1.3 сая ам.долларын хэрэгт хурандаа Ч.Болдбаатар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарыг шалгаж эхэлжээ
АТГ-ынхны хураан авсан 1.3 сая ам доллар буюу 3 тэрбум гаруй төгрөг одоо ч олны анхаарлыг татсаар байна. Ялангуяа энэ хэрэгт хуулийн байгууллагынхан холбогдсон нь асуудлыг улам дэврүүлж, иргэдийн эгдүүцлийг хүргэж байна. Энэхүү мөнгийг ашиг малтмалын лиценз авахаар хахуульд өгөх гэж байсан гэх мэдээлэл бий. Тодруулбал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газрыг булаацалдсан хятадууд хуулийн байгууллагынханд өгөх гэж байсан болзошгүй гэж байгаа юм.
Тэгвэл уг хэрэгт Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ч.Болдбаатар, АШГТГ-ын дарга Х.Хэрлэн нарыг холбогдуулан шалгаж эхэлжээ. Тэд дундын зуучлагч нартай холбоо тогтоосон нь Гүйцэтгэх ажиллагааны баримтаар тодорхой болсон гэнэ.
Гэхдээ тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээгүй. Хэрэг үүсгэн шалгах хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байгаа аж. Хэргийг шалгах явцад тэд УИХ-ын нэр нөлөө бүхий хоёр гишүүнтэй холбогдсон байжээ. Энэ нь хятадууд гишүүдийн оролцоотойгоор Тавантолгойн нүүрсний уурхайн хажууд байх их хэмжээний нүүрсний нөөцтэй орд газрын ашиглалтын лицензийг хууль бус аргаар авахаар санаархаж байсан нь ил болоод байна.
Ямартай ч УИХ-ын гишүүдийн холбогдсон асуудлыг нарийвчлан шалгаж, үнэхээр 1.3 сая долларын хэрэгт холбоотой юу гэдгийг тогтоосны дараа нэрийг нь зарлахаар болжээ.
Сануулахад, АТГ-ынхан авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдийн хамаарал бүхий орон сууцнаас 1.3 сая ам.долларыг бэлнээр хураасан байдаг.
Одоогоор хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Анир Эх сурвалж: zaluu.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ