Г.Баасан: МЭХ алга болсон охидынхоо төлөө шаналахгүй байна
Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит чуулган болох гэж буйтай холбогдуулан бид нийгэмд өөрийн гэсэн дуу хоолой болж яваа эмэгтэйчүүдийн төлөөлөл Гэлэгийн Баасантай ярилцлаа.
-Та эмэгтэйчүүдийн эрх гэдэг ухагдахууныг аль өнцөгөөс нь харж, дүгнэж явдаг вэ?
-Би хуульч хүний үүднээс тайлбарлахад Монгол улсын бүх иргэн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гээд тогтоочихсон. Тэгэхээр эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхдийн эрх зэргээр ангилж, эрхийнх нь хувьд салангид ойлголтыг бий болгож байна. Би үүнийг буруу гэж бодож явдаг. Тухайн хүн эхээс мэндэлсэн л бол хүн байхын үндсэн эрхүүдээ эдлээд л явах учиртай. Сая хэлсэн эрхийн салангид ойлголт төрүүлээд байгаа нь нөгөө Монгол улсын иргэн хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэх эрх зүйн томъёоллыг алдагдуулж байна. Эмэгтэйчүүдийн эрх гээд хэт туйлшраад байхаар эрэгтэйчүүдийнх нь хийморь, сүлд доройтдог, ажилгүй, архинд донтох байдал нэмэгддэг,эсрэгээрээ эрчүүдийн эрх гээд туйлшраад ирэхээр эмэгтэйчүүдээ хүчирхийлдэг, зоддог үзэгдлүүд гарч байна. Тиймээс хуулиар нэгэнт л иргэний тэгш эрхийг тунхагласан л юм бол эр, эм гэж салгаж ойлгох нь буруу, эрэгтэй эмэгтэй хүний нийгмийн асуудал, хөдөлмөрийн үнэлэмж ялгаатай байх нь буруу. Хүн гэдгээр нь л эрх нь тэгш хангагдаж байх ёстой. Яахав,онцгой шалтгааны улмаас ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг тусгаар ярьж болох байх.
-МЭХ-ны үүсгэн байгуулагдсан он цаг хэдийгээр нэг намын тогтолцоот төвлөрсөн системийн үед хамаардаг ч бодлогын хувьд нэгдмэл байж чадаж байсан байх. 1924-1940 он хүртэл бүх эмэгтэйчүүдийг бичиг үсэгтэй болгох гэхчихлэн тэднийг боловсруулах, нийгэмшүүлэх чиглэлд томоохон үр дүнгүүдийг гаргасан байдаг. Түүнээс хойшхи чөлөөт иргэний нийгмийн тогтолцооны үед Монгол эмэгтэйчүүдийн боловсролын чанарт өөрчлөлт гарав уу?
-Миний харж байгаагаар боловсрол гэдэг их өргөн ойлголт. Олон сургууль төгссөн, олон диплом өвөртөлсөн гэдгээрээ боловсролтой хүн болчихно гэвэл учир дутагдалтай. Тэр бол мэдлэгтэй хүн байхгүй юу. Эмэгтэй хүн байгалиасаа давуу байдаг. Хүн гээч бодьгалыг өөрөө тээж төрүүлэн, хөхөөрөө амлуулан өсгөөд, хүмүүжүүлдэгээрээ нуруундаа үүрэх ачаа, хариуцлага, боловсрох үйлээрээ хэнтэй ч дүйцүүлэхээрхүй чадамжтай. Гэтэл өнөөгийн хэвшсэн ухагдахуунаар гурван сургууль төгссөн эмэгтэйг боловсролтой эмэгтэй гэж нэрлэх болж. Гурав байтугай арван сургуулийн дипломтой байсан ч хүнтэй харьцаж чаддаггүй хүнийг алийг тэр гэхэв. Магадгүй 12-р анги л төгссөн охин байна гэж бодъё, тэгсэн хэрнээ эцэг эхээ хүндэлдэг, нийгэмд зөв бодолтой, зөв сэтгэлгээгээр ажиллаж хөдөлмөрлөдөг бол гурван дээд сургууль төгссөн эмэгтэйгээс илүү тэр охин боловсролтой гэж нэрлэгдэх ёстой. Тиймээс бид юун түрүүнд боловсролыг мэдлэгээс нь ялгаж ойлгох хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр түрүүн ярьсан, хатан ухаан, ухаант бэрийн буян гээд ярьдагчилан манай эмэгтэйчүүд байгалиасаа өгөгдсөн давуу боловсролтой. Саяын мэдлэг гэх ойлголтоос би ялгаж хэлж байгаа юм шүү. Харин төрийх бодлогоор Монголын эмэгтэйчүүдийг айл гэр авч явдаг, үр хүүхдээ хүмүүжүүлдэг дээрээс нь гэрийг гийгүүлдэг заяамал эрхийг нь хамгаалахын тулд гэр бүлдээ үнэнч бай, харийн хүмүүстэй атгаг бодлоор бүү нөхц, хормой сул байж болохгүй, таны төрүүлэх хүүхдийг хувь заяа Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай хүйн холбоотой гэдгийг ухамсарлуулах ажил хийх хэрэгтэй. Эр хүний, эр нөхрийн гүндүүгүй, гүдэсхэн байдлыг залж чиглүүлэх давхар үүрэг ч эмэгтэй хүнд байж байдаг. Эмэгтэй хүн нөхрөө хэр зэрэг ойлгож, хүндлэхээс тэр гэр бүл нийгэмд ямар явах шалтгаалж байдаг байхгүй юу. Тухайлбал Баасан гэж эмэгтэйн өдий зэрэгтэй явж байгаа нь надаас гадна би гэр бүлийх хүнтэйгээ зөв ойлголцож, зорилгоо нэгтгэж чадсан, түүнийг нь дэмжих ёстой гэдгийг ухамсарт нь суулгаж чадаж байгаа учраас өдий дайтай яваа юм. Эмэгтэй хүн чинь уураар бус ур ухаанаараа асуудлыг зохицуулж байдаг нандин хүмүүс байхгүй юу даа. Тиймээс эргээд боловсрол гэсэн сэдэв рүүгээ ороход Монголын эмэгтэйчүүд Монгол эмэгтэй болсоныхоо хувиар аливаа нэгэн гэр бүлийг бүтэн авч явах үүрэгтэй гэж би боддог, нэгдүгээрт. Хоёрдугаарт эмэгтэй хүн өөрөө үлгэр дуурайлалтай байж миний, таны, чиний эр нөхөр, үр хүүхэд нийгэмд боловсорч чадна гэдгийг ойлгох ёстой. Мэдлэгтэй байж болно, мэдлэгээ боловсролтой хослуулж байж нийгмийг хөгжүүлнэ. Яг үнэндээ би ийм л зарчим барьдаг. Тэгээд яахав манай нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх жин эрчүүдээсээ олонхи байна. Төрийн албан хаагчдын 60 хувь нь эмэгтэйчүүд, намын байгууллагат 50 хувь нь бас эмэгтэйчүүд байна. Хүн амын маань дийлэнх нь эмэгтэйчүүд байгаад байна шүү дээ. Хэрэв арга билигийн ухаан гэдгээрээ ярьвал хүйсийн тэгш байдлыг хангах тухай энд яригдана. Нийгэм дэх эмэгтэйчүүдийн идэвхи маш өндөр байгааг энэ статистикууд харуулж байна. Тэгсэн хэрнээ амьдралыг авч явдаг, тэр өрх бүлийн эдийн засаг, үр хүүхдүүдийн хүмүүжил гээд бүх ачааны дийлэнх хувийг эмэгтэйчүүд авч явж байгаа шүү дээ. Тэр утгаараа нийгмийн харилцааны 60 шахам хувь нь эмэгтэйчүүд байгаа учир төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байх ёстой. Тэгж байж энэ нийгмийг зөв жолоодно. Харамсалтай нь тийм байж чадахгүй байна л даа. УИХ-д 20 хувь нь, яам,тамгын газрын 9.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Харин эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллагсдын 65 хувь нь эмэгтэйчүүд байх жишээний. Энэ юуг харуулж байна вэ гэвэл мэргэжлийг, хөдөлмөрийн бүтээмж,үнэлэмжийг эр, эм гэж ялгаварладаг байдал л ажиглагдаж байна. Социализмын үед эмэгтэй жолоочийг хараад гайхширдаг байлаа, яагаад гэвэл жолооч гэдэг бол эрчүүдийн хийдэг ажил гэж ойлгодог байсан гэхчилэн. Тэгвэл тэгш эрхийн тухай ярьж байгаа тохиолдолд мэргэжлийг ч эрэгтэй, эмэгтэй гэж ангилах ёсгүй. Тэгэхээр багш, эмч чинь эмэгтэйчүүдийн ажил, төрийг жолоодох нь эрчүүдийн ажил гэх нь буруу ойлголт болчихож байгаа биз!
-Аль ч салбар дундах хүйсийн тэгш харьцаа хангагдахгүй байна гэж та хэлж байх шиг байна. Тэгэхээр хүйсийн тэгш, тэнцвэртэй харилцаа бий болоогүй цагт засаглал ч эрх тэгш хийгээд тогтвортой байх боломжгүй гэж харж байна гэсэн үг үү?
-Одоогийн байгаа нөхцөлд тийм боломж алга. Энэ боломжийг бүрдүүлэх ч боломжгүй болчихоод байна. Төрийн бодлогоор үүнийг боломжтой болгож байж Үндсэн хуулийн зарчмаараа иргэн тэгш эрхтэй байх, эр эмээр нь ялгаварлахгүй байх нөхцөл бүрдэнэ. Нэг алхам нь миний түрүүн хэлсэнээр ажлын байрны болон цалингийн ялгааг арилгах ёстой. Монголын эмэгтэйчүүд эрчүүдээсээ боловсрол өндөртэй гэсэн дүн гардаг. Тэгсэн мөртлөө эрэгтэйчүүдээс 15 хувийн бага цалин авч байна.
-Та өмнөхөн яриандаа эмэгтэй хүний заяамал эрхийн талаар хөндлөө. Энэ эрх Монгол улсын ирээдүйг тодорхойлж байна. Охид эхийн хэвлийгээс хондод унасан цагаасаа эхлэн эцэслэх хүртлээ энэхүү заяамал эрхээ эдэлж чадаж байна уу?
-Төрөөс эмэгтэйчүүдийн хөгжлийн талаар, тэдний үнэлэмжийг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого тун бага байгаа. Шинээр батлагдсан Гэр бүлийн тухай хуулинд жижигхэн заалт тусгагдсан. Хүүхдийн эрхийн тухай хуулинд ээж нарын эрхийн талаар багахан зүйл тусгасан. Мөн Гэр бүлийн хүчирхийллийн хуулинд тусгагдсанаас өөр төрийн бодлого алга. Ер нь төр өөрөө эмэгтэйчүүдээ урт хугацаанд нь зөв авч явах бодлого барьж байж энэ чиглэлд урагшилна. Эмэгтэйчүүдийн заяамал эрхийн асуудал дээр төрийн бодлого сул гэж би хэлнэ. Байхгүйтэй адил.
-Хэзээнээс хойш төр эмэгтэйчүүдийн асуудлаар барих бодлогогүй, байгаад ч ийм сул болчихов, та бол хоёр ч системийн давуу тал, ялгааг нүдээрээ харж байгаа хүн шүү дээ?
-Яахав өмнөх нийгэмд нэг намын үзэл, нэг намын тогтолцоотой байсан гэдэг утгаараа ажилгүй иргэнтэй байдаггүй байлаа, хоёрдугаарт гэр бүлийн тогтвортой байдлыг хангадаг байсан, гуравдугаарт эмэгтэй хүн хөдөлмөрийн ялгамжтай байсан гэх мэт. Эмэгтэй хүний хамгийн үнэт капитал бол улс орондоо хүүхэд төрүүлж өгөх. Энэ үүднээс нь 4 хүүхэд төрүүлж өсгөсөн ээжид 400 төгрөг, 5 хүүхэдтэй эхэд 750 төгрөгийг урамшуулал болгож олгодог байсан. Монголын эмэгтэйчүүдийн их хурал гэж хуралддаг байлаа. Тэр байтугай засаг захиргаагаараа эмэгтэйчүүд тус бүрийг ажил хөдөлмөрөөр нь шалгаруулж, тухайлбал хэн сайн уран хатгамал хатгасан байна зэргээр хөдөлмөрийн бүтээмжийг нь үнэлдэг байсан юм. Энэ бол сайн ажлууд байсан. Харин зэм зээлийн нийгэмд шилжсэнээрээ эзэнгүй төр, эзэнгүй айл гэдэг шиг бүх юм аа гээсэн. Яагаад вэ, тэр зах зээл гэдэг нийгэм чинь баяжиж хөлжихийн нийгэм юм байна, хэн баян байгаа нь амьдардаг гээд ойлгочихгүй юу. Тэр 1990 оноос хойш бүгд мөнгөжихийн төлөө, тэр төрд байсан өмч хөрөнгөнөөс яаж илүү хүртэх вэ гэж шунаг сэтгэлийн тэмцэлдээн бий болсон болохоос биш яаж хүн амаа өөд нь татах вэ, яаж тусгаар тогтнолоо бүтэн байлгах вэ гэдэг асуудал мартагдчихсан. Тэгээд өмч хувьчлал гэдгээр өрөөсөн халбага ч болтугай хожиж авах гэсэн уралдаан зарласан. Түүний гайгаар Монголд авлигачид аюул болчихоод сууж байна. Бизнес нэрийх дор төрийх эрх мэдлээр далайлгаж тусгай зөвшөөрлүүдийг зардаг гээд дандаа тэгш бус, зүй бус үйлдлүүд ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш гаарсан. Жишээлбэл манай Ахмадын чөлөөт холбоо ахмад ээжүүдийг эргээд хартал тэд маш их ядарч байсан. Яагаад ядрав гэхээр зэрэг 4 хүүхэд төрүүлсэн эхэд нөхөн олговор гээд 32-той юм уу, 36 настайд нь ид ажиллах цагт нь тэтгэвэрт гаргаж байлаа. Тэтгэвэрт гарна гэдэг " үхсэн хүний төрсөн дүү" шиг болдог. Манай улс тэр том хөдөлмөрийн фронтыг туршлагыг нь авч үлдье, цаашид өөрсдөд нь чадвар байвал түүнийг нь хөгжилдөө авч үлдье гэсэн бодлого өнөөдөр ч байхгүй байна. Тэр утгаар нь би " үхсэн хүний төрсөн дүү" гэж хэлж байгаа юм. Үүнийг ахмадууд ч хэлдэг. Энэ их аюултай үг байгаа биз! Монгол улс эмэгтэйчүүдээ 4 хүүхэд төрүүлж өсгөснийх нь төлөө тэтгэвэрт гаргасан нь эмэгтэйчүүдийг хөсөр хаясан маш том үзэгдэл байсан. Дараагийн нэг зүйл нь 32-хон настай эмэгтэйн тэтгэвэрийн мөнгө гэж 6 мянган төгрөг өгч байлаа, энэ мөнгөөр зах зээлийн нийгэмд яаж амьдарч чадах вэ дээ. Тэгээд яасан гэхээр ээжүүд хүүхдээ тэжээхийн тулд тэднийгээ арга буюу орхиод ганзагын наймаанд явж эхэлсэн. Энэ үзэгдлээс болж Монголын хүүхдүүд траншейнд гарч эхэлсэн, эзэнгүй хүүхдүүд бий болсон. Маш их хөдөлмөрийн баримтыг хурааж авсан учраас эрчүүд сэтгэлээр унаж архинд орсон. Гадагшаа явж эхнэр, хүүхдүүдээ тэжээнэ гэдэг нэрийн дор зарим нь хүний нутагт үрэгдсэн. Төрийн бат бөх байх, улсын тусгаар тогтнолын үндэс нь гэр бүл байдаг. Гэх мэтчилэнгээр зах зээлийн нийгэмд шилжсэнээрээ төрийн анхан шатны дүрмийн нэгж нь бутарч сарнисан байдаг. Ийм том аюулд биднийг унагаасан. Манай Ахмадын чөлөөт холбоо байгуулагдахад нөгөө нөхөн олговор нэрээр тэтгэвэртээ суусан ээж нар бидэнд хандаж ирсэн, гурвын гурван хүүхдээ цахилгааны шийтэнд наачихсан ээж нар ирж байсан. Миний үнэндээ арьс урагдаж байсан юм шүү. Аливаа нийгмийн сайн нь дараагийнхаа нийгэмд үлдээд муугаа гээж улам сайжруулах гэж нийгэм шилждэг болохоос биш сайнтай, муутай нь булшилж хаячихаад арынх нь харгислал руу буруу зөвгүй нисээд орчихож болохгүй. Хэрэв ийм байвал Монгол улсад төр байх боломжгүй болчихож байгаа юм. Төр гэж байх юм бол нэгдүгээрт хил хязгаар дотор байгаа улс орныхоо газар шороог бүтэн байлгах, хоёрдугаарт татвар төлөгчдийнхөө тав тухтай амьдралыг авч явах гэж л оршдог шүү дээ. Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Гэтэл татвар төлөгчдөөс мөнгөө авчихаад эргээд ард түмнээ хайрладаггүй ийм л төр Монгол улсад оршиж байна. Энэ үүднээс Ахмадын чөлөөт холбооноос ээж нарт одонгийнх нь мөнгийг өг өө, тэр социализмын үед 4 хүүхэдтэй ээжид олгож байсан 400 төгрөг чинь зах зээлийн нийгмийн 2004 оны 500 мянган төгрөгтэй, социализмын үеийн 750 төгрөг чинь одоогийн нийгмийн 1 сая төгрөгтэй худалдан авах чадвар нь тэнцэж байлаа. Үнийг бид гаргаж тавьсан. Одонг нь зүүж өг, жилдээ нэг удаа ийм хэмжээний мөнгө олго гэдэг шаардлага тавиад би чинь "алтан загасны эмгэн, рекитчин авгай" гэсэн нэр хоч зүүж л явлаа. Гэсэн хэдий ч бид амжилтанд хүрсэн, харамсалтай нь 500 мянгыг нь 50 болгосон, 1 сая төгрөгийг нь 100 мянган төгрөг болгосон. Одоо энэ чинь 4 хүүхэдтэй ээжид 100, 6 хүүхэдтэй ээжид 200 мянган төгрөг болоод ээж нар мөнгөө аваад явцгааж байна. Түүнээс хойш Монголын эмэгтэйчүүдэд ээж болох, хүүхдээ тэжээх гэсэн бага ч болов итгэл найдвар төрсөн юм шиг байгаа юм. Хүн ам эрс өсч байна, үүнд би баярлаж явдаг.
-Та улс төрд болсон үйл явцуудыг харж ажиглаж суусан байх. 2016-2020 онд бүрэн эрхээ хэрэгжүүлэх энэ парламентад бид тооны хувьд чамлахааргүй эмэгтэй гишүүдтэй болж чадсан. Чанарын хувьд ямар дүн тавих вэ гэвэл нэг өөр дүгнэлт буух байх. Тэд эмэгтэйчүүд, ээжүүдээр дамжин бэлтгэгдэж байгаа Монгол улсын ирээдүйн талаар хэрхэн дуу хоолой болж чадаж байна вэ?
-Эмэгтэй гишүүд Монголын нийгмийн давхарга бүрт амьдарч байгаа охид, бүсгүйчүүдийн, ээж нарын зовлон жаргалыг бодитоор үнэлж, дүгнэхгүй байна. Тэд бас хуульчид биш. Хууль гэдэг бол нийгэмд байгаа бүх эрх зүйн харилцааг гаргаж тавиад түүнийг мөрдөж амьдрах баримт бичиг. Эмэгтэй гишүүд Монголын эмэгтэйчүүдийн дунд ямар ямар харилцаа байна вэ, хэчнээн нь хуулиар зохицуулагдаж, эс зохицуулагдаж байна вэ, баталсан хууль нь амьдралд хэрэгжиж байна уу, хэрэгжихгүй байна уу, хаана нь доголдол үүсчихээд байгаа юм бэ гэдгийг судлаад, түүнийгээ шийдвэрлүүлж ажиллах чадамж бүхий нь сонгогдсонгүй. Чадалтай, чадвартай нь байгаа гэвэл би үгүйсгэхгүй, би тэдний хэнтэй нь ч ярилцаж үзээгүй. Социализмаас нөгөө нийгэм рүү шилжихэд 70 хувийг нь үүрэлцсэн нэг нам хэт олонхи болсноос намын системдээ баригдаад ард түмний элч, төлөөлөл гэдгээ умартаж намын даалгаварын төлөө ажилладаг болчихсон байгаа нь худлаа биш. Бидний үед таны насны залуу байхдаа нуугдмал эрхтэн гээд юун хүнд үзүүлэхтэй манатай, хүмүүжил их өөр байлаа л даа. Одоо бол ил эрхтэн байтугай Их хурал дээр байж байдаг эрхтэний асуудал болчихлоо шүү дээ. Би өөрөө 3 охинтой, ач зээтэй, яг үнэндээ энэ сэдвээс их ичдэг юм. Ямар гээчийн эх захгүй, ямар гээчийн задиггүй, байж болох, болохгүй нь ялгарахаа больчихсон, буруу зөв нь үл ялгагдаж байгаа ямар гээч аюултай нийгэм бэ?! Яаж би үр хүүхэд, ач зээтэйгээ зэрэгцэж суучихаад тэр ичимдэг эрхтэний талаар сурвалжилсан мэдээг үзээд сууж байх вэ? Зөвхөн үүний төлөө л МЭХ дуугарч байх ёстой юм. Гэтэл дуугарсангүй, энэ бол аюултай үзэгдэл. Өнөөдөр охин хүүхэд алга болчихоод байхад МЭХ бүх хуулийн байгууллагад хугацаатай шаардлага өгөөд зогсч байх ёстой атал охидынхоо араас нэхэл сураг болж явсангүй шүү дээ. МЭХ гэж дүр эсгэсэн хурал хийгээд, тэндээ өөрийнхөө таньдаг хэдийг суулгаад, хурлаас илүү гарсан мөнгийг нь цохьчихоод л... Би хурлын мөнгөнөөс нь цохьчихоод гэж шууд хэлнэ энэ байгууллагыг. Яагаад гэвэл үр дүн гарсангүй. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монголын эмэгтэйчүүдийн нэрээр хэчнээн их юм гаднаас орж ирсэн бэ, хэчнээн их юм төр засгаас авсан байгаа бол?! Тэр тайлангууд алга. Би өөрөө сая туршиж үзлээ л дээ. 2013.04-2016.0.9 сар хүртэл би ахмадуудын асуудлыг шийдвэрлүүлэх гээд засгийн газраас төсөв аваад орон нутаг бүрт хүрч ажиллах гээд үзсэн. Нийт 536 сая төгрөгний төсөв бүрдүүлсэн. Энэ мөнгөөр бид ахмадын хуулийг өөрчилж чадсан, олон улсад мөрдөгдөж буй ахмадуудын үндсэн 5 эрхийг шингээсэн хуультай боллоо. Монголын ахмад настны улсын зөвлөгөөнийг 3 жилийн хугацаанд 2 ч удаа хийчихлээ. Ахмадын асуудлаар 21 аймгаар гурав тойрч, 90 суманд очиж ажиллалаа. Тэр байтугай Ахмадын чөлөөт холбоо Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын ахмадын холбооны гишүүн байгууллага болчихлоо. Тэтгэврийн зээлээр анх удаа 10 мянган ахмадын өргөдлийг төрийн ордон дахь эрх мэдэлтнүүдэд гардуулж өглөө. Тэтгэврийх зээлийн асуудлыг өнөөдөр ч үргэлжлүүлэн бүрэн шийдвэрлүүлэх гээд явж байна. Энэ ажлын үр дүнд тэтгэврийн зээлийн хүү 12 хувь болсон, ахмадуудын 2-с дээш хувь нь л жилийн 18 хувийн хүүтэй зээлд хамрагдаж байна. Гэх мэтчилэнгээр бид олон ажил хийж амжууллаа, болдог юм байна. Тэгэхэд МЭХ 20 гаруй жил бүрдүүлсэн мөнгөөр юу хийв гэдэг асуудал байгаа биздээ?! Яг энэ эмэгтэйчүүдийн холбоотой адил 94 жилийн түүхтэй гэх Монголын ахмадын холбоо 2008-2012 оны хооронд 4 жилийн хугацаанд 1 тэрбум 630 сая төгрөгийг төсвөөс авсан. Ахмадын чөлөөт холбооны бүрдүүлсэн төсвөөс даруй 3 дахин их төсөв хуримтлуулсан байгаа биз. Юу хийсэн юм бэ? Сэтгэл зүрх байгаад шударгаар ажиллавал ажил хийж болдог юм байна. Сэтгэлгүй, зүрхгүй бол ажил хийх нэрээр хулгай хийгээд сууж байдаг, нийгэмд ямар ч эрх зүйн харилцааг бий болгож чадаагүй холбооны нэг бол Монголын эмэгтэйчүүдийн холбоо л доо.
-Та 3 жилийн хугацаанд 530 гаруй сая төгрөгийн төсвийг босгож, харин МЭХ энэ сарын 11-нд буюу энэ пүрэв гарагт ээлжит нэгдсэн чуулганаа зохион байгуулах гэж байна. Чуулганд 3 мянган эмэгтэй оролцоно. Тэд чуулгандаа оролцохын тулд тус бүр нь 108 мянган төгрөгийг мандатанд төлж байна. Үндсэндээ 324 сая төгрөгөөр МЭХ-ны чуулган зохион байгуулагдах нь ээ. Чуулганд оролцох эмэгтэйчүүдэд өгөх гарын бэлэг, хурлын танхимын түрээс зэрэгт хэдийхэн хэрийг зарцуулах билээ. Барагцаагаар 20 гаруй сая төгрөгийг нь МЭХ зарлагадах болов уу. Цаана үлдсэн 300 сая төгрөгөөр тэд юу хийх гэж байна вэ?
-Маш их харамсч байна. Би Монгол хүн мөн үү мөн, би эмэгтэй хүн мөн үү мөн. Тиймээс би МЭХ-ны зорилгыг мэддэг байх ёстой, хэдийнэ зарлагдчихсан байгаа чуулганы талаар мэдчихсэн байх ёстой, чуулганаараа чухам юу хэлэлцэх гэж байгааг би анхааралтай уншчихсан байх ёстой. Үүнтэй адил тэр орон нутгийн малчин эмэгтэй, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, гэр хороололд амьдардаг эмэгтэйд энэ бүх мэдээлэл хүрчихсэн байх ёстой. Нөгөөтэйгүүр Монголын эмэгтэйчүүд чуулах гэж байхад засгийн газар мөнгө гаргаж байгаа болов уу гэж бодож байна. Тийм бол яагаад мөнгө авч байж эмэгтэйчүүдийг чуулганд оруулж байгаа юм, энэ чинь гэмт хэрэг. Хэн нэгнээс татвар татаас авах гэж байгаа бол УИХ-р батлагдсан татварын хуулинд тогтоосон хувиар л татвар авах хуультай шүү дээ. Сайн дураараа өөрсдөө мөнгө татаж байгаа бол гувчуур, дээрэм болно. н. Мөнхтуяа гэж их хурлын гишүүн эмэгтэй байсныг мэдэх байх. Би арай гэж Монголын ээж нарыг одонгийн 50, 100 мянган төгрөгтэй болгонгуут "Монголын одон ой ээж нарын холбоо" гээчийг н. Мөнхтуяа байгуулангуутаа ээж нараас 10 мянган төгрөг авдаг байсан. Жил бүр төрийн ордонд 1000 ээжийн чуулган гэж зохион байгуулдаг, бас такстай. Яг л энэ МЭХ шиг дээрмийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Монголын эмэгтэйчүүдийг доромжилсон, санхүүгээр нь луйвардсан ажиллагаа үргэлжилж байна шүү дээ. Би МЭХ-ны нэгдсэн чуулганд суух ёстой. 108 мянган төгрөг битгий хэл би 8 төгрөг ч төлөхгүйгээр очиж суух эрхтэй. Монголын ээж нарыг зах зээлийн нийгэмд одонгийн мөнгөтэй болгоход хүчин зүтгэсний хувиар би суух үүрэгтэй. Надад хүндэтгэлтэйгээр урилгаа авчирч өгөх ёстой шд. Тэгэхэд би өөрт хамааралтай эмэгтэйчүүдийн холбоо чуулган хийх гэж байгаа талаар танаас л сонсч байна. Хэрэв Монголын эмэгтэйчүүдийн холбоо л юм бол орон даяар эмэгтэйчүүд чуулах гэж байна, юу хэлэлцэх вэ гээд асуулга асуугаад судалгаа хийчихсэн байх ёстой шд. Тэгэхэд ийм нууцын зэрэглэлтэй, ганц хүн өмчилчихсөн ашгийн байгууллага болгочихоод хувьдаа завших гээд сууж байна шд. Энэ нийгэм бол нийт ард түмний нийгэм болохоос хэсэг хүмүүсийн нийгэм биш ээ. Хэрвээ та Монголын эмэгтэйчүүдийн төлөө ажиллах гэж байгаа бол охид нь цэвэр тунгалаг, хүмүүжилтэй, бүсгүйчүүд нь ажлын найдвартай ажлын байртай, эрчүүдтэй адил цалин авдаг, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүд нь ил тод, үлгэр дуурайлал болж ажилладаг ийм эмэгтэйчүүдтэй болохын тулд Монголын эмэгтэйчүүдийн холбоо ажиллах үүрэгтэй болохоос бус мөнгө босгох, улс төрийн намд үйлчлэхийн төлөө ажилладаг, хүний зовлонгоор жаргал хийх гэж байгаа бол татан буугдах хэрэгтэй шд. Монголын эмэгтэйчүүд ядарч байна, хамгийн бага тэтгэвэр авч байгаа ахмадуудын ихэнх нь эмэгтэйчүүд байна. 100-аас дээш настай ахмадуудын 76 хувь нь эмэгтэйчүүд байхад МЭХ хаана, хэний эрх ашгийн төлөө ажиллаад байна вэ, би үүнийг асуумаар байна. Гудамжинд жагсаал цуглаан боллоо гэхэд дийлэнх нь эмэгтэйчүүд л явж байна, ийм мундаг эмэгтэйчүүдээ хайрлаад, хамгаалахын оронд тэдний нэрээ ашиг хонжоо хийгээд сууж байна гэдэг миний эгдүүцлийг хүргэж байна. 2016.04.08-нд төрийн ордонд шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн чуулган болж байсныг санаж байна. Би тэр чуулганд суугаагүй л дээ. Энэ бол эмэгтэйчүүдийг нийгэмд эзэлж буй байр сууриар нь ялгаварлан гадуурхсан үзэгдэл. Төр нь эмэгтэйчүүдээ ялгаварлаад сууж байсан шд. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 2-р зүйл дээр хүнийг ялгаварлан гадуурхах хандлага гаргах, илрэл үзүүлэх, оролдлого хийж болохгүй гээд заачихсан. Тэр үед МЭХ-ны дуу хоолой хаана сонсогдсон юм бэ! Би хувь Баасан гэдэг хүнээрээ иргэний нийгэм гэдгийг харуулах гэж, үлгэрлэх гэж хичээж яваа. Энэ зарчимдаа би үнэнч яваа хүн. Ардчилсан нийгэмд иргэн гэдэг төрийн хамгийн хурц хараа, сонор чих нь болж байдаг. Монголын эмэгтэйчүүд бяр тэнхээ бий. Даанч эмэгтэйчүүд эвлэлдэн нэгдэхгүй байна, нэгдэх хэрэгтэй. Нөгөө арга билгийн ухаанаар эр эм хоёр нийлж байж гэр бүл бүтээдэг шиг Монголын эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд нийлж байж улсаа бүтээнэ.
-Таны ярианаас МЭХ шинэчлэгдэх ёстой би ойлголоо. Ингэхийн тулд засаглах эрх мэдлийн хуваарилалтыг хэрхэн шийдвэрлэвэл зохистой вэ?
-Ардчилсан нийгэмд нийтийн төлөө ажиллаж байгаа ТББ-ын удирдлага ажиллаж чадаж байвал нэг удаа улиран сонгогдох эрхээ ард түмнээс авах эрхтэй. Чадахгүй байгаа бол маш хурдан өргөдлөө өгөөд огцрох ёстой. Тэр тусмаа шинэчлэгдэж чадахгүй байгаа, нэг хүний эрх мэдэл нь ужгирсан Монголын эмэгтэйчүүдийн холбоо шиг байгууллага манай олон байна. Үнэхээр нийгмийн байгууллага болъё гэвэл удирдлага нь яаралтай шинэчлэгдэж 2, 2 жилээр удирдлагаа солих хэрэгтэй. Жишээ нь Монголын ахмадын холбоо гэсэн ужгирсан байгууллагыг бид шинэчлэхийн тулд Ахмадын чөлөөт холбоог байгуулж ямар олон удаа хад мөргөв, ямар их мөс тэврэв. Гэхдээ бид шинэчилж чадсан. Ардчилсан нийгмийн иргэн бол байнга шинийг эрэлхийлж, шүүмжлэлтэй ханддаг хүн байдаг байхгүй юу. Ямарч албан тушаалтнаас үл шалтгаалан хуулийн дагуу шүүмжил чаддаг хүн ардчилсан нийгмийн иргэн. Тэрнээс биш манай нутгийн хүүхэд байгаа юм, надад тус болсон юм хөөрхий гэхчилэн төрийн үйлчилгээ үзүүлсэний төлөө тус болсон гээд сууж байдаг иргэнийг ардчилсан нийгмийн иргэн гэхгүй ээ. Би ер нь этгээд зантай хүн. Шударгаар ярьвал Монголын эмэгтэйчүүдийн холбоог эрэгтэй хүн удирдсан ч яадаг юм. Би бол Ж. Эрдэнэчимэгт шүүмжлэлтэй ханддаг. Монголын эмэгтэйчүүдийн холбоо хуралдах гэж байгаа бол нэн яаралтай хэлэлцэх асуудлаа ил болгох хэрэгтэй, удирдлагад өрсөлдөх эрхийг нь нээлттэй байлгах ёстой шд.
-Эмэгтэйчүүдийн заяагдмал эрхээр дамжиж Монгол улсын ирээдүй бэлтгэгдэж байна. Нэг ёсондоо эмэгтэйчүүдээс Монгол улсын тусгаар тогтнол эхлэлтэй гэхэд дэгсдэхгүй онох болов уу. Гэтэл гэр бүлээ эвлүүлж, урлаж авч явах үүрэгтэй эхчүүд, бүсгүйчүүд ядарч туйлдахаар гэр бүл тогтворгүй болж байна. Гэр бүлийн тогвор ой харилцаанаас нийгмийн тогвортой хөгжлийн бодлого салбарлаж байна. Нийгмээ тогтвортой авч явахын тулд уялагыг нь хэрхэн тааруулах вэ?
-Манай өнөөдрийн нийгэмд гэр бүл тогтворгүй байх, хүүхэд тэнэмэл байх, ажилгүй архичид нэмэгдэх гээд энэ бүгдийг зориуд ийм байлгаж байх сонирхол бүхий бүлэг ажиллаж байна. Бодлогоор ийм болгож, тэрийгээ засах гэж байгаа нэрээр мөнгө цусалж байна. Гэр бүл тогтвортой байх наад захын амжиргаа нь орон байр, хоёрт өрх гэрийн тэргүүний авч байгаа цалин амжиргаандаа хүрэлцдэг байхаас сэтгэл хангалуун амьдрах суурь тавигдана. Гуравдугаарт төр тэр айл гэрийг тогтвортой байлгах бодлогыг хэрэгжүүлж байж салалтгүй гэр бүлийг бий болгоно. Тийм бодлого байна уу Монголд, алга. 8 хувийн хүүтэй орон сууцны зээл нэрийн дор тэрнээсээ илүү ард түмнээ шулдаг. Ийм л тогтолцоо, ийм л нийгмийг бид бүтээчихэж. Яаж амьдрах юм бэ, ёстой өнөө Монгол хүн яс сайтай тулдаа тэсээд яваад байна, цаашид тэсч тэвчих шаардлагагүй гэж би бодож байна. Төр ичих хэрэгтэй, гайгүйхэн шиг нүдтэй, амтай, шүдтэй бүтэн бол гадаадад борлуулж, боол болгож явуулаад байна шд. Сүүлд тохиолдсон ганцхан ноцтой жишээг би дурьдъя. ЗТХЯ дээр төрийн шударга албан хаагч бусдын гарт хэрцгийгээр амиа алдлаа. Тэр хүүг эцэг нь Монгол төрийн хүн болгож бэлтгэж өгсөнийхөө төлөө үрээ алуулчихаад сууж байна. Тэгж байхад өнөөдөр шүүх засаглал амиа алдсан залуугийн ард өнчирч үлдсэн бэлэвсэн эмэгтэй, 4 хүүхдийг Монгол улсын иргэн биш мэтээр шийдвэр гаргаж тун магадгүй байдал руу хэрэг эргэж байгааг цахим орчинд бичиж байна шүү дээ. Би үүнд шаналж явдаг. МЭХ бэлэвсэн эмэгтэй,өнчин хүүхдүүдийн төлөө шаналахгүй байна. Эмэгтэйчүүд өөрсдийн гэсэн давуу талтай. Энэ давуу талаа ашиглаж улс орныхоо төлөө эвлэлдэн нэгдэж, төрийн шийдвэр гаргах түвшинд зөв бодлого хэрэгжүүлдэг болгохын төлөө ажиллаж чадвал нийгэм тогтвортой болох зам мөр тавигдах учиртай л гэж харж байна даа.
-Ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
Э.Дөлгөөн zindaa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ