З.Энхболд: УИХ тарахгүй гэвэл эрүүгийн гэмт хэрэг хийсэн энэ олон гишүүнээ яах юм бэ
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ өөрөө тарах асуудлыг УИХ-ын даргатай зөвшилцөхөөр хүргүүлээд байгаа. Уг асуудлыг ямар хугацаанд хэлэлцэх хуультай талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.
-Ерөнхийлөгч УИХ өөрөө тарах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ асуудлыг УИХ хэдий хугацаанд хэлэлцэн шийдвэрлэх хуультай вэ?
-Үндсэн хуульд байдаг энэ боломжийг өмнөх Ерөнхийлөгчид ерөөсөө ашиглаж байгаагүй. Анх удаа Ерөнхийлөгч Х.Баттулга энэ хуулийн зүйл заалтыг ашиглаж байна. Ерөнхийлөгч УИХ болохоо байлаа, төсөв гэж авах юм байхгүй, дээр нь ЖДҮДС-аас 10 гаруй гишүүн зээл авсан байна. Цаашдаа 50 гишүүний тухай яригдана гэж АТГ-аас Ерөнхийлөгчид мэдээлэл өгч байгаа. Эрүүгийн хуулийн 22.1 дээр эрх мэдэл албан тушаалаа ашиглаж хөрөнгөжих, өөрийн найз нөхөд, гэр бүлдээ давуу байдал олговол хорих ялаар шийтгэх хуультай. Тиймээс энэ УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзээд, өөрөө тарах шийдвэрийг гаргах саналаа УИХ-ын даргад мэдэгдсэн. Энэ бичиг өгснөөс хойш хугацаа тодорхойгүй. Харин УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр УИХ-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох гэдэг зүйл бий.Энд гурван шалтгаанаар УИХ-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болно. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь тарах санал гаргавал тарна, Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөөд тарая гэвэл тараана, Ерөнхий сайдыг 45 хоногийн дотор томилж чадахгүй бол УИХ тарна. 31.1.2 буюу Ерөнхийлөгчийн саналаар УИХ-ын даргатай зөвшилцөхөөр оруулж байгаа зүйлээр бол 31.3-аар явна. УИХ-ыг тараах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн бол ажлын долоо хоногт эхлээд дараагийн долоо хоногт багтаан шийдвэрлэнэ гэж заасан. Тэгэхээр 14 хоног л УИХ-д байгаа гэсэн үг. УИХ-ын даргаас хариу ирсний дараагаас 14 хоног эхэлнэ. УИХ-ын дарга саналаа Ерөнхийлөгчид бичгээр ирүүлнэ. Түүний дараа Ерөнхийлөгч УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах тухай тогтоолын төслөө албан бичгийн хамт хүргүүлнэ. Энэ өдрөөс хойш долоо хоногийн дотор хэлэлцэж эхлээд долоо хоногийн дараа хэлэлцэнэ.
-УИХ Ерөнхийлөгчийн саналыг хүлээж аваад бүрэн эрхээ түдгэлзүүлнэ гэж харахгүй байгаа?
-Тарахаас өөр арга байхгүй. Энэ олон эрүүгийн гэмт хэрэг хийчихсэн гишүүдээ яах юм бэ. Хуулийн байгууллага шийдээд явчихна шүү дээ. 10,20,30 гишүүнгүй их хурал яах уу, яаж хурлаа үргэлжлүүлэх вэ. Ийм л байдалд хүрчихээд байгаа учраас Ерөнхийлөгч анх удаа энэ заалтыг ашиглаж байна. Хэрвээ ийм зүйл болоогүй бол ярихгүй шүү дээ. Гишүүд өөрсдөө жил бүр 60,70 тэрбум төгрөг хуваарилдаг. Энэ жил арай бага 47 тэрбум төгрөг хуваарилж байх шиг байна. Гэтэл энэ мөнгөө өөрсдөө очиж аваад байсан нь гэмт хэрэг. Тав, арван сая төгрөгийн зээл авдаг жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулаад жилийн гурван хувийн хүүтэй зээл шүү дээ. АН-ын үед энэ зээлийг банкаар дамжуулж олгодог байсан. Банканд эх үүсвэрээ шилжүүлээд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид барьцаагаа тавиад авдаг. Гэтэл 2016 оны сонгуулийн маргааш л ХХААХҮЯ руу шилжүүлчихсэн юм байналээ шүү дээ. Тэгээд л П.Сэргэлэн, Б.Батзориг сайд нар нь тушаал гаргаад л хамаатан садан, найз нөхдөдөө өгсөн байна. Зөвхөн УИХ-ын гишүүд биш Ерөнхий аудитор гээд зөндөө хүн авчихсан юм байна лээ. Үүнийхээ учрыг л ол л доо.
-Парламент тарахаас өмнө Засгийн газарт хариуцлага тооцох юм биш үү?
-Энэ бол парламентын өөрийнх нь асуудал болохоос Ерөнхийлөгчийнх биш. Ерөнхийлөгчийн бичгэн дээр үүнийг дурдсан. “Та нар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг концесс идлээ гэж огцруулсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар чинь жижиг дундын мөнгийг идчихжээ. Та нар гурав дахь, дөрөв дэх Засгийн газраа байгуулсан ч юу ч засрахгүй юм байна. Тиймээс та нар өөрсдөө тараад, шинэ Их хурал арай хариуцлагатай Засгийн газар байгуулах байх” гэж хэлсэн байгаа.
-Хэрвээ УИХ тарахгүй бол Ерөнхийлөгч өлсгөлөн зарлана гэсэн. Үнэхээр өлсгөлөн зарлах юм уу?
-Ерөнхийлөгч маргааш гараад өлсгөлөн зарлах тухай огт яриагүй. “Надад өөр ямар гарц үлдэх юм бэ. Би өлсгөлөн зарлах юм уу, яах юм” гэж хэлснийг өлсгөлөн зарлах гэж байгаа юм байна гэж орчуулаад байгаа нь буруу. Бүр аргаа барсан л хүний үг болохоос биш өлсгөлөн зарлана гэж хэлээгүй. Тиймээс Ерөнхийлөгчөө өлсгөлөн зарлатал нь дэлхий даяар шившиг болгохгүйн тулд УИХ тарах л ёстой.
Л.Одончимэг itoim.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ