ЦЕГ: Бусдыг хүчирхийлж байгаа бичлэгийг ЭМЭГТЭЙ хүн хийсэн

Өсвөр насны охидыг хүчирхийлж, улмаар бичлэг хийн олон нийтэд тарааж байгаад баривчлагдсан этгээдүүдийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө. Тус мэдээлэлд “2018 оны аравдугаар сарын 02-ны өдрийн орой олон нийтийн цахим сүлжээнд бусдыг садар самуунд уруу татсан утга агуулга бүхий видеог олон нийтэд цацсан асуудал гарсан. Үүний дагуу цагдаагийн байгууллага шуурхай болон тасралтгүй байх зарчим дээр үндэслэн видео цацсан иргэдийг хаана байгаа газраас нь шуурхай олж тогтоосон байдаг.

Уг хэрэгт 40 настай эрэгтэй Т болон 30 настай эрэгтэй У нар холбогдон шалгагдаад байна. Мөн тухайн дүрс бичлэгийг хийхэд эмэгтэй хүн оролцсон гэсэн нөхцөл байдалтайгаар шалгалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа. Тухайн бичлэг тавигдсанаас хойш нэг цагийн дотор устгах арга хэмжээ авч ажилласан. Цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг өсөн нэмэгдэх хандлагатай байгаа. Тухайлбал, 2016 энэ төрлийн гэмт хэрэг 2016 онд 140, 2017 онд 240, энэ оны хагас жилийн байдлаар гэхэд 279  удаа үйлдэгдсэн” гэлээ.

-ӨСВӨР НАСНЫ ОХИДЫГ ХҮЧИРХИЙЛСЭН БИЧЛЭГЭЭ ЦАЦСАН ЭТГЭЭДҮҮД БАРИВЧЛАГДАВ-

Цахим орчинд 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байгаа бичлэг олон нийтэд тарсан байна. Тус бичлэгийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас ажиллагаа зохион байгуулж, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлэн баривчилжээ.

Тодруулбал, өмнө нь зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан Т гэгч нь 2018 оны тавдугаар сард 1999 онд төрсөн Н, Ц нарыг бусадтай бүлэглэн хүчирхийлж, хохирогч эмэгтэйчүүдийг дарамталж, тохуурхан даажигнаж буй үйлдлийнхээ бичлэгийг хийсэн аж. Уг гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 12.2, 12.3-т зааснаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй юм байна.

Эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж дарамталдаг, хувийн мэдээлэл, эмзэг байдлыг далимдуулан өөрийн эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлэх, хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгох, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ нь хохироох, нэр төрийг нь гутаах зэргээр эрсдэлд оруулж болзошгүй. Иймд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд тэр даруй цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулж байхыг анхаарууллаа.

П.УРНАА medee.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ