М.Дашбалжид: Ч.Хантүмэнг бичлэг тавьсны дараа би халдлагад өртсөн

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп анх санаачилж, эрхийг нь эзэмшдэг байсан гэх Miss Universe гоо сайхны уралдаанд энэ жил Монголоос анх удаа оролцохоор болсон билээ. Дэлхийн хэмжээний сонгон шалгаруулалтад өрсөлдөх үндэсний ялагчийг тодруулах Miss Universe Mongolia” шалгаруулалт саяхан болж, загвар өмсөгч Д.Долгион тодорсон юм. 

Харамсалтай нь, уралдааны ялагч болон шилдэг 15 оролцогчийн талаар сошиалд олон сөрөг мэдээлэл цацагдаж, үүнээс болж тэдний биед халдсан тохиолдол гарчээ.

Ub Comedy” клубын гишүүн Хану буюу Ч.Хантүмэн уралдааны дараа оролцогч бүсгүйчүүдийн англиар ярьсан асуулт, хариултын хэсгийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд тарааж, ёс бус хэллэг ашиглан, оролцогчдыг шоглосон байдаг. Энэ бичлэг нийтлэгдсэний дараа оролцогч бүсгүйчүүдийг элдвээр доромжлох байдал нэмэгдэж, тэдний хувьд сэтгэл зүйн хүнд байдалд орсноо ярилаа. Тэр байтугай миссүүдийн нэг М.Дашбалжидад халдаж, түүнийг хүнд гэмтээсэн хэрэг гарсан тул  Зөрчлийн тухай хуулийн дагуу Ч.Хантүмэнтэй холбоотой гомдол гаргахаар зэхэж байгаа ажээ.

Энэ талаар “Miss Universe Mongolia уралдааны оролцогчмисс М.Дашбалжидаас тодрууллаа.

-“Miss Universe Mongolia"-гийн зохион байгуулагчидтай ярилцаж байгаа. Гомдол гаргана гэж бодож байна. Тэмцээнийг зохион байгуулагчид болон оролцогчид Ч.Хантүмэнгийн хийсэн ёс зүйгүй бичлэгээс болж сэтгэлзүйн дарамтад орсон. Оролцогч охид, бүсгүйчүүдийн ихэнх нь шинэ залуу загвар өмсөгчид байсан. Тайзан дээр хүнд сандарч, мэгдэх үе байна. Мэдэхгүй, чадахгүй зүйл байсан байх, тэр алдаагаа бид зөвшөөрнө. Алдаа дутагдлыг шүүж, зөвлөж байгаа тохиолдлыг хүлээж авч болох ч олон нийтийн сүлжээнд доромжилж, ёс бусаар хэлэх, хүмүүсийг бидний эсрэг турхирсан зэрэг нь тэр хүний буруу үйлдэл гэж бодож байна. Гомдолтой байгаа. Охид, бүсгүйчүүдийн зоригийг мохоож байна. 

Өнгөрсөн амралтын өдөр гэхэд “Coffee shop”-оор үйлчлүүлж байтал хоёр залуу Хануг дуурайж, намайг “Bitch  гэж доромжилсон. Ингээд эсэргүүцэл үзүүлтэл биед халдаж, ноцтой бэртэл учруулсан. Энэ хүртэл тэсээд тэвчээд явж байсан ч залуучуудыг ийм үйлдэл хийх хүртэл нь турхирч, уриалсан Ч.Хантүмэн гэжзалууг яагаад ч зүгээр өнгөрүүлж болохгүй гэж бодож байна. Бид нар бүгдээрээ шүүхэд гомдол гаргана. Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээж, биднийг доромжилсныхоо төлөө тэр хүн уучлал гуйгаасаа гэж хүсч байна. Тэр тусмаа олны өмнө урлагийн үзүүлбэр үзүүлдэг, үе тэнгийнхээ залууст үлгэр дуурайл болох ёстой залуу хүн байж ийм дураараа, бусдыг доромжилж, өөрийгөө дөвийлгөсөн үйлдэл гаргасанд гомдолтой байна. Тэр хүн өөрөө англиар төгс сайн ярьж чаддаг байж болох ч бусдыг шүүх эрх байхгүй" гэлээ.

 Мисс М.Дашбалжидтай ийн утсаар холбогдсоны дараа уулзах хүсэлт тавьсан ч биеийн байдал нь хүндэвтэр байгаа тул уулзах боломжгүй байна гэж тайлбарлалаа. Тэрбээр мөн фэйсбүүк, инстаграм зэрэг сошиал сүлжээнд нэвтрэхээс айж эмээдэг болсон тухайгаа ярьсан. 

Дашрамд тэмдэглэхэд, Монголын талаас “Miss Universe” олон улсын уралдаанд оролцох эрхийг авахын тулд сүүлийн таван жил холбоотой ажиллаж байж тавьсан нөхцөл шаардлагыг хангажээ. 

Дэлхийн 190 гаруй орны бүсгүйчүүд оролцдог “Miss Universe уралдаанд Монгол Улсыг төлөөлөн оролцох үндэсний ялагчийг тодруулах шалгаруулалт гурван сарын турш үргэлжилж, сүүлийн шатанд 15 бүсгүй оролцсон юм. 

 

Д.ЦЭЦЭГ

WWW.ZINDAA.MN


СЭТГЭГДЭЛ БИЧИХ