Х.Цагаанбаатарын дасгалжуулагчийн эрхийг хасах шийдвэр гаргажээ

Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ.

Тэрбээр “Х.Цагаанбаатар миний биеийг жүдо бөхийн дасгалжуулагчаас хасах шийдвэр гарсан байна. Ойлгосонгүй бас итгэсэнгүй. Надад гавьяа шагнал хэрэггүй шүү дээ.

Бодит байдал. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2015 оны есдүгээр сарын 25-ний өдөр Жүдо бөхийн холбооны өрөөнд нарийн бичгийн дарга М.Бөхбат, ахлах дасгалжуулагч О.Балжинням багш хоёр бэлтгэлийн өмнө намайг дуудаж, “Чи Монголын жүдод хэрэгтэй байна, барилдангаа багшилсан нь дээр” гэж санал тавьсан юм. Энэ талаар бодож үзээд  “Ямар ч байсан багшлъя.

Багш, дасгалжуулагч болоход биеэ бэлтгэе. Судалъя. Харин наана нь 1-2 тэмцээнд оролцъё. Спортын замналаа ялагдлаар дуусгахыг хүсэхгүй байна” гэдгээ хэлсэн. Тэр хоёр ч зөвшөөрсөн. Гэтэл бэлтгэл дээрээ орж иртэл хэвлэлийнхэн ирчихсэн байв. Нарийн бичиг М.Бөхбат орж ирснээ тамирчдыг жагсааж, “Манай Х.Цагаанбаатар өнөөдрөөс багшийн эгнээнд шилжиж байна. Зодог тайлж байгаа” гэж шууд зарласан. Би тухайн үед маш их гайхаж, сэтгүүлчдийн асуултад “Чаддаг зүйлээсээ тамирчдадаа, дүү нартаа зааж өгнө” гэж хэлсэн байдаг. Ер нь бол намайг иймэрхүү байдлаар жүдо бөхөөс дэвшүүлэн зайлуулсан” гэсэн мэдэгдлийг гаргажээ.

Мэдэгдлийнхээ төгсгөлд “Эцэст нь хэлэхэд, ноён М.Бөхбат аа, ард түмний минь хайртай, Монголын жүдо бөх нүдэн дээр бутарч байна. Унаж байна. Залгамж халаа залуу тамирчид үгүйлэгдэж байна. Зохион байгуулалт, дэг журам, хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл ус агаар мэт хэрэгтэй байна. Хэлэхийг хүсэж байгаа ч чадахгүй яваа олон хүний өмнөөс би үүнийг дамжуулчихъя” гэжээ.
 
Ийнхүү жүдо бөхийн холбоо дотроо хагаралдаж, талцаж эхэлсэн бололтой. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ