Нурмагомедов баатар болох гээд байдгаа тавиад туучихлаа
\Мэргэжлийн зодооны UFC-гийн хамгийн алдартай тулаанчид Конор Макгрегор, Хабиб Нурмагомедов хоёрын тулаан дуулиан дүүрэн болох нь анхнаасаа тодорхой байсан ч үүнээс том хэмжээний дуулиантай болно чинээ хэн ч төсөөлж байсангүй. Нурмагомедов чөлөөт, жүдо суурьтай тул энэ чадвар дээрээ тулгуурлан тулаанаа хийх нь анхнаасаа илт байлаа. Гэтэл үүний эсрэг Макгрегор тусгайлсан тактик боловсруулаагүй бололтой. Орос зодоонч тулааны эхнээс хөл рүү нь дайрсаар газарт унагаж ноолон өрсөлдөгчөө цуцаасан. Улмаар хэвтээ байдлаас ялалт байгуулах боломжийг хайсаар дөрөв дэх үед өчих мэхээр Макгрегорыг ялав. Торгон мөч.
Гэтэл тулаан дуусав уу үгүй юу Хабиб октагон даван харайж Конорын багийн гишүүнтэй үзэгчдийн дунд зодоон өрнүүлсэн нь дэлхий нийтийг гайхшрууллаа. Үүнтэй зэрэгцээд орос тамирчны багийн нэгэн гишүүн дэвжээ даван орж ирэн Макгрегор луу дайран түүнийг хэд хэдэн удаа цохив. Нурмагомедовын энэ өдөөн хатгалтаас болж үзэгчдийн дунд үймээн болсон төдийгүй цөөнгүй фанат хоорондоо зодолдож аюулгүй байдлын ажилтнуудыг хүнд байдалд орууллаа. Цэнгэлдэхийн дотор өрнөсөн нөхцөл байдал түүний гадна ч өрнөж хэд, хэдэн газар зодоон үүсчээ.
Байдал нэгэнт ээдрээтэй болсон тул UFC-гийн ерөнхийлөгч Дэна Уайт будлианы эзэн Нурмагомедовт дэлхийн аваргын бүсийг нь гардуулж өгөлгүйгээр хамгаалалт дор ордноос гаргалаа. Дэна энэ шийдвэрийнхээ талаар хэвлэлийн хурал дээр өгүүлэхдээ “20 мянган үзэгчийн уур амьсгал буруу тийшээ эргэчихсэн тэр нөхцөлд Хабибт бүсийг нь олгож болохгүй байсан. Олгосон тохиолдолд ордонд юу болох байсныг та бүхэн мэдэж байгаа” хэмээлээ. Нурмагомедов үзэгч рүү дайрч, үүний улмаас олныг хамарсан үймээн үүссэн явдал нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох магадлалтайг Уайт мэдэгдлээ. Тиймээс UFC-гийн зүгээс гаргах бүхий л шийдвэр Невада мужийн цагдаа, шүүхээс гарах шийдвэрт үндэслэх юм байна.
Сэтгүүлчдийн таамаглаж байгаагаар, Хабиб энэ асуудлаасаа болж дэлхийн аварга цолоо хураалгах төдийгүй тулаанаас авах хоёр сая долларын цалин, онлайн шууд дамжуулалтаас олох ашгаа бүгдийг нь алдаж болзошгүй болжээ. Учир нь Невада мужийн шүүх шийдвэрээ гаргах хүртэл хугацаанд дээрх бүгдийг битүүмжилжээ. Тиймээс дагестан эр аваргын бүс ч үгүй, тоолох мөнгө ч үгүй сууж байна. Түүний хүртэж мэдэх шийтгэл үүгээр зогсохгүй бололтой. UFC-гийн тэмцээнүүдэд оролцох эрхээ хасуулж, АНУ-д оршин суух виз дахин олгогдохгүй байх талаар Дэна онцолсон нь нэгийг өгүүлж буй. Ийнхүү хэдхэн минутын дотор дэлхийн хамгийн алдартай мэргэжлийн зодоонч болсон амжилтаа Хабиб өөрөө хормын төдийд үгүй хийж орхилоо. Макгрегор ба түүний багийн гурван сарын турш хийсэн өдөөн хатгалгад хэт автсан нь эцсийн дүнд ийм үр дүнд хүргэв. Өдгөө дэлхий нийт түүний ялалтын тухай бус түүний өдөөсөн танхай үйлдийн талаар хэлэлцэж байна. Түүнийг зөвтгөж буй улс нь оросууд өөрсдөө л байна.
Макгрегор тус тулаанд хэдий ялагдсан ч гэлээ том агуулгаараа бол ялагч болон үлдэж байна. Асуудлын эхлэлийг өөрөө тавьсан авч уснаас хуурай гарсан. Хуурайгаар барахгүй, тулаан хийсэн цалингаа бүтэн авсан, шууд дамжуулалтаас олох шагналаа бүгдийг нь хүртсэн. UFC-д цаашид тулалдах нь ч тодорхой. Эндээс харахад, Хабибтай хийх тулаан яаж өндөрлөхийг тэр төсөөлж байсан бололтой. Тиймээс ч уулын хүний хэт халуун цус, нэр төрөө хамгаалахын төлөө уг ч хийж мэдэх араншинг нь урьдчилан тооцож Нурмагомедовыг заваан доромжлол, элдэв үгээр бүтэн улирлын турш өдөөн хатгаснаар ирланд залуу хүссэн үр дүнгээ хүртлээ. Одоо тэрбээр гэртээ хөлөө жийн хэвтэж, вискигээ амталсан шигээ кайфтай хэвтэж байгаа. Бодож байгаа сэдэв нь 100 сая орлого авчрах боксын тулаан буюу Мэйвэйдертэй хийх хариу тоглолт.
Эх сурвалж:Unuudur.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ