Бөхийн өргөө тойрсон маргаан хэзээ цэгцэрч , хэвийн үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй байна
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр удирдуулсан МҮБХ-ны хамт олон дөрөвдүгээр сараас хойш прокуророос битүүмжлээд байсан Монгол бөхийн өргөөний хаалгыг нээж намрын улирлын нээлтийн барилдааны товыг есдүгээр сарын 29-ний бямба гаригт зарлаад байв. Харин ням гаригт нь телевизийн салбар үүсч хөгжсөний 51 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны товыг зарласан. Бөхийн өргөө нээгдсэн даруйд иргэдийн дунд “Эсрэг холбооны хүмүүс дахиад дайрах вий, эмх замбараагүй байдал үүсгэх вий” гэсэн түгшүүр байсан. Үүний хариуд МҮБХ-ны гүйцэтгэх захирал Ц.Магалжав “Улсын бүртгэлийн ерөнхий газраас Л.Чинбатад давхардуулж олгосон гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан. Одоо эмх замбараагүй байдал үүсэхгүй” гэсэн тайлбар хэлж байв.Нээлтийн барилдааны зар сонссон бөхчүүд ч бэлтгэлээ чамбайруулж эхэлсэн сураг дуулдаад байв. Улсын манлай арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Э.Оюунболд, улсын харцага О.Хангай нараар ахлуулсан улс аймгийн алдар цолтой 160 гаруй бөх нээлтийн барилдаанд зодоглохоор бүртгүүлээд байжээ. Шинэ аварга Н.Батсуурь ч утсаар холбогдож зодоглохоо мэдэгдээд байсан талаар Монголын Үндэсний бөхийн холбооны гарын даа нар ярьж байв.
Гэсэн ч өнгөрсөн баасан гаригт “Үүд нь нээгдсэн өргөө рүү “Улсын гарьд Б.Гантогтох, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нараар ахлуулсан залуус дайрлаа” гэсэн шуугиан дэгдэх нь тэр. Сонирхож очвол өргөөний үүдэнд булиа том биетэй залуус цуглачихжээ. Хаалган дээр нь муухай харж зогсчихоод хүн амьтан ойртуулах шинж алга. Урт саарал куртиктэй өндөр бор залуугаас үйл явдлын талаар тодруулбал “Цагдаа нар дотогш нэвтэрсэн байгаа. Хамгаалалтад авсан” гэхээс өөр хариу өгсөнгүй. Хаалганы цонхоор шагайж үзэхэд Бөхийн өргүү рүү улсын гарьд Б.Гантогтох, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатын бие төлөөлөгч Билгүүн нарын хүмүүс орчихсон байв.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа дархан аварга Х.Баянмөнх өргөөний гадаа ирж машинаасаа буулаа. Тэрбээр “Саяхан бид Захиргааны хариуцлагын тухай шүүхэд давж заалдаж Л.Чинбат тэргүүнтэй МҮБХ-ны тамга тэмдгийг нэг сарын хугацаанд түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон. Иймээс бид албан ёсны тамга тэмдэгтэй, бүртгэлтэй бөхийн барилдааныг зохион байгуулах хүмүүс болж үлдлээ. Иймээс бид ажлаа хийх гэж л ирлээ. Шүүхээс ажил явуулах эрх өгч гэрчилгээг нь олгоод байхад бид ажлаа явуулахгүй бол хариуцлага хүлээнэ шүү дээ” гэж хэлэв.
Шүүхээс дархан аварга Б.Бат-Эрдэнийг Монголын Үндэсний бөхийн холбоог төлөөлөх эрхгүй гэсэн шийдвэр гарсан. Иймээс Л.Чинбатаар ахлуулсан Монголын үндэсний бөхийн холбооны мэдэлд Монгол бөхийн өргөөг өгөхийг шаардах бичгээр хүргүүлжээ.
Үүсээд буй нөхцөл байдлын талаар Монголын үндэсний бөхийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Магалжаваас тодруулга авлаа.
-Танай холбооноос намрын улирлын нээлтийн барилдааныг зохион байгуулахаар товлоод байсан эсрэг холбооныхон дахиад л эмх замбараагүй байдал үүсгэлээ?
-Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн маргаан шүүхийн шатанд явж байгаа. Цагдаагийн байгууллага тав хоногийн өмнө Бөхийн өргөөг нээж, лацыг нь тайлж үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. Холбооны үйл ажиллагаа нь тусдаа шүүхийн асуудал учраас тоглолтууд, барилдаанаа явуулъя гэсэн юм. Маргааш (бямба гаригт) намрын нээлтийн барилдаан болох ёстой. Гэтэл Ү.Хүрэлбаатар, Х.Баянмөнх аварга, Б.Гантогтох гарьд нарын хүмүүс ирж үймээн гаргалаа. Одоо цагдаагийнхан дахиад Бөхийн өргөөг битүүмжлэх үйл ажиллагаа явуулах байх.
-Анхан шатны шүүхийн шийдвэр Л.Чинбатын холбооны тамга тэмдгийг хүчингүй болгосон ч давж заалдсан гэх юм. Шийдвэр нь яаж гарсан бол?
-Анхан шатны шүүх Л.Чинбатад олгосон гэрчилгээг шүүх хүчингүй болгосон. Давж заалдах шатны шүүх хурал хоёр хоногийн өмнө болсон л доо. Энэ хэрэгтэй холбоотой нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хэргийн материал бүрэн гүйцэд болоогүй байна гэх үндэслэлээр анхан шатны шүүхэд дахиад шилжүүлсэн. Ийм л зүйл болоод байна. Маргаан тодорхой хугацаанд үргэлжлэх учраас Бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвээр нь явуулъя гэсэн. Гэтэл энэ нөхөд МҮБХ-ны үйл ажиллагааг доголдуулж, буцаад хаагдах байдалд нь оруулаад байна.
-Холбоод Бөхийн өргөөний төлөө шүүхдэлцээд, үүдийг нь эвдээд байдаг юм уу, Монголын Үндэсний холбоо гэх ТББ-ын тэргүүний албан тушаалыг булаацалдаад байдаг юм уу?
-Энэ талаар иргэд бөх сонирхогчид ташаа ойлголттой яваад байдаг. 21 аймгийн бөхийн холбооны төлөөллүүд цуглаж хурлаа хийгээд явах ёстой байдаг. Гэтэл цөөхөн хүмүүс цуглаж Л.Чинбат гэдэг хүнийг Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр тавьчихаад, давхардуулж гэрчилгээ гаргуулчихаад маргаад байгаа юм. Энэ шүүхийн маргааныг өнгөцхөн дүгнээд харвал холбоогоо ч булаацалдаад байгаа юм шиг, өргөөгөө ч булаацалдаад байгаа юм шиг ард түмэнд харагдаад байгаа. Мөн чанар нь бөхийн хөгжлийг хууль ёсоор авч явах шударга ёсоо булаалдаад байгаа юм. Цаг хугацаа харуулна даа.
Тэрбээр намрын улирлын нээлтийн барилдааныг аравдугаар сарын 6-ны өдрийн Бямба гаригт “Алдар” спорт хороны зааланд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Барилдаан хойшилж Монгол бөхийн өргөөний хаалгаа дахиад лацдуулсан бөхчүүд ч бухимдлаа илэрхийлж байв. “Намрын улирлын нээлтийн барилдаанд сайхан барилдана гэж бодсон минь талаар өнгөрч байна. Над шиг хөлсөө дуслуулж олсон шагналынхаа мөнгөөр гэр бүлээ тэжээж, олноо баясгаж өв соёлоо дээдэлж яваа бөхчүүд олон бий. Бидний хувьд Бөхийн өргөөнд барилдаан болохгүй бол амьжиргаагаа яаж залгуулах билээ. Өргөө рүү дайрсан үйлдлийг МҮБХ тэргүүний маргаан биш, байшин болон газарт шунасан этгээдүүдийн үйлдэл гэж харж болохоор байна. Хэн дуртайд нь хаалгаа эвдүүлж бөх, биш хэн ч биш мөнгөтэй хүний гар хөл болсон нөхдүүд барилдаан цуцлах шийдвэр гаргуулдаг, гуч дөчөөрөө ариун дагшин өргөөр үү маск зүүж дайрч л байдаг ийм байж таарахгүй. Үүнийг бөхчүүд зүгээр хараад суулгүй Онц Их Эеээ зарлаж хуралдуулах хэрэгтэй” гэж Ховд аймгийн харьяат улсын харцага Н.Батзаяа хэлэв.
Бөхийн өргөөг цагдаагийн хамгаалалтад авсныг хараад намрын нээлтийн барилдааны тасалбарт дугаарласан залуус урамгүйхэн харина лээ. Улсын харцага О.Хангайгийн дэмжигч О.Хишигдэлгэр гэх залуу харцагын хаа барилдах сургаар Өвөрхангай аймгаас зорьж ирсэн нь талаар болжээ. “Шүүх цагдаагийн асуудлаа, цаагуураа шийдэж болдоггүй юм уу. Энэ хүмүүсийн эрх ашгийн төлөөх тэмцлийн цаана, олон зуун бөхчүүд, тэдний ар гэрийнхэн, бөх сонирхогчид хохирч байна. Бөх хөгжүүлэх, бөхийн төлөө сэтгэлтэй хүмүүс бол өргөө рүү чулуу барьж дайрч хаалга, үүдийг нь хэмхэлж сүйтгэхгүй дээ. Бөхийн өргөө гэх ард түмний хандиваар боссон, хотын “А” зэрэглэлд байршилтай барилгын төлөө тэмцэлдээд байна” гэж ярьсан юм.
Бөхийн өргөө рүү улсын гарьд Б.Гантогтох, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нарын хүмүүс олон тооны булиа залуусыг дагуулж Бөхийн өргүү рүү хүч түрж дайрсны улмаас прокурорын байгууллага дахин хамгаалалтад авлаа.
Хорин найман жил холбоо удирдсан Р.Нямдоржийг халж явуулсны маргаашнаас нь шахуу хаалгаа лацадуулсан шинэ удирлагуудын барилдаан зохион байгуулах ээлжит оролдлого дахин бүтэлгүйтлээ. Бөхийн өргөө тойрсон маргаан хэзээ цэгцэрч хэвийн үйл ажиллагаа явуулж, бөхчүүд өргөө гэртээ цуглах нь одоогоор тодорхой бус байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ