С.Цогтсайхан: Хүн өөрөөсөө хамаарах хоёр хүчин зүйлээс болж дархлаагаа сулруулдаг
АШУҮИС-ийн Бичил амь дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор С.Цогтсайхантай ярилцлаа.
-Ер нь хүний дархлаа гэж юу вэ. Хүний бие ямар зохицуулгын үүрэгтэй оролцдог вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?
-Дархлааны талаар ярихаас өмнө хүний оршихуйг эхлээд ярих хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл оршин ирсэн түүх бол бид хүрээлэн байгаа орчиндоо хэр зэрэг дасан оршиж ирсэн түүх л байгаа юм. Тэсч үлдэх гэдэг ойлголт байгаа юм. Тэсч үлдэхийн тулд бидний бие махбод маш хүчирхэг мехнаизмтай байхаас өөр аргагүй. Дасан зохицлын нэг хүчирхэг механизм бол биднийг хүрээлэн байгаа орчноос, дотоод орчин буюу бие махбодод нэвтэрч болзошгүй, нэвтрээд орчихдог гаднын харь шинж чанартай бодис, бичил биетнээс өөрийгөө хамгаалах чадвар буюу дархлааны урвал байдаг. Тэгэхээр дархлаа тогтолцоо нь бидний бие махбодод гаднаас орж ирж байгаа бичил биетнүүдийг саармагжуулах, зайлуулах, гадагшлуулах үүрэгтэй дархлааны урвалыг хариуцдаг тогтолцоо юм.
-Хүний дархлаа ер нь мууддаг юм уу. Ханиад хүрэнгүүт л дархлаагаа сайжруул, дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэ гэж зөвлөдөг болсон. Энэ талаар судлаач хүний хувьд зөв цэгцтэй мэдээлэл өгөхгүй юү?
-Хүний дархлааны урвал хэт их эрчимтэй байх нь ч сайн биш, сул эрчимтэй байх нь ч сайн биш юм.
Дархлаа тогтолцоо өөрөө өвчлөөд үүргээ гүйцэтгэж чадахаа больсон төрөлхийн болон олдмол шинжтэй өвчнүүд байдаг. Ийм эмгэг, өвчнүүд элбэг биш. Жишээ нь, ХДХВ-ийн халдвар байна. Эсвэл дархлаа тогтолцоо хөгжөөгүй, буруу ажилладаг удмын эсвэл төрөлхийн гажиг байж болно. Ийм үед нарийн шинжилгээ, нарийн мэргэжлийн эмч мэргэжилтний тусламж хэрэгтэй.
Харин таны асуулт арай өөр юм асуугаад байх шиг байна. Ганц дархлаа ч биш, хүний дасан зохицлын механизм бүхэлдээ ямар нэг байдлаар, гадаад дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр сул, тэнцвэргүй ажиллах үе байна.
-Дархлааны эрчим ямар үед сул болж ямар үед хэт эрчимждэг вэ?
-Дархлаа тогтолцооны үйл бага насны хүүхдэд бүрэн хэлбэржээгүй, бүрэлдэж, тогтоогүй байдаг. Тийм учраас бага насны хүүхдүүд өвчлөмтгий байдаг. Мөн ахмад настай хүмүүс, жирэмсэн эмэгтэйн дархлааны эрчим нь суларчихсан байдаг. Энэ бол байгалийн процесс. Илүү эрсдэлтэй, эмзэг нөхцөлд байгаа хүмүүс, байгаль, цаг уурын хүнд нөхцөлд, үйлдвэрлэлийн хортой орчинд ажилладаг, хэт их ачаалал авдаг, дээрээс нь янз бүрийн хорт зуршилтай хүний дархлааны эрчим сул байх боломжтой. Байнга архи уугаад байдаг хүний дасан зохицох үйл, тухайлбал дархлаа нь гэмтэж таарна. Хүний орчин, амьдралын хэв маягын ийм тайгүй нөлөө, оюуны ба биеийн байнгын стресс ганц дархлааг биш хүний дасан зохицлын механизмын эрчмийг сулруулна. Нэг үгээр бид өөрөө өөрсдийгөө өвчлүүлдэг.
Бидний бие махбодод өрнөж байгаа үйл явцууд бүгд хяналттай, бүгд хоорондоо нарийн зохицуулгатай өрнөдөг. Хоёр төрлийн байгалийн зохицуулга байна. Нэг нь төв мэдрэлийн тогтолцоо, түүний бидний ухамсраас үл хамаарах хэсгийн зохицуулга юм. Нөгөөх нь бидний удмын өгөгдлүүд байна. Энэ хоёр зүйлээр бие махбодын бүх үйл явц хянагдаж, зохицуулагдаж байдаг. Гуравт, өөрсдийн амьдралын хэв маяг.
Тэгэхээр эрүүл байна гэдэг бол дээрх хоёр хүчин зүйлээс гадна биднээс өөрсдөөс маань хамааралтай байдаг. Бид өөрсдөө хамаарах буруу амьдралын хэв маягтай байх юм бол нөгөө хоёр маань хямарч эхэлдэг. Энэ хямраад эхлэх юм бол бие махбодио гаднын бодис, бичил биетнээс хамгаалах эрчим нь сулраад эхэлдэг. Өөрөөр хэлбэл, бие махбодийн байгалиас заяасан зохицуулах мехнизм хямраад эхлэх юм бол дархлааны үйл ажиллагаа хямраад эхэлнэ.
Жишээ болгож нэг залуу хүний амьдралын хэв маягийг авч үзье. Өглөө эрт ажилтай байдаг. Орой гэртээ орж ирлээ, халаасан хоол хам хум идээд компьютерийн ард суулаа, шөнийн 03.00 цаг болтол унтахгүй, хөдөлгөөнгүй суулаа. Өглөө хагас дутуу нойртой ажил руугаа явлаа, ажил дээрээ очлоо ажлын бүтээмж буурна, дарга нь шаардлага тавина, стресстэнэ. Өдрийн хоолондоо түргэн хоол аваад идчихлээ. Орой ажлаа тарлаа. Дахин үргэлжилнэ. Энэ үйл явц олон хоног, сар үргэлжилбэл тархи, бие хоёул тамирдаж эхэлдэг. Бие махбодын зохицуулгаа тааруухан хийж эхэлдэг. Энэ зохицуулгын хяналтын механизм сул ажиллаад эхлэхээр хүний биед гаднаас орж ирж байгаа аюултай зүйлийг саатуулах, хариу үйлдэл маань дагаад суларна гэсэн үг.
Хэрвээ сөрөг стресст орсон бол ядаж өөртөө эргүүлээд эерэг стресс үүсгэж сурах, стрессээ гүнзгий үргэлжилсэн болгохгүй мартаж сурах, өнөөдөр их ачаалалтай ажилласан бол энэ амралтын өдрүүдэд бүх ажлаа хойш тавиад амрах зэрэг бидний зохицуулж болох зүйлс олон байгаа. Хүмүүс буруу амьдралын хэв маягаасаа өөрийгөө ядруулж, туйлдуулчихаад ид шидтэй, хүчтэй эм, бүтээгдэхүүн олж хэрэглэхийг хүсч мөрөөдөөд байна. Мэдээж тэр олон эм бэлмдэл, төрөл бүрийн бүтээгдэхүүнийг нь ямар ч үр нөлөөгүй гэж хэлэхгүй. Эмчийн заалтаар эсвэл заавартай нь сайн танилцаад хэрэглэж бололгүй яах вэ. Гэхдээ эрүүл аж төрөх ёсон, эрүүл амьдралын хэв маяг, чийрэгжүүлэлт илүү чухал хэрэгтэй байгаа юм.
-Тэгвэл хэрхэн эрүүл амьдарлын хэв маягтай болох вэ?
-Монгол Улсад бол нийтийн эрүүл мэндийн боловсролын тогтолцоо гэдэг зүйл бараг ажиллахгүй байгаа. Хэдэн эрүүл мэндийн нэвтрүүлэг, хэдэн сайт л байна. Иргэдийг эрүүл мэндийн боловсролтой болгоход төр засгийн бодлого байх ёстой.
Одоо бол эхний багш нь нийгмийн сүлжээнд мэдээлэл тавьдаг хүмүүс, хоёр дахь багш нь үзмэрчид, гурав дахь багш нь сүлжээний бизнес эрхлэгчид л байна. Энэ хүмүүс л иргэдэд эрүүл мэндийн “боловсрол” олгож байна. Эрүүл мэндийн боловсрол бол өөрөө арга зүйтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй, өгөх мэдээллийн хэмжээ, өгүүлэмж, загвар, тайлбарлах арга нь шинжлэх ухаан дээр суурилсан байх ёстой юм. Түрүү хэлсэн гурван багш бол өөр өөрийн тодорхой зорилготой. Бүгд буруу зүйл хэлдэг, сургадаг гэж хэлэхгүй. Зарим нь бол хэрэгтэй зүйл хэлдэг л байх.
-Стресс дархлаа тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Бидний төв мэдрэлийн тогтолцоо байнгын стрессийн нөлөөгөөр үйл ажиллагаа нь хямарч эхэлдэг. Үүнийг дагаад ганц дархлаа ч биш бие махбодын зохицуулах үүрэгтэй механизмууд хямарч эхэлдэг. Дотоод шүүрэл, дархлаа тогтолцоо, бодисын солилцооны үйл ажиллагаа хямарна.
Үүнээс гадна биеийн стресс гэж байна Маш их ачаалалтай ажилласан бол амрах шаардлагатай. Тамхинаас гарч чадахгүй байгаа бол ядаж долоо хоногт нэг удаа ууланд аялчих л даа. Байнга сэтгэл түгшиж, зовнилтой явах нь дасан зохицох механизм, дархлаа сулруулахад бас нэг хүчин зүйл болж байдаг. Бие махбодын дасан зохицох үйл ажиллагааг хямраана.
-Төрөлхийн дархлаа султай хүүхэд гэж байх уу?
-Хүүхэд зургаан сар хүртлээ эхээс авсан дархлааны уургуудаар өөрийгөө хамгаалж байдаг. Тэгээд зургаагаас найман сартайд хүүхдийн өөрийгөө хамгаадах дархлаа бий болж эхэлдэг. Ээжээс нь орж ирсэн дархлааны уургууд задарч дуусаад өөрийнх нь дархлаа дөнгөж нийлэгжиж байх үед хүүхэд их өвчлөмтгий байх жишээтэй. Хүүхэд янз бүрийн халдварт их өртөнө. Энэ бол хорвоотой танилцаж байгаа л хэрэг. Бактеритай, вирустай, шимэгчтэй, гадны биетүүдтэй танилцаж эхэлж байна. Магадгүй эхний халдварууд нэлээд хүнд явцтай байж магадгүй. Энэ үед сайн анхаарч зөв эмчлэх шаардлагатай.
Хүүхдийг мэдээж гоц халдварт өвчин, аюултай бичил биетнээс хамгаалах ёстой. Харин ямар ч халдварт өртүүлэхгүй байх гэж хичээх үү, эсвэл түүнтэй танилцуулаад хамгаалалттай болгож чадах нь зөв үү. Хүүхэд анх цэцэрлэгт явахаар эхний хэдэн сар дандаа ханиад хүрдэг биз дээ. Тэр чинь халдвартай танилцаад, түүний эсрэг дархлаатай болж байгаа юм. Энэ бол байгалийн үйл явц. Дасан зохицлын нэг үе шат. Өвчин хүндэрсэн бол өөр асуудал. Эмчлэх, чийрэгжүүлэх нь чухал. Янз бүрийн бэлдмэл өгөхөөс илүү хүүхдээ чийрэгжүүлэх нь чухал.
-Монголчууд шороон дээр хөлбөрч, хөл нүцгэн хөдөө талд өссөн хүүхдийг ханиад томуунд барагтай өртдөггүй, дархлаа сайтай байдаг гэж ярьдаг. Энэ ойлголтын тухайд?
-Хүүхдээ халдварт өртүүлэхгүй гээд хэт их цэвэрхэн байх, хэт их нянгийн эсрэг зүйл хэрэглээд байх юм бол дархлаа тогтолцоо гэдэг чинь тамирчин хүн шиг л тодорхой хэмжээний өндөр хоруу чанартай биш нянгуудтай байнга харилцаж дасгал сургуулилтаа хийж бэлтгэлээ хангадаг, гэтэл түүнийг нь байхгүй болгочихлоо гэсэн үг. Тэгэхээр дархлаа тогтолцоо хийх ажилгүй болж өөр зүйлээр оролдож эхэлдэг. Завгүй хүн юу хийдэг билээ. Хов зөөгөөд л, хүн муулаад л явдаг шүү дээ. Хоргүй зүйлийн эсрэг урвал үзүүлж эхэлдэг. Түүний илрэл бол харшил. Дархлааны хариу урвал маш нарийн зохицуулгатай тэнцвэртэй гэж хэлээд байгаа юм. Хөдөө орон нутагт өсөж байгаа хүүхэд бол байгалийн жамаар танилцах зүйлтэйгээ танилцаад явчихаж байгаа юм. Харин хот суурин газрын зарим хүмүүс зохиомол орчин үүсгэх гэж оролдоод байна.
-Энэ жилийн Нобелийн шагналыг Жэймс П.Аллисон болон Тасүкү Хонжо нарын “Дархлааны эсүүдийн саатлуурыг дарангуйлсанаар хорт хавдар өвчнийг эмчлэх боломж” бүтээл авсан шүү дээ. Хавдрыг дархлаа тогтолцоогоор дамжуулан эмчлэх боломж бий юу?
-Бидний бие мах бодид байгаа эсүүд анх үүсэхдээ өөрөө өөрийгөө үхүүлдэг, эсвэл идэвхээ саатуулж зогсоох программ агуулж байдаг. Жэймс П.Аллисон болон Тасүкү Хонжо нар хавдрын эсийг үхүүлдэг дархлааны хөнөөгч эсийн саатуулах дохио хүлээн авдаг механизмыг хориглох арга нээж, хөнөөгч эсийн идэвхийг дахин сэргээж болохыг амьтны загвар ба эмнэлзүйн туршилтаар харуулсан. Энэ бол хавдрыг эмчлэх цоо шинэ шийдэлтэй нэг арга болно. Мэдээж, энэ нээлт эмчилгээнд нэвтрэхийн тулд тодорхой цаг хугацаа шаардлагатай байх. Суурь зарчмыг нь онолын төвшинд нээж харуулсан.
Их сургуулиас их мэдлэгийг бус, мэдэхгүй зүйлээ сурч авах аргад суралцах нь илүү чухал
-Эцэст нь, таны зүгээс залуучуудад юуг захиж хэлэх вэ?
-Эмч, эрүүл мэндийн мэргэжилтэн болох гээд АШУҮИС-д орж байгаа залууст хандаад хоёр зүйлийг захиж хэлмээр байна. Нэгд сэтгэлтэй байх нь чухал. Сэтгэл хэзээ тэнэгэр байдаг вэ. Итгэлээс үүдэлтэй байдаг. Сайн сайхан зүйлд итгэж бодож явах юм бол сэтгэл тэнэгэр байдаг. Сэтгэл тэнэгэр явах юм бол ухаан уужуу байдаг юм. Ухаан уужуу байгаа цагт их зүйлийг бүтээж чадна. Нэгэнт л Анагаахад сурах гээд орж ирсэн бол хүмүүс надад тусална, сайн сайхан ирээдүй хүлээж байгаа, болгоно, бүтээнэ гэсэн итгэлтэй, эерэг хандлагатай байгаарай гэж хэлмээр байна.
Хоёрт, их сургуулиас их мэдлэг авах нь чухал, мэдээж их мэдлэг хэрэгтэй. Түүнээс илүү чухал нь яаж тэр их мэдлэгийг олж авах уу, мэдлэг бүтээх, мэдэхгүй зүйлээ сурч авах аргад суралцах нь чухал шүү гэдгийг хэлмээр байна. Та ямар компьютерийн hard диск биш. Бүх мэдээллийг өөртөө чихэх гэж оролдох нь чухал биш харин хэрэгтэй мэдээллээ хайж олж авч чаддаг, дараа нь боловсруулж цэгцэлж, эрэмбэлж чаддаг, харьцуулж чаддаг, түүндээ оюун дүгнэлт хийж чаддаг чадварт суралцах нь чухал юм.
-Ярилцсанд баярлалаа. ITOIM.MN
СЭТГЭГДЭЛ БИЧИХ