А.Лувсан: Харүмафүжи биднээс уучлал гуйгаагүй ч өргөдлөө татаж авсан
Tаканоива А.Баасандорж нь аварга Харүмафүжи Д.Бямбадоржоос өмгөөлөгчийн хөлс, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал, зиндаа буурч цалин багассаны хөлс зэргийг нэхэмжилсэн хүсэлтээ шүүхээс эргүүлэн татсан билээ. А.Баасандоржийн өмгөөлөгч нь өргөдлөө татаж авсан шалтгаанаа Монголд байгаа ар гэрийнхэнд нь дарамт учир ч байгаатай холбон тайлбарласан төдийгүй цаашид маргаанаа эцэслэж барилдаандаа анхаарал хандуулахыг чухалчилж байгаагаас ийм шийдвэрт хүрсэн хэмээн тайлбарласан юм. Түүний өргөдлөө буцаан авсан асуудлыг сумо сонирхогчид олон талаас нь таамаг дэвшүүлж буй юм. Энэ асуудлаар Таканоива А.Баасандоржийн төрсөн ах А.Лувсангаас тодрууллаа.
Таканоива А.Баасандорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж авсан нь ар гэрийнхэнд нь дарамт ирж байгаатай өмгөөлөгч нь холбон тайлбарласан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх үү?
Ийм үйл явдал болсонд үнэхээр харамсаж явдаг. Хэрэг явдал болсноос хойш маргаан, шуугиан тасралтгүй жил гаруй хугацаанд үргэлжиллээ. Бидний хувьд өнгөрсөн хугацаанд сэтгэл санааны хувьд маш хүнд байлаа. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим орчинд дүүг маань маш ихээр доромжилж, гүтгэсээр ирсэнд үнэхээр харамсаж байна. Утсаар дугаараа нууцалсан хэн нэгэн залгаж дарамтлах, заналхийлэх явдал хүртэл болдог байлаа. Энэ бүх дарамт, шуугиан маргаанаас салахыг хүссэн.
Нөгөөтэйгүүр цаашид дүү маань барилдаандаа илүү анхаарал хандуулахыг хүсч байгаа. Таканохана Сүмогийн Холбооноос гарснаар түүний дэвжээг тарааж, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлсэн шүү дээ. Тиймээс А.Баасандорж шинэ дэвжээнд очсонтой холбоотойгоор сэтгэл санаагаа бэлтгэж барилдаандаа анхаарал хандуулахыг хүсч байгаа. Тиймээс өргөдлөө татаж авах шийдвэрт хүрсэн.
Өргөдлөө татаж авах болсон нь А.Баасандоржийн өөрийнх нь шийдвэр байсан уу?
Тийм. Мэдээж надтай зөвлөлдсөн. Ер нь анхнаасаа мөнгө нэхэмжилсэн асуудал нь түүний шийдвэр биш шүү дээ. Японы хуулиар хохирогч болсон этгээд буруутай этгээдээс мөнгөө нэхэмжлэх үүрэгтэй байдаг. Эмнэлэгт удаан хугацаанд эмчлүүлсэн зардал, өмгөөлөгчийн хөлс гээд багагүй мөнгө зарлагдсан. Мөн гэмтэл авснаас үүдэж зиндаа буурсан. Зиндаа буурсантай холбоотойгоор цалин хангамж, сумогийн холбооноос олгодог бооцооны мөнгө хүртэл багасдаг. Энэ үүднээсээ А.Баасандорж их хэмжээний хохирол амссан. Гэвч ч Харүмафүжи Д.Бямбадоржоос нэхэмжлэлээ татаж авсан. Угтаа бол хуулийн дагуу л мөнгө нэхэмжлэгдсэн зүйл шүү дээ. Түүнээс А.Баасандорж мөнгө нэхэмжлээд байгаа асуудал биш. “А.Баасандорж Харүмафүжигээс мөнгө нэхэмжиллээ” гээд Монголд шүүмжлэл их дагуулсан. Энэ асуудалд дүү маань их сэтгэлээр унасан, эмзэглэсэн. Тиймээс шүүхээс өргөдлөө татаж авах саналаа өөрөө гаргасан.
Өргөдлөө татаж авсан асуудал нь аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Таканоива А.Баасандорж нар нь тохиролцоонд хүрчихлээ гэж хардах хүмүүс байна?
Анх асуудал үүссэнээс хойш Харүмафүжи Д.Бямбадорж бидэнтэй ямар нэгэн байдлаар холбоо бариагүй. Бид хоорондоо холбоо тогтоогоогүй гэсэн үг. Биднээс ч өнөөдрийг хүртэл Харүмафүжи Д.Бямбадорж уучлал гуйгаагүй байгаа. Харүмафүжи Японы ард түмнээс, Сумогийн холбооноос уучлал гуйснаас Монголын ард түмнээс, ар гэрийнхнээс нь нэг ч уучлал гуйгаагүй байгаа. Тийм учраас бидний хооронд ямар нэгэн тохиролцоо болоогүй. Болох ч үгүй.
Энэ ташрамд хэлэхэд, дээрх асуудал дээр Монгол болон Японы хэвлэл мэдээлэл, ард түмэн тэнгэр газар шиг хоёр өөр байр суурьтай байна. Монголын хэвлэл мэдээлэл, олон нийт дүүг маань доромжилж байхад, Японы ард түмэн, хэвлэл мэдээллийнх нь өөр байр суурьтай байгаа. Япончууд “Хүн зодуулчхаад, гэмтэж бэртчихээд байхад эрүүл мэнд, сэтгэл санаа, эрх чөлөөг нь хамгаалдаггүй ямар сонин улс вэ” гэж гайхаж хүлээж авч байна. Гэтэл Монголчууд болохоор дүүг маань доромжилсоор л байдаг.
Үнэхээр бид Харүмафүжи Д.Бямбадоржтой тохиролцоонд хүрсэн зүйл байхгүй. Дахин хэлэхэд, биднээс уучлал гуйгаагүй шүү дээ. Гэхдээ бид хэл ам, хэрүүл шуугианаас залхаж, А.Баасандорж цаашдын барилдаандаа анхаарал хандуулахын тулд маргааныг эцэслэхийг хүссэн. Маргаан цааш үргэлжилвэл хэчнээн удаан үргэлжлэхийг мэдэхгүй байна. Тиймээс аль болох маргаанаа эцэслэж, дүү маань цаашдынхаа барилдаандаа анхаарах нь чухал байна. Ийм л зүйл боллоо.
Таканоива А.Баасандоржийн төрсөн ах А.Лувсан ийм тайлбар өгч байна. Харин зарим бөх сонирхогчидТаканохана Сүмогийн Холбооноос гарч дэвжээгээ орхиж, А.Баасандорж шинэ дэвжээнд очсонтой холбоотойгоор өргөдлөө татаж бие даан шийдвэр гаргалаа гэх нэгэн байна.
Т.Амараа
ZINDAA.MN
СЭТГЭГДЭЛ БИЧИХ