Д.Эрдэнэбат: ЖДҮ-ийн зээлийг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжсэн хүмүүст бодлогоор олгосон байж болзошгүй

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудал сүүлийн үед олны анхааралд байна. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын нэр бүхий дөрвөн гишүүний хамаарал бүхий компаниуд ЖДҮХС-аас зээл авсан талаар баримтыг дэлгэсэн. Гишүүд ч өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байгаа юм.

Өнгөрсөн баасан гарагт УИХ дахь АН-ын бүлгээс хэвлэлийн хурал хийж зээлтэй нэр холбогдоод байгаа гишүүдийн асуудлыг шийдвэрлэж, энэ сарын 30-ны дотор хариу мэдэгдэх шаардлагыг УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хүргүүлсэн. Шаардлагын хариуг өгөхгүй бол АН-ын бүлэг УИХ-ын чуулган болон байнгын хороодын хуралдаанд суухгүй гэдгээ ч илэрхийлсэн. 

Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайд байхдаа мөн л сангийн зээлийг хууль бусаар олгож байсан талаар мэдээлэл гарсан юм.

Тэгвэл энэ асуудлаар тэрбээр өнөөдөр байр сууриа илэрхийллээ.

“Хэт улс төржсөн байдал нь мэдээллийг буруу тийш нь явуулдаг тул болгоомжилж байгаа учраас албан ёсоор мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ.

2016 онд зээл олгосон бүх жагсаалт нь миний гар дээр байна. Зээл авсан хүмүүсийн 60-70 хувь нь жирийн иргэд

Аж үйлдвэрийн сайд байхдаа жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд сайдын тушаалаар дэмжлэг үзүүлэх нь миний үүрэг. Үе үеийн засгийн газар ч ингэж ажиллаж ирсэн. Би хэзээ ч, УИХ-ын гишүүн байхдаа, Аж үйлдвэрийн сайд байхдаа өөрийн болон гэр бүл хүүхдийнхээ нэр дээр зээл авч байгаагүй. Ёс зүйгүй үйлдэл гэдгийг маш сайн мэднэ. Харин жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж байсан тохиолдол олон бий. Угаас зээлийг салбар хариуцсан сайдын тушаалаар баталдаг. Гэхдээ ямар өнцгөөр тайлбарлах нь вэ гэдэг нь өөр.

Зээл олгосон бүх жагсаалт нь миний гар дээр байна. Зээл авсан хүмүүсийн 60-70 хувь нь жирийн иргэд. 2016 онд засгийн газар мөнгөгүй байсан учраас 200 тэрбум төгрөг төсөвлөсөн. Зээл аваагүй, гэрээ нь батлагдаагүй газрууд олон бий. Мэдээллийг авч болох ч аль аль талаас нь мэдээлэл авсан нь зүйтэй. Засгийн газрын 66-р тогтоолоор жижиг дунд үйлдвэрлэлд зориулж 9 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкаар дамжин олгоно гэсэн. Сонгон шалгаруулалтын дагуу, арилжааны банзаар дамжин зээлийг олгосон гэдгийг хэлэх нь зүйтэй. Бүх зүйл ном журмынхаа дагуу явсан.

Энэ бузар улс төрийн үйл ажиллагаанд миний гэр бүлийг бүү татан оролцуулаарай

Нэг зүйлийг онцолмоор байна. Энэ бузар улс төрийн үйл ажиллагаанд миний гэр бүлийг бүү татан оролцуулаарай.

Тухайн үед зээл авсан бизнес эрхлэгчид болон өнөөдрийн зээл авсан гишүүдийн асуудал хоорондоо харьцуулашгүй. Өнөөдрийн яригдаж буй зээлийн асуудал зохион байгуулалттай, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжсэн гишүүдэд бодлогоор олгосон зээл байж болзошгүй нөхцөл үүсэж байна.

Албан тушаал эрх мэдлээ ашигласан, түүгээрээ дамжуулан ижил хэмжээний зээлийг бөөнөөрөө авсан ийм нөхцөл байдал үүссэн нь үндэсний эрх ашгийн эсрэг, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

gogo.mn Р.Адъяасүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ