Хан-Уулд хөрсний ус зайлуулах шугам нэг ч байхгүй

“Алтай” хотхоны байрнуудын зоорийн давхар өнгөрсөн сарын дунд үеэс хөрсний усанд автаж, олон хүнийг багагүй чирэгдүүлсэн. Гүйцэтгэгч компани болох “Тайгам Алтай” ХХК-ийнханд энэ талаар шаардлага тавихаар байгалийн эрсдэлт хүчин зүйл гэх юм. Ногоон байгууламж, зогсоолын асуудлаа шийдээгүй байж дахин өргөтгөл бариад эхэлсэн. Барилгын суурийг цутгах явцад хөрсний ус их хэмжээгээр ундарсаар байхад шуудуу татан, Дунд гол руу цутгаж байна. Зоорийн давхруудад тунасан усыг цаг тухайд нь зайлуулж байгаа ч дараа жил дахин оргилж гарахгүй гэсэн баталгаа алга. Хөрсний ус барилгын хана, даац, бат бөх чанарт нөлөөлдөг, эсэхийг тодруулж өгөхийг хүсье” хэмээн Баянгол дүүргийн I хорооны нутагт байрлах “Алтай” хотхоны оршин суугчдын төлөөлөл бидэнд хандсан юм.

Иргэдийн хүсэлтийн дагуу тус хотхонд өнгөрсөн пүрэв гарагт очиход зоорийн давхрууд усанд автсан зүйл ажиглагдаагүй. Харин сүүлд эхлүүлсэн барилгынх нь суурийг цутгах явцад хөрсний ус их хэмжээгээр ундарч, түүнийг Дунд гол руу урсгаж байхыг үзэв. Ингэхдээ газар доогуур 5-10 м орчим шуудуу татжээ. Тэр хоолой “явсаар” дунд голын “бөөр рүү” нийлэн, ус юүлэх үүрэгтэй. Оршин суугчдын хэлснээр өргөтгөлийн гурван барилгын суурь цутгах явцад шүүрсэн ус одоо хэр нь шавхагдахгүй байгаа аж.

Орон сууцны 12 барилга, 2000 гаруй оршин суугчийн эрх ашгийг хамгаалж, хариуцан ажилладаг “Вилладам” СӨХ-ныхонтой уулзахаар ортол “Мэдээлэл өгмөөргүй байна. Хэддүгээр байрны, хэн гэдэг хүн, ямар гомдол гаргасан юм, хэл” гээд халгаасангүй. Хөрсний ус нэвчсэн нь СӨХ-нд хамаагүй л дээ. Гэхдээ энэ асуудлыг нуулаа гээд тэдэнд ямар ч ашиггүй. “Тэгвэл нэрээ хэлэхгүй шүү. Ганц энд ч биш, Дунд голын эрэг дагуух бүх хороолол усанд автсан. Манайх харин ч гайгүй өнгөрсөн. Хоёр байрны зоорийн давхарт ус нэвчсэн. Хотхонтой ямар ч хамаагүй, “Лайк” телевизийн хаягтай байрны зоорийн давхрыг түрээсэлж байсан юм билээ. Тэндхийнх нэлээд хэцүүдсэн байх. Харин орон сууцны ашиглалт, аюулгүй байдалд нөлөөлсөн зүйлгүй. Тухайн үед онцгойгийнхон ирээд “Хот даяар ийм байна” гээд ус соруулж өгчихөөд явсан. Манайх гараашуудын усыг соруулж, бохирын хоолой руу зайлуулсан байхад зарим хотхон Дунд голд цутгасан. Ямартай ч бид мэргэжлийн байгууллагуудад бичгээр мэдэгдсэн. Дараа жил ийм асуудал үүсэхгүй байх” гэж ярив.



Хөрсний усыг ингэж зайлуулж байна. 2018 оны аравдугаар сарын 25

“Алтай” хотхоны оршин суугчдын хэлснээр найм, 10, 12, 14, 16 дугаар байрны хонгил усанд автсан гэх. Харин СӨХ-ныхон нь үүнийг үгүйсгэж байсан юм. “Тайгам Алтай” ХХК-ийн барилгын инженер Г.Бат-Эрдэнээс болсон явдлыг тодруулахад “Энэ зун олон жилийн дунджаас ахиу хур тунадас унасан. Үүнийг дагаад Дунд гол савандаа багтахгүй болтлоо үерлэж, эрэг дагуух хөрс ус, чийгээ шингээж чадахгүйд хүрсэн юм билээ. Тиймээс голын эрэг дагуух хороолол, хотхонуудын хонгил хөрсний усанд автсан. Гүйцэтгэгч компаниуд барилга угсрах явцад ус тусгаарлагч технологи ашигласан, эсэх нь эргэлзээтэй. Тэрнээс биш барилгын суурь цутгах явцад хөрсний ус их, бага хэмжээгээр ялгардаг. Манайх мэргэжлийн байгуулагынхнаас зөвшөөрөл авч, хөрсний усаа зайлуулж байна. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Энэ өвөл хотхоныхоо зоорийн давхруудад нэлээд ажил хийхээр төлөвлөсөн. Шинээр барьж буй орон сууцнууддаа ус тусгаарлагч хийсэн” хэмээв.

Гол, мөрний эрэг дагуу барилга барихад ямар стандарт мөрддөгийг МХЕГ-ынхнаас тодруулахад “Голын эрэгт барилга барьж болно, болохгүй гэсэн норм, стандарт байхгүй. Барилга эхлүүлж, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Ерөнхий төлөвлөгөөний газар өгдөг. Гэхдээ энэ бүхэн Усны тухай хуулиас ангид байж болохгүй” гэлээ. Энэ дагуу нийслэлийн Байгаль орчны газрын ахлах мэргэжилтэн Ч.Дамбасүрэнгээс тодруулахад “Голын онцгой хамгаалалттай бүсэд орон сууцны хорооллол барих явдал гаарсан. Гүйцэтгэгч компаниудын олонх нь хуулиа дагаж мөрддөггүй. Хуулиар дархалсан бүсэд газар олгосноос эхлээд барилга барих хүртэлх бүх үйл явц алдаатай байсан” гэв. Усны тухай хуулийн 22.1-т “Усны нөөц хомсдох, бохирдохоос хамгаалах, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалт, эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол, мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.12.3-т “Хог хаях, бохирын цооног байгуулахыг хориглоно” гэж заасан байна.



Хөрсний ус гараашид нэвчсэн байдал. Есдүгээр сарын сүүлчээс аравдугаар сарын дунд хүртэл

“Алтай” хотхоны оршин суугчдын гомдлын мөрөөр явсан сурвалжилга ийн өөр тийш чиглэв. Ерөөс төмөр замаас урагш, Туул, Дунд гол дагуух орон сууцны хорооллууд Усны тухай хууль зөрчин, барилга барьсан нь илт. Голын онцгой хамгаалалтай бүс болох 50 метрээс холгүй, хэдхэн алхмын зайд сүндэрлэсэн олон хороолол буйг мэргэжлийн хүмүүс хэлсэн. Хамгийн гол нь нийслэлийн Газрын алба дээрх бүсэд ямар үндэслэлээр газар олгосоор байна вэ. Дээрээс нь Ерөнхий төлөвлөгөөний газрынхан барилга барих зөвшөөрөл нэмж өгснөөс болж иргэд эд хөрөнгөөрөө хохирч эхэллээ.

Ус, чийгтэй, сул хөрсөнд барьсан сүүлийн үеийн хорооллууд газар хөдөлбөл өрсөн даалуу шиг нурахад ойрхон болсныг мэргэжлийн хүмүүс хэлэв. Хөрсний ус бүү хэл түр зуурын бороо ороход л зоорийн давхрууд усанд автаж буй. Энэ нь байрнуудын суурийн төмөр бетоныг “иддэг” байна. Өнгөрсөн зун Улаанбаатар хотын хэмжээнд 260 орчим барилгын хонгил усанд автсан гэх гомдол нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Ганцхан энэ зун ч биш аж. Өмнө нь бороо үүний гол “буруутан” байсан бол өдгөө хөрсний ус гээч бас нэгэн аюул нүүрлэх болж.

Гадаадын улс орнуудад хөрсний ус байтугай далай дотор ч барилга сүндэрлүүлэх нь энүүхэнд. Тэглээ гээд нурж унасан жишээ байхгүй. Энэ нь ус тусгаарлах технологийг сайн шийдсэнтэй холбоотой гэнэ. Хуримтлагдсан усыг зориулалтын шугам, хоолойгоор дамжуулан үерийн далан, шуудуу руу нийлүүлэхийг дренажийн систем гэдэг аж. Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд хөрсний усыг ийм аргаар зайлуулдаг гуравхан байгууламж бий. Геодези, усны барилга байгууламжийн газрын судалгааны инженер Ц.Баярмаа “Манайх хөрсний ус зайлуулах байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцдаг. Компаниуд барилга барихдаа инженер, геологийн судалгаанд үндэслэн хөрсний усны түвшин доошлуулах шугам байгуулах ёстой. Барилгын эхний зураг төслийн шатанд л энэ асуудлыг шийдээгүйгээс өнөөдөр асуудал үүсгээд буй хэрэг. Тухайлбал, Дунд, Туул голын эрэг дагуу, баруун урагшаа Хан-Уул дүрэгт хөрсний усны түвшин доошлуулах нэг ч шугам байхгүй. Судалгаа хийсний дүнд ийм байгууламж барьдаг” гэсэн юм.

Мэргэжлийн байгууллагынхны хэлснээр голын дагуу барьсан хорооллууд байрлалын хувьд нам дор оршдогоос дренажийн систем байгуулахад төвөгтэй гэнэ. Иймээс ус тусгаарлагчийг өндөр түвшинд шийдэх нь зүйтэй. Учир нь Улаанбаатар хот хөрсний ус ихтэй. Байхгүй гэсэн газраас ч ус гарах болжээ.

Орон сууцтай болно гэдэг тоглоом биш. Хувь, хувьсгалын байгууллагуудын энэ мэт ойлгомжгүй харилцаанаас болж иргэд хохирох учиргүй. Усанд нэвчсэн барилгын нас хоёр дахин богиносдог гэдгийг эрх биш мэдэх байлгүй дээ. Барилгын компанийнхан “Энэ зун бороо их орсон, байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөстсөн” гэсхийгээд суух нь хэр зохистой юм бол.
unuudur.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ