“Mongolia’s next top model” шоуны шүүгч Нора Дагва: Оролцогчоо хасах тэр мөч хамгийн хэцүү
Парис хотын Бонапарт гудамжинд намар цаг айлчлан иржээ, шаргал навчис газраар хөглөрч, өглөөний нар зөөлөн ээнэ. Хээнцэр чимэглэлтэй ч цөөхөн хэдэн суудалтай энгийн нэгэн кафены гадаах суудалд нэгэн бүсгүй эспрессо шимэнгээ “La vie en rose” дууг сонсон сууна. Энэ л дүрслэл өнөөдрийн ярилцлагын зочныг бүрэн тодорхойлох шиг санагдлаа. Тэр бүсгүйг Д.Оюуномин гэдэг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн модель болохын тулд хором бүрт хөдөлмөрлөсөн түүний амьдрал, амжилтын тухай яриа өрнүүлэхээр холбогдоход, яг төсөөлсөн шиг франц зоогийн газарт намайг урьлаа. Дотно танил намуухан аялгуунд цай уунгаа ярилцсан энэ уулзалт “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгч Норагийн дотоод ертөнц, загварын салбарт хөл тавьсан, хөтлөгч болохоор зориг шулуудсан гээд олон сонирхолтой түүхийг шимтэн сонсоход хангалттай хугацаа байлаа...
-“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн эхний дугаар үзэгчдэд хүрч хандалт тун өндөр байна. Асар их хөдөлмөрийн үр дүн учраас эхний дугаар цацагдахад телевизийн багийнхан бүгд л догдолдог байх тийм үү?
-“Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирал их хүлээлттэй байсан гэдгийг эхний дугаар цацагдсаны дараа илүүтэй анзаарлаа. Учир нь нэвтрүүлэг гарсаны дараа сошиал ертөнцөөр хамгийн их яригдаж байгаа сэдэв нь манай шоуны тухай байгаа нь ийм дүгнэлтэд хүргэсэн юм. Мэдээж телевизийн багийнхны хувьд сандарч, догдлох зүйл байсан. Даалгавраа хийгээд багшдаа шалгуулах гэж байгаа юм шиг л бүгд гүйлдэж байлаа шүү дээ.
-Ингээд моделиудын ширүүн өрсөлдөөн эхэллээ. Үзэгчдэд гурван сарын турш хүлээж үзэх контент бэлэглэж байгаа уран бүтээлчдэд юун түрүүнд талархах нь зүйтэй юм. Харин хоёулаа яриагаа Нора загварын салбарт хөл тавьсан тэр үеэс эхэлье гэж бодож байна?
-Баярлалаа, урьд өмнө нь өөрийнхөө хувийн амьдрал, ажил, амжилтын түүхээсээ хуваалцсан ярилцлага өгч байгаагүй юм байна. Би өөрийгөө модель болж, загварын салбарт байр сууриа олно гэж огтхон ч төсөөлж байсангүй. Эршүүд, өндөр учраас сагс, волейболын тэмцээнд хүчээр ордог, “хөөрхөн охин” гэдэг ойлголтоос хол хүүхэд байлаа. Харин эгч маань намайг энэ салбарт хөл тавихад чиглүүлсэн хүн л дээ. “Үнсгэлжин” тэмцээнд орохдоо загвар өмсөгчөөр биш загвар зохион бүтээгчээр оролцдог байсан гэж бодохоор модель болно гэдэг ойлголт огтхон ч байгаагүй юм шиг байна. Гэхдээ эгчийнхээ ачаар тодорхой хэмжээнд энэ мэргэжлээр ажиллаж эхлэх сонирхол төрж 1999 оны Гоёл наадамд орж байсан юм. Гэхдээ тэр үед загвар өмсөгч, модель гэдэг ойлголт Монголд огт өөр байсан. Тодруулбал, над шиг өвөрмөц царайтай, туранхай модель бол хүний нүдэнд өртөхгүй, харин хөөрхөн, ялдам тийм л бүсгүйчүүдийг шилдэг загвар өмсөгч гэж хардаг байсан юм. Ингээд төд удалгүй эгч маань намайг Сингапур улсад ирж сурахыг зөвлөсөн. Тэнд очоод загварын чиглэлээр ажилласнаар миний карьер эхэлсэн гэж болно.
-Монголд сайшаагдаагүй модель Сингапурт очоод илүү амжилттай ажилласан байх нь тийм үү?
-Яг тийм, учир нь Монголд байхдаа би өөрийгөө өнөөх өвөрмөц царайтай бусдаас доогуур үнэлэгддэг модель гэж бодож байсан бол Сингапурт ирэхэд бүх зүйл өөр тийш эргэсэн. Яасан гээч, тэд миний дүр төрхийг хамгийн ховор царай гэж хэлсэн. Яг энэ үед би өөртөө итгэх хамгийн том итгэлээ олж авсан. Хэзээ ч дэлхийн алдарт сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулж, Chanel-ийн тайзан дээр алхана гэж төсөөлөөгүй бяцхан охинд “чи бол модель” гэж хэлсэн хүмүүс Сингапурт байсан юм. Тэнд очоод Сингапурын нисэх буудалд тавигдсан нэгэн сурталчилгааны гол дүрд тоглоод 5000 долларын цалин авч байсан тэр мөчийг би хэзээ ч мартдаггүй. Тэгэхээр Монголд загварын салбарын хөгжил нэг шат хойно явж байгааг тухайн үед ойлгосон доо. Харин тэр үеэс Сингапур, Парис, Миланд байгаа тэр хөгжлийг эх орондоо нэвтрүүлэхийн төлөө өнөөдрийг хүртэл зүтгэж, хөдөлмөрлөж байна.
-“Mongolia’s next top model” шоу нэвтрүүлэг энэ ойлголтыг хэвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна гэж боддог шүү. Та бүхний зорилго ч модель гэдэг мэргэжлийн онцлогийг үзэгчдэд таниулах байсан байх?
-Тэгэлгүй яах вэ, би энэ нэвтрүүлэгтээ туйлын их хайртай. Учир нь бидний мэргэжил яг сэтгүүлч, багш, эдийн засагчийн ажил шиг явагддаг. Магадгүй түүнээс ч их ажиллагаатай. 10 минутын тайзны алхааны цаана бүтэн өдрийн хөдөлмөр бий. Сэтгүүлийн нүүрэнд гарсан өнгөлөг зургийн цаана 20 хүний хөдөлмөр, хоёр өдрийн зураг авалт бий. Энэ бүхнийг хамгийн энгийнээр ойлгуулахад манай нэвтрүүлгийн нөлөө асар их байгаа. Загварын салбарын тухай сөрөг ойлголт давамгайлж, өнөөх хөөрхөн царайгаар бүгдийг төсөөлдөг байсан цаг үеийг шинэчлэх боломж олгосон нэвтрүүлэг гэж би боддог.
-“Mongolia’s next top model” шоу нэвтрүүлэгт ажиллах саналыг хэрхэн хүлээж авч байв. Анхны юм бүхэн хэцүү байдаг шүү дээ?
-Хамгийн шилдэг багтай хамтарч ажиллах байсан учраас хөтлөгч, шүүгчээр ажиллах саналыг шууд л зөвшөөрсөн. Би бүх зүйлд багийн сайн тоглогч байхыг хүсдэг. Хүн хэзээ ч ганцаараа ажиллаад амжилтад хүрдэггүй. Харин сайн хамт олны ачаар хүссэнээ олж авдаг. Яг энэ зарчмаар л ажилласан даа. 10 хүний өмнө гарч олигтой үг хэлж үзээгүй хүнийг хэдэн сая үзэгчийн өмнө хөтлөгч хий гэж хэлсэн тэр мөчийг мартахын аргагүй. “Боловсрол” телевизийн багийнхан надад гурван хуудас текст өгөөд гурав эргүүлээд ус руу түлхсэн. Тэгээд л сэлсэн дээ. Шударга хэлэхэд би эхлээд чадаагүй, алдаж, зэмлүүлж, шүүмжлүүлсэн. Харин өдөр ирэх тусам энэ бүхнийг засч сайжруулахыг л эрмэлзэж байлаа. Үзэгчдийн шүүмжлэл эхлээд хэцүү байсан ч сүүлдээ тоогоогүй ээ, зүгээр л урд байгаа замаа хараад хичээсэн.
-Хоёр дахь жилдээ ажиллахад арай өөр мэдрэмж төрж байна уу. Туршлага нэмэгдсэн болохоор дөртэй болчихсон байгаа байх?
Энэ жил арай дээрдсэн. Миний хамгийн том сул тал монгол хэлээ сайн мэддэггүйд байсан юм. Өнгөрсөн жилийн шоугаа дуусгаад өөртөө олон дүгнэлт хийсэн. Тэгээд дахиад сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгож Бали арал, Лондонд амьдрахаар явсан. Ингээд хамгийн гол нь монгол хүн учраас төрөлх хэлээ төгс сайн эзэмшье гэдэг зорилт тавьж англи үг хольж ярьдагаа цэгцэлж эхэлсэн. Би багаасаа л гадаадад амьдарч, аялдаг байсан болохоор бүх үг англиар орж ирээд байдаг юм. Харин монгол болгох хэрэгтэй гэсэн команд өөртөө өгснөөс хойш арай дээрдсэн шүү.
-Загварын салбарт оруулсан энэ хөрөнгө оруулалтын үр дүн гарах цаг ойртож байгаа болов уу?
-Би “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийг Монголын хамгийн өндөр зардлаар бүтэж байгаа цөөн хэдэн нэвтрүүлгийн нэг гэж хэлмээр байна.
Нэг дугаарын зураг авалт хийхэд хамгийн багадаа дөрвөн объект солино. Хорь гаруй охиныг иж бүрэн хувцаслана. Нэг гэрт байрлуулж, хамгийн эрүүл хоол хүнсээр хангана. Хөргөгчинд байгаа нэг ширхэг бүтээгдэхүүн ч бидэнд хамаатай. Тэгээд хамгийн их бэлэгтэй нэвтрүүлэг шүү дээ. Охидод үргэлж шинэ, сонирхолтой бэлэг бэлтгэж баярлуулах нь бидний бас нэг зорилго.
Энэ мэтчилэн ярихад төсөөлшгүй их хөдөлмөр, бас өртөг гардаг. Үүний үр дүнг ялагчид маань бас оролцоод гарсан моделиуд маань амжилтаараа бататгаж харуулна. Тэд дэлхийн брэндийн зураг авалтад уригдаж, олон улсын тайзанд алхаж эхлэх цаг ойрхон байгаа гэдэгт итгэдэг. Учир нь тэд маш өндөр түвшинд бэлтгэгдэж байгаа. Сүүлийн жилүүдэд Монголын шилдэг моделиуд дэлхийн тайзанд алхаж эхэллээ. Тэдний чадварыг дэлхийд өндрөөр үнэлж эхэлж байна. Энэ бол бидэнд том боломж байгаагийн тод илрэл. “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгээс тодорсон ялагч нар ч энэ буухиаг үргэлжлүүлэх ёстой гэж боддог. Тэд чадна гэдгийг мэдэж байгаа учраас бид асар өндөр өртгөөр шоу хийж байна шүү дээ.
-Шоуны хамгийн хэцүү нь юу байдаг бол?
-Манай нэвтрүүлгийн бичлэгийн үеэр олон сонирхолтой зүйл болдог. Үзэгчдэд харуулж байгаа нэг цагийн нэвтрүүлгийн цаана дөрвөн өдрийн бичлэг байдаг гээд бод доо. Би анх их гайхдаг байлаа. Гэхдээ олон цагаар сууж бичлэг хийлгэх надад юу ч биш. Энэ зэргийн бэрхшээлийг даваад л гарах ёстой. Яагаад гэвэл түүний цаана 100 гаруй хүн бас л хөдөлмөрлөж байгаа. Харин оролцогчоо хасах тэр мөч хамгийн хэцүү нь. Оролцогч хасагдсаны дараа хэлдэг тэр үгийг би сэтгүүлчээсээ авахгүйгээр өөрийнхөө тухайн үеийн мэдрэмжээр хэлдэг. Нулимсаа нуугаад залгиж өнгөрөөсөн үе зөндөө бий. Би дагаад уйлчихаж болохгүй шүү дээ. Ер нь оролцогчдоо хараад би өөрийнхөө бага насыг олж хардаг л даа. Тийм учраас туулсан туршлага, эзэмшсэн мэргэжлээсээ харамгүй хуваалцахыг хүсдэг юм.
-Энэ жилийн шоу шүүгчдийн бүрэлдэхүүнээс эхлээд шинэ, содон зүйлсээр дүүрэн байх бололтой?
-“Боловсрол” телевизийнхэн үргэлж топуудыг нэг дор цуглуулдаг. Шүүгчидтэйгээ гар нийлэн хамтран ажиллаж ялагчаа тодруулах болно. Өвөр Монголын Монгол Одон телевизтэй хамтран ажиллаж байгаа учир Өвөр Монголын үзэгчид нэвтрүүлгээ албан ёсны эрхтэйгээр бидэнтэй зэрэгцэн хүлээн авч үзэх боломжтой болсон. Мөн Монголоос гадна Өвөр Монгол, Буриадад зураг авалт хийх гэх мэтээр олон гэнэтийн бэлэг бий. Гурван сарын турш бидэнтэй хамт байж шилдэг моделийн эрэлд гарцгаая гэж үзэгчиддээ хэлмээр байна.
-Норагийн яриаг сонсоход аялах дуртай бололтой. Хэдэн улсаар аялсан бэ?
-Би аялах үнэхээр дуртай. 50 гаруй улсаар аялсан байна. Есөн улсад урт хугацаагаар амьдарч байлаа. Энэ бүхэн миний амьдралыг кайфтай, сэтгэл ханамжтай болгодог. Одоо шоугаа дуусгаад Парис хотод очиж амьдрах төлөвлөгөөтэй байна.
-Парис хот гэснээс Нора барууны хэв маягт дуртай юм шиг санагдлаа. Хувь хүнээ тодорхойлж ярьж өгөөч?
-Би гурван эгч, нэг эрэгтэй дүүтэй. Манайхан бүгдээрээ загварын мэдрэмжтэй “cool” хүмүүс байдаг. Өөрийнхөө хамгийн том давуу талыг мэдрэмжтэй, хувирал сайтай дүр төрхтэй гэж хэлмээр байна. Харин энэ бүхнийг ааваасаа өвлөсөн. Манай аав загварын өндөр мэдрэмжтэй, байнга Beatles сонсдог, яг таны хэлдгээр барууны хэв маягийг амьдралдаа хэвшүүлсэн хүн байсан юм. Оройн хоол идэх, гэрээ тохижуулах, хувцаслах зэрэг нь үнэхээр тансаг. Ийм орчинд өссөн болохоор би өөрийгөө метрополитан бүсгүй гэж хэлмээр байна. Парис яах аргагүй миний мөрөөдлийн хот. Франц хэлэнд ухаангүй дурласан. Энэ бүхэн намайг тодорхойлж чадах болов уу?
-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дээд зэрэглэлийн модель болохын тулд олон бэрхшээлийг туулах хэрэгтэй болно. Нора ч түүнийг тойроогүй дайрсан нь лавтай. Хамгийн сургамжтай тохиолдлоосоо хуваалцаач?
-Сингапурт очоод удаагүй байтал агентлагаас нэг зураг авалтад ороорой гэж хэллээ. Тэр үед хэлний мэдлэг тийм ч сайн байгаагүй учраас зураг авалтад орох ёстой юм байна, байршил нь тэнд юм байна гэдгээ л ойлгож байсан. Яваад очтол Сингапурын алдартай модель студид сууж байна. Гайхаж байснаа, дуудахаар нь түрүүлж ороод зургаа авахууллаа. Тэгээд удалгүй өнөөх алдартай модель орж ирээд хамт авахуулж эхэллээ. Сандарч, балмагдсандаа позоо яаж авах тухай байтугай яаж зогсохоо ч мэдэхгүй байв. Гэтэл зурагчин “Chin down” гэж байн байн хэллээ. Би тэр үгийг нь ойлгохгүй болохоор санаанд орсноо л хийсэн. Гэтэл тэдний хэлсэн заавраар нь ажиллаагүй учраас надад урам нь хугарсныг зураг дуусахад мэдэрч байсан юм. Ингээд дараа нь би юу алдсанаа ойлгосон. Ердөө “эрүүгээ доош нь” гэдэг үгийг ойлгоогүйн төлөө Harper’s Bazaar сэтгүүлийн нүүр зурганд Сингапурын алдарт модельтой хамт гарах боломжоо салхинд хийсгэсэн юм. Үүний араас хэчнээн их боломж надад ирж болох байсныг төсөөлөхөд харамсалтай. Гэхдээ энэ үеэс хойш би англи хэлийг эх хэл шигээ сурах ёстой гэдгийг ойлгож хичээлээ л хийдэг болсон доо. Тэр сэтгүүл одоо хүртэл надад бий. Хааяа харж өөртөө сануулга өгдөг юм.
-Загварын салбар хатуу гэдэг л энэ байх даа. Загварын тайз, зураг авалтын хөшигний ард өрнөдөг үйл явдлаас уншигчдад хуваалцаач, сонин байх болов уу?
-Загварын тайзны ард хамгийн халуун дулаан уур амьсгал бий. Бид яг л нэг гэр бүл шиг. Моделиуд бие биенийхээ даашинзыг урж, өсгийтийг нь хугалж, будгийг нь хулгайлдаг гэдэг явган яриа хүмүүсийн дунд их бий. Тэр цаг өнгөрсөн. Одоо тийм модель нэг ч байхгүй. Цаг хугацаа өнгөрч, хүмүүс хөгжихийн хэрээр салбар эрүүл болдог.
эх сурвалж: eagle.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ