А.Меруерт: Охиныхоо сурлагыг дэмжиж Цагаан нуураас аймгийн төв рүү ажлаа, бүх зүйлээ орхиод нүүсэн

Компьютер, ухаалаг гар утас зэрэг электрон хэрэгслийг загварчлан зохион бүтээдэг дэлхийн тэргүүлэгч компани болох “Apple” компанид ажилладаг анхны Монгол охин бол С.Айгерим. Хэр барагтаа л охидын сонгоод байдаггүй компьютерийн инженер мэргэжил сонгосон тэрээр дэлхийн 120 мянга гаруй инженерүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байна. 22-хон настай түүнд ийм том боломж нээгдэж, өнөөдрийн амжилтад хүрсэн нь түүний уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийг хариуд ирсэн бэлэг хэмээн түүний ээж А.Меруерт ярив. Түүний амьдралд бурхан охиныг нь бэлэг болгон өгсөн учраас охиныхоо төлөө амьдарсан, амьдарсаар л байна хэмээн ярих жирийн л нэгэн Монгол ээжийн ярилцлагыг хүргэе.

А.Меруэрт эгч 30 гаруй жил тайзнаа дуулж буй уран бүтээлчээс гадна өөрийн сонирхолоор нийтлэл бичсээр нийтлэлч, орчуулагч, дуу оруулагч, багш гээд тал бүрийн авьяастай нэгэн гэдгийг ярилцах явцдаа мэдсэн. Гэхдээ тэр өөрийгөө "Би жирийн л нэг ээж" хэмээн даруухан тодотгосон юм.

 

 

-Таны охин С.Айгерим дэлхийн тэргүүлэгч компани болох “Аррle-д ажиллаж буй анхны Монгол охин боллоо. Охин тань хаана төрж, хаана суурь боловсрол эзэмшсэн бэ?

-Миний охин 1996 онд төрсөн. Казах түмний Нарны баяр гэж нэрлэдэг Наурызын баяраар буюу гуравдугаар сарын 22-нд төрсөн. Бэлэгтэй сайхан өдөр төрсөн учраас манай гэр бүлд маш их аз жаргал авч ирсэн. Миний ганц охин.

Баян-Өлгий аймгийн Цагаан нуур тосгонд төрж өссөн. Хилтэй их ойр. Дунд сургуулиа Баян-Өлгий аймгийн төвд төгсөөд АНУ-ын Хьюстоны их сургуульд Компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцлаа.

-Хүмүүсийн буруу ташаа ойлголт байдаг л даа. Баян-Өлгий аймагт боловсролын чанар муу гээд...

-Баян-Өлгий аймагт Бастама гэж хувийн сургууль байдаг л даа. Анх тэнд сурсан. Математикийн хичээлдээ маш дуртай, сайн байсан учраас өөрийнх нь сонирхлыг дэмжсэн л дээ. Дараа нь Монгол-Туркийн хамтарсан сургуульд сурч Турк хэлний олимпиадад оролцож түрүүлээд Туркэд очиж сургууль, орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн. Монголд төрж өссөн учраас Монгол хэлээрээ их сайн ярина. Казах, Турк, Орос, Англи хэлтэй. Хэл сурах авьяастай юм даа.

Монголд төрж, өссөн казахууд бол маш их аз жаргалтай хүмүүс. Эх хэлээрээ чөлөөтэй ярьж өссөн, хаана ч гологдохгүй боловсрол эзэмшиж Үндсэн хуулиараа олгогдсон эрхээ эдэлж байна. Өнгөрсөн жил би Дэлхийн казахуудын их хуралд оролцсон. Тэгэхэд дэлхий дээр тархан суурьшсан нийт таван сая казах байдаг. Тэдний 100 гаруй мянга нь Монгол Улсад байна гэсэн тооцоо судалгаа сонслоо. Тэдэн дундаас Монголын казахууд эх хэлээрээ хамгийн сайн ярьж байгааг хараад бахархах сэтгэл төрсөн. Казакстанд одоо л дөнгөж эх хэлээрээ хуулиа гаргаж эхэлж байна. Өмнө нь орос хэлээр ярьдаг байсан гэдэг ч юм уу. Бид нар үндэсний өв соёлоо маш сайхан авч үлджээ гэдгийг тэндээс хараад баярлаж байсан. Ямар сайхан амар тайван, байгалийн үзэмж, агаар тунгалаг газар амьдарч байгаа юм бэ гээд л. Хүүхдүүд минь боловсролоороо дэлхийн жишигтэй хөл нийлүүлж байна.

 

1992 онд Ардчилсан үндсэн хуулийг батлалцсан, Худалдааны гавьяат ажилтан өвөө М.Алипийн хамт

 

-Хүүхдүүд багаасаа л мөрөөдлөө яриад эхэлдэг шүү дээ. С.Айгерим багадаа ямар мэргэжилтэй хүн болно гэж ярьдаг байсан бэ?

-Өвөө нь 1992 онд Ардчилсан үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат хүн. Тиймээс өвөө шигээ улс төрч хүн болно гэж их ярьж, тоглохдоо хүртэл тийм хууль батлуулна гэж зохиож яриад тоглодог байсан. Том болоод математикийн хичээлдээ сайн байсан учраас дур сонирхлоо дагаад л компьютерийн инженер мэргэжлийг сонгосон доо.

Охин минь багаасаа их бүтээлч хүүхэд байсан. Охин хүүхэд мөртлөө эвдэрсэн эд зүйлийг эвлүүлчихдэг байсан. Бас их сайн зураг зурдаг, сайхан дуулдаг. Тал бүрээр өөрийгөө хөгжүүлж чадсан гэж охиноо боддог доо.

-Таны хувьд охин тань АНУ-д сурах болоход хэрхэн хүлээж авсан бэ?

-Ганц охин минь учраас хамт байхыг л хүссэн. Гэвч охин минь хүссэн сургуульдаа элсэхийн тулд маш их хөдөлмөрлөж, зорилгоо болгож байсан учраас би ч гэсэн дэмжсэн. Чи чадна, миний охин шилдэг нь шүү гээд л. Хүн ер нь урмаар тэтгэгддэг учраас охин минь ээжийнхээ итгэлийг алдаагүй. Компьютерийн инженерийн ажлыг эрчүүд их сонгодог юм байна. Яагаад миний охин чадахгүй гэж гээд их дэмжсэн. Бүргэдчин охин Айшолпан ч гэсэн зөвхөн эрчүүд л бүргэдчин болно гэсэн ойлголтыг үгүй хийсэн шүү дээ. Бүргэдчин охин кино Хьюстонд байхдаа үзсэн л дээ. Маш олон хүн Монголыг Айшолпанаар дамжуулан маш гоёор хүлээж авсан.

-Охиноо эрдэм номын мөр хөөгөөд ир гээд үдэж өгөхөд нэг талаас баяртай, нөгөө талаас гунигтай санагдаж байсан байх даа?

-Онгоцны буудал дээр цаг гаруй уйлж суусан. Охиныхоо төлөө гээд л гүйдэг хүн чинь яваад өгөхөөр нь сэтгэл хоосон болчихсон юм шиг санагдаад их хэцүү. Аав, ээж минь намайг загнаад. Охин чинь эрдэм ном сураад мөрөөдөлдөө хүрэхээр явж байна. Ээжийнхээ итгэл сэтгэлийг алдахгүй зорьсондоо хүрэх гэж байхад чи уйллаа гээд л. Нэг загнуулаад сэтгэл тайвшраад харьсан даа.

 

С.Айгерим

 

-Та хоёр түүнээс хойш хэр удаан уулзаагүй вэ?

-Охин минь их сургуульдаа маш сайн сурсан. Гурван жил хагасын хугацаанд охинтойгоо уулзаагүй байж байгаад араас нь очсон. Энэ хугацаанд би аваарт орсон ч гурван удаа хагалгаанд ороод хөл дээрээ боссон. Тэр үед ийм мундаг охинтой болохоор заавал хөл дээрээ босно гэсэн бат итгэлтэй байсан даа. Манай эмч нар их мундаг. Охин маань ээжийгээ өвдчихсөн байхад гэртээ харина гээд ярихад нь “Ээж нь заавал хөл дээрээ босно” гээд л охиноо тайтгаруулж байсан даа.

Охин минь Хьюстоны их сургуульд сурах хугацаандаа Принстоны их сургуульд судалгааны ажил хийж маш шаргуу сурсан. Дараа нь охин дээрээ очиход хамт сурдаг оюутнууд болоод багш нар нь “Таны тухай сонсож байсан. Таны охин Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа. Та охиноороо бахархах хэрэгтэй шүү” гээд баяр хүргэж байсан. Сургуулийн захирал нь өрөөндөө хүлээж аваад тэмдэглэлийн дэвтэр бэлэглэсэн. Охин минь хаана ч явсан өвөө, эмээ, ээжийнхээ итгэлийг алдаагүйд миний хувьд хязгааргүй баярласан.

-Охин сургууль төгсөөд “Apple” компанид ажиллах шалгуур хангахад таны хувьд түүнээс ч дутахгүй баярлаж байсан байх. Тэр үеийн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Охин дээрээ очиход маш шаргуу хичээллэж байсан. Шөнөжин хичээлээ хийгээд үүрийн 05 цаг хүргэхэд нь би уйлаад “Чи айлын ганц хүүхэд шүү. Бие бод” гэхээр “Зүгээрээ ээж ээ. Та тэр Станфордын их сургууль дээр очоод номын санд нь ороод үз. Оюутнууд тэнд шөнөжин суугаад хичээлээ хийж байгаа” гэж хэлж байсан. Охин минь маш их шаргуу, зорилгодоо үнэнч зүтгэсэн учраас түүнийх нь хариу ирсэн. “Apple”-д ажилд орохын тулд олон шатны шалгаруулалтад орж тэнцсэн. Тэр шалгаруулалтад орох гээд хичээллэж байхад нь “Миний охин яагаад заавал “Apple”-ийг сонгож байгаа юм бэ” гээд асуусан. “Мэдээлэл технологийн салбар асар хурдтай хөгжиж байна. Бусад бүх салбарт компьютерийн шинжлэх ухаанд асар их ач холбогдол өгч байна. Энэ салбарыг нэгэнт сонгосон учраас хамгийн хурдацтай хөгжиж буй, хамгийн том компанид мундаг эрдэмтэй боловсролтой хүмүүстэй ажилласнаар би илүү их хөгжих боломжтой” гэж хэлж байсан. “Apple” компани 126 мянган ажилтантай юм билээ. Охиноо шалгаруулалтад оролцохоор явах бүрт нь маш их залбирдаг байсан. Ээж хүнд үүнээс өөр хийж чадах зүйл байхгүй шүү дээ.

Миний охин надад “Ээж ээ, охин нь заавал зорьсондоо хүрнэ. Та намайг жаахан хүлээгээрэй” гэдэг. Тэгэхээр нь “Ээж нь охиноо амьдралынхаа турш ч хүлээж чадна” гэдэг.

-С.Айгерим өдөртөө ямар хуваариар ажилладаг вэ?

-Ямартаа ч маш их ажилладаг. Ажлын таван өдөр ажилладаг ч гэсэн ажлын бус цагаар гэртээ ажлаа хийсээр л байдаг. Хийж буй ажлаа өөрийн болгохын тулд маш их зүйл судлах, мэдэх шаардлагатай байна гэдэг. Би нэг удаа “Миний охин ээж рүүгээ ажил дээрээ байгаа зургаа явуулаач” гэсэн чинь ажил дээрээ зураг авч болдоггүй юм билээ. Өндөр сахилга баттай.

-Охин нь амжилттай яваа нь таны хүч хөдөлмөр сайн байсан учраас тэр шүү дээ. Тиймээс та бусад ээжүүдэд юу захих вэ?

-Ямар гоё асуулт вэ. Баярлалаа. Хүүхдүүддээ хайраа харамгүй өг. Хүүхдээ хайрлаж, тэвэрч, урам өгөх хэрэгтэй. Томчууд хүртэл дутагдал гаргаж байхад хүүхэд хүртэл дутагдал гаргана. Тэр үед нь за яах вэ, ийм болчихсон байна гэж алдааг нь ойлгуулаад хамтдаа ингэж шийдье гээд анхаарал тавих хэрэгтэй. Ээж хүн сургаал айлдахаас илүү сайн үлгэрлэх ёстой. Би охиндоо чи сайн хүн болох ёстой гэж хэзээ ч хэлж байгаагүй. Охиноо сайн хүн болгохын тулд өөрөө сайн хүн болох гэж хичээсэн. Бусдад тусалж байгааг охин минь харж өссөн. Хүний амьдрал унаж, босно, уйлна, инээнэ. Тэр бүрт ээж хүн гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Хэцүү үед архи ууж сэтгэлээ тайтгаруулсаар архинд орчихсон ээжүүд цөөнгүй байдаг шүү дээ. Тийм зүйлд хэзээ ч зам тавьж өгч болохгүй. Эмэгтэй хүн хэчнээн эмзэг байдаг ч ээж хүн хүчтэй байх ёстой гэдгийг л энэ амьдралаас ухаарсан. Би нэг зүйл дээр маш эмзэглэж явдаг. Ээж, аавууд хүүхдүүдийнхээ материаллаг хэрэгцээг хангах гээд тэднийгээ мартаад мөнгө олох гэж улайрдаг. Тэр хооронд хүүхэд ээж, аавынхаа хайрыг их үгүйлдэг. Эндээс л тоглоомд донтох, хараа хяналтгүй тэнэх гээд сөрөг явдлууд үүдэн гардаг. Цаг хугацаа мөнгөнөөс үнэтэй учраас хүүхдэдээ үргэлж цаг гаргаж байгаарай.

Хөгжингүй орнуудад би их явсан. Америкт бол хүүхдээ ерөөсөө хараа хяналтгүй орхидоггүй. Тэгсэн тохиолдолд хүүхдийг нь төрийн ивээлд авчихдаг. Эцэг, эх болох эрхийг нь хязгаарлах хүртэл арга хэмжээ авдаг юм билээ. Тиймээс ялангуяа ээж хүн хүүхдээ хэзээ ч хараа хяналтгүй орхиж болохгүй гэдгийг л хатуу хэлэх гэсэн юм. Хүүхдийн дэргэд хэзээ ч архи ууж болохгүй. Хүүхэд гэртээ л амар тайван байдлыг мэдэрч байх ёстой. Гэтэл аав, ээж нь дэргэд нь архи уугаад байвал би ийм л болох юм байна гэсэн ойлголтыг авчихвал яана. Хүн бүхэн л хандлагаа өөрчилж байж хүүхэдтэй холбоотой гэмт хэргүүд буурна. Хараа хяналтгүй хүүхэд явж байвал тоохгүй өнгөрч болохгүй, хүүхдээ зодож байгаа хүнийг хараад болохгүй гэдгийг нь хэлдэг байхад л сайхан цаг ирнэ, эх орон минь хөгжинө.

Ээжүүд их боловсролтой байх ёстой. Боловсрол гэхээр л академик боловсрол гэж ойлгодог. Хүн байх боловсрол гэж чухал зүйл бий. Би охиндоо “Миний охин мундаг инженер болж болно. Apple-д анхны Монгол эмэгтэй инженер боллоо. Гэхдээ хамгийн гол нь сайн хүн болохыг хичээнэ шүү” гэж хэлдэг.

-Та өөрөө ямар мэргэжилтэй, ямар ажил хийж байсан хүн бэ?

-/инээв/ Би зүгээр л ээж хүн. Охин минь сургуульд ороод математиктаа маш сайн байсан учраас үүнийг нь дэмжих гээд Цагаан нуураас аймгийн төв рүү ажлаа, бүх зүйлээ орхиод нүүж байсан. Аймгийн төвд очоод ажилгүй, мөнгөгүй үе байсан ч би шантраагүй. Уг нь би 30 гаруй жил тайзнаа дуулж яваа уран бүтээлч хүн. Олон оронд тоглолтоо хийж байсан. Баян-Өлгийн ард түмэн төдийгүй Монголын ард түмэн дуу хоолойгоор минь таньж, үнэлдэгт талархаж явдаг даа.

Анх АНУ-д очихдоо Казах соёл мэдээллийн төвийн урилгаар тоглолтоо хийхээр очоод тэнд байх хугацаандаа тус төвийн хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллахаас гадна казах хүүхдүүдэд казах хэлний хичээл заадаг байсан. Энэ удаа ч гэсэн Хьюстон, Беркли хотын иргэдийн урилгаар тоглолтоо хийхээр явах гэж байгаа. Охиндоо удахгүй очно.

Б.Цэдэвсүрэн  Эх сурвалж:newspress.mn

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ