30 жил дарсан нууц буюу хүүхдийн цэцэрлэг дээр унасан онгоц
Cоциализмын өлгий нутаг ЗХУ-д муу муухай зүйл огт байдаггүй гэх ойлголтыг дэлхий дахинд өгөхийг эрмэлзэх хүсэл бадарч байлаа. Тиймээс ч тэнд болсон осол сүйрэл, гэмт хэргүүдийг нуун дарагдуулж, олонд мэдээлдэггүй байв. Эдгээр нуун дарагдуулсан аймшигт түүхүүдийн нэгд багтах явдал 1972 оны тавдугаар сарын 16-нд болсон юм.
ЗХУ-ын амралт сувиллын Светлогорск хотын хүүхдийн цэцэрлэг дээр онгоц унаж, 35 хүний амь сүйдсэний 24 нь бага насны хүүхдүүд байлаа. Сүйрлийг 30 жилийн турш “Маш нууц” ангилалд багтаан, зөвхөн хавтас хэрэгт дарах болно. Харин 1990-ээд оны эхээр өөрчлөлт шинэчлэлт дэгдэж, ЗХУ задран унаснаар хэргийн талаар ярих эрхтэй, сурвалжлах боломжтой болжээ.
1972 оны тавдугаар сарын 16. Светлогорскийн иргэдийн хувьд манан ихтэй л болохоос жирийн л нэг өдөр байв. Цэцэрлэгийн хүүхдүүд өглөөний зугаалгандаа гарчихаад, өдөр нь хоолны ширээний ард шуугилдан сууцгаажээ.
Энэ бол тус хотын “томчууд”-ын хүүхдүүд хүмүүждэг тусгай хангамжийн цэцэрлэг. Хүүхдийн тоо 24. Цагдаагийн даргын хүүхэд, Комсомолын нарийн бичгийн даргын хүүхэд, Шүүхийн даргын хүүхэд, Ерөнхий эмнэлэгийн даргын хүүхэд гээд ерөнхийдөө дарга нарын хүүхэд л байдаг газар. Жирийн иргэд хүүхдээ оруулах гээд чаддаггүй байж.
Үдээс өмнө Калининградын Храброво нисэх онгоцны буудлаас Ан-24Т онгоц хөөрчээ. Энэ бол байлдааны зориулалтаар үйлдвэрлэсэн тусгай хяналт шалгалт дээр ажилладаг онгоц.
12:30 цагийн үед Светлогорскийн дээгүүр нисэхдээ онгоц өтгөн мананд орж, ямар нэгэн зүйлд цохигдон доош унажээ. 21 тонны жинтэй нүсэр том онгоц унах унахдаа хүүхдийн цэцэрлэг дээр унаж таарч. Тэр даруй цэцэрлэг галд автан, ажилчдаас ердөө хоёр л хүн амьд гарчээ.
Нийт 35 хүний амь үрэгдсэнээс дээр өгүүлсэнчлэн 24 нь бага насны хүүхэд, мөн нисэх багийн зургаан хүн, онгоцны хоёр зорчигч, цэцэрлэгийн гурван ажилтан амиа алджээ. Онгоц унамагц Светлогорскт онц байдал тэр даруй зарлаж, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг тушааж, цахилгааныг бүрэн тасалж, бусад хот тосгонтой харилцах холбоог бүрэн салгажээ.
Ингээд ердөө 24 цагийн дотор хоёр давхар цэцэрлэг байсан газрыг бүрэн тэгшилж, оронд нь жижиг талбай бий болгожээ. Хүүхдүүдийн шарилыг төмөр замын станцын хажууд байрлах оршуулгын газарт хөдөөлүүлсэн байна.
Оршуулгын ёслолын өдрийг олон нийтэд аль болох мэдэгдүүлэхгүйн тулд Калининградаас Светлогорск хүрэх замыг хаажээ. Гэлээ ч тэр гашуудалт өдөр 10 мянга орчим хүн оршуулгын ёслолд очсон байна.
КГБ оршуулгын үеэр гэрэл зураг авахыг хориглож, зураг авсан хүмүүсийн хальсыг “гэрэлд цохиулах” арга хэмжээ авав. Гэхдээ л хэд хэдэн кадр үлджээ.
Сүйрлийн дагуу хавтаст хэрэг нээгээгүй гэж мэдэгдсэн ч “Маш нууц” ангилалд хамаатуулан сайтар шалгаад онгоцны ослын бурууг нисэгчдэд тохжээ. Тэднийг согтууруулах ундаа хэрэглэсэн, наран шарлагын газар нүцэглэдэг ухамсрын доройтолтой хүмүүс байсан мэтээр аман яриа гаргажээ.
Гэхдээ олон жилийн дараах хяналт шалгалтаас харвал Ан-24 онгоцонд Ил-14-ийн өндөр хэмжигч аппаратыг суурилуулсан нь ослын үндсэн шалтгаан болсон байж магадгүй гэнэ. Хяналт шалгалтаар өөр онгоцны өндөр хэмжигчийг шилжүүлэн хийснээр 60-70 метрийн өндрийг алдаж тооцож байгааг тогтоожээ.
35 хүнийг амийг авч одсон аймшигт гашуудалт газарт 1994 онд сүм босгож, нэр алдрыг нь мөнхөлжээ.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ