Хамгийн хачирхалтай 10 цэцэрлэгт хүрээлэн
Байгаль эх өөрөө хэнтэй ч зүйрлэшгүй шидэт зураач билээ. Гэхдээ хүн төрөлхтөн түүний аугаа бүтээлд хачир нэмснээр үзгээр бичиж, үгээр илэрхийлэмгүй уран тансаг байдлыг бий болгох нь бий. Хүн, байгалийн харилцан цогцлоосон манай гаригийн хамгийн ер бусын, гайхамшигт цэнгэлдэх хүрээлэнгүүдийг танилцуулъя.
Ногоон нуур, Австри
Энэхүү цэнгэлдэх хүрээлэн Австрийн Трагоэсс хотноо байрладаг агаад өвлийн улиралд модот гудамж, ногоон төгөл, цэцгийн мандлаар дүүрэн орчин болж хувирдаг нь гайхамшигтай. Энэ үед байгалийн сайханг мэдэрч тухлахыг хүссэн бүхэн ийш зүглэж, уул, нуурын гайхамшигт төрхөнд сэтгэл алдарч алжаалаа тайлдаг. Энд орших нуурын ус гүн ногоон өнгөтэй харагддаг нь амрагчдын сэтгэлийг гойд тайвшруулдаг шидтэй гэх. Харин зуны улирал болоход нуурын ус хүрээгээ тэлэн усны төвшин хоёроос 10 метр хүртэл дээшилдэг байна. Энэ үед уг цэнгэлдэх хүрээлэн бүхэлдээ усанд автан, усан доогуурх хүрээлэн болж хувирна. Чухам энэ л гайхамшгийг хүлээж байсан жуулчид дэлхийн өнцөг булан бүрээс ийш зүглэдэг аж. Усан доогуур нуугдсан ер бусын гайхамшигт ертөнц зөвхөн энд л байдаг болохоор тэр. Цэнгэлдэх хүрээлэнгийн модот гудамж, амралтын сандал тэргүүтэн бүгд байр байрандаа усан дор оршино. Харин жуулчид усан онгоц хөлөглөн усан цэнгэлдэх хүрээлэн дээгүүр зорчино. Болор мэт тунгалаг устай цэнгэлдэх хүрээлэнгийн усанд хуурай газрын ургамлаас гадна төрөл бүрийн загас өнгө нэмдэг. Ирэх өвөл хүртэл үргэлжлэх усан доогуурх цэнгэлдэх хүрээлэн өдий хүртэл ижилгүй гайхамшиг хэвээр байна.
200 Буддагийн цэнгэлдэх хүрээлэн, Лаос
Лаосын шашны их удирдагчдын нэг Бунлыа Сулитатын санаачилгаар 200 Будда бүхий цэнгэлдэх хүрээлэнг саяхан байгуулсан аж. Энэхүү гайхамшигт цэнгэлдэх хүрээлэнг бүтээн босгох ажил олон жил үргэлжилсэн агаад үндэслэгч Сулитат гайхалтай ажлынхаа үр дүнг мэдэрч чадалгүй ухаан самуурсан гэдэг. Цэнгэлдэх хүрээлэн тийм ч их газар нутгийг эзэлдэггүй бөгөөд харьцангуй жижиг талбай ашиглан 200 Буддагийн хөшөө болон төрөл бүрийн могой, бурхан, энэтхэг болон буддын домогт өгүүлдэг баатар тэргүүтнийг босгосон нь гайхамшигт бүтээлүүдийг нэг дор цоглоосноороо улам онцгой болгожээ. Нарийн төлөвлөгөө, чамбай ажлын хүчээр боссон эл паркаар зорчсон хэн ч чулуугаар ямар гайхамшигт сийлбэр бүтээж болохыг бишрэх болно. Хамгийн гайхалтай нь чулуун будда бүр дахин давтагдашгүй өөр агаад тус бүрдээ өөр өөр нүүрний хувирал илэрхийлсэнд оршино. Хөшөө тус бүр ямархуу нарийн чимхлүүр ажлаас бүтсэн нь чулуун могойн арьсан дээрх хээ хуар, баатруудын хувцасны хуниас, нүүрний хувирал зэргийг хэрхэн товойлгон сийлснээс харагдана. Зарим хөшөөний өндөр 20 метр хүрэх бол зарим нь таван настай хүүхдийн өндөртэй дүйцэхүйц намхан аж. Энэхүү цэнгэлдэх хүрээлэн тус улсын Нонг Кхаи хотоос таван км-ийн зайд оршдог тул хотоос унадаг дугуй болон явган алхаад ч хүрэх боломжтой гэнэ. Хөшөө, дурсгалт зүйлсээс гадна уг паркийг үндэслэгч Бунлыа Сулитатын занданшуулсан шарил бүхий шилэн хорго энд байрладаг гэнэ.
Нүгэлт парк, Тайланд
Энэхүү ер бусын цэнгэлдэх хүрээлэнд зүрх муутай, сэтгэлийн хат багатай хүмүүсийг орохыг хориглодог гэнэ. Учир нь энд “газрын там” л ийм байх болов уу гэмээр аймшигт дүр зураг ноёрхдог нь нэрнээсээ л илт. Энд загалмайд цовдлуулж нас барсан, гарцгүй харанхуй нүхэнд үй олноороороо булшлагдаж буй болон үлгэр домогт өгүүлдэг аймшигт амьтдын идэш болж буй зэрэг аймшигт мөхлүүдийн бусад арга барилыг ашиглан үхсэн болон тарчлан зовж буй хүмүүсийн дүр зургийг элдэв хөшөө, баримлаар хуулбарлан бүтээсэн байдаг аж. Түүнээс гадна парк дундуур явахад хэсэг бүр өөр өөрийн онцлогтой ёрын муухай дуу, хашхираан, аймшигт чарлаан бүхий тарчлагчдын зовлонг илэрхийлсэн хөгжим явуулдаг нь тухайн орчинг улам ч аймшигтай болгодог байна. Сонирхолтой нь тайландчууд энэ парк уруу хүүхдүүдээ дагуулан ирэх нь түгээмэл гэнэ. Магадгүй энэ нь хүмүүжил, боловсролын зорилготой байх л даа. Гэхдээ л хүүхэд байтугай насанд хүрэгчдийн хувьд аймшигт мэдрэмж төрүүлэхээр ийм парк энэ ертөнцөд байдаг нь хачирхалтай. Нүгэлтнүүдийн парк Бангкок хотоос 40 км-ийн зайд буддын сүмийн нутаг дэвсгэр дээр оршдог аж.
Огторгуйн оюун ухааны парк, Шотланд
Чарльз Женкс, Мэгги Чесвик гэх гэр бүлийн хоёр ийм парк нээх санаа гарган, бүтээжээ. Энэхүү цэнгэлдэх хүрээлэнд зочилсон хүмүүс хорвоо ертөнц болон түүнд орших хүний байр суурь ямархуу болох, орчин үеийн шинжлэх ухаан нь ямар нэг төгс ер бусын зүйлийг таних үйл явцын шат төдийхөн зүйл юм гэсэн санааг өөр өөрийнхөөрөө ухамсарлах ёстой. Ирээдүйн объектуудыг дүрсэлсэн ер бусын хэв загвар бүхий хиймэл дов сондуул, гүүр, шат тэргүүтнийг зөгнөн байгуулжээ. Энд бид бүхний уншиж л танилцсан “огторгуйн хар нүх”-ийг хиймлээр дууриалган бүтээсэн байдаг аж. Хүний гараар бүтсэн хамгийн гайхамшигт, үзэсгэлэнт газруудын нэг хэмээн нэрлэгдсэн эл хүрээлэнд зочилсон хэн боловч хүний ертөнцөөс ангид сэтгэгдэлтэй үлддэг гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ