Ч.Чамин-Эрдэнийн хэргийн мөрөөр…

"Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгссөн талаар бид мэдээлсэн. Харамсалтай нь, олон нийтийн дунд бүсгүйн үхлийн талаар янз бүрийн таамаг, мэдээлэл хөвөрч буй. Бид энэ хэргийг тэнцвэртэй, бодитой мэдээлэх үүднээс болсон хэрэг явдлын талаар сурвалжиллаа.

Талийгаач нь өнгөрсөн Пүрэв гаригт /2018.10.24/ өндөр барилгаас унаж, амиа алдсан байдалтайгаар олджээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр “KH апартмент” хотхоны 11 давхраас хүн унасан байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд аравдугаар сарын 24-ний 17:26 цагт ирсэн аж.  Тухайн үед талийгаач нь уг хотхоны "В1" буюу хамгийн захын орцны 11 давхраас унасан байхыг тус байрны жижүүр олж цагдаагийн байгууллагад мэдээлсэн нь энэ юм.

Харин “Боловсрол” суваг телевизээс “Mongolia’s next top model” шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнийг нас барснаас гурав хоногийн дараа албан ёсоор эмгэнэл илэрхийлснээр энэхүү харамсалтай мэдээ олон нийтэд ил болжээ.

ХЭРГИЙН ГАЗРААС ПИВОНЫ ШИЛ, ТАМХИНЫ ИШ ОЛДЖЭЭ

Хэргийн газрын үзлэгээр талийгаачийн дагзны ар хэсэгт 3х1 хэмжээтэй бяцарсан, нурууны ард талын хэсэг их хэмжээний зулгаралт үүссэн байжээ. Хэргийн газраас 47 кадр зураг, гарын дардас нэг ширхгийг, эд мөрийн баримтаар гурван тамхины иш, нэг ширхэг түлхүүр, I Phone-6 гар утас нэг ширхэг, Winston нэртэй тамхины хайрцаг нэг ширхэг, Kaltenberg нэртэй пивоны шилийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Тухайн өдөр хэргийн газрын үзлэгт цагдаа, шүүх шинжилгээний байгууллагын дөрвөн хүн оролцож улмаар цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд /ШШҮХ/-д хүлээлгэн өгсөн байна.

"МИНИЙ ОХИН ЯАВЧ АМИА ХОРЛОХ ХҮН БИШ"

Цагдаагийн байгууллагаас талийгаачийг гаднын нөлөөтэй амиа алдсан нөхцөл байдал тогтоогдоогүй, амиа хорлосон байж болзошгүй гэсэн анхны дүгнэлтийг гаргаад байгаа юм. Харин талийгаачийн гэр бүлийнхэн дээрх дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд эмээ нь түүнийг бусдад хүчиндүүлсэн байж болзошгүй. Бүх шинжилгээг хийлгэнэ гэдгээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Ээж Г.Чимгээ нь “Бидэнд охины маань цогцсыг харуулаагүй. Зургаас харахад нүүр нь цэвэрхэн, ам нь том ангайсан, царай нь цонхийсон байсан. Их айж сандарсан гэмээр харагдаж байсан. Мөн хоёр өгзөгнийх нь арьс зулгарсан, футболкны баруун мөрөн дээр толбо болсон, цамцных нь зүүн тохойн хэсэг иртэй зүйлээр зүссэн мэт урагдсан гэж харсан. Охиныг маань чирсэн гэж бодож байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Түүнчлэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа талийгаачтай салах ёс гүйцэтгэнэ гэдгээ мэдэгджээ.

Энэ хэргийн дагуу бид талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзахаар зорилоо. “Хурд” группийн харьяа “KH апартмент” байранд талийгаач эмээгийн хамтаар оршин суудаг байсан гэх. Биднийг тус хотхоны үүдээр ороход харуул хамгаалалт гарчихсан дотогш орсон машин бүрийг шалгаж, хэвлэл мэдээллийнхнийг дотогш оруулахгүй гэдгээ анхааруулав. Хэсэг хүлээсний эцэст талийгаачийн гэрт орохоор боллоо. Биднийг гэрт ороход ээжтэй нь хамт гурван хүн гэрт нь байсан юм. Хүүхдээ алдаж, нөхөж баршгүй гарз тохиосон үед ярилцах хүнд байлаа. Талийгаачийн ээжээс болсон хэрэг явдлын талаар асуухад хэсэг санаашран “Шүүх эмнэлгийн дүгнэлт гартал яриа өгөхгүй, бидэнд тун хэцүү байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарахаар эргэн холбогдох болно. Миний охин яав ч амиа хорлох хүн биш.  Хэргийн шалтгаан тодорхой болох хүртэл биднийг тайван байлгана уу” хэмээн хоолой зангируулан хэллээ. Ингээд бид гэрээс нь гарсан юм.

Талийгаачийн найз залуу гэгдэх н.Нэмэхбаяр луу утас цохин тухайн өдөр юу болсныг асуувал тэрбээр “Би мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллагаас бүх зүйлийг шалгаж байгаа. Тэр болтол юу ч хэлж болохгүй гэсэн. Ямар нэгэн юм ярьж чадахгүй байна, уучлаарай” хэмээн сөөнгөтсөн хоолойгоор хариулаад утсаа салгав.

ХЯНАЛТЫН КАМЕРТ 11 ДАВХРЫН ЛИФТНЭЭС ГАНЦААРАА ГАРЧ  БУЙ БИЧЛЭГ ҮЛДЖЭЭ

Бид доош буун тус байрны үүдний хамгаалалтын ажилтантай хэсэг хором ярилцлаа. 50 орчим настай хамгаалалтын ажилтны мэдээлснээр талийгаачийг хэдэн цагийн үед гэрээсээ гарсан, аль орц руу орсон бэ гэх бүх бичлэгийг цагдаагийнханд өгсөн гэнэ. Тухайн бичлэгт талийгаач тус байрны захын  “B1” давхраас гараашаар дамжиж гараад ганцаараа цахилгаан шатанд суун,  11 давхрын цахилгаан шатнаас гарч буй бичлэг хяналтын камерт үлджээ. Мөн талийгаачийн үхлийг гаднын нөлөөтэй гэж бодохгүй байгаа, цаад талын орцны 11 давхраас унаж, “МАК” ХХК-ийн хашаанд унасан хэмээн тайлбарлалаа. Харин талийгаачийн амиа алдсан давхрын цонх одоог хүртэл онгорхой байгаа бөгөөд орцны үйлчлэгч нь дээшээ гарч чадахгүй айдастай байгааг мөн хэлэв. Биднийг очиход дээш оруулаагүй боловч, доош унасан талбайг харуулсаар яриа өндөрлөлөө.

Ч.ЧАМИН-ЭРДЭНЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХОЁР УДАА ШАЛГАГДАЖ БАЙЖЭЭ

Ч.Чамин-Эрдэнэ 1996 онд төрсөн бөгөөд “Сити” их сургуульд сурч байсан аж. “Говь” болон бусад компаниудын брэндийн нүүр царай болж, “Монгол Модель” агентлагт загвар өмсөгчөөр ажиллаж байсан юм.  Мөн “Mongolia’s next top model 2018” тэмцээнд оролцож, үзэгчдээс ихээхэн дэмжлэг авч байв. Түүнийг тэмцээний шилдэг таван оролцогчийн тоонд орж, сүүлийн шалгаруулалтдаа бэлтгэж, сэтгэл догдлон хүлээж байсан гэдгийг түүний дотнын найзууд, эгч нь цахим хуудсандаа бичжээ. Харин хүмүүстэй харилцахдаа хөндий, дуу муутай нэгэн байсан хэмээн хамт суралцагч нар нь тодорхойлсон байдаг. Үүгээр зогсохгүй хамтран ажиллаж байсан найз нөхдийнх нь зүгээс мөн л дуу муутай, нээлттэй бус зан характертай охин байсан гэх.

Хачирхалтай нь талийгаач цагдаагийн байгууллагад хоёр удаа шалгагдаж байжээ. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж бидэнд дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Талийгаач Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хоёр удаа шалгагдаж байсан. Эхний удаад хувцас хунараа шатааж, орон байранд танхайрсан гэх зөрчлийн хэргээр, хоёр дахь нь эхнэртэй эртэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байж болзошгүй хэргээр цагдаад дуудагдаж байсан” гэлээ.

ЦЕГ ХЭРГИЙГ ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА

Бид энэхүү мэдээллийн мөрөөр ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс мэдээлэл авсан юм. Тэрбээр “2018 оны аравдугаар сарын 24-ны өдрийн 17:26 цагт цагдаагийн байгууллагад хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн I хэлтэс, тус дүүргийн XV-р хорооны байрны гадаа өндрөөс хүн унаж, нас барсан хэрэгт үзлэг, шалгалт явуулсан. Улмаар цагдаагийн байгууллагаас цогцост шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний хүрээлэн рүү шилжүүлсэн. Задлан шинжилгээний хариу эцэслэж гараагүй байгаа тул үхлийн шалтгааныг нарийн тодорхойлох боломжгүй. Цагдаагийн байгууллагаас уг хэргийн талаар албан ёсоор олон нийтэд мэдээлэл хүргүүлээгүй. Гэтэл цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн баталгаагүй таамаг мэдээлэл цацаж байна. Тиймээс олон нийтийг буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Нарийн шалгалтын явц, шинжилгээний хариу гарсны дараа уг хэргийн талаар прокурорын зөвшөөрсөн хэмжээнд олон нийтэд мэдээлэл өгнө” гэж ярилаа.

ТАЛИЙГААЧ "MNTM" НЭВТРҮҮЛЭГИЙН ШИЛДЭГ ТАВД БАГТСАН БАЙЖЭЭ

Олон нийтийн зүгээс түүний үхэлд томоохон хүмүүсийн хүүхдүүд холбоотой учраас хэргийг хав дарах гэж үзэж байна, “MNTM” шоу нэвтрүүлгийн охид шагналын мөнгөний төлөө нэгнийхээ аминд хүрлээ гэх яриа хүртэл сонсогдох болов. Энэ асуудалд бид хариулт авахаар “Боловсрол” суваг телевизийг зорьсон юм. Тус телевизийн захирал албан бус байдлаар “Гэнэтийн харамсалтай зүйл боллоо. Нэвтрүүлэг түр завсарлаад оролцогч нар маань гэртээ харьсан энэ үед ийм харамсалтай явдал боллоо. Өнгөрөгч Бямба гаригт /2018.10.27/ “MNTM” Ч.Чамин-Эрдэнийг нас барсан гэх мэдээллийг ар гэрээс нь бидэнд өгсөн. Ямар ч байсан хуулийн байгууллагад уг хэрэг шалгагдаж дуустал бид нэвтрүүлгээ цацахгүй гэж ярилцаж байна. Нэвтрүүлэг үргэлжлэх эсэх нь тийм ч сонирхолтой асуудал биш. Бид өнгөрөгч амралтын өдрүүдэд талийгаачид эмгэнэл илэрхийлээд нэвтрүүлгээ цацаагүй. Тиймээс манай баг хамт олон хоорондоо ярилцаж байгаад, цаашид нэвтрүүлгээ эфирт гаргах эсэхээ шийднэ. Хамгийн гол нь буруу ташаа мэдээлэл битгий олон нийтэд түгээгээч ээ гэж бид хүсч байна” гэлээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр талийгаач бүсгүй нэвтрүүлэгт оролцсоны дараахан сэтгэл зүйчид хандаж эм бичүүлж авч эмчилгээ хийлгэж байжээ. Гэхдээ түүнийг амиа хорлосон уу эсвэл, гаднын нөлөөтэйгөөр амиа алдсан уу гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтоох юм.

news.mn Э. АРИУНАА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ