Д.Чулуунбаатар: Хавдартай иргэд PET-CT шинжилгээг Монголдоо хийлгэх боломжтой болно
Өнөөдөр “Цөмийн оношилгоо хавдрын болон зүрх судасны өвчний менежментэд гүйцэтгэх үүрэг” олон улсын онол практикийн анхдугаар хурал боллоо. Энэ үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Д.Чулуунбаатартай ярилцлаа.
-Улсын нэгдүгээр төв эмнэлэг ойрын хугацаанд эмчилгээ, үйлчилгээний хувьд ямар ахиц, дэвшил гарч байна вэ. Цаашдаа хэрэгжүүлэхээр төлөвлөж буй гол ажлуудаасаа танилцуулж болох уу?
-Манайх улсын хэмжээнд оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийдэг 93 жилийн түүхтэй эмнэлэг. Хөдөө орон нутаг болон дүүргүүдэд эмчлэгдэх боломжгүй өвчтнүүдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг. Мэс засал, дотор эрхтний чиглэлийн тусламж үйлчилгээг нарийн мэргэжлийн хүрээнд үзүүлж байна. Сүүлийн жилүүдэд олон чиглэлд хөгжингүй өөрчлөлт дэвшилт гарчээ.
Нэн ялангуяа эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлд бид маш амжилттай ажиллаж байна. Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах хагалгааг бие даан бүрэн хийж сурлаа. Одоогийн байдлаар 55 хүнд элэг шилжүүлэн суулгасан бол 165 хүнд бөөр, 10 хүнд ясны чөмөг, үүдэл шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн. Хагалгаа хийх шаардлагатай олон хүнийг хамруулах, эмчилгээний чанарыг сайжруулах тал дээр олон зорилт, арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
-Хагалгаа хийх явцдаа шинэ дэвшилтэд технологи ашиглаж байгаа вэ. Энэ талаараа ярьж уу?
-Одоогийн байдлаар хэвлийн хөндийн хагалгаа, цөсний хүүдийн хагалгааны 90 хувийг дурангаар хийдэг болсон байна. Урд өмнө нь нээлттэй аргаар хагалгаа хийдэг байхад шархны эдгэрэлт, өвчний зовиур, эмнэлэгт хэвтэж ор хоног ашиглах гээд хамгийн багадаа 7 хоног зарцуулдаг байсан. Харин одоо хагалгаанд орж байгаа хүмүүс орсон өдрийнхөө маргааш нь л эмнэлгээс гарч байна. Энэ нь дурангийн мэс засал дэвшилттэй хөгжиж байгааг илтгэнэ. Хэвлийн хөндий төдийгүй цээжний хөндийн эрхтний хагалгаануудыг ч дурангийн аргаар хийж байгаа. Уушги тайрах, уушгины өөрчлөлт болон хавдрыг авах, салгах гэх мэт олон хагалгааг дурангийн аргаар хийж байгаа. Цаашид үүнийг улам боловсронгуй болгож өргөн хүрээнд ашиглаж, нэвтрүүлэх зорилттой ажиллаж байна.
-Цөмийн оношилгоо хавдрын болон зүрх судасны өвчний менежментэд гүйцэтгэх үүрэг олон улсын хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. МОН-8 төслийн хүрээнд хэрэгжих Үндэсний эмчилгээ оношилгооны төвийн талаар болон цөмийн оношилгооны талаар мэдээлэл өгч болох уу?
-Бид үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Нэн ялангуяа эмчилгээ үйлчилгээндээ дэвшилтэт шинэ техник технологиудыг нэвтрүүлэхийг зорьж байна. Монгол Улсад цөмийн оношилгоог эмчилгээнд ашиглах аргыг 1975 онд улсын нэгдүгээр төв эмнэлэг хэрэгжүүлж эхлэсэн. Цөмийн оношилгоог Монголд нэвтрүүлэхэд Монгол Улсын хүний гавьяат эмч П.Онхудай профессор онцгой гавьяа байгуулсан. Энэ хүний шавь нар Цөмийн оношилгоог хавдрын болон зүрх судасны өвчний оношилгоог хийх талаар олон улсын онол практикийн анхдугаар хурлыг зохион байгууллаа. Энэ хуралд нэгдүгээр эмнэлгийн эмч мэргэжилтнүүд ч хамрагдлаа.
Удахгүй Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах МОН-8 төсөл хэрэгжиж цөмийн изотопын оношилгооны үйлдвэр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт байгуулах гэж байна. Энд төвд PET-CT тавихаар болж байгаа нь сайн хэрэг. Монгол Улсад изотопын үйлдвэр байгуулагдана гэдэг нь манай салбарын хувьд том дэвшил юм. Манай улсад ET-CT байдаг ч гэсэн холбогч бодис изотопыг гадаадаас оруулж ирдэг. Гэтэл изотопын хагас задралын хугацаа богино байдаг. Тэгэхээр ирсэн изотопыг хагас задралын хугацаа дуусахаас өмнө амжиж эмчилгээ, оношилгоо хийх шаардлага гардаг байсан. Энэ нь их төвөгтэй. Одоо энэ үйлдвэр байгуулагдсанаар гадаадаас худалдан авалт хийхгүй гэдгээрээ манай улсад том давуу тал болно.
-Үндэсний оношилгоо, эмчилгээний төв хэзээнээс ашиглалтад орох вэ?
-МОН-8 төсөл 2019 оны дөрөвдүгээр сараас ашиглалтад орно гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа юм билээ.
-Цөмийн оношилгоог урд нь ганц нэгдүгээр эмнэлэгт хийдэг байсан бол одоо хоёрдугаар эмнэлэгт ч энэ төрлийн үйлдвэр баригдаж байна. Ингэснээрээ олон нийтэд ямар давуу талтай вэ. Хавдрын өвчлөлийг бууруулахад нөлөөлнө гэж ойлгож болох болов уу?
-Хавдрын өвчлөлийг компьютер болон имрай ашиглаж оношилж байна. Харин цөмийн изотопыг СТ-тэй хавсаргаснаараа хавдар нарийн оношлогдоно. PET-CT нь хавдар бусад эрхтнүүдэд үсэрхийлсэн байна уу, эрхтэн системийн ямар нэгэн үйл ажиллагаанд өөрчлөлт гарч уу гэдгийг нотолдог. Нэгд, хавдрын үсэрхийлэл байна уу үгүй юү, хоёрт, зүрхний судасны нарийсал байлаа гэж үзвэл зүрхний шигдээс үүсгэх хэмжээнд байна уу үгүй юү гэдгийг тодорхойлно гэсэн үг юм. Урьдчилан мэдчихсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тодорхойлох давуу талтай.
Хавдар оношлогдсон хүн бүр PET-CT оношилгоо заавал хийлгэсэн байх ёстой. Одоогийн байдлаар PET-CT оношилгоог хийлгэхийн тулд монголчууд Хятад эсвэл Солонгос гээд заавал гадаад улс руу явж байна. Гадагшаа явж энэ төрлийн хавдрын оношилгоо хийлгэхэд 3-7 мянган доллар хэрэгцээтэй болдог. Гэтэл эдийн засгийн боломж, бололцоо нь бүх хүнд байхгүй шүү дээ. Харин одоо Монгол Улсад энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байгаа учир зайлшгүй гадагшаа явах шаардлагагүй болно.
-Хавдар туслаа гэхээр ихэнх хүмүүс Хавдар судлалын үндэсний төвд хандах ёстой гэж ойлгодог. Гэтэл нэгдүгээр эмнэлэгт хавдрын эмчилгээг хийнэ гэж ойлгож болох уу?
-Бөөрний мэс засал, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, эрүү нүүрний мэс засал зэрэг энэ чиглэлийн хавдруудын мэс засал, эмчилгээ манай эмнэлэг хийж байна. Мөн элэг, ходоод гэх мэт бусад эрхтний хавдар байвал заавал ч үгүй хавдрын эмнэлэгт хандана гэж үзэж болохгүй. Нэгдүгээр эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хавдрын эмчилгээг хийж чадна. Хавдар болон халдварт өвчний зардлыг төр санхүүжүүлдэг. Гэтэл энэ төрлийн эмчилгээг ердийн эмнэлэгт хийхээр эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө нь орж ирэхгүй байх асуудалтай. Үүнд Засгийн газар, Эрүүл мэндийн яам зайлшгүй анхаарах шаардлагатай. Үүнийг чөлөөтэй тавьж өгөх юм бол хавдрын эмчилгээг илүү өргөн хүрээнд хийдэг болно.
-Манай улс хавдрын болон халдвартын гээд тусгай ялгасан нэр томьёотой эмнэлгүүдтэй. Бусад улсын тогтолцоо ямар байдаг юм бэ?
-Олон улсын эмнэлгүүд хавдрын эмчилгээгээ ч хийдэг, эмэгтэйчүүдээ төрүүлэхээ ч хариуцдаг. Эмнэлэг бол бололцоогоороо бүх эмчилгээг хийдэг юм билээ. Манай нэгдүгээр эмнэлэг ч хавдрын эмчилгээг хийх бүрэн боломжтой. Хамгийн гол нь хавдрыг төрөөс санхүүжүүлнэ гэж заасан байдаг нь төвөгтэй.
-Тэгэхээр хавдрын эмчилгээний санхүүжилт зөвхөн Хавдар судлалын үндэсний төв рүү хуваарилагддаг. Бусад эмнэлгүүдэд хавдрын эмчилгээний төсөв хуваарилагдах нь асуудалтай байдаг гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Жишээлбэл, манай эмнэлэг хавдартай хүн эмчиллээ гэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт нь орж ирэхгүй байх хүндрэл дагуулдаг. Энэ нь эргээд үйлчилгээ үзүүлсэн эмнэлэгтээ дарамт болдог. Төрийн зүгээс хавдрын эмчилгээ үзүүлсэн эмнэлгүүдийн гүйцэтгэлийг хэлэлцэж, үнэлж санхүүжилт өгөх боломжтой. Ер нь энэ тал дээр төрөөс хаяан зохицуулах арга хэмжээ заавал авах шаардлагатай.
-Хавдар судлалын үндэсний төвийн эмч, доктор Б.Эрдэнэбулган гуай бас энэ талаар дурдаж байсан. Тэгэхээр мэргэжилтнүүд өөрсдөө ингэж үзэж байгаа бол зохицуулалтыг хийхэд яагаад удаад байгаа хэрэг вэ?
-Засгийн газар, Эрүүл мэндийн даатгал зэрэг олон газар хоорондоо хэлэлцэж байж шинэчлэх асуудал юм. Нэг эмнэлгийг дахин шүтэж биш ер нь бүх эмнэлгүүд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлдэг болох хэрэгтэй. Үгүй бол төвлөрсөн ганц эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна гэж мэргэжилтнүүд хэлж байна. Төрөөс санхүүжилтийг нь шийдэж өгвөл бусад эмнэлгүүд ч энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой.
-Нэгдүгээр эмнэлгийг маш их ачаалалтай байна гэж иргэдийн зүгээс шүүмжлүүлдэг. Мөн шинжилгээ өгөх хүлээлгийн хугацаа урт, заримдаа шинжилгээ авахад хэрэгцээтэй бодис байхгүй байна гэсэн ч тайлбар явж байна. Та энэ талаар өөрийн байр сууриа хуваалцаж болох уу?
-Манай эмнэлгийн хувьд ачаалал маш их байна. Дүүрэг болон хөдөө орон нутаг гээд улсын хэмжээнд үйлчилгээ шаардлагатай байгаа бүх өвчтөнтэй харьцаж ажилладаг. Энэ нь нэг талдаа сайн. Гэхдээ нөгөө талаасааа лабораторийн шинжилгээний норм норматив нь олон хүнийг хамруулах боломжгүй. Ирсэн хүн бүрт шинжилгээ хийе гэхээр хангамж нь хүрэлцээгүй байдаг. Жишээлбэл, сард мянган хүнд ийм төрлийн шинжилгээ хийнэ гэж хуваарилагдсан байхад тэр шинжилгээг 3 мянган хүн хийх шаардлагатай болдог. Энэ тал дээр зовлон бий. Жилийн 365 хоногийн турш хэрэгцээтэй шинжилгээг хийхийн тулд төсөв, нөөцөө бүрэн байлгахад санхүү маш дутагдалтай. Байгаа нөөц болон хангамж нь үзүүлж байгаа үйлчилгээтэйгээ уялдаатай байх хэрэгтэй. Гэтэл нормоос давсан үйлчилгээг ард түмэн шаардахад санхүүжилтйинй хувьд эмнэлгийн байгууллага давч чадахгүй гэдгийг төрийн зүгээс анхаар үзэх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Батдоржийн Бадамцэцэг
Эх сурвалж:Itoim.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ