Ж.Бат-Эрдэнэ:Төрийн хүний хувьд энэ улаан зураасны ард юу ч болоогүй юм шиг гүлдийгээд суух ёс суртахууны эрх надад байхгүй

Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаа өгснөөсөө хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгснийг "Өдрийн сонин" нийтэлж байна.

-Танаас ярилцлага авахаар тохироод нэлээд удчихлаа. Гэхдээ таны улс төрийн амьдралын нэн сонирхолтой үед уулзсандаа би их олзуурхаж байна. Яриагаа шууд таагүй сэдвээс эхэлж байгаадаа хүлцэл өчье. Гэнэтийн гай гамшиг тохиолдсоны улмаас та улс төрийн хариуцлага хүлээж, сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө. Та шийдвэрээ яг хэзээ гаргасан бэ. Тэр хүмүүс ямар хүмүүс байв, хэр удаан хамтарч ажилласан бэ?

-Үнэхээр хүнд өдрүүд өнгөрч байна. Дэндүү харамсалтай явдал боллоо. Би 2000 оноос хойш төрийн албанд удирдах албан тушаалын ажил хийлээ. Энэ бүх хугацаанд олон зүйл болж байсан ч ийм хэцүү явдал тохиолдож байсангүй. Төрийн алба гэдэг хүний төлөө, хуулийн хүрээнд, эзэмшсэн мэргэжил чадвараа дээд зэргээр гаргаж ажилладаг чаддаг тэргүүний хүмүүс байх ёстой.

Энэ болсон явдал төрийн албаны нэр хүндийг унагаж, ард иргэдийн төрдөө итгэх итгэлийг нураасан үйл явдал боллоо. Үүнд би маш их харамсаж байна. Төрд олон жил ажиллахдаа төрийн албан хаагчид, мэргэжилтэн, газрын дарга нараа ямагт өндөр ёс зүйтэй байх талаас нь шахаж ажиллаж, энэ салбарт хамгийн сайн нь, энэ салбарыг мэддэг хүн нь чи шүү гэж үргэлж хурцалж, нөгөө талаасаа тэднээс ихийг шаардаж ажиллаж ирсэн.

Зарим талаасаа хатуу сонсогддог байсан байж магадгүй. Яагаад гэвэл тангараг өргөчихөөд, ялангуяа би чадна гэж дарга болсон л бол гоншгонох шаардлагагүй гэж үздэг. Гэвч харамсалтай нь итгэл хүлээлгэсэн хоёр хүн маань ийм байдалд орлоо. Сэтгэл санаа хүнд яг тэр өдрүүдэд төмөр зам дээр асуудал үүсч вагон осолдчихлоо гэсэн мэдээ ирсэн. Тэгэхэд л шууд өргөдлөө өгөөд, гарын үсэг зурчихмаар санагдсан. Тэгээд яадаг ч байсан маш яаралтай Онцгой байдал руу утасдаад вагон осолдсон хэргийн газар руу явсан.

-Шууд тэр хэрэг гарсны маргааш өглөө албаа өгөх хувийн шийдвэрээ гаргаад байж байтал дахиад вагон осолдчихсон гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Үнэхээр харамсалтай үйл явдал болчихоод байж байтал дээрээс нь энэ осол. Тэр үед л албаа өгчихмөөр санагдсан. Шууд Онцгой байдал руу холбогдоод, яг газар дээр нь очсон. Уначихсан вагоны байгаа байдал, тэр орчин үнэхээр хүнд байсан. Хамгийн түрүүнд хүний амь эндсэн үү гэж асууж байгаа юм. Хүн эндээгүй, гэхдээ 2-3 хүн нэлээд хүнд гэмтсэн гэж танилцуулсан. Намайг очиход хүнд хүмүүсээ эмнэлэгт хүргэсэн байсан. Тэгээд л яаралтай арга хэмжээнүүд авч, шуурхай ажилласан.

-Ер нь хичнээн жилийн насжилттай, ямархуу түвшинд элэгдсэн зам билээ. Байгалийн хүчний өмнө яалтай ч билээ асуудал л даа?

-Яг тэр осол болохоос 20 минутын өмнө олон улсын вагон өнгөрсөн байгаа юм. Вагон унаснаас хойш 20 минутын дараа доод талын далан тэр чигээрээ урсчихсан. Намайг очиход сэрийсэн хоёр рейс төмөр гозойгоод байж байсан. Айраг сум усанд автчихсан, айлын тооно цухуйгаад байж байх жишээтэй. Тэр бүх дүр зураг ямар хэмжээний их ус орж ирснийг харуулж байгаа юм. Төмөр замаа болоод, төмөр замчдаа үнэхээр буруутгах аргагүй. Хүмүүс тэднийг маань янз янзаар буруутгаад байсан. Би салбарын сайдын хувьд төмөр замчдаа өмөөрч байгаа. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө муу хуучин зам маань битгий хэл бүтээн байгуулалтууд хүчин мөхөстдөг шүү дээ.

Тэр битгий хэл дараа нь сэргээн босголтын ажил хийхэд маш хүндрэлтэй байсан. Том техник авчрах шаардлагатай болсон. Ойр хавийн хэдэн уурхайгаас техникүүдийг дайчилж авчирч байж сэргээн босгосон. Тийм том хэмжээний үер усны гамшгийн өмнө энгийн эргүүл очоод тэр үйл явцыг зогсоож, арга хэмжээ авах боломжгүй.

-Оросууд ирж ажилласан билүү?

-Оросоос том кран дуудаж авчирсан. Хэдэн уурхайгаас томоохон техникүүд татаж авчирч байж засаж янзалсан. Нүсэр ажиллагаа явагдсан л даа.

-Яамны хоёр газрын даргын хувьд хоёулаа миний хувьд гадарладаг, таньж мэддэг хүмүүс л дээ. Аль аль нь тийм байдал үүсгэчихээр хүмүүс биш. Харамсалтай үйл явдлын дараа өрнөдөг янз бүрийн таамаглал, ташаа мэдээллүүд одоо ч явж л байна. Жишээ нь, талийгаачийн ажлыг нь авах гэж дарамталж байсан гэсэн гэх яриа байна. Үнэхээр тийм зүйл байсан юм уу. Надад байгаа мэдээллээр бол талийгаач төрийн албаны шалгалтдаа тэнцээгүй байсан юм аа даа?

-Монголчууд цөөхөн. Бие биенээ найз нөхөд, хамаатан садан, нутаг ус гээд аль болох дэмждэг. Нэг тийм бичигдээгүй ойлголт явдаг даа. Тэр утгаараа энэ хүнтэй хамтарч сайхан ажиллаарай гээд жишээ нь, талийгаачийн тухайд надад хүн захиж л байсан. Захиасны хүн гэж зөөлөн ханд гэж байхгүй шүү дээ. Ямар шаардлага тавих ёстой түүнийгээ тавиад л ажилласан. Ер нь бол итгэл өгч ажилласан.

Талийгаач ч өөрөө хуульч хүн болохоор хяналт шалгалтын талдаа илүү хариуцлагатай, шаардлага тавин ажиллаж байсан.

Өнгөрсөн хавар дөрвөн сарын үед байх, гэнэт “Гомбосүрэн дарга солигдох гэж байгаа гэнэ” гэж би сонссон. Тэгээд дуудаж уулзаад, юу болоод байгаа юм гэсэн чинь “Төрийн албаны зөвлөлөөс шаардлага ирсэн. Наана цаана гээд бичиг сачиг явсаар байгаад миний оронд хүн томилогдохоор болсон байна” гэж хэлсэн.

-Тийм үү. Гэтэл та тэр тухай мэдээгүй байдаг?

-Би мэдээгүй байсан. Тэгээд би Махбалыг дуудаж уулзсан. Тэр хоёрыг хоёуланг нь өөдөөсөө харуулж суулгаж байгаад юу болоод байгааг асуусан. Төрийн албаны зөвлөлөөс ийм бичиг ирсэн гээд танилцуулсан.

Махбал нь Төрийн захиргаа удирдлагын газрын дарга байхгүй юу. Төрийн нарийн бичгийн даргаас аль хэдийнэ явах ёстой бичиг баримт яваад төрийн албаны зүгээс Дорждагва гэдэг хүнийг томилохоор болсон гэдгийг тэгэхэд надад хэлж байгаа юм. Би талийгаачид “Тэр шалгалт шүүлгийг нь өг, наад ажлаа дуугай хий”, Махбалд тэр албаны бичигнийхээ учрыг ол гээд өрөөнөөсөө гаргасан. Үүнээс хойш уг нь элдэв асуудал гараагүй, тус тусынхаа ажлыг хийгээд явахаар болсон. Түүнээс өөрөөр тэр хоёрын дунд асуудал байх ёсгүй гэж бодож байна.

-Махбалтай та хуучин бас нэг яаманд ажиллаж байсан гэсэн?

-2000 онд намайг агентлагийн дарга болоход Дэд бүтцийн яаманд хуулийн хэлтсийн мэргэжилтэн байсан. Түүнээс хойш Дэд бүтцийн яам, Зам тээврийн яам, ЗТАЖЯ, ЗТБХБЯ гээд энэ салбарт олон жил ажиллаж байсан, салбарын хувьд ч, төрийн захиргааны хувьд ч туршлагатай хүн.

-Ерөнхийлөгчийн хүн гээд л шуугицгаах юм. Яаманд удирдлагад нь ажиллаж байсан болохоор холбоод байна уу?

-Одоогийн Ерөнхийлөгч манай салбарын сайд байсан хүн. Тэр үед хамт ажиллаж байсан. Ерөнхийлөгчийн хүн гээд зургийг нь монтажлаад тавьсан харагдаж байна билээ. Хамт ажиллаж байсан гэдгээр нь намайг ч гэсэн холбодог л юм. 2000 оноос хойш энэ хүн ч тэр, би ч тэр олон л сайдтай ажиллалаа. Тэр болгонтой холбож болохгүй байх аа.

-Тэгэхээр сайд байхад нь яаманд ажиллаж байсан хүн болохоор Ерөнхийлөгчийн хүн болж хувирч байна уу?

-Тийм. Миний үед ажиллаж байсан албан хаагчид миний хүн болчихдог. Ийм нэг хөгийн зүйл манайхны дунд яваад байх юм. Ер нь төрийн албанд тойрон хүрээлэгчид гэж байх ёсгүй. Хуучин сайд нь дуудаж авчраад салбарын мэдээлэл авахаар тэр сайдын хүн болгоод нэр зүүчихдэг асуудал ч бий.

-Махбалын тухайд зан чанарын хувьд сүйдтэй хурц зүйл мэдэгддэггүй. Яагаад ийм зүйл болчихов. Урьдын өс хонзон тэр хүмүүсийн дунд байгаагүй юу?

-Тэр орой би ТЗУГ-ын дарга Махбал, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Артур нарт маргааш ТӨБЗГ, ЗГХЭГ-т материал бэлдэж өгөх үүрэг даалгавар өгөөд гаргасан. Үүний ар дээр нөхдүүд сууцгааж дээ л гэж би дүгнэж байна. Тэдний хооронд өс хонзон гээд байх зүйл юу байхав дээ, мэдэхгүй юм.

-Тэгэхээр та улс төрийн шийдвэр гаргаж, өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Энэ нь гэнэтийн цохилтод орсны улмаас сэтгэл зүйн талаасаа гаргасан шийдвэр үү. Богино хугацаанд гаргасан шийдвэр болохоор ахин лавламаар байна?

-Би гаргасан шийдвэртээ харамсахгүй байгаа. Тухайн үед ч, одоо ч. Хамгийн гол нь миний удирдаж байсан цаг үед ийм хэрэг явдал болчихоод байхад би өөрөө өөртөө хариуцлага наахгүй, нөгөө гүлдийх гэдэг шиг суугаад байж болохгүй биз дээ.

Нөгөөтэйгүүр миний удирдлагад ажиллаж байсан хүн алтан амиа алдаад ар гэрийнхэн нь өнчирч, бас төрийн албаны нэр хүнд уначихаад байхад би цааш ажлаа үргэлжлүүлээд сууж болохгүй шүү дээ. Миний ёс суртахуун ч ийм байдлыг зөвшөөрөхгүй. Би улс төрийн албан тушаалтан, улс орны чухал салбар хариуцсан сайд хүн. Тиймээс улс төрийн хариуцлага хүлээх ёстой. Яг миний алдаанаас болж энэ бүхэн гарсан уу гэдэг бол харьцангуй ойлголт.

Өнгөрсөн хугацаанд маш их ажлыг амжуулсан. Үнэн. Гэсэн ч ийм юмны ар дээр энэ ажлыг ахиад үргэлжлүүлээд хийнэ гэдэг итгэл үнэмшил надад байхгүй байсан. Төрийн хүний хувьд энэ улаан зураасны ард юу ч болоогүй юм шиг үргэлжлүүлэн ажиллана гэхэд үнэхээр сэтгэл хүрээгүй. Тэгж зууралдаж, төрийн албанд муу жишиг тогтоох ёс суртахуун ч надад байхгүй болохоор өнөөдөр харамсал алга. Олон Засгийн газрын үед хийж чадаагүй байсан ажлуудыг хийнэ гээд зүтгэсэн. Үүндээ ч хүрсэн.

-Таныг ажлаасаа чөлөөлөгдөхөд Ерөнхий сайд юу гэж хэлсэн бэ. Нууц биш бол ?

-Өргөдлөө барьж орохдоо нүдийг нь уншиж байгаа юм л даа. Намайг өргөдлөө гаргаж ирээд ширээн дээр тавихад тийм нэг итгэл шингэсэн харцаар харсан. Манай Баагий ийм шийдвэр гаргах хүн мөн дөө гэсэн харц харагдах шиг болсон. Олон зүйл ярьсан. Ёс зүй гаргаад өргөдлөө өгч байгаа нь зөв өө гэж дэмжсэн.

-Ер нь Засгийн газар мөнгө төгрөггүй, хүнд нөхцөлд ажиллаж байна. Цагийн цагт л амаргүй нөхцөлд Засгийн газрууд ажилладаг л даа. Гэхдээ үүрэг хүлээгээд ажиллаж байгаа баг ухрах газаргүй, нойр хоолгүй ажилладаг. Та олон Засгийн газарт ажиллаж байсан. Яг энэ Засгийн газарт ажиллахад өвөрмөц зүйл юу вэ. Арга барил, хурд, багийн нийлэмж бүтцийн хувьд бусдаас ялгарах онцлог танай Засгийн газарт юу байсан бэ?

- Би олон л Ерөнхий сайд, сайд нарын удирдлагад ажиллаж байсан. Урьд өмнөх Засгийн газар, сайд нарын үед хийгдээгүй, хаягдаад байсан хэд хэдэн ажлыг хийнэ гэж дотроо бодож орж ирсэн. Үүнийгээ ч хийсэн. Эргээд харахад энэ засгийн үед Ерөнхий сайд Хүрэлсүх хийж буй ажлуудыг минь ойлгож, дэмжиж ажилласан. Ер нь хийж байгаа гол ажлуудаа иргэдийн эрх ашиг талаас нь харж шийдвэр гаргаж ажилласан. Урьдны ТНБД Ж.Бат-Эрдэнээс одоогийн УИХ гишүүн, сайд Бат-Эрдэнэ арай өөр өнцгөөс иргэд талаасаа асуудлыг хардаг болсон. Давхар хариуцлага хүлээсэн хүн гэдэг арай ондоо ажилладаг юм байна. Хүмүүс давхар дээл гээд их шүүмжилдэг. Гэхдээ миний хувьд давхар дээлийг давхар хариуцлага гэдэг үүднээс харж, тэр хэмжээнд ажилласан гэж бодож байна.

-Зам тээврийн салбарт шийдвэрлэвэл зохистой, гацаанд удаж болохгүй олон ажлуудыг эхлүүлж шуурхай явсан. Тэр дотроос мэргэжлийн хүний хувьд өөртөө бахархаж болохуйц ямар ажлыг богино хугацаанд хийж чадав?

-Ерөнхийдөө төрийн ажил залгамж халаа тасралтгүй явж байх ёстой. Дөрөв дөрвөн жилээр тасалж, тарамдуулаад байна шүү дээ бид чинь. Жишээ нь, сайд хүн ирээд салбарын “мастер план”-аа л харна. Бүхий л төлөвлөлтөд салбарын очих ирээдүй наад тал нь 10 жилээрээ харагдаж байх ёстой. Энэ хугацаанд томилогдсон сайдууд түрүүн таны хэлсэн шиг эдийн засгийн чадамжаасаа шалтгаалж ямар ямар ажлыг амжуулав гэдэг онцлогууд нь гарч ирдэг. Сайд бол машины ард жолоо бариад явж байгаа жолооч л гэсэн үг. Өөрийн салбар болох машинаа шаварт суулгачихгүй, хүрэх газраа хэр хурдан хүргэх нь тухайн жолооч буюу сайдын ур чадвараас бүрэн хамаарна. Ингэхийн тулд машинаа буюу талбараа маш сайн мэддэг байх ёстой. Ямар асуудлууд дээр акцент өгөх вэ, хаана хурдаа нэмэх вэ гэдэг чухал. Тухайлбал, гацсан шинэчлэлийн асуудлуудаас яг юуг нь эхэлж хөдөлгөх вэ гэдгийг цаг хугацаа алдахгүй, өргөн цар хүрээнд харж шийдвэр гаргах ёстой. Энэ шийдвэрийн үр дүн эцсийн дүнд иргэдийн төлөө байна уу, эсвэл салбарын эрх ашгийн төлөө байна уу гэдгийг ялгах ёстой. Өнөөдөр жишээ нь, би агаарын тээврийн либералчлал-Иргэний нисэхийн салбарын шинэчлэлийн асуудал дээр сэтгэл дүүрэн байгаа. Энэ ажил бол эцсийн эцэст иргэдийнхээ төлөө л хийсэн ажил. Тэр либералчилсан нисэхийн эрүүл, зөв үйлчилгээний үр дүнд өрсөлдөөн нэмэгдэж, тарифын өөрчлөлт гарч тасалбарын үнэ буурахад үр дүн нь иргэнд л очно. Төрийн нүүр, ягштал барьсан хууль дүрэм гэхээсээ илүү иргэнийхээ амьдрал, эрх ашгийг харж шийдвэр гаргаж байгаач гэдгийг салбарынхандаа ч хэлдэг захидаг байсан.

-ЗТХ-ийн сайдаар ажиллаад жил хүрэхгүй хугацаанд олон жил гацаанд байсан ажлуудыг хөдөлгөж маш их ажил амжуулсан сайдаар таныг аль хэдийнэ тодруулчихаад байна. Таны хувьд ажлаа хэрхэн дүгнэж байна. Магадгүй дараагийн сайдад үлдээх таны санал?

-Түрүүн хэлсэнчлэн хийе гэж бодож төлөвлөж байсан ажлуудаа хийж хэрэгжүүлж, наанадаж эхлэлийг нь тавьж чадсан. Тухайлбал, төмөр зам, агаарын тээвэр, авто тээврийн тухай хуулиудыг үндсэнд нь бэлэн болголоо. 5-7 жил тасраад байсан салбарын зөвлөгөөнүүдийг хийлээ. Салбарын зөвлөгөөнийг хийнэ гэдэг төр, хувийн хэвшлийг бодлого төлөвлөлтийн хувьд уялдуулж хийх нэг түлхүүр нь болдог.

Төмөр зам дээр олон жил гацсан Таван толгой Гашуун сухайтын төмөр замыг хөдөлгөх шийдвэрийг гаргаж чадлаа. Энэ хавраас төмөр замын барилгын ажил эхлэх гэж байна. Манайх шиг хоёр том хөрштэй хил залгадаг улсын хувьд энэ маш чухал шийдвэр. За мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн 280 км, Эрдэнэт-Арцсуурь чиглэлийн 780 км төмөр замыг эхлүүлэх, Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г бэлэн болгож, барилгын ажлыг эхлүүлэх шийдвэрүүдийг гаргуулсан нь зогсонги байсан төмөр замын бүтээн байгуулалтын ажилд томоохон түлхэц болж чадсан гэж бодож байна.

Агаарын тээврийн хувьд либералчлалыг гүнзгийрүүлж, түүн дотроо иргэний нисэхийн салбарт өрсөлдөөн бий болгох, үйлчилгээ сайжруулж тийзний үнэ хямдрах боломжийг нээж өглөө. Олон Засгийн газар дээрээс маргаантай буцаж байсан МИАТ-ийн хувьчлалыг УИХ-д өргөн барилаа. Ингэхдээ ямар нэгэн компанид өгөх биш, хөрөнгийн биржээр дамжуулан 49 хувийг нь нээлттэй хувьчлах саналыг тусгууллаа.

Нүүрсний тээвэрлэлт дээр Гашуун сухайтын тээвэрт зохицуулалт хийж, жолооч нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, 100 гаруй км үргэлжилсэн урт дарааллыг багасгаж чадлаа гэх мэтчилэн олон ажлыг дурдаж болно. Нуулгүй хэлэхэд эдгээр ажлууд зүгээр ч нэг шийдэгдчихээгүй, олон эсэргүүцэл, лоббитой тулгарч байсан. Энэ салбарт олон жил болсны хувьд асуудал нь юун дээр гацаж, ямар эрх ашиг хөндөгдөж хана мөргөж, эргэж буцаж байсныг нь мэдэхийн хувьд зохион байгуулалт хийж шийдвэрлэж чадсан. Богино хугацаанд бид их ажил амжуулсан.

-Аэродромын үйлчилгээний барилгын ажил, ачаа, шуудан, тээврийн үйлчилгээний барилгын ажил дуусчихсан уу?

-Ерөнхийдөө дуусах шатандаа 80-90 гаруй хувьтай байгаа.

-Ажлаа өгөөд хамгийн эхлээд та хаашаа явсан бэ?

-Солонгос гараад давхичихсан. Хэд хонож ирээд дараа нь хүүхдүүдтэйгээ Улаан-Үд явсан. Ер нь гэр бүлээрээ 3-4 хоног л явж байсан юм билээ. Төрд ажиллаж байх хугацаанд зун долоо хоног л амарч байсан байдаг. Хүүхдүүдээ Булганд амраачихсан байсан. Ажлаа ч өгсөн, хүүхдүүд ч хөдөөнөөс ирсэн. Хэд хоног Улаан-Үдэд амарч ирээд нутгаараа долоо хоног явсан. Тойргоороо явж, “Шинэ хөдөө” төслийн ажлуудаа эргэж, чацаргана тариалалт, усалгааны систем, мал үржүүлгийг сайжруулах чиглэлээр хийж байгаа ажлуудаа үзэж, “Сэлэнгэ” үйлдвэрийнхээ хэдэн бухыг сумдаар тараах гээд тойргийнхоо ажил руу орсон.

-Саяхан болсон Булган аймгийн 80 жилийн ой олон жил яригдах дурсамж дүүрэн ой болж өнгөрөх шиг боллоо. Энэ ажлын ард хэр зэрэг сэтгэл хангалуун үлдсэн бэ?

-Үнэхээр сайхан баяр болсон. Олон ч хүмүүс хамрагдсан байх. Аймгийн захиргаа, удирдлагууд маш сайн ажилласан. Үүнийг дагаад иргэд ойн үйл ажиллагаанд маш сайн хамрагдсан. Хашаагаа цэвэрлээгүй, хаалгаа будаагүй айл бараг үлдээгүй байх. Аймгаараа хөдөлсөн. Их ойн өмнө булганчууд бүгдээрээ тоосоо гөвнө гэдэг шиг бүгд хөдөлсөн. Ойн үйл ажиллагаа сайхан болсон.

-Хувийн хэвшлийнхнээс хөрөнгө татаж чадсан уу, тэдний оролцоо хэр байв даа?

-Хувийн хэвшлийнхэн сайн дэмжлэг үзүүлж, хамтарч ажилласан. Эрвийх дэрвийхээрээ хөдөлсөн. Бүх л урлагийнхан, ардын болон гавьяатууд маань, нутгаа гэсэн ахан дүүс бүгд хамтарч баг болж ажилласан. Төрийн концерт, наадмын нээлт гээд томоохон урлагийн тоглолтуудыг бэлдэж чадсан. Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганхуяг нар маань сайн ажилласан. Үүний цаана юу харагдаж байна вэ гэвэл Булган аймгаараа, Булганаас төрсөн гавьяатуудаараа бахархах сэтгэл төрсөн. Ирсэн зочид төлөөлөгчид үнэхээр сэтгэл хангалуун байсан. Бид нэг зүйлийг нэгдээд хийхээрээ чаддаг юм байна гэсэн гол мессэж нутгийнхандаа өгч чадсанд бид их баяртай байгаа. Гол нь зохион байгуулалттай ажиллаж бие биенийгээ дэмжиж чадаж байна. Энэ бүхнийг сэргээж чадсан нь маш чухал. Сайхан баяр болсон шүү.

-Бидний яриа таатай сайхан, бас таагүй зүйлсийн талаар өрнөж байна. Булганы хүүхдүүд амжилттай сайн суралцаж, улсын олимпиадуудад тэргүүлдэг. Алдар цуутай хүмүүс олноороо төрдөг уламжлалтай. Тэгсэн сүүлийн жилүүдэд ЭЕШ-ын дүнгээр сүүл мушгих болжээ. Энэ жилийнх гэхэд 21 аймгаас орон нутгийн бүс дотроо 20-д жагссан байна?

-Боловсрол, эрүүл мэндийн салбаруудаа бид онцгойлон анхаарах хэрэгтэй. Хүн эрүүл, боловсролтой байвал амьдралаа аваад л явчихна. Саяхан надад нэг хүн хэлэхдээ 80 жилийн ойгоороо “Алдартнууд” гээд танайх ямар зузаан ном гаргаа вэ. Үнэхээр сөхөөд үзтэл яах аргагүй хүлээн зөвшөөрөгдсөн олон алдартантай юм аа гэж хэлж байсан. Тэр сайхан хангайгаас гайхамшигтай хүмүүс төрдөг л дөө. Сүүлийн жилүүдэд боловсролын тал дээр бага анхаарал хандуулсан, суларсан талууд байгаа. Аль болох засаж, залруулах, хөрөнгө оруулах шаардлагатай талууд дээр хүч тавьж ажиллана. Түрүүчээсээ “Оюунлаг Булган” гээд төсөл санаачлаад явж байна. Гол хөшүүргүүдийг бий болгож өгөх хэрэгтэй.

-Орон нутгууд брэнд гаргаж, жижиг ч бай үйлдвэрлэл хөгжүүлэх гэж чармайж байх шиг. Жижиг бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж, ирсэн зочид түүнийг нь сонирхон авч байна. Булган бол дотоодын аялал жуулчлалыг татаж болохоор сайхан газар?

-Бид ярьж байгаад нэг шийдвэр гаргуулсан. Бүх үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдан авалтыг аймгаасаа авдаг болгох шийдвэр гаргасан. Ямар л бололцоо байна бүгдийг аймагтаа төвлөрүүлэх, өөрөө өөрсдийгөө дэмжих бодлого хэрэгжүүлэх гэж хичээж байна. Болж өгвөл жижиг гэлтгүй ийм үйлдвэрлэл бий болгох бололцоог хангах нь бидний зорилт. Орон нутгаасаа худалдан авалт хийцгээ. Жижиг дунд бизнес эрхэлж байгаа нэгнээ дэмж. Ингэж байж орон нутагт эргэлт үүснэ. Дор бүрнээ босоод ирнэ гэдгийг л гол зорилтоо болгон ажиллаж байна.

-Орон нутгуудыг хараад байхад жижиг сажиг хуваагдал ажлыг нь маш их хойш татаж байна. Энэ байдал Булганд ч ажиглагддаг. Засаг даргаа огцруулна гээд л хашхиралдаж ч байх шиг. Сөрөг хүчний зүгээс тоглолт яваад байна уу гэхээр нам доторх асуудал л уншигддаг. Бөхчүүд нь ч хоёр хэсэг болчихсон. Та харин нэлээд эв түнжинг зангидах гэж ажиллах шиг болсон. Ийм хэрэггүй зүйлсийг зохицуулах хэцүү л байх даа?

-Хүн өөрөө бүх асуудалд хандахдаа зарчим бариад явчихвал юм эв зүйдээ ороод л ирдэг. Тэгэхгүй нэг тал руу нь орохоор нөгөө тал нь босож ирээд, нөгөө тал руу нь орохоор өнөөх нь сэрдийж босож ирээд байдаг. Аливаа зүйлд зарчим баримталж чадаж л байвал тэгшрээд явчихдаг. Тухайлбал манай Булган бөхийн хоёр холбоотой. Бөхчүүд нийлэх нь чухал юм уу, эсвэл амжилт гаргах нь чухал юм уу. Спорт юм чинь амжилт гаргах нь чухал биз дээ. Тэгвэл амжилтын төлөө л яв, хуваагдал хагаралд битгий анхаарлаа хандуул гэж би тэдэнд захидаг. Тэгэхгүй очиж хүчээр чирээд л, нэг гэрт чихэх гэж аргаа бараад явах шаардлага байхгүй. Тэгээд ч нэг их задарч хагарч сүр болохгүй байх. Энэ мэтчилэн аливаад гол зорилго зарчимаа л бариад ажиллахад болно доо.

-Залууст итгэл хүлээлгэх цаг болсон. Залуус нутаг орноо удирдах эрийн цээнд хүрч байна. Хаа сайгүй л залуучууд ажиллацгааж байна. Харин хөгшчүүд маань ажил руу нь ороод байх шиг, ураад байх шиг, самраад байгаа юм харагддаг?

-Түрүүнд та асуусан бага зэрэг хуваагдал байна уу гэж. Би бол том зорилгоо хараад л зүтгэчихдэг. Том зорилгоо хараад зүтгэхээр Бат-Эрдэнийг хэдэн талаас нь татаж нэг, түлхэж нэг үзнэ. Тоохгүй болохоор тэгээд орхино. Нэг нь хажуунаас татахаар эргэж хараад чи яав гээд толгойг нь илэхээр нөгөө талаас хэрүүл хийнэ. Тэгэхээр том зорилго тавьж урагшаа харж явах ёстой. Нутгийн хоёр ярилцаж байгаагийн хувьд бид Булганаа хөгжүүлэхийн төлөө л нэг цэг дээр зогсох хэрэгтэй. Ер нь ахмадгүй залуу үе хэзээ ч төлөвшдөггүй.

-Хөгжилтэй ч гэмээр, саваагүй зүйл асуухад сонгуулийн үед таныг Ж.Бат-Эрдэнэ Булганы хүн биш юм байна, Хөвсгөлийнх юм байна гэсэн нэг шувуу нисгэж байгаа харагдсан. Таны өвөг дээдсийн талаар сонирхож болох уу?

-Би 2014, 2015, 2016 он гээд гурван жил яг аймагтаа ажиллаж амьдарсан. Ар гэрт эхнэр маань хэдэн хүүхдээ хараад л үлдсэн. Намайг анх очиход эхлээд Ховдынх болгосон. Сүүлд сонгууль дөхөөд ирсэн Хөвсгөлийнх болгосон. Одоо харин чимээгүй болж байх шиг байна (инээв). Аав маань Хутаг-Өндөр сумын Цагаан бургасанд төрсөн. Цагаан арал ч гэж ярьдаг. Сэлэнгийн татуурга дээр төрсөн хүн л дээ. Ээж минь Бугат сумынх. Хоёулаа нутгаасаа эрт гарсан. Би өөрөө Улаанбаатарт төрж өссөн. Нутгаа гэх сэтгэлийг анх манай “сахал” Ц.Цэнгэл ах гаргаж ирж, өдөөж өгсөн хүн юм. Авто тээврийн газрын дарга байхад нэг өдөр дуудаж байна. “Чи нөхөр минь 100 хувь Булганы хүн байж хаагуур дэмий тэнээд байна. Өнөөдөр орой Нутгийн зөвлөлийн хуралтай, чи ирээрэй” гэсэн. Ингэж миний дотор нуугдаж явсан нутаг гэсэн сэтгэлийг сэргээж байсан. 2003 он юм болов уу даа.

-Таны тухай нэг зүйл сонсож байсан юм. Орост оюутан байхаасаа л их баян оюутан байсан. Социализмын үеийн саятан гэж. Тийм атал та яагаад бизнесийн хүн болоогүй юм бэ. Гэр бүлийн уламжлалтай холбоотой юу. Төрийн хүн бол гэсэн аав ээжийн захиас байв уу?

-Миний бизнес нэг их ухааны бизнес байгаагүй байх. Буяны бизнес гэж би боддог. Үнэхээр мөнгөөр гудас хийх нь л холгүй явсан оюутны үе бий. Тэр үед мөнгөө хадгалах газар байхгүй, гудсан доогуураа л хийдэг байлаа шүү дээ. Гудас дүүрэн мөнгөтэй шахуу, баян хүн байсан. Энэ үнэн. Гэхдээ би өөрийгөө бизнесийн ухаантай гэж боддоггүй. Тухайн үед дээд курсийн ах нарыг “арьсчид” гэж ярьдаг байсан. Хичээлийнхээ завсар зайгаар наймаа хийгээд хөлөө олчихсон ах нар байхгүй юу. Тэд арьсаа хил гаалиар гаргаж, оруулдаг янз бүрийн нүхтэй, сүйхээтэй эрчүүд байсан. Ах нар маань төгсөхдөө надад итгэл хүлээлгэж, бизнесээ өвлүүлж үлдээсэн. Би ч найдлага алдаагүй. Сайн ч, муу ч гэсэн “Мужик Бат-Эрдэнэ” гэдэг нэртэй явсан болохоор надад итгэж холбоо хэлхээгээ үлдээж байсан байх. Түүнийг нь залгамжилж оюутан цагт мөнгөөр гачигдахгүй амьдарч байлаа. Монголдоо ирэхдээ овоо мөнгөтэй ирж байсан. Ирээд бизнес хийх гэж нэлээд үзсэн. Янз янзын бизнес эхлүүлсэн. Эрхэлж үзээгүй бизнес гэж байхгүй байх. Миний явах зам биш байсан юм байлгүй дээ орхисон.

-Бизнесмэн болъё гэж тэгтлээ их бодоогүй байх нь?

-Байсныгаа үрж байсан болохоос биш, үржүүлэх тал дээр дутдаг юм. Над шиг юманд чичирч чаддаггүй хүн ашгийн төлөө тууштай явдаггүй юм билээ. Бизнест алдлаа гэхэд толгой дутаад л тэгж байгаа биз гэж өөрийгөө орхисоор бизнест улайраагүй. Гэхдээ бизнес хийнэ гэдэг бол тэр чигээрээ шунал гэж хэлж болохгүй байх. Нэг тийм зүтгүүр чанар байдаг байх. Тархинд арай өөр командтай байх ёстой юм шиг байгаа юм.

-Танд Оросоос өөр оронд суралцах боломж байсан уу. Тэр үед сайн сурдаг хүүхдүүд л гадаад явдаг байсан?

-Би математик, физик талдаа гайгүй байсан. Тоогоор конкурс өгсөн боловч ТМС-д орсон. ТМС-д онц сурч байж их сургуульд орох боломжтой болдог гэж сонсоод арьс ширний ТМС-д гүйгээд орчихсон. Тэр үед ТМС-д орос хэлийг гол болгодог байсан. ТМС-д орсон чинь надтай адил дээд сургууль горилсон, орос сургуулийн хүүхдүүд их орж ирсэн байсан. Би ч ээждээ “Ээж минь бид хоёрын төлөвлөгөө будаа боллоо. Манайд онц сурдаг, орос хэлтэй хүүхдүүд олон байна. Тэр хүүхдүүдийг давж дээд сургуульд орно гэж худлаа” гэж хэлж байлаа. ТМС-ийн амьдралаар нэг жил амьдарсан. ТМС-ийн амьдрал ч тэгээд хулгиан тал руугаа байдаг (инээв). Тэгээд төгсөөд яг хуваарь авах гэсэн чинь хэд хэдэн хуваарь урдуур явчихлаа. Би ангидаа онц сурдаг, Бүлгэмийн зөвлөлийн гишүүн. Бүлгэмийн зөвлөлийн гишүүд дандаа охид, би ганцаараа эрэгтэй нь. Мөн спортоороо тэргүүлдэг. Надгүй секц дугуйлан гэж байхгүй. Хаана юу болно Бат-Эрдэнэ байдаг. Тухайн үедээ ТМС-ийнхаа “од” нь байлаа. Хуваарь тараах тэр өдрийн хурал дээр захирал багш босч ирээд бүлгэмийн зөвлөлийн дарга, спортоор тэргүүлэгч Бат-Эрдэнэдээ нэг хуваариа өгье гэхэд заал тэр аяараа алга ташиж хүлээж авч байлаа. Боловсролын яаман дээр очоод шалгалт өгсөн чинь анги дүүрэн л охид байна. Шалгалт өгөхөөс өмнө боловсролын яамны нэг хүүхэн “Чи ганц эрэгтэй нь юм чинь автын инженерийн анги авах уу” гэдэг юм. Тэгэхээр нь “Үгүй үгүй, би арьс ширнийхээ мэргэжилд дуртай” л гэлээ. Тэгсэн намайг харж байснаа “Миний дүү энэ чинь дээд сургууль шүү дээ” гэсэн. Тэгээд л би тэр хуваарийг авч Эрхүү явсан. Сүүлд сонсоход тухайн үед автын инженерийн хуваарь авсан нэг хүүхэд нь ирээгүй юм шиг байсан. Тэгээгүй бол одоо хаана явах байсан юм бол доо.

-Та Орост их олон жил амьдарч байсан юм билээ. Орос эхнэр авч байсан гэж таны тухай сонсож байсан. Хувийн асуудалд тань хэт орсон бол уучлаарай?

-Оросын солонгос эхнэртэй байсан маань үнэн.

-Оросын солонгос оо?

-Тэр үед хамт нэг сургуульд сурч байсан. Орост суурьшсан солонгос иргэн олон байсан. Бид хоёр охинтой, одоо тэд маань ээжтэйгээ амьдарч байгаа. Хааяа Монголд ирдэг. Ямар сайндаа Ж.Бат-Эрдэнийн нууц хүүхэд гарч ирэв гэж бичиж байхав. Нэгэнт миний туулсан амьдрал юм чинь нууж хаагаад байх юм надад байхгүй.

-Хувь тавилангийн эрхээр салав уу. Ер нь л гадаадын иргэнтэй амьдрах хэцүү байв уу?

-Их сайн хүн. Тэр хүний тал дээр ямар ч асуудал байхгүй. Би л сахилгагүй байсан байх. Олон жил өнгөрч дээ.

-Намуудын амьдралыг хүссэн ч, эс хүссэн ч фракц, бүлэглэлүүд тодорхойлж байна. Та бүлэглэл, фракцид яаж ханддаг вэ. Аль ч фракцид таныг татаад наах гэхээр нэг л болж өгдөггүй. Үүний нөгөө талын тусгал таны улс төрийн амьдралд нөлөөлдөг юм шиг санагддаг. Би буруу харсан байж магадгүй?

-Өөрөө эрх ашиг, сонирхол хөөж явдаггүй болохоор энд тэнд очиж наалддаггүй юм болов уу. Яг зарчим ямар байх, аливаа асуудлыг тэр зарчмын хаагуур яаж шийдэх нь сонин.

-Нөгөө талаас харахаар Үе маань миний фракц гэж та бас хэлж болохоор. Тэд таныг үгүйсгэдэггүй. Ахиад нэг өөр талаас нь харахад та доод, дээд үеийнхэнтэйгээ маш сайн харилцаатай байдаг. Тэгэхээр таны фракц гэж алийг нь ч хэлмээр юм?

-Зөвийн төлөө явж байгаа нь миний фракц гэж хэлж болох байх. Зарчим нь зөв явж байгаа хүмүүсийг л би дэмжинэ. Энэ л миний фракц байх.

-Мэдээж хүн бусдаас илүү өөрийгөө мэддэг байх. Таныг харахад хөндлөн гулдгүй найзархаг, найланхай, уян хатан хүн биш. Тэгсэн хэрнээ хүйтэн, хөхөлзүүр хүн бас биш. Яг тулаад харьцахаар ууртай, хүн өөртөө ойртуулдаггүй зан чанартай юм шиг санагддаг. Танд ер нь хүмүүс хэлдэг үү. Чамтай нөхөрлөх хэцүү юм аа гэж?

-Манай ааваас хүмүүс их айдаг байсан. Үүнийг би их гайхдаг байлаа. Аав маань хатуу хүн байгаагүй. Тэгсэн хэрнээ ааваас хүмүүс айдаг байсан. Одоо аавтайгаа илүү адилхан болоод байгаа юм байлгүй. Хааяа толинд харахаар бага зэрэг ярвайсан, хөмсөг зангидсан шинжтэй дүр зураг өөдөөс хараад байдаг юм (инээв). Гадна талдаа тэгж харагдаж байж болох юм. Дотроо бол би зөөлхөн амьтан шүү дээ. Төрийн ажилд бол бага зэрэг хатуурхдаг байх аа. Төрийн нарийн бичгийн даргаас УИХ-ын гишүүн, сайд болоод ирэхэд илүү хариуцлага нуруун дээр ирсэн. Төрийн алба найзан дундаа орж, зарчмаа алдаж, үнэ цэнээ алдаж байгааг ард иргэд шүүмжлэх болсон. Төрийн албанд хүн урагшаа хараад, урдах зүйлээ зөв, сайн хийж байвал зөв ажиллаж байна. Түүнээс биш инээгээд л, тал засаад, ажлыг урсгалаар явуулаад байвал хэн ч чадна. Төрийн албан хаагчдыг ажлаар нь дүгнэхээс биш, хэн ойрхон байж, хэн тал зассанаар дүгнэж болохгүй. Энэ талаас нь хүмүүст ханддаг болохоор хатуу юм шиг харагддаг байх.

-Зам тээврийн яаманд маш өндөр үнийн дүнтэй тендерийн асуудлууд байдаг. Тэрийг дагаад нөхдүүдийн захиалгат лобби орж ирдэг. УИХ дотроос танд дарамт ирж байсан уу. Таныг үг сонсдоггүй, тусалдаггүй гэж зарим нэг хүн дуугарахтай таарч л байсан?

-Олон жилийн улс төрийн амьдралд мэдээж олон л юм тулгарна. Хууль зөрчсөн зүйлд болохгүй л гэж хэлдэг. Тэгэхээр зарим нэг нөхдүүд чамайг би томилсон гэдэг утгаар харьцах гэдэг. Хэлсэн болгон нь хааны зарлиг мэт биелж байх ёстой юм шиг өөрийн зогсож байгаа индрээ хардаг болчихсон хүмүүстэй ч таарч л байлаа. Би “Зөв санаа, бодлого байвал хэлж байгаарай, би дэмжинэ. Буруу зүйл байвал уучлаарай, чадахгүй” гэдэг. Сая бол Ерөнхий сайд миний бодлогыг бүх талаараа дэмжиж байсан. Энэ богино хугацаанд санаандаа тултал өөрийнхөөрөө ажилласан.

-Одоогийн Ерөнхийлөгчийг АН-ын засгийн үед шалгасан, барьж хорих гэж оролдсон. Үүнтэй холбогдуулан таныг бас байцааж байсан. Зарим нь таныг Ерөнхийлөгчийн хүн ч гэж хэлдэг?

-Бидний хамтран ажиллаж байх тэр хугацаанд салбарын бодлогын чанартай зүйлсийн эхлэлүүд явж байсан. Тэр үетэй холбогдуулаад намайг хардах, шалгах холбох асуудлууд ч гарч байлаа. Төрийн нарийн бичгийн дарга ямар мөнгийг мэддэг вэ гэхээр тухайн яамны төсөвт байдаг мөнгийг л мэднэ. Тэр Ерөнхийлөгчийг холбоод байдаг асуудал бол “Хөгжлийн Банк”-наас Монголын төмөр замаар дамжуулагдаж зарцуулсан мөнгө. Үүнд Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурахгүй. Энэ гүйцэтгэл Монголын төмөр замаар дамжиж явагдсан. Угаасаа шинэ Төмөр замын асуудал намайг ТНБД-ын ажлаа өгснөөс хойш болсон асуудал. Ажил хийж байхад янз бүрийн л асуудал гардаг. Ж.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгч тавьсан, түүний хүн юм гэнэ лээ гэх зүйл одоо ч сошиалаар явж л байдаг. Хамт ажиллаж байсан гэдгээр нь холбож болохгүй байх.

-Мянган вагон гэх нэг сэдэв яригдаад байгаа. Энэ тантай холбоотой юу?

-Энэ асуудал надаас өмнө болсон. Харахад сайдын баталсан журмыг зөрчсөн юм билээ. Сайдын журманд баталсан насжилтаас хэтэрсэн вагон оруулж ирсэн. 500 нь орж ирсэн, үлдсэнийг нь зогсоосон. Гэхдээ орж ирсэн вагонууд нь өртгөө нөхөөд ашгаа өгчихсөн.

-Нам, төр хоёрыг хольдог үзэл санааны ойлголтууд шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа олон улстөрчдийг балладаг. Таны боловсон хүчинд хандах хандлагын талаар сонирхмоор байна?

-Би Төрийн нарийн бичгийн даргаар олон жил ажилласан болохоор намчирхаж хүн халах гэдэг асуудлын эсрэг зогсдог. Удирдагч хүн энэ над руу муухай хардаг, тэр үгэнд ордоггүй, өөдөөс олон юм ярьдаг гээд няслаад байвал өөртэй нь ажиллах хүн олдохгүй. Олдвол нөгөө ярьдаг шиг “пялдага” хүн л таарна. Чадвартай, чадалтай хүн гэдэг өөдөөс хатуу дуугарч, бодлогоо ярьдаг хүнийг хэлнэ. Тэгэхээр удирдлага өөрөө тэр хүнтэй ажиллаж, ажиллуулж чад

СЭТГЭГДЭЛ БИЧИХ