“Хүний нутагт хөлсөө дуслуулж олсон мөнгөөрөө аялсан болохоор аялал маань амттай байлаа”

-ХАМГИЙН ХЭЦҮҮ ЗАМ СҮҮЛИЙН 1000 КМ БАЙЛАА. ХАЙРТАЙ БҮХЭН РҮҮГЭЭ ЯАРААД 
БОЛДОГ БОЛ НИСЧИХМЭЭР Л САНАГДЛАА-

Д.Амарзаяа, Ш.Түвшинжаргал гэх хосууд “Улаанбаатар-Лондон-Улаанбаатар” гэсэн маршрутаар 46.000 км замыг туулан Ази, Европын 41 орны нутаг дэвсгэрээр аялаад, өчигдөр орой 21:00 цагт аялал эхэлсэн цэг буюу Сүхбаатарын талбайд ирсэн. Тэднийг аав ээж, хүү охин, найзууд нь сүүн цацлаар аяных нь дөрөөг мялаан угтан авлаа. Мөн фэйсбүүкийн найзууд нь ч гэсэн ирсэн байв. Д.Амарзаяа, Ш.Түвшинжаргал нарыг машинаасаа бууж ирэхэд аав, ээж нь “Үр хүүхдүүдийг минь эсэн мэнд, саадгүй эх оронд маань авчирлаа” хэмээн машинаас нь адис авч харагдав.

Төд удалгүй тэдний хүү, охин хоёр ирж, таван сарын турш бие биетэйгээ уулзаагүй санасан сэтгэлийнхээ цангааг тайлж, охин нь ээжээсээ бишүүрхэж царайг нь харахгүй байгаа ч гэсэн энгэрт нь шигдчихсэн байв. Харин том хүү нь “Дахиад орхиод явахгүй шүү” хэмээн аавынхаа хөлд орооцолдон гүйнэ.  

Д.Амарзаяа, Ш.Түвшинжаргал нарыг талбай дээр угтаж авахаар ирсэн хүмүүс “Та хоёр энийг хэрэггүй авч явж дээ” гэсэн ачаа байна уу гэж асуутал Ш.Түвшинжаргал “Хамгийн хэрэггүй ачаа гэвэл гитар гэж хэлмээр байна. Хамгийн анх аялалд гарахдаа ил галын дэргэд гитараа тоглоод л гээд их зүйл мөрөөддөг байлаа. Гэвч аяллын турш үнэхээр завгүй, юун гитар тоглох, уутнаас нь бараг гаргасангүй” хэмээн хариулсан юм.

Бид Д.Амарзаяа, Ш.Түвшинжаргал хоёртой цөөн хором ярилцаж, аяллын сонин сайхнаас нь хуваалцлаа.

-Аян замдаа сайн явж ирэв үү? Хэдэн улсаар аялж, хэдэн мянган туулж эх орондоо ирэв?

-Бид хоёр сайн яваад, зорьсон зорилгодоо хүрээд, эх орондоо ирлээ. Тавдугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос гарч, аравдугаар сарын 31-ний өдөр аялал эхэлсэн цэгтээ ирлээ. Бид Монгол Улсдаа 5000 км-ын аялал хийсэн. Хамгийн сүүлд Беларусь руу орсныг тооцоход 41 улсын нутаг дэвсгэр дээгүүр, таван сар 10 хоног орчим хугацаанд 46 мянган км замыг машинаараа, 1000 гаруй км-ыг машинтайгаа хамт усан онгоцоор яваад эх орон үр хүүхэд, аав ээж, элгэн садандаа ирлээ дээ. Нийтдээ 47 мянган км аялсан гэсэн үг.

-Хайртай хүмүүстэйгээ уулзаагүй нэлээд цаг хугацааг өнгөрөөсөн учраас Улаанбаатар руу ирэх зам барагдаж өгөхгүй, болдог бол нисчихмээр санагдаж байсан болов уу гэж бодож байна?

Ш.Түвшинжаргал: -Тийм шүү, хамгийн хэцүү зам сүүлийн 1000 км байсан. Яагаад гэвэл хайртай бүхэнтэйгээ уулзах гээд, болдог бол нисчихмээр, хурдан давхимаар байлаа. Гэхдээ үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг маш болгоомжтой явах шаардлагатай учраас мөлхөж ирлээ. Энэ нь маш их хэцүү байлаа. Их догдолсон.

Д.Амарзаяа: -Маш их догдолсон. Сүүлийн хоёр хоног нойргүй явлаа. Гэртээ харих гэж байгаа гээд бодохоор л шөнө унтаж чадахгүй догдлоод. Өнөөдрөөс сайхан амарна даа.  

Ш.Түвшинжаргал: -Уг нь төлөвлөгөөний дагуу Улаан-Үүдэд хоночихоод, өнөө /өчигдөр/ өглөө замдаа гараад, аажуухан явж ирэх байсан. Гэвч хонож чадахгүй шөнөжингөө давхиж, хилээ гарч хоноод өнөөдөр гэртээ хүрээд ирлээ.

-Та хоёрыг наашаа ирэхээр яарч, догдолж буй гэдгийг мэдэж байгаа ч гэсэн маш олон хүн “Тайван яваарай”, “Аажуухан яваарай” гээд захиж буй харагдсан?

Ш.Түвшинжаргал: -Маш олон хүн гулгаатай, халтиргаатай байгаа шүү, аажуухан яваарай гээд захисан. Эдгээр хүмүүсийн зөвлөгөөг сонсож байгаа ч гэсэн ийм сайхан хүүхдүүд /охин, хүү хоёр руугаа заав/ хүлээж буй юм чинь яаж яарахгүй байх вэ. Тэгээд л яваад ирлээ.

-КЫРГЫЗСТАН УЛС ХААНА Ч БАЙХГҮЙ ӨВӨРМӨЦ СОЁЛТОЙ ЮМ БИЛЭЭ-

-Гадаадад амьдардаг элэг нэгт монголчууд маань та хоёрыг сайхан хүлээн авч, аялалд нь бага ч гэсэн тус хүргэсэн болов уу гэж бодож байна?

Ш.Түвшинжаргал: -Гадаадад амьдардаг монголчууд маань биднийг маш сайхан хүлээн авч байсан. Элчин, консул ч байхгүй, монгол хүн амьдардаггүй орноор их явсан. Эдгээр улсуудаар аялахад хүнд үеүд байлаа. Гэхдээ дөнгөж аялал эхэлж байсан болохоор энергитэй байсан. Аяллын сүүл рүү Австри орноос хойш монголчууд тасраагүй. Европын монголчууд бид хоёрыг гудамжинд, машинд хонуулаагүй гэж хэлж болно. Бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Мөн гэртээ урихаас гадна бид хоёрт маш их үнэ цэнэтэй мэдээлэл өгч, урмын үгс нь энэ аяллыг дуусгахад асар их нөлөө үзүүлсэн.

-Аяллынхаа хэд хоногт машиндаа хонов?

Ш.Түвшинжаргал: -Бид хоёр 160 орчим хоног аялсан. Замдаа таван удаа буудал захиалсан. Гэхдээ хоёр нь буудал гэж нэрлэж болохоор зүйл, гурав нь нийтийн байр байсан. Бусад өдрүүдэд нь машиндаа, монгол хүн амьдардаг орнуудад айлд хоносон.

-Аль орны нутаг дэвсгэрийг дайран өнгөрөхөд хүндрэл, саад бэрхшээл тулгарч байв?

Д.Амарзаяа: -Орчин үеийн нийгэмд бензин, газ, гадаад валют солих газар ховор байсан. Гэхдээ Узбекистан улсын нутаг дэвсгэрт аялахад хүнд байсан ч гэсэн үзэж харах юм ихтэй, хамгийн сайхан нь байсан.

-Та хоёрын сэтгэлд хамгийн тод дурсамж үлдээсэн улс, дурсгалт газар гэвэл аль орон, газрыг нэрлэх вэ?

Д.Амарзаяа: -Ганцхан улсыг хэлэх боломжгүй. Яагаад гэвэл нэлээд их улсаар дамжин өнгөрч, маш сайхан зүйлс үзэж харлаа. Надад Турк улс их гоё санагдсан. Хүмүүс энэ улсад заавал очиж үзэх хэрэгтэй. Мөн Парис их гоё байсан, миний мөрөөдөл биелсэн, сэтгэл догдолсон хамгийн гоё мэдрэмж авсан.

-Гэрлэх санал авсан, тийм ээ?

Ш.Түвшинжаргал: -Хоёр хүүхэдтэй болсон ч гэсэн гэрлэх саналаа тавиагүй байсан юмаа. /инээв. сурв/

Д.Амарзаяа: Охид бүр Парисын эйфеллийн цамхагийн өмнө хайртай хүнээс гэрлэх санал авах юмсан гэсэн нууцхан мөрөөдөлтэй байдаг. Миний мөрөөдөл биелэсэн.

Ш.Түвшинжаргал: -Бид хоёр машинтайгаа 41 улсаар, өмнөх аялалтайгаа 50 улсаар явсан байна. Энэ 50 улсаас хамгийн түрүүнд аль улсад нь түрүүлж очих вэ гэвэл Кыргызстан улсыг нэрлэнэ. Яагаад гэвэл миний сэтгэл хөдлөл Кыргызстанд дээд цэгтээ тулсан. Хаана ч байгаагүй мэдрэмж, хаана ч байхгүй өвөрмөц соёлтой газар. Бид хоёр үүлнээс дээшээгээ гараад, мөнх цастай уулан дээгүүр явчихаад буцаж ирсэн. Маш гоё орон. Манайх шиг гүүтэй, айргаа хөхүүрэнд бүлдэг. Яг Монгол орон шиг, ялгарах нэг зүйл нь өндөр, өндөр уулстай, маш гайхамшигтай орон.

-Урт хугацааны аялалд гарахын өмнө маш олон зүйл бэлдэх ёстой гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг. Ийм зүйлээс болж аялалд гарч чадахгүй байгаа хүмүүст хандан та хоёр юу хэлэх вэ?

Ш.Түвшинжаргал: -Хүсэл байвал шууд аялалдаа гарсан нь дээр. Ний нуугүй хэлэхэд, бид хоёр энэ аялалд гарах гэж хугацаа их алдсан. Хамгийн анх долоон жилийн өмнө Лондонгоос Монгол руу ирдэг раллиг харчихаад, ингээд яваад ирэх юмсан гэж бодож байсан. Тухайн үед тусгай аяллын машинтай, дансандаа их мөнгө байх ёстой гээд буруу бодчихсон. Нэг мэдсэн цаг алдаад 21, 22-той байсан үе өнгөрөөд, 30 нас руу шүргээд яваад байдаг. Тэгээд л надад яг юу байна, шууд аялалдаа гарах юм байна гэж ойлгоод л үүргэвч, машинаа бэлдээд шууд аялалдаа гарсан даа. Европт буудал, хоол маш их үнэтэй байдаг. Харин бид хоёр машин дотроо борцтой шөлөө хийж идээд л, унтаад явсан болохоор зөвхөн виз, бензиний зардал аялалын зардлын 80-90 хувийг эзэлсэн. Яг хаана унтах нь бид хоёрт чухал биш, 50-иас дээш насныханд л чухал байх /инээв.сурв/. Сүүлдээ хаана ч толгой тавьсан унтдаг болж байгаа юм. Машиндаа унтаад, хоолоо хийж идээд л явсан. Тиймээс бага мөнгөөр олон орноор аялсан гэж бодож байна.

-Энэ удаагийн аялалд гарах санааг та хоёрын хэн нь хамгийн анх гаргасан бэ?

Д.Амарзаяа: -Бид хоёр одоогоос есөн жилийн өмнө танилцсан. Тэгэхэд манай хүний ганц ярьдаг зүйл нь “Дэлхийг тойрч аялна” гэдэг байсан. Сүүлдээ хоёр хүний мөрөөдөл болсон. Европоор машинтай аялахыг гурван жилийн өмнөөс ярьж эхэлсэн, сэтгэл зүйгээ болон аялалд гарахад шаардлагатай зүйлсээ бид хоёр бэлдэж эхэлсэн.

-ХАМТДАА ЗОРЬСОН, МӨРӨӨДСӨН УЧРААС НАДАД ШАНТРАХ ЭРХ БАЙГААГҮЙ-

-Энэ цэнхэр төмөр хүлэг та хоёрыг зорьсон газарт чинь хүргээд, эх оронд маань саадгүй аваад ирлээ?

Ш.Түвшинжаргал: -Энэ машин ярих түүх ихтэй. Үнэ цэнэ нь бид хоёрт маш их, төгрөгөөр бол гайгүй хямдхан. 2011 онд манай ах авсан. Тэгээд дөрвөн жилийн дараа 2015 онд “Машинаа солилоо” гээд бид хоёрт бэлэглэсэн. Ингэж бид хоёр машинтай болж байсан. Энд ах маань ирсэн харагдаж байна (Ах руугаа харав. сурв). Эрдэнэчулууны Өлзийбадрах гэдэг залуу 2011 оноос хойш манай машины засвар үйлчилгээг хийдэг байсан. Энэ машинтайгаа аялалд гарах гэж байгаагаа хэлтэл “Хийх шаардлагатай зөндөө зүйл байгаа, би бэлдэнэ” гэж хэлсэн. Бэлдсэн, хийсэн 3-4 сарын хугацаанд сэлбэгүүдийг нь энд тэндээс захисан. Тэгээд явчихаад ирэх үү гэж асуутал Э.Өлзийбадрах маань эрхий хуруугаа гозойлгосон. Бид хоёр аяллын туршид ямар ч асуудалгүйгээр явлаа. Энэ таван сарын хугацаанд машин маань нэг ч удаа зогссонгүй, нэг ч удаа буулгасангүй, санаа зовох юмгүйгээр яваад ирдээ. Сүүлдээ бид хоёртой нэгэн бие болсон. Бид хоёр машинаа “Сайн жаал” гээд илнэ, үнсэнэ /инээв.сурв/.

Д.Амарзаяа: -Айлд орж хонохоор бол “Сайхан амраарай” гэж хэлнэ. Өглөө нь “Гомдсон уу” гээд л машинтайгаа ярина шүү дээ.

Ш.Түвшинжаргал: -Европт машинаа засуулбал төлбөр нь дийлдэхгүй л дээ. Бид хоёр Монголдоо үндсэн засвараа хийж дуусгаад, Германд урсгал засвар хийлгэх төлөвлөгөөтэй байсан. Яагаад гэвэл машин маань эх нутагтаа очиж буй болохоор тэр л дээ. Германд энэ чиглэлээр ажилладаг, сургуулийг нь төгссөн Мөнгөн гээд ах байсан. Энэ хүн урсгал засварыг бид хоёрт гурав хоног хийж өгөөд, “Гэртээ асуудалгүй харина” гэж хэлсэн. Мөнгөн ахдаа мөн ч олон удаа баярлалаа гэж хэлсэн. Одоо ч гэсэн дахиад баярлалаа гэж хэлмээр байна. Бидний аяллын зардлын 80-90 хувь нь бензин, виз байсан гэж түрүүн ярьсан шүү дээ. Манай машин уг нь 100 км-т найман литр түлш шатаадаг. Турк улсад нэгэн гайхамшигтай үйл явдал болсон. Анкара дахь Элчин сайдын яаманд ажилладаг үеийн залуучууд маань “Европ руу ийм маягаар, олон мянган км туулах боломжгүй. Тиймээс та хоёр зардлаа дахиад хэмнэх хэрэгтэй” гээд манай машиныг газ болгох талаар ярилцаж, тооны машин дээр тоо бодож судалгаа гаргаад, “Зардлаа 40 хувь хэмнэнэ шүү” гэж хэлсэн. Бид хоёр үнэхээр 40 хувийн хэмнэлт гаргасан. Бид колонк орох бүртээ “Анкарагийнхан байгаагүй бол” гэж ярьдаг. Хэрэв бид хоёр бензинээр явсан бол цуглуулсан жаахан мөнгө маань Герман хүрээд дуусах байсан болов уу. Газаар явсан учраас ингээд эх орондоо хүрээд ирлээ. Энэ ярилцлагыг уншиж байгаа бол Анкара дахь Элчин сайдын яаманд ажилладаг үеийн залуучууддаа зуун зуун удаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Эмэгтэй хүний хувьд 46 мянган км замыг таван сарын хугацаанд аялна гэдэг амаргүй байх шүү. Буцчихмаар санагдсан үе бий юу?

Д.Амарзаяа: -Ханьтайгаа хамт байсан учраас айх, сандрах гээд ямар нэгэн аюулыг мэдрээгүй. Бид аялж байхдаа “Муу бодол байдаггүй учраас бидэн рүү муу зүйл халдаггүй юм байна” гээд ярилцаж байсан. Аяллын туршид яг энэ хуулиар явсаар байгаад л ирлээ. Эмэгтэй хүн учраас аялж байх хугацаанд шүд зуух, тэвчээр шаардсан үеүд гарсан. Гэртээ эргээд ирмээр үе харьцангүй бага байсан шүү. Хамтдаа зорьсон, мөрөөдсөн учраас надад шантрах эрх байгаагүй. Аяллаа амжилттай дуусгах ёстой гэсэн бодол илүү давамгайлж байсан. Өнөөдөр таван сарын турш өдөр бүр хүүхдүүдээ тэвэрч үнсэх юмсан гэсэн мөрөөдлөө биелүүлж, дөнгөж сая хоёр хүүхэдтэйгээ уулзлаа, тэвэрлээ, үнслээ сайхан байна.

-Та хоёрын энэ удаагийн аяллын гол зорилго юу байсан бэ?

Ш.Түвшинжаргал: -Олон бий, эхэн үедээ хууртаж яваад дунд үеэс нь хууртаж эхэлсэн гэдэг шиг. Аялалд гарсан эхэн үедээ олон юм үзэх байхаа л гэж бодсон. Төд удалгүй дунд үеэс нь өөрчлөгдөж, энэ аяллаа хүмүүст яаж хүргэх вэ, дараа дараагийн хүмүүсийг Улаанбаатар-Лондон-Улаанбаатар руу хамгийн бага зардлаар аяллаар явуулах аргыг яаж олох вэ гэж бодож эхэлсэн. Машин дээрх ачааны тээш маань хамгийн анх хоосон гарсан. Одоо 50 улсын төрийн далбаа наагдсан байгаа. Цаашлаад эх орноо сурталчлах сайхан боломж байлаа. Тиймээс хүн болгонтой найрсаг харьцах, эх орноо ярих шаардлагатай болсон. Европын хүмүүс “Өмнө нь монголчууд морьтой энэ хүртэл явж чадсан юм чинь, ингээд машинаар аялж чадах байх аа” гээд хэлчихээр бид хоёр тэр өдөржингөө хөөрчихнө.  

Д.Амарзаяа: -Бид хоёр олны урмын үгэнд маш их тэжээгдэж, урам авч явсан. Фэйсбүүкийн найзууддаа мэдээлэл хүргэх үүднээс пост оруулахад хүмүүс урмын үгийг харамгүй илгээдэг. Бид хоёрыг дэмжиж тусалж, урмын үг хайрлаж байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхний халуун сэтгэлийн хүчээр бид аяллаа амжилттайгаар дуусгаад ирлээ гэж хэлмээр байна.

-ӨГЛӨӨ БҮР ГАДААДУУД “OH MY GOD, WOW” ГЭЭД Л МАШИНЫ
ХААЛГА ТОГШИНО, МААЖНА-

-Гадаадад явж байхад хүмүүс та хоёрыг харангуутаа хамгийн түрүүнд ямар үг хэлдэг вэ?

Ш.Түвшинжаргал: -Өглөөгүүр их хэцүү тийм ээ (эхнэр рүүгээ харав. сурв). Бид хоёр цонхоо онгойлгоод унтдаг юм. Цонхныхоо шилний гадуур хар тор татчихсан учраас машин дотор хүн унтаж байгаа нь харагддаггүй. Багаажин дотор хоёр хүн унтаж байна гэж хэн бодох вэ дээ. Тэгээд л өглөө бүр “Oh my god, wow” гээд машины хаалга тогшино, маажна. Нэг нэгийгээ дуудаж үзүүлээд, “Би 1970 онд ийшээ явсан, тэгсэн ингэсэн” гээд л хоорондоо ярилцана. Яваад өгөөсэй, яваад өгөөсэй гэж бодоод л хэвтэнэ. Төд удалгүй нойр сэргээд гарахаас өөр аргагүй болно доо. Аяллын хугацаанд инээдтэй, хөгжилтэй, хүнд зүйлс зөндөө тохиолдсон. Өнөөдөр манай нийгэмд муу муухай зүйл, хар бараан мэдээлэл зөндөө байхад бид хоёр аль болох хамгийн сайн сайхан мэдээллээ хүмүүстэй хуваалцаж, түгээж явсан. Аяллын туршид тохиолдсон хүнд, бэрх зүйлсээ өөрсдөдөө үлдээж байгаа. Бид хоёрын фэйсбүүк дээр оруулсан мэдээлэл, үзэж харсан зүйлсийн маань ганцхан хувь нь. Уран сайхны аргаар бэлдсэн дүрс бичлэгүүдээ хүмүүст тун удахгүй хүргэх болно.

-Дараагийнхаа аяллын төлөвлөгөөг гаргасан уу, эсвэл ойрын үед суурин байх уу?

Ш.Түвшинжаргал: -Би дараагийнхаа аяллын маршрутыг гаргасан. Манай хүн хүүхдүүдтэйгээ долоо хононо гэсэн бодолтой байгаа (том хүүгээрээ тоглоом хийж ингэж хариулав. сурв)

-Дахиад аялалд гарахдаа машинтай явах уу. Машинтай аялахын давуу тал нь юу байв?

Ш.Түвшинжаргал: -Гал тогоо, унтлагын өрөөгөө хамтад нь авч яваа учраас зардал хамгийн бага гардаг. Хамгийн бага зардлаар аялах боломж бол машинтайгаа хамт явах. Хэрэв бид хоёр үүргэвч үүрээд аялалд гарсан бол байнга гадаа хонож чадахгүй, хоолоо аваад явж чадахгүй учраас илүү зардал гарах юм билээ. Замдаа үрсэн цент бүрээ бид хоёр бичиж тэмдэглэсэн байгаа. Одоо гэртээ хариад виз, бензин, даатгалд хэдэн төгрөг зарцуулсан гэдгээ тооцоолж гаргаад, хүмүүст мэдээллэх болно. Хувийн зардал өөрсдөд маань үлдэнэ.

-Та хоёрын аяллыг ивээн тэтгэсэн хувь хүн, албан байгууллага байгаа юу?

Ш.Түвшинжаргал: -Энэ хоёр (tхнэр болон өөрийнхөө гарыг бидэнд харуулав.сурв)-ын ариун цагаан хөдөлмөр. Эдгээр нөхдүүд бид хоёрыг аялалд явуулах гэж Австралийн Сиднейд цоорч байсан. Хүмүүс фэйсбүүкээр “Та хоёр хэдэн төгрөгтэй юм бэ”, “Хэдэн төгрөг үрээд байгаа юм бэ”, “50 сая хүрэх үү” гээд их ширүүн асууж орж ирнэ. Хэрэв бид хоёр 50 сая төгрөгтэй бол мөнгийг үрж өгдөг юм байгаа биз дээ. Биднээс маш олон хүн аяллынхаа санхүүг хаанаас олсон бэ гэж асуудаг. “Хөдөлмөр” гэж хариулмаар байна. Түрүү жилийн гурван сард бид хоёр Австралийн Сидней хотод очиж, 10 сарын хугацаанд хөдөлмөрлөж, мөнгөө цуглуулсан, хэлээ сурсан. Толгой дотроо аяллынхаа төлөвлөгөөг боловсруулсан. Бид хоёр багахан хэмжээнд цуглуулсан мөнгөөрөө энэ том аяллыг хийхэд маш их хэмнэх, толгойгоо ажиллуулах шаардлага гарсан. Энэ машин руу орж байгаа дусал бензин бүрт бид хоёрын хүний нутагт дуслуулсан хөлс, дугуй эргэх бүрт бидний хөлс үсэрч байгаа. Тэгэхээр бид хоёрт аяллын туршид бүх зүйл амттай. Хэрэв бид хоёрт хэн нэгэн хүн аялалд явчихаад ир гээд 10, 20 мянган ам.доллар мөнгө өгсөн бол зүгээр л үрчихнэ. Хүний нутагт хөлсөө дуслуулж олсон мөнгөөрөө аялсан учраас аялал маань амттай байсан.

-Аяллаас ирсэн даруйдаа бидэнд цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа.

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН

medee.mn М.АМАРЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ