О.Оюунцэцэг: Матар, могойн махыг идээд байхад арьсаар нь гутал хийх ёс зүйгүй үйлдэл гэж боддоггүй

Aвстралийн томоохонд тооцогдох мэдээллийн технолгийн “RackCorp” компаний Олон нийттэй харилцах албанд PR менежер хийдэг О.Оюунцэцэгтэй ярилцлаа. Тэрээр 2017 оноос өөрийн нэрийн “OOGII” хэмээх брэнд гаргаж, дэлхийн зах зээлд гоёмсог хийц бүхий гутал, цүнх үйлдвэрлэж, олон нийтэд танилцуулсанаар Монголдоо төдийгүй Австралид амжилттай танигдаад байгаа юм.

-БИ АВСТРАЛИД АНХ СУРАХ ГЭЖ Л ОЧСОН. ЯМАР НЭГЭН ӨНДӨРЛӨГТ
ХҮРЭЭГҮЙ БАЙГАА ШҮҮ-

-Монголдоо ирээд хэр удаж байна вэ. Эх орноосоо холдож, алс холын орныг зориод хичнээн хугацаа өнгөрсөн бэ?

-Эх орондоо ирээд гурав хонож байна. Жилд хоёр удаа Монголдоо ирдэг юм. Ажлаар ирээд хамгийн ихдээ 7-10 хоноод л буцаад явдаг. Австралийг анх 2012 онд зорьж байсан юм байна. 2015 онд Монголдоо бүтэн арван сар болсноос хойш Автралид тасралтгүй амьдарч байна.

-Таны хувьд “ОOGII брэнд”-ээ гаргаснаасаа хойш хичнээн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэдэн нэр төрлийн коллекцоо танилцуулаад байна вэ?

-Бид анх 2017 оны гуравдугаар сарын 11-нд анх нээлтээ хийж эхэлж байлаа. Гэхдээ түүнээс өмнө нэг жилийн хугацаанд бүх үйл ажиллагаагаа судалгааны түвшинд явуулж эхэлж байсан. Нэр төрлийн бүтээгдэхүүн олон бий. Гутал, цүнх, гар утасны гэр, түрийвч зэрэг бүтээгдэхүүнээ гаргасан. Гутал гэхэд л дотроо олон янз бий. Тухайлбал, саяхнаас эрэгтэй кейт \фүүз\, гутал гаргаж эхэлсэн. Мөн бүс буюу тэлээ гарч байгаа. Хувцасны төрөл загварыг дөнгөж хийж эхэлж байна.

oogii-“ОOGII брэнд”-ээ танилцуулаад ганцхан жил болж буй ч Монгол орон даяараа мэддэг болчихсон байна шүү дээ. Богино хугацааны турш олонд танигдаж чадсан реклам менежер сайн байгаатай холбоотой юу, хөрөнгө мөнгө ивээн тэтгэгчийн асуудалтай шууд холбоотой юу?

-Монголд төдийгүй Австралид бүх нийтээрээ мэддэг болчихсон байна. Миний бодлоор “ОOGII брэнд”-ийн өөрийнх нь давуу талтай шууд холбоотой байх. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнээ могой болон матрын арьсаар хийдэг. Мөн гутлаа эмэгтэй хүний хөлд эвтэйхэн байдлыг илүү анхаардаг учир нэг худалдан авалт хийсэн хүн дахин худалдан авалт хийдэг. Тийм болохоор зах зээлд багахан хэмжээний амжилттай явж байгаа байх. Мөн тухайн хувь хүнд өөрт нь зориулж хөлийнх нь хэмжээг авч яг тааруулж, тусгайлан хийж өгдгөөрөө онцлогтой. Энэ байдал хэрэглэгчдэд хүрч чадаж байгаагийн илэрхийлэл болдог.

-Австрали орныг анх ямар шалтгаанаар зорьж байв. Эргээд харахад ийм хэмжээний амжилтын өндөрлөгт өөрийгөө хэрхэн хүрсэн гэж боддог вэ?

-Би ямар нэгэн өндөрлөгт хүрээгүй байгаа (инээв.сурв). Австралид анх сурах гэж очсон. Өөрөөр хэлбэл мастер хамгаалъя гэж бодож очсон л доо. Зорилгодоо хүрч, хоёр ч мастер хамгааллаа. Нэг мастераа хамгаалчихсан, нөгөө нь нэг хичээл дутуу яваад байгаа. Тэр хичээлээ үзчихвэл төгсөнө. Эхнийх нь “Дэлхийн хэвлэл мэдээллийн ажилтан, мултимедиа пиар ажилтан”, нөгөө нь сэтгүүлч мэргэжил юм.   

-Гадаадын зах зээлд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ анх танилцуулж эхэлж байхад хүндрэл бэрхшээл хэр тулгарч, хэрхэн даван туулж байв?

-Австрали улс хууль эрх зүйн хувьд бизнесийн орчин сайтай. Хууль эрх зүйгээрээ бизнесүүдээ маш сайн хамгаалдаг. Хүн өөрөө татвараа төлөөд явж байвал тэнд хүндрэл бэрхшээл гардаггүй. Гэхдээ гарааны бизнес гэдэг утгаараа, нөгөө талаар бид баян айлын хүүхдүүд биш учраас бэрхшээл тохиолдолгүй л яах вэ. “Май, миний хүү бизнес хий” гээд 100 хувь хөрөнгө оруулах ээж, аав байгаагүй. Өөрсдөө бүгдийг бүтээнэ гэдэг амар зүйл биш. Хөрөнгө мөнгөө босгох, олон улсад гарах гэж, олон үндэсний багуудтай хамтрахад хэцүү зүйл олон байсан. Гэхдээ эдгээр нь эргээд давуу тал болж өгч байсан тохиолдол бий.

-Бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд хэдэн төгрөгөөр худалдаалдаг вэ. Монголчууддаа арай уян хатан үнээр худалдаалахыг зорьдог тухай ярьж байсан юм билээ?  

-Монгол хүмүүст 20 хувийн хямдрал олгодог. Дэлхийн зах зээлд, тухайлбал могойн арьсан энгийн классик туплиэ 250 ам.доллараар худалдаалдаг юм.

oogii

oogii

-АВСТРАЛИД МОНГОЛ ЗАЛУУС ХҮЧТЭЙ, ИТГЭЖ БОЛОХУЙЦ ХҮМҮҮС
ХЭМЭЭН ҮНЭЛЭГДДЭГ-

-Гутал цүнх болон бусад бараа бүтээгдэхүүний тань загвар дизайныг ямар хүн, ямар чиг хандлагаар хэрхэн шийдэж, урладаг вэ. Эсвэл өөрийн хүссэн загвараа урладаг уу?

-Манай брэнд дээр бүхэл бүтэн баг хамт олон ажилладаг. Тухайлбал, дизайн загвар дээр хамтдаа ажилладаг. Гараар нэг бүрчлэн, хадаж хийдэг. Тийм болохоор багийн ажиллагаа маш их шаардагддаг юм.

-Нэг сарын хугацаанд хичнээн гутал гаргаж амждаг вэ. Нарийн тооцоо судалгаа хийж үзэв үү?

-Тоо хэлэх ямар ч боломжгүй. Яагаад гэвэл захиалгаасаа хамаараад сар бүр янз бүр байдаг. Тусгай захиалга авчихсан тохиолдолд түүнийгээ хийж дуусгах гээд олон гутал руу анхаарч чаддаггүй. Түүнчлэн матар, могойн арьсан гутал маш нарийн ажиллагаа шаарддаг юм. Матар могойн арьсыг гэмтээхгүй хийнэ гэдэг өндөр ур чадвар шаарддаг зүйл.

-Гараар хийдэг гэхээр үйлдвэрлэл тал дээрээ өндөр техник технологи ашигладаггүй хэрэг үү?

-Бид хэрэглэж буй техникүүдээ бусдаас агуу мундаг гэж хэлэхгүй. Бусдын л адил энгийн машинууд ашигладаг. Харин гараар хийдгээрээ бусдаас давуу.

-Бүтээгдэхүүнийхээ матар могойн арьсан түүхий эдийг хэрхэн шийддэг вэ. Эдгээр түүхий эдээр хийх нь ямар онцлог, давуу талтай вэ?

-Ази номхон далайн зарим орнууд болон Америкт могойн мах иддэг. Тийм учраас могойн арьсыг ашиглах нь ёс зүйгүй үйлдэл гэж боддоггүй. Мөн Австралид матрын махыг Монголын борц шиг болгож дөрөв, арав, тавин грамм гэх мэтчилэн хэмжээтэйгээр зардаг. Энэ нь аялал жуулчлалын хувьд өгөөжтэй буюу гадаад иргэдийн анхаарлыг татах нэг хэрэгсэл болдог юм л даа. Матрын махыг ашиглаад байхад бид арьсыг нь ашиглах нь буруу үйлдэл биш. Хонины мах идчихээд арьсаар нь хувцас эдлэл хийдэгтэй адил. Түүхий эдийн олдоц хязгаартай. Тодорхой тоо хэмжээгээр олддог. Түүнээс илүү гарах ямар ч боломж байхгүй.

-Гадаадад төдийгүй Монголдоо өөрийн нэрийн брэндээ гаргадаг хүмүүс маш олон болжээ. Тэдгээрээс өөрийн гэсэн өвөрмөц онцлогуудаар ялгарч, олонд танигдана гэдэг чамгүй хөдөлмөр шаарддаг байх?

-Миний ойлгож байгаагаар одоохондоо могой, матрын арьсан гутал цүнхний брэнд байдаг эсэхийг мэдэхгүй байна. Түүгээрээ л давуу байх.

-Танай бараа бүтээгдэхүүн дэлхийн ямар улс орнуудад худалдаалагдаж байна вэ. Цаашид ямар улсад дэлгүүрээ нээхээр төлөвлөж байна вэ?

-Одоогоор Австрали болон Япон улсад худалдаалагдаж байна. Харин онлайнаар дэлхийн аль ч өнцөг булан бүрээс зариалга хийж, хүссэн бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой.

-Австралид монголчуудыг гэх хандлага ямар байдаг бол?

-Австрали “multicultural” орон юм. Тиймээс энэ тийм орных, энэ ийм орны хүн гэж ялгаварладаггүй. Гэхдээ монгол залуус барилгын салбарт маш амжилттай ажилладаг. Монгол залуусыг ялангуяа барилгын салбарт ажиллуулахдаа таатайгаар хүлээж авдаг. Яагаад гэвэл манай залуус хүчтэйгээс гадна итгэж болохуйц хүмүүс хэмээн үнэлэгддэг.

oogii

oogii

-ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГ ХАЙРЛАЖ, ХҮНДЭЛДЭГ ЭМЭГТЭЙГ
БИ САЙХАН ЭМЭГТЭЙ ГЭЖ ХЭЛНЭ-

-Манай улсын залуус өөр ямар салбаруудад амжилттай ажиллаж байна вэ?

-Сүүлийн үед манай залуус олон талын бизнест хүч түрэн орж ирж байна. Тухайлбал, ресторан, монгол хоолны газар, карго, тавилгын дэлгүүр, барилгын том компани зэргийг удирдаж ажилуулахаас гадна сургалт зуучлал хийдэг. Мөн саяхан “SPS радио” монгол хэл дээр явагддаг болсон.

-Манай үндэсний үйлдвэрлэгчдэд гадаадын зах зээлд гарах боломж хэр байдаг вэ. Дэлхийн зах зээлд гарахад чухам юу саад болдог вэ?

-Дэлхийн зах зээлд гарах боломж өндөр бий, бүх хүмүүст. Харин тэмцэх, зорих хэрэгтэй. Гэхдээ бүх зүйлийг хууль ёсны дагуу хийх ёстой. Зөндөө олон шалгуур дамжлагатай юм байна лээ. Хамт олноороо хийж байгаа болохоор даваа, асуудал бүрийг шийдээд, сул талаа давуу тал болгоод явж байна. Бид дэлхийн зах зээл дээр өрсөлдөж байгаа учраас үнэ, чанар хоёрыг нэрийн хуудсаа болгодог. Дотоодын үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлд өрсөлдье гэвэл үнэ, чанар, загвар зэрэгт анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл хэтэрхий үнэтэй зүйлийг хүмүүс шууд авахгүй шүү дээ. Тэр хэмжээний үнэ зарцуулж худалдан авалт хийхээр бол олонд танигдсан брэнд, бүтээгдэхүүнийг ихэвчлэн сонгодог.

-Зарим хүмүүс эмэгтэй хүнийг гутал, цүнх чимдэг гэж ярьдаг шүү дээ. Та үүнтэй санал нийлэх үү. Эмэгтэй хүнийг юу чимдэг гэж боддог вэ?

-Эмэгтэй хүний дотоод сэтгэл гэрэлтэхээр гаднаасаа гэрэлтэж эхэлдэг. Ингэхийн тулд эмэгтэй хүн өөрөө зөв, сайхан байх хэрэгтэй. Мөн өөрөө өөртөө хайртай байх, арчилдаг байх хэрэгтэй юм л даа. Аливаа хүн бусдыг хүндэлж байж бусдаас хүндлэл авдаг. Тийм болохоор хүний гоо сайхан дотоод хүмүүжлээсээ харагддаг юм болов уу.

-Тэгвэл өөрийн тань хэлснээр сайхан эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Өөрөө өөрийгөө болон бусдыг хайрлаж, хүндэлдэг эмэгтэйг би сайхан эмэгтэй гэж хэлнэ ээ. Бас боловсролтой байх нь чухал.

-Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Би 12 настай хүүхэдтэй. Нэг хүнтэй сүй тавьчихсан байгаа.

-Цаашид хийхээр төлөвлөсөн томоохон ажлуудаасаа дурдвал?

-Манай брэнд цаашид хувцас үйлдвэрлэхээр ханцуй шамлан ажиллаж байна. Хувцас дотроо дэлхийн одод өмсөж буй загварууд үйлдвэрлэх юм. Тухайлбал, энэ долоо хоногт дэлхийн алдартай жүжигчин нэг хувцас өмслөө гэхэд тэр загварыг дараагийн долоо хоногт буюу хамгийн хурднаар төстэйгээр гаргаж ирэх юм л даа. Ингэхийн тулд өөр өөр оронд туршилтуудаа хийж үзсэн. Одоохондоо туршилт хэлбэрээр явагдаж байна.

-Та “Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг”-ийг Австралийн нэг эмнэлэгтэй холбон өгч, эмч ажилчдыг сургалтад хамруулах тухай ярьсан байсан. Энэ талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Би хамруулна гэж баттайгаар зарлаагүй. Эмч ажилчдыг сургалтад хамруулахад бүх чаддаг зүйлээ хийж, тухайн эмнэлгийн холбогдох хүмүүсийг Австралийн тохирох эмнэлгүүдэд холбоод өгье гэж ярьсан юм. Ярилцаад явж байна.

П.УРНАА

 Эх сурвалж:medee.mn  ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

oogii

oogii

oogii

oogii

СЭТГЭГДЭЛ БИЧИХ