга. Авлигын асуудлаар нөлөө бүхий хүнийг ч шоронд хатуу шийтгэж чаддаг. Гэтэл би Монгол улсад ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас өөр төрийн өндөр албан тушаалтан хүн авлигын асуудлаар шоронд орсныг санахгүй байна. Орсон ч өршөөлөөр суллагдсан. Авлига, хээл хахууль, мөнгө шамшигдуулсан асуудалд хатуу байх ёстой. АСЕМ-ийн үеэр маш их мөнгө шамшигдуулсан тухай аудиторууд мэдээлэл гаргаад л байсан. Гэвч хэн нэгэн хуулийн хариуцлага хүлээсэн үү гэвэл бас л үгүй. Ийм асуудалд ард түмэн өөрсдөө хариуцлага нэхэж чаддаг, чанга хатуу байх ёстой. Миний хувьд Монголд хайртай учраас хараагүй юм шиг дуугүй харж, өнгөрөөж чаддаггүй юм. Надад маш олон монгол найз бий. Тэдгээр найзуудын минь эрх ашиг зөрчигдөж байна гэж би хардаг. Дан ганц төрийн байгууллага гэлтгүй, хувийн байгууллагад ч авлигын асуудал тархсан. Би хувийн хэвшилд ажилладаг хүний хувьд энэ өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй гэж боддог үүднээс ёс зүйн зарчмыг чандлан баримталдаг.
-ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ НЬ АРД ИРГЭДЭЭС ҮНЭН БОДИТ МЭДЭЭЛЛИЙГ НУУЖ, ХЭН НЭГНИЙ ТАЛД ҮЙЛЧИЛЖ БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ-
-Авлига, хээл хахууль, мөнгө шамшигдуулсан асуудалд иргэд нь хатуу байх ёстой гэж та хэллээ. Яаж тэмцэж, дуу хоолойгоо хэрхэн хүргэх ёстой гэж боддог вэ?
-Үүнд хамгийн эхлээд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо маш чухал. Монгол хараат бус сэтгүүл зүйтэй ч, маш олон зөрчил байдгийг би олж харсан. Өнөөдөр аль нэг нам, хэн нэгэн улс төрийн харъяанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь багтдагаас ард иргэдэд шударга үнэн мэдээлэл хүрч байна уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Хэвлэл мэдээлэл нь ард иргэдээс үнэн бодит мэдээллийг нууж, хэн нэгний талд үйлчилж байгааг харахад үнэхээр харамсалтай байна. Иргэд үнэн зөв мэдээллээр хангагдаж байж, оролцоо, дуу хоолойгоо өндөрт гаргаж ирнэ. Тиймээс хамгийн түрүүнд иргэд үнэн зөв мэдээлэл олж авах нь чухал. Олон нийтийн цахим сүлжээнд итгэхэд бэрх мэдээллүүд ихээр тархдаг. Монголчууд Хүннү гүрэн, их эзэн Чингис хааны үр удам шүү дээ. Ийм бохир муухай үйлдлүүдийг хараад үг хэлэхгүй, тэмцэхгүй байгаад жаахан харамсал төрдөг. 1990 онд ард иргэд дайн дажин, үймээн самуунгүй энх тайвны аргаар хувьсгалыг авч ирж чадсан. Заавал том хэмжээний хувьсгал гэлтгүй өдөр тутамд энгийн аргаар тэмцэж эсэргүүцэж болох юм. Тамхины иш, хог хаясан хэн нэгнийг хараад та хулчгар хүн шиг дуугүй битгий өнгөр. “Уучлаарай, та тэр хогоо зориулалтын саванд нь хий л дээ” гээд л хэлчих. Энэ чинь тэмцлийн нэг хэлбэр мөн.
-Өөрийнхөө удирдлага дор ажилладаг хүмүүст ямар шаардлага тавьж, ямар шалгуураар сонгож авдаг вэ?
-Хамгийн эхлээд мэдээж хийх гэж буй ажилтай нь холбоотойгоор мэргэжлийн ур чадварыг харна. Түүний дараагаар би тухайн хүнээс “хандлага”-ыг нь хайдаг. Хичнээн мундаг чадварлаг байлаа ч хандлага нь буруу байвал тэр хүнтэй өдөр бүр хамтран ажиллана гэдэг хэцүү шүү дээ. Мөн итгэл даах чадвар чухал. Үүнд худлаа хэлдэггүй, ёс зүйтэй чанар багтана. Үүрэг даалгаврыг хариуцлагатайгаар гүйцэтгэж, итгэл даах явдал юм.
-Монгол залуус таны итгэлийг хэр даадаг вэ?
-Янз бүр. Америкт ч энэ тал дээр асуудал гаргадаг хүмүүс байдаг. Надад ч даргынхаа итгэлийг алдсан тохиолдол бий. Худлаа хэлэхгүй байх нь миний хувьдаа баримталдаг чухал зарчмуудын нэг юм. Миний дор ажилладаг залуус маш мундаг байсан гэж магтана. “Вагнер Ази” компани маш өндөр шалгууртай. Зөрчил гарсан тохиолдлууд бий л дээ. Тухайн үед нь сахилгын арга хэмжээ авч, хөдөлмөрийн гэрээг нь цуцлах, хуулийн байгууллагаар хариуцлага хүлээлгэсэн жишээ ч бий. Мөнгө шамшигдуулсан хүнийг ажлаас нь халж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч эрүү үүсгэсэн хэрэг гарсан. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэж ярьдаг шүү дээ. Англиар бол “өөрийг чинь хооллосон гарыг хазах”. Компани чамд цалин өгч, ажил олгож байгаа бол итгэлийг алдахгүй ёс суртахуунтай байх хэрэгтэй. Ажлын цагаа бүрэн гүйцэд ашиглаж, багийн ажиллагааг эвдэхгүй, бүрдүүлж ажиллах нь чухал. Заримдаа хувийн ашиг сонирхлоос илүү компанийхаа болон нийгмийн ашиг сонирхлыг дээгүүр тавих хэрэгтэй гэж боддог юм.
-Монголд үнэтэй машины худалдан авах чадвар хэр түвшинд байна. Ялангуяа танай компанийн борлуулалт хэр байв?
-Хүмүүсийн худалдан авах чадвар сүүлийн хоёр, гурван жил сайжирсан. Үүнд эерэгээр нөлөөлсөн нэг хүчин зүйл нь банк болон банк бус санхүүгийн байгууллагын нөхцөлүүд илүү уян хатан болж сарын хүү буурсантай холбоотой. Бүр илүү буураасай гэж боддог юм (инээв.сурв). Ихэнх хүмүүс урьдчилгаагаа төлж зээлээр авдаг. Бүх мөнгөө төлж бэлнээр авсан тохиолдлууд ч бий. Ялангуяа тансаг машин орон сууцаас ялгаагүй өндөр үнэтэй байна. Тансаг зэрэглэлийн хэрэглээ Монголд өргөжиж байгаа нь хоёр шалтгаантай. Энэ нь бүх улсад л үзэгддэг асуудал.
-Ямар хоёр шалтгаан байна вэ?
-Нэгдүгээрт, эдийн засгийн өсөлт хөгжилттэй холбоотой. Хоёрдугаарт, авлигаар баяжиж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой. Монголд аль аль нь тохиолдож байна гэж би хэлнэ. Нэг үеэ бодвол эдийн засаг маш сайхан дээшилж байна. Хүмүүсийн худалдан авах чадвар нэмэгдэж байгаа нь илт мэдрэгддэг. Нөгөө талаар Монголын автозамууд сайжирч, олон зам баригдаж байгаа нь сайхан машинууд зарагдаж байгаа шалтгаан мөн. Мөнгөтэй байлаа ч зам нь эвдэрхий бол хэн ч тансаг зэрэглэлийн, хүчтэй мотортой машин авахгүй. Аймаг, сумдыг холбосон автозамууд тавигдаж байхад хүмүүс сайхан машинаар тохитой зугаалахыг илүүд үзнэ шүү дээ. Ингэхээр дэд бүтэц тансаг зэрэглэлийн машины борлуулалтад нөлөөлсөн нэг хүчин зүйл.
-Монголчууд зээл тавьж үнэтэй машин унадаг. Өртэй байсан ч баян харагдах, баян амьдрах гэж хичээдэг гэж шүүмжилдэг шүү дээ. Үүнтэй санал нийлэх үү?
-Нэг талаар тийм шүү. Хүний нүдэнд харагдах төдий байх гэж хичээдэг. Амьдрах гэж хичээдэг. Тухайлбал, өөрийнхөө нэг сарын цалингаас хэд дахин өндөр үнэтэй утас барьдаг хүмүүс байдаг. Эцэг эх маань намайг үүний эсрэг зарчмаар хүмүүжүүлсэн. Аливаа зүйлд ариг гамтай байхыг үргэлж хэлдэг байсан. Тиймээс би бүтэн нэг сарын цалингаараа гар утас авна гэж хэзээ ч байхгүй. Барууны иргэд хамгийн өндөр зарлагыг орон байрандаа зарцуулдаг. Гэхдээ хүний эрхэмлэдэг хувийн үнэт зүйлээс шалтгаалаад янз бүр байх л даа. Орон орноор аялах дуртай хүн хямдхан байр, энгийн хашаа байшин, гэрт амьдраад ихэнх мөнгөө аялалдаа зарцуулдаг. Ийм хүмүүс сайн машин унаад дэлхийгээр, янз бүрийн газар орноор аялдаг. Аливаа зүйл хоёр талтай. Тиймээс энэ нь буруу, зөв гэж би хэлэхгүй. Гэхдээ монголчууд харагдах байдалд ач холбогдол өгдөг нь түгээмэл. Үүнийг 100 хувь буруу гэж хэлмээргүй байна. Яагаад гэвэл тэр байдлаараа арчаатай, өөрөө өөрийгөө зөв авч яваа олон сайхан залуус байна. Дан ганц унах унаа гэлтгүй өмсөх хувцсандаа маш сайхан анхаардаг болсон байна. Гэр хороололд амьдардаг залуу ажил дээрээ өдөр бүр усанд орж, маш цэвэрхэн сайхан хувцаслаж, үс гэзгээ үнэхээр сайн арчилж явааг хараад бахархдаг. Энэ бол өөрийгөө хайрлаж байгаагийн илрэл.
-МОНГОЛД АМЬДРАХ НЬ ЖИЖИГ ГОЛООС ТОМ ЗАГАС БАРИХТАЙ
АДИЛХАН АДАЛ ЯВДАЛТАЙ САНАГДДАГ-
-Монголд бизнес хийх зах зээл, орчин нөхцөл ямар түвшинд байна вэ?
-Ямар ч бэрхшээлгүй зах зээл гэж байдаггүй. Жишээлбэл, хойд Америк нь дэлхийн хамгийн том зах зээлтэй ч гэлээ асуудал бэрхшээл олон байдаг. Монголд ч адил. Хэдийчинээ бэрхшээл байна, төдийчинээ өөрийн биеэ дайчилж тэмцэх хэрэгтэй. Тиймээс л надад Монголд амьдрах нь илүү адал явдалтай санагддаг. Яг л жижиг голоос том загас барихтай адилхан. Энэ нь эргээд хувь хүмүүсийн амьдралд илүү эерэгээр мэдрэгддэг.
-Тухайлбал ямар бэрхшээл байна вэ?
-Амьдрах ахуйн зардал заримдаа Америкаас илүү өндөр байх жишээтэй. Энэ нь газар нутгийн байршлаас хамааран далайд гарцгүйтэй холбоотой байх. Тээврийн зардал буюу импортын бараа өндөр үнээр орж ирдэгтэй холбоотой. Тухайлбал, автомашинууд хүртэл бусад орнуудтай харьцуулахад өндөр үнээр орж ирдэг. Маш их малтай ч махны үнэ Америкийнхаас ч илүү өндөр байна. (инээв.сурв). Энэ нь дэд бүтцийн асуудал ч ойрын хэдэн жилд шийдэгдэх байх гэж боддог юм. Мөн цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Өвөл нь утаатай, амьсгалах агаар хэцүү байна. Үүнээс болж зарим гадаад иргэдэд Монголд ажиллах санал тавибал ирэхгүй байх магадлалтай. Яагаад гэвэл утаатай орчин хүүхдүүдэд таарахгүй. Агаарын бохирдлын асуудлаа шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн олон том хот агаарын бохирдлын асуудлаа шийдэж чадсан шүү дээ.
-Ялангуяа эгэл жирийн иргэд бизнес хийх боломж хэр өргөн байна вэ. Жирийн иргэд хамрагдаж ЖДҮ эрхлэх зээлийг нь УИХ-ын гишүүд, нэр төр бүхий хүмүүс авсан гэдгийг сонсоод ямар санагдаж байв?
-Хэрэв УИХ-ын гишүүд өөрсдөө болон гэр бүлийн хамаарал бүхий гишүүддээ зээл авч өгсөн бол огцорсон ч багадна. Бүр хуулийн дагуу хариуцлага хүлээж шоронд суух ёстой. Нөгөө талаар үүнд ард иргэд ч өөрсдөө буруутай. Яагаад гэвэл төрийн албан хаагчдад дэндүү их эрх мэдлийг олгосон. Хувийн хэвшлийнхний хийх ажилд төр засаг яагаад оролцож байгаа юм бэ. Жижиг болон дунд үйлдвэрлэлийн бизнесүүдийг дэмжих зээлийн санхүүжилтэд яагаад татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах ёстой гэж. Энэ төрийн үүрэг хариуцлага биш. Тийм учраас төр засаг бизнес хийж байгаа юм шиг зарчмаар үйл ажиллагаагаа явуулдгаа болих хэрэгтэй. Төрийн үндсэн үүрэг хариуцлага юу вэ гэвэл хууль санаачлах, хэрэгжүүлэх. Бизнес, эдийн засгийг дэмжих зөв орчныг бүрдүүлэх ёстой болохоос биш өөрсдөө тоглогч шиг дотор нь оролцох ёсгүй. Энэ бол миний хувийн үзэл бодол. Зарим хүмүүс санал зөрөлдөж магадгүй л дээ. Хээл хахууль авлигын асуудлыг шийдье гэвэл төрийн эрх мэдлийг хязгаарлах хэрэгтэй.
-Таны бодлоор хувиараа бизнес эрхлэгчдэд зээл олгохгүйгээр, төрөөс хэрхэн дэмжих ёстой вэ?
-Хуулийн хэрэгжилт буюу эрх тэгш хуулийн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд хяналтыг сайжруулах зам бий. Тухайлбал, НӨАТ-ын баримт өгдөггүй маш олон аж ахуйн нэгж байна. Татвараас зайлсхийдэг зөндөө олон компанийг би харсан. Хуулийн зохицуулалтад төрийн оролцоо сайн байж, түлхүү анхаарал тавих нь чухал. Хувийн хэвшил болоод бусад татвар төлөгчдийн асуудлыг тухайлбал, миний төлсөн татварыг хэн нэгэн бизнес эрхлэгчийн бизнес эрхлэх боломжид давуу эрх олгохыг би хүсэхгүй. Тийм учраас хууль зөрчсөн хүмүүс хуулийн дагуу ял авна гэж би найдаж байна. Үнэхээр ноцтой зөрчил гаргасан бол шоронд оруулах зэргээр хатуу хандахгүй бол тэр хүмүүст ямар ч айдас байхгүй байна. Хээл хахуулийн асуудалд орооцолдчихоод уучлалт гуйгаад, зээлийг нь буцааж төлөөд нүглээ цайруулна гэдэг бол ичгүүртэй явдал. Бусад улс орны жишээнүүдийг харвал ерөнхий сайдын хамаарал бүхий компанидаа зээл авснаасаа болж 30 жилийн ял авсан тохиолдол бий. Америкт ч хүмүүсийг хулхидсан биржийн ажилтан 40 жилийн ял авч байсан. Монголд ийм байна уу гэдэг эргэлзээтэй, нүдэнд харагдахгүй байна. Шударга нийгэмд байгуулахын тулд хууль бүх хүнд эрх тэгш үйлчлэх хэрэгтэй.
-Та “Монголыг уул уурхайн улс гэж хэлэхэд арай эрт байна гэж боддог. Газрын баялаг гэхээсээ илүү хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт илүү потенциал байгаа” гэж хэлж байсан удаатай. Гэтэл өнөөдөр нэг ч үйлдвэрлэл хөгжөөгүй газрын баялгаа ухаад дуусч байна. Монголд ямар үйлдвэрлэл хөгжүүлэх нэн шаардлагатай гэж боддог вэ?
-Үүнийг ярих юм бол их цаг зарцуулна. Монголд хөгжүүлж болох хэд хэдэн салбар бий. Газар нутгийн байршлын хувьд сул талууд их байгаа ч хоёр том гүрний дунд оршдогоороо давуу талтай. Энэ хоёр гүрэн рүү бараа бүтээгдэхүүн, ашигт малтмалаа нийлүүлэх боломж байна. Тухайлбал, 200-300 км цаана хил давж нүүрсээ гаргах нь Австралиас нүүрс авч ирэх тээврийн зардлаас их байна. Яагаад гэвэл Монголд төмөр зам байхгүй. Төмөр зам байхгүй цагт уул уурхайн зах зээл гэж хэзээ ч, хэн ч хэлэхгүй. Дэд бүтэц нь яваандаа шийдэгдэх асуудал. Төсөв мөнгийг нь завшихгүйгээр баривал тэр орлогоосоо татвар аваад, төрийн санд төвлөрүүлж, илүү том төсөв бүрдүүлж орлогын эх үүсвэртэй болох боломжтой гэж би боддог. Мөн Шинэ Зеландын мал аж ахуйн салбараас санаа авч яагаад болохгүй гэж. Өргөн уудам газар нутгаа ашиглаж, мал аж ахуйгаа хэрхэн хэгжүүлэхээ сайн бодох хэрэгтэй. Монголчууд оюуны чадвар өндөртэй ард түмэн. Үүнийгээ ашиглаад мэдээлэл технологийн салбараа ч хөгжүүлж болно шүү дээ. Үүнийг хөгжүүлэхэд далайд гарцгүй байх нь ямар ч хамаагүй. Аннимейшн, компьютер график хийх оюуны чадамжтай хүмүүс байгаа шүү дээ. Дундад Азид холливүд, молливүд киноны салбар Монголд яагаад байж болохгүй гэж. Дан ганц уул уурхай, зөвхөн төмөр зам, хурдны замаар хязгаарлагдахгүйгээр дэд бүтцийн салбар цогцоороо хөгжөөд эхлэхэд томоохон давуу тал үүсэх боломжтой. Ирээдүй гэгээтэй байгаа гэж харж байна. Уул уурхайгаараа хамгийн ойрын хугацаанд өндөр хөгжил, ахиу орлого авч ирэх шийдэл монголчуудад бий. Гэхдээ зөв, шударга аргаар зохицуулах юм бол Монголын ард түмэнд ашигтай. Үүнийг хийхийн тулд байгаль экологийн асуудалд хор хөнөөл учруулахгүй байх хуулийн хатуу зохицуулалтаа эхлээд тавь. Хууль бус үйлдэл хийж, байгаль сүйтгэх асуудлыг тэвчихгүй.
-ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН, ХЭЭЛ ХАХУУЛИАР БАЯЖИГСДЫГ УЛС
ОРНООСОО УРВАСАНД ТООЦОХ ЁСТОЙ-
-Одоогийн нийгмийг шударга бус, муу муухайгаар дүүрсэн тухай ярьцгааж шүүмжилж байна. Таны цонхоор Монголын амьдрал, нийгэм ямар харагддаг вэ?
-Дүүрсэн гэж хэлэх нь хэтрүүлэг. Надад ёс зүйтэй, шударга найз нөхөд танил олон бий. Хүмүүс нийгэмд өрнөсөн ганц хоёр шударга бус, хар жишээнүүдийг харж, түүнд гол анхаарлаа хандуулдаг. Түүнээс биш шударгаар амжилтад хүрсэн олон хүн байгаа гэж би боддог. Тэр хүмүүсийг баатар гэж магтаж, төрөөс төрсөн тэрбумтан, хээл хахуулиар баяжигсдыг улс орноосоо урвасанд тооцох ёстой. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох Уоррен Баффет хэлэхдээ “Өөрийнхөө баатар гэж бодсон хүмүүсийг надад хэлээд үз. Тэгвэл чамайг ямар хүн болохыг чинь би дүгнээд өгье” гэсэн байдаг. Үүний адилаар бидний нийгэм дэх орчин үеийн баатрууд хэн юм бэ. Тэр хүн амжилтад хүрсэн байж болно. Гэхдээ ямар арга замаар, яаж амжилтад хүрсэн бэ гэдэг нь чухал. Тийм учраас өөрсдийнхөө шүтээн ямар хүмүүс вэ гэдгийг бодох хэрэгтэй. Одоо нэг үеэ бодвол Монголд өндөр боловсролтой, хүчирхэг, мундаг эмэгтэй удирдагч нар бий болоод байна. Монгол эмэгтэйчүүдийн ухаалаг, чадварлаг, энэрэнгүй зангаар би бахархдаг юм.
-Таны Монголд ирж байсан түүх их сонирхолтой юм билээ. Энэ түүхээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Бололгүй яах вэ. Би шашин шүтлэгтэй гэр бүлд төрж өссөн. Манай шашин шүтлэгийн баримталдаг зарчим нь 18 нас хүрээд, их сургуулиаасаа чөлөө аваад, хүмүүнлэгийн ажилтан болох явдал байдаг юм. Үүний дагуу дэлхийн аль ч улс орон руу томилж явуулдаг. Азаар би Монгол руу хуваарилагдаж байлаа. Ингээд анх 1998 онд Монголд сүмийн сайн дурын ажилтнаар хоёр жилийн хугацаатайгаар ирж байсан юм. Бид их сургуулиудтай гэрээ байгуулж сайн дураар Орхон их сургууль, “Оюу” гадаад хэлний дээд сургууль, МУИС-ийн оюутнуудад англи хэл заадаг байлаа. Оройн цагаар сүмийн сайн дурын ажилдаа анхаарч, цэвэр усны худаг гаргах, ногоо тарих, эмнэлэгт хэрэгтэй тоног төхөөрөмж хандивлах зэрэг төслүүд хөгжүүлж ажилласан. Мөн архинд донтсон хүмүүсийг архинаас гаргах, зовж зүдэрсэн хүмүүст аз жаргал бэлэглэсэн. Тухайн цаг үе минь ашгийн төлөө ажилласан үеэс илүү сэтгэлийн урамтай байж билээ. Ингээд хоёр жилийн маань хугацаа дуусч 2000 онд буцсан. Монголд ирээд хэл сурахаас гадна өөр ертөнцийн хүмүүсийг хараад нүд маань нээгдсэн. Энэ хугацаанд өөр нийгмийн, өөр соёлын ертөнцөөс амьдрах ухаан, хандлага, соёл зэргээс нь их зүйл суралцаж сайхныг нь даган дуурайж, муу муухайг нь хаяад би илүү нээлттэй хүн болсон доо. Тэгээд нутагтаа эргэж очоод аавынхаа бизнест тусалж зургаан жил ажилласан. Гэтэл нэг өдөр “Вагнер Ази” компанид Монгол дахь салбарын гүйцэтгэх захирлаар ажиллаач гэдэг саналыг тавьсан. Ингээд л аавынхаа бизнесийг орхиж, бүх эд хөрөнгөө зараад 12 жилийн дараа Монголд дахин ирж байлаа.
-Монголд таныг юу тэгтлээ их татав. Магадгүй нутаг руугаа буцахгүй насан туршдаа амьдрах бодол бий юу?
-Монгол хүмүүстэй харилцахад их хялбар байдаг. Сэтгэлийн хоорондын уяа, таталцаа байдаг гэж боддог юм. Харин Америкт өөрийнхөө нутгийн хүмүүстэй харилцахад энд байхаас илүү дотогшоо, эвгүй байдаг. Би Монголд ирэхээрээ яагаад ч юм чөлөөтэй, өөрийнхөөрөө болчихдог. Дөнгөж танилцсан хүнтэйгээ ч төрөл бүрийн сэдвээр илэн далангүй ярилцаж суугаа минь амар санагддаг. Манай хүүхдүүд ээжийнхээ хамтаар Америкт амьдардаг. Эхнэрээсээ салсан хэдий ч тэдэнтэйгээ байнга харилцаа холбоотой байдаг юм. Хүүхдүүдэд маань би хэрэгтэй гэвэл шууд л яваад очдог юм. Тэр бол миний хамгийн чухал үүрэг хариуцлага. Энд ажилладаг ч тэдэндээ мөнгө явуулж, тэднийгээ тэжээх үүргээ хэвээр үргэлжлүүлдэг. Дэндүү их санаад байвал яваад л очдог. Магадгүй би насан туршдаа Монголд амьдрахгүй байж болох юм. Яг үнэндээ хагас жил Монголд амьдраад, үлдсэн хагас жил нь дулаан орны далайн эрэг дээр амьдрах хүсэл мөрөөдөлтэй (инээв.сурв). Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд одоо байгаагаасаа илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй байх. Гэхдээ би насан туршдаа Монголтой холбоотой байхыг хүсч байна.
Таныг монгол бүсгүйтэй ханилсан гэж дуулсан юм байна?
-Би оюутан байхдаа Америкт анх эхнэртэйгээ танилцаж байлаа. Эхнэр маань Америкт суралцдаг жирийн нэгэн монгол оюутан байсан юм. Түүний даруу зан, төлөв надад таалагдаад бид гэрлэсэн. Бид хоёр дөрвөн сайхан хүүхэдтэй болсон л доо. Хүүхдүүд миний хамгийн ариун нандин, хайрын бурхан. Харамсалтай нь бид хоёр салсан. Хүүхэдтэй болсны дараа бие биедээ тавих анхаарал сулардаг юм билээ. Ихэнх анхаарлаа хүүхдүүддээ зориулдаг. Энэ нь маш буруу гэдгийг залуу хосуудддаа хэлмээр байна. Хүний амьдралд эхнэр юм уу, нөхөр нь хамгийн том байр суурь эзэлдэг байх ёстой. Хүүхдүүдээ дараа нь хайрлах. Яагаад гэвэл хүүхдүүдэд харуулж болох хамгийн сайхан жишээ ээжийг нь хайрлах явдал юм. Тийм учраас хүүхдүүдийн нүдэн дээр ээжийг нь хайрлаж, хүндэтгэх юм бол тэдэнд хамгийн зөв хүмүүжлийг суулгаж байгаа хэрэг. Би хэзээ ч муу нөхөр, архичин, эхнэрээ зоддог хүн байгаагүй. Бид хоёрын хоорондох хайр халамж, анхаарал суларсан, үүнээс болж хөндийрсөн. Би хэзээ ч эхнэрээ муулахгүй. Миний хүүхдүүдийн ээж учраас насан туршид нь магтаж, түүнийг хүндэтгэнэ. Хүүхдүүдээсээ тусдаа хол амьдарна гэдэг миний амьдралын хамгийн хүнд хэцүү цаг хугацаа болоод байна. Бид хоёрын гаргасан алдааг бусад хосууд битгий давтаасай гэж боддог юм. Хайр бол хамгийн чухал зүйл учраас хамгийн онцгой анхаарал хандуулахгүй бол нэг л мэдэхэд байхгүй болчих зүйл.
-НАМАЙГ МОНГОЛЫГ МУУЛДАГ ГЭЖ АНДУУРДАГ. ХЭРЭВ МИНИЙ ҮГИЙГ ГҮЙЦЭД СОНСВОЛ БИ ШҮҮМЖЛЭЛИЙГ ШИЙДЭЛТЭЙ НЬ ХОСЛУУЛЖ ЯРЬДАГ-
-Таны амьдралдаа баримталдаг гол зарчим юу вэ?
-Ааваасаа сурсан нэг чухал зүйл бий. Тэр нь хүний нэр төр, итгэлийг даах чадвар юм. Мөнгөнөөс ч илүү үнэ цэнэтэй. Тийм учраас хүмүүстэй үргэлж шудрагаар харьцдаг. Би аавтайгаа мөр зэрэгцэн нэг бизнест зургаан жил хамтран зүтгэсэн. Тухайн үед нэг үйлчлүүлэгч манай аавын талаар гомдол гаргасан. Уг нь аав минь ямар ч буруу зүйл хийгээгүй, аавын минь зөв байсан ч тэр буулт хийсэн. Дараа нь би ааваас “Та яагаад ингэж байгаа юм бэ. Хуулийн дагуу явбал таны зөв биз дээ” гэх асуусан. Үүний хариуд аав минь надад “Тэр хүн намайг өөрийг нь шулсан гэж бодож байна. Намайг шударга бус гэж бодож байна. Би тэгээгүй ч гэсэн тэр хүн намайг ямар хүн бэ гэж бодтол түүнд шудрагаар хандахыг хүссэн учраас би түүнд буулт хийсэн. Би удахгүй тэтгэвэрт гарна. Тэтгэвэрт гарсны дараа миний нэр төр хүний амьдралыг бүрэн тодорхойлох зүйл биш” гэж хэлсэн. Яг л аав шигээ бусад хүмүүс намайг хэн бэ гэж бодоход шударга, худлаа хэлдэггүй хүн гэж боддог байгаасай гэж хэлүүлэхийг хүсдэг. Ингэж амьдрах нь надад илүү үнэн. Худлаа хэлдэг хүн худлаа хэлснээ үргэлж санадаг байх хэрэгтэй (инээв.сурв). Би амархан мартчихдаг учраас худлаа хэлснийхээ дараа хурдан баригддаг. Тиймээс худлаа ярих нь надад үнэхээр тохирохгүй. Бас худлаа ярьж, хэн нэгний урмыг хугалахыг би хүсдэггүй. Гэхдээ би төгс ариун гэгээнтэн биш. Зөндөө олон алдаа гаргасан. Амьдрал дуусахгүй үргэлжилнэ. Маргааш өнөөдрөөс илүү сайн хүн болж төлөвшихийн төлөө өөрөө хичээж зүтгэх ёстой гэж боддог. Би өнөөдөр төгс биш ч маргааш өнөөдрөөс дээр байхыг хичээмээр байна. Магадгүй Амьдралын төгсгөлд би үнэ цэнэтэй амьдарсан гэж өөрийгөө тооцох болов уу.
-Таны ярилцлага бүрээс өглөө бүр ажилчиддаа онч мэргэн үгтэй и-мэйл явуулдаг тухай уншсан. Энэ талаар асуухгүй өнгөрч болохгүй байх аа?
-Сүүлийн нэг жил энэ зуршлаасаа төсөөрсөн байна. Одоо и-мэйлээр тараахаас илүү өөрийнхөө цахим хуудсуудад байршуулдаг болсон. Гэхдээ өөрт таалагдсан, миний амьдралын зарчмыг илэрийлсэн онч мэргэн үгс тааралдвал би хадгалж авдаг. Ингээд англи үг байвал монгол руу, монгол үг байвал англи руу орчуулдаг юм. Орчуулах нь надад монгол хэл сурах нэг гол арга барил болсон. Бусдад гэхээсээ илүү миний өдөр тутмын амьдралд сануулга болж өгдөг. Нөгөө талаар бусдыг уриалан дуудаж, ухааруулж магадгүй.
-Таньд хамгийн үнэ цэнэтэй санагдсан ямар үг байна вэ?
-Хэдхэн хоногийн өмнө орчуулсан нэг үг надад маш үнэ цэнэтэй санагдсан. Америкийн сагсан бөмбөгийн домогт дасгалжуулагч “Авьяас чадварыг бурхан өгдөг учраас даруу бай, нэр алдрыг хүн өгдөг учраас талархалтай бай, бардамналыг хүн өөрөө өөртөө өгдөг болохоор болгоомжтой бай” гэж хэлсэн байдаг. Энэ үг надад маш их таалагдсан. Аз жаргалтай амьдрахын тулд талархалтай байх нь маш чухал. Бардам зан гэдэг авьяас чадварыг үгүй болгодог зүйл. Хүн хичнээн сайхан авьяастай, чадварлаг байсан ч бардам, биеэ тоосон хандлагатай байвал амжилтад хүрэхэд саад болно. Өдөр бүр өөр өөр онч мэргэн үг орчуулж, иш татах дуртай.
-Монгол хэл үнэхээр сайн сурчээ?
-Сүмийн шугамаар сайн дурын англи хэлний багшаар Монголд анх ирэхдээ өдөр бүр 10-15 үг цээжилдэг байлаа. Миний гол сурах арга барил өдөр бүр үг цээжлэх явдал байсан. Одоо ч энэ зуршил маань хэвээрээ. Ажлын ачааллаас болоод цээжлэх үг маань гурав болж багассан. Өдөр бүр би гурван монгол үг цээжилдэг. Хүмүүстэй харилцахад, сонин уншихад гарч ирсэн мэдэхгүй үгээ тэмдэглэж аваад, дараа нь толь бичгээс утгыг нь хараад цээжилдэг байсан.
-Таныг монголчуудын бодит үнэн байдлыг хэлж, шүүмжилдэг цөөхөн хүмүүсийн нэг гэдэг. Манай уншигчдад зориулж юу гэж хэлмээр байна вэ?
-Заримдаа хүмүүс намайг буруугаар ойлгодог юм шиг санагддаг. Миний шүүмжлэлийг сонсоод, намайг шүүмжлэгч юм уу гэж хэлдэг. Намайг Монголыг муулдаг гэж андуурдаг. Хэрэв миний үгийг гүйцэд сонсвол би шүүмжлэлийг шийдэлтэй нь хамт хослуулж ярьдаг. Шийдэлтэй нь хамт хослуулж ярихаар хүмүүс арай эерэгээр ойлгож, сонсдог. Тиймээс нийгмийн асуудалд эерэгээр хандвал шийдэлд хүрч болно. Аз жаргалыг хайж олох нь хүний эцсийн зорилго биш. Би өөрөө ч аз жаргалтай байдаггүй л дээ. Гэхдээ тухайн өдрийг аз жаргалтай байлгахаар шийдсэн бол ямар ч зовлон, бэрхшээлийг ялан дийлж гарч чадна гэдэг сайхан үгээр энэ ярилцлагаа төгсгөмөөр байна.
П.УРНАА
medee.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ