Арго: Н.Энхбаяр даргатай урд насандаа ах дүү хоёр байсан ч юм бил үү, хэн мэдлээ
Арго багш буюу Б.Ариунболдтой ярилцлаа.
-Та одоо ямар нэгэн ном бичиж байгаа юу. Нэлээд хугацаанд завсарлага авчих шиг боллоо?
-Миний хувьд гадаад хэлний найман ном бичлээ. Герман, Франц, Япон, Итали, Испани Англи, Орос, Солонгос гэх зэргээр. Зорьсондоо хүрчихсэн гэсэн үг. Одоо бие дааж казах хэл сурч байна. 2015 оны есдүгээр сард Казахстан яваад арваннэгдүгээр сард буцаж ирсэн. Тэгэхдээ англи, орос хэлний номоо хэвлүүлж худалдаанд гаргасан. Ирээд Баян-Өлгий аймгийн хүүхдүүдэд хичээл заасан. Ерөнхийдөө ном бичих ажил өндөрлөж байна. Дуусах шатандаа орж байна гэж ойлгож болно.
-Тэгэхээр дахин ном бичихгүй гэсэн үг үү?
-Надаар одоо хэдэн ном бичүүлэх гээд байгаа юм. Оюун ухаанаа арай өөр юманд зарцуулъя л даа. 25 жилийн хугацаанд сонгогчийн байр сууриас хандаж ирлээ. Хараад байхад болохгүй зүйл их байна. Тиймээс өөрөө дунд нь, тоонд нь оръё. Гэхдээ заавал УИХ-ын гишүүн болох гээд улайраад яах вэ л гэж байгаа юм. Заавал би тэнд очоод С.Ганбаатар шиг байж болохгүй. Хамгийн гол нь, хурдан гарахгүй бол болохоо байлаа. Бэлэн мөнгөний дутагдлаас болж нийгэмд маш их гэмт хэрэг үйлдэгдэж байна. Хүний мөнгө олох эрх чөлөөг хаахаар ийм юм болдог байхгүй юу.
-Жишээ нь, юуг хаасан гэж?
-Гар дээрх худалдааг хаачихлаа шүү дээ. Токио, Сөүл, Германд шөнийн амьдрал нь их чөлөөтэй байдаг. Гудамжиндаа хоол унд хийгээд зарж л байна. Манай ардчилсан нийгэм байтугай коммунист засаглалтай Хятадад хүртэл гар дээрээс худалдаа хийгээд болж байна. Дэлхийн хаана ч очсон гар дээрх худалдаа байж л байдаг. Европ, Азийн зах зээл нэг ялгаатай. Юу гэхээр Азид гар дээрх худалдаа илүү хөгжсөн. Гэтэл хэтэрхий барууны системийг хуулбарлаад гар дээрх худалдааг хааж байгаа нь эргээд ард түмний амьдралд хүндээр тусч байна. Жишээ нь, архийг муулаад байх юм. Яах вэ хүмүүс наргиж цэнгэг л дээ. Харин тэдний аюулгүй байдлыг цагдаагийнхан хамгаалах болохоос шөнийн цэнгээний газрыг нь очоод хаачиж болохгүй. Сүүлийн үед хууль хяналтын байгууллагууд аж ахуйн харилцаанд хэтэрхий хутгалдаж байна. Заавал ресторанд орж хоол идэж яах юм. Одоо ресторанаар үйлчлүүлдэг хүний тоо эрс муудчихсан болохоор ороод хоол идэх гэхээр удсан хоолоо халаагаад авчирч өгч байна шүү дээ. Дээрээс нь, гэртээ хоол хийх гэхээр нэлээд цаг зарцуулдаг. Тэгснээс гудамжаар явж байхдаа л идчих хэрэгтэй байгаа юм. Дорноговьд Батсуурь гээд дарга бий. Би таньдаг юм. Гэтэл дарга болсныхоо дараагаас вокзал дээгүүр хоол хийгээд зарж байсан хүмүүсийг хааж боогоод ажлаа эхлүүлж байх жишээтэй. Ямар хэрэг байна вэ. Үнэхээр хордох юм бол хүлээлгэх хариуцлага нь хуульд байгаа шүү дээ. Тийм байтал хааж боож гүйгээд хоолноос нь салгаад л. Тэгж яривал төрийн байгууллагууд өөрсдөө шөнийн цагаар ажиллах хэрэгтэй. Ер нь тэгээд ажлын таван өдөртэй байх нь зөв ч юм уу.
Казахстанд ажлын зургаан өдөртэй л байна шүү дээ. Архийг үнэхээр хааж боомоор байвал хагас сайныг ажлын өдөр болгох хэрэгтэй ш дээ. Маргааш нь ажилтай хүн тав дах өдөр хэзээ ч архи уухгүй. Бүтэн сайн өдрөө ч тэгтлээ уухгүй. Тэгэхээр хууль хяналтын байгууллагууд бизнестэй хэтэрхий хутгалд-санаас өнөөдрийн гэмт хэргүүд гарч байна. Хэзээ байхад монголчууд банк ухаж байсан юм. Тэр хоёр залууд мөнгө хэрэгтэй болсон болохоор тийм үйлдэл хийсэн байх. Уг нь хуушуур, буузаа зараад явж байсан бол тэгэхгүй. Дараа нь, настай эмэгтэйг хүртэл орцноос нь чирж гаргасан. Мөнгө хэрэгтэй хүнийг хоослоод л байвал юу руу ч хөтөлж болно. Залуучуудыг заавал ажлын байраар хангах гэж байхаар зүгээр л мөрөөр нь орхи л доо. Юу дуртайгаа хий л дээ. “Да хүрээ”, “Нарантуул”-ыг нүүлгэнэ гэж байна. Арго сургалтын төв гээд байж байхад тэс ондоо өөр газарт гурван тэрбум төгрөг өгсөн жишээ байна. Гэтэл тэр нь юу ч хийдэггүй. Эдийн засгийн харилцааг төр зүгээр хаячих хэрэгтэй.
-Та МАХН-д гишүүнээр элссэнийхээ дараа Н.Энхбаяр даргатай хамт авахуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн нь олон хүний анхаарлыг татсан байна лээ. Яагаад ийм шийдвэрт хүрэв. Уг нь та АН-ын гишүүн байсан юм билээ?
-Тийм ээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгуульд нэр дэвшихэд нь дэмжиж байлаа. 2012 оны сонгуулийн үеэр АН-ыг дэмжиж долоон телевиз, 20 гаруй сонинд ярилцлага өгсөн. Тэгэхдээ сонгогчдод “Ардчилал бол бидний сүүлчийн боломж шүү” гэж уриалж байсан. Маш их итгэж ч байсан. Гэтэл гарч ирэнгүүтээ хувийн хэвшлийнхнийг багалзуурдаад эхэлсэн. МАХН-ын хувьд бол тийм биш. Хоёрдугаарт, хөлгүй болсныхоо дараа намынхнаа эргэж ирэх болов уу гэж их хардаг байсан.
-Ардчилсан намынхныг уу?
-Миний хувьд Баянгол дүүргийн АН-ын гишүүн. Манай дарга нар чинь С.Эрдэнэ, С.Одонтуяа нар. Ширэндэв гээд манай найз ч бий. Хүн чинь өвдөж, зовохоороо бусдыгаа хүрээд ирэх болов уу гээд их хардаг юм билээ. Гэвч ирээгүй. Залгахаар утсаа авахаа ч больчихсон. Түүнд нь их гомдсон.
-Тэгэхээр намын гишүүд нь эргэж тойроогүйд гомдсоноосоо болж МАХН-д элсэх шийдвэр гаргачихсан хэрэг үү?
-Миний хувьд МАХН-д элссэнийхээ дараа Н.Энхбаяр даргыг арай өөрөөр харах болсон. Өмнө нь түүний талаар маш буруу бодолтой явдаг байж гэдгээ ойлгосон. Намайг гишүүнээр элссэний дараа өрөөндөө хүлээж авч уулзаад, хөлөө тайруулахгүй байж болоогүй юм уу. Яагаад ийм болчив гээд л маш их харамссан байдалтайгаар ярилцсан. Яах вэ мөнгө төгрөгөөр туслахгүй ч гэсэн сэтгэл санаагаар дэмжихээр чинь өөрийн эрхгүй дэм болдог юм билээ. Аргагүй л “хаан” суудалтай хүн юм гэж бодсон.
-Н.Энхбаяр даргын талаар буруу бодолтой явдаг байсан гэлээ. Жишээ нь, юу боддог байсан гэж?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа мэдээллээс л тэгж бодно шүү дээ. Н.Энхбаяр даргын хувьд нэлээд хүнд зовлон туулсан. 17 хоног өлсгөлөн зарлана гэдэг бол баргийн хүнээс гарахгүй үйлдэл. Миний хувьд Монголын үе үеийн удирдагч нараас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр дарга нарыг хүндэтгэж явдаг. АН-д хийсэн зүйл их байгаа ч эдийн засагт хэтэрхий хутгалдсанаасаа болж итгэл алдсан.
-Н.Энхбаяр даргатай авахуулсан зургаа цахим хуудастаа тавьсны дараа та хоёрыг адилхан гэх хүмүүс олон байсан. Эсвэл та хоёр ямар нэгэн талаараа холбоотой юм уу?
-Санамсаргүй тохиолдлоор бие биетэйгээ адилхан хүмүүс олон байдаг. Жишээ нь, Н.Түвшинбаяр аваргатай адилхан нөхөр айлуудаар ороод “Аварга нь байна” гээд архи уугаад явдаг гэж сонссон. Үүн шиг Н.Энхбаяр дарга бид хоёр царай зүс, үсний өнгө, нурууны өндөр гээд адил төстэй зүйл их бий юм билээ. Магадгүй урд насандаа ах дүү хоёр байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Н.Энхбаяр дарга чинь их хээнцэр алхдаг хүн байна лээ. Аргагүй л удирдагч хүний алхаатай. Н.Энхбаяр даргын хувьд хүнийг таних чадвараараа мундаг гэж ойлгосон.
-Та улстөрчидтэй хэр ойр хүн бэ?
-Бараг байхгүй дээ. Гэхдээ намайг тэд таньдаг байхгүй юу. Бас хүндэлдэг. Заримынх нь ширээн дээр миний ном байж л байдаг юм. Арго багш гэдгээр нь бол сайн мэдэх байх. Хүүхдүүдэд нь ч хичээл орж явсан удаа бий.
-Номоо бичихээ больж байгаа, одоо улс төрд оръё гэдгээ та түрүүнд хэлсэн. Ном бичихээ болиод улс төр рүү “урвах” гол шалтгаан юу байв?
-Яах вэ. Хамгийн гол нь, улстөрчдийн дунд нь ороод тэднийг хооронд нь эвлэрүүлье гэж бодсон юм. Хамгийн сүүлд С.Баярцогт, Ч.Сайханбилэг гэсэн хоёр хог, шаартай болчихлоо шүү дээ. Хүн болгон л муулах юм. Гаднынханд дарамтлуулсан байж болно шүү дээ. Мөнгө өгөөд хүнийг боолчилдог систем гэж бий. С.Баярцогтыг би мэднэ. Насны тухайд 1966 оны морь жилтэй юм шиг байна лээ. Тэр бол сайн улстөрч. Ер нь манай УИХ-ын гишүүд бүгдээрээ л ухаантай хүмүүс. Харин хүнийг муулдаг, хараан зүхдэг коммунист үзэл нийгэмд ялангуяа залуучуудын дунд тархсанаас ингээд байгаа хэрэг. Жишээ нь, шударгаар үзэж байгаа нэг нь байр, машингүй л явж байна. Уг нь хүүхдүүд баян айлд төрөхөө сонгодоггүй. Үнэхээр мөнгөгүй бол заавал сургуульд сураад яах юм. Хоёр жил ажил хийгээд мөнгө хураа л даа. Дараа нь бүх зүйл болно. Ер нь хараад байхад УИХ-ын гишүүд ингэж хэрэлдэж байхаар хоорондоо цусаа гартал сайхан зодолдчих хэрэгтэй. Г.Баярсайхан, У.Хүрэлсүх хоёр сайхан үзсэн шүү дээ.
-Та зургаадугаар сургууль төгссөн байх аа?
-Тийм. 1984 онд төгссөн.
-Таныг арван жилийн сурагч байхдаа бусдаас том биетэй, юу ч хийхээс буцахааргүй хүүхэд байсан гэж ярьдаг юм билээ?
-Юу ч хийхээс буцахгүй нь ч юу байх вэ. Ямар ч байсан гэмт хэрэгтэн болоогүй л төгссөн юм. Намайг сурагч байхад хүмүүсийн оюуны хөдөлмөр эрхлэхийг нь төр, засгаас хаачихсан болохоор атаман, хулгайч болж алдаршдаг байсан. Шоронгийнхныг НАХЯ-ныхан хүртэл дийлдэггүй байлаа шүү дээ. Халхын хамаг сайхан авьяастай залуус нь атаман болж тодроод сургууль, соёлоо хаясан. Дашийн Мундаагаас эхлүүлээд олон залуус буруу замаар орсон. Би бол тэгээгүй. Харин атаманы ард зогсож байдаг “Форест Гамп” шиг залуу байсан байхгүй юу.
-Та хэддүгээр ангиасаа гадаад хэл сурч эхэлсэн юм бэ?
-Анх гуравдугаар ангидаа бие дааж орос хэл сурах гээд бүтэлгүйтсэн. Дараа нь, дөрөвдүгээр ангиас орос хэл ороод эхэлсэн. Тухайн үед Б.Ренчин багшийг их шүтдэг байлаа. Бага байхдаа эмээгээ дагаад гэр орноор нь орж гардаг хүүхэд байсан. Чой.Лувсанжав багшийг бас хүндэлж, шүтдэг. Надад хичээл зааж байгаагүй ч лекц уншдаг байсан. Тэгэхэд тэр хүнээс сүрдээд орж сууж чаддаггүй байсан. Дараа нь, есдүгээр ангид байхдаа найзаараа дамжуулж хадаг барьж байлаа. Уг нь мөнгөн аяга байсан юм. Гэвч айсандаа болоод өвөр рүүгээ хийчихэж билээ.
-Таныг хэтэрхий олон хэл сурснаас үүдэж эцэг, эх тань эмнэлэгт хэвтүүлж байсан гэж сонссон?
-Оюуны ядаргаанд орж байсан.
-Өөрийгөө тэгж их хүчилдэг байсан хэрэг үү?
-Тэгэлгүй яах вэ. Өдөрт 16 цаг хэл сурах гээд ном шагайчихдаг байлаа. Нойр хоолгүй хоёр хоног явж байсан үе бий. 1997-1999 оны хооронд юм уу даа. Тэгээд оюуны ядаргаанд ороод “Шархад”-ны мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Тэгэхэд Д.Сосорбарам ах надтай хамт хэвтэж байсан. Хүмүүс хэл сурахад амархан гэж ярьдаг. Тийм биш. Би зохиосон номуудаа эргээд харахад яаж бичсэн юм гэж боддог. Хүмүүс 50 гараад ном бичиж гэгээрээд эхэлдэг. Харин миний хувьд найман орны хэл сураад ном бичээд гаргачихлаа.
-Та яг ямар өвчнөөс үүдэж хөлөө тайруулсан юм бэ?
-Саахарын өвчний хамгийн хүнд хэлбэр. Монголын анагаах ухаан үнэхээр сайн арга хэмжээ авдаг л юм билээ.
-Монголд эмчлүүлсэн хэрэг үү?
-Тийм. Хэрвээ нэг л хоног алдсан бол идээ нь бөөр рүү ороод үхэх байсан. Ачтай буянтай эмч нарын ачаар амьд мэнд явж байна.
-Хэлээрээ үзээд болохгүй бол хөлөөрөө үзнэ шүү гэсэн байдаг. Үнэхээр бухимдсан болоод тэгж хэлсэн хэрэг үү?
-Хүмүүс гэнэтийн юманд их дуртай юм шиг ээ. Миний оруулсан бичлэгийг хэдхэн хоногийн хугацаанд сая гаруй хүн үзээд рекорд тогтоосон байдаг. Дандаа үхэл, хагацал дуулж байхаар үзгийг магтан дуулъя гэж бодсон юм. Яагаад гэхээр тэр үзгээр чинь найман орны хэлийг бичсэн юм шдээ. Ямар сайндаа бичлэгээ гаргасны дараа Ди-Жей нар ажилгүй болох нь гэсэн байна лээ. Тэгэхээр тиймэрхүү маягийн юм Монголд хэрэгтэй байгаа юм. Гитлерийн алдартай дөрвөн цагийн илтгэл ч юм уу.
-Та О.Дашбалбар агсны намд элсэж явсан бил үү?
-Намд элсээгүй юм. Балбар багшийн хуурай дүү нь юм уу даа. Анх телевизэд ярицлага өгч байхдаа О.Дашбалбар багшийг өмөөрч байлаа. Хэдийгээр багш маань одоо байхгүй ч гэсэн Б.Лхагвасүрэн гуай багшийг их муухай хараалын үгээр хэлсэн байна лээ. Бүр телевизээр шүү дээ. Тиймээс Б.Лхагвасүрэн гуайг багшийн ар гэрийнхнээс уучлал гуй гэж хэлмээр байна.
-Ард түмэнд Арго нэрээрээ танигдсан ч хувь хүн талаас нь хүмүүс таныг төдийлөн мэддэггүй?
-Бурхан багшаас наад асуултаа асуусан нь дээр байх. Би өөрийгөө мэддэггүй юм. Гадна талаасаа яаж харагддаг, ямар алдаа, оноо байдаг юм бол гэдгийг мэдэхгүй. Хувь хүн байгаа зүйл нь өнөөдрийн миний байгаа байдал.
-Таныг Б.Ренчин гуайнхаас шаазан заан хулгайлаад баригдаж байсан гэдэг?
-Хүүхэд болсон хойно саваагүйтсэн байх. Хүүхдүүдтэй тоглож байхдаа л шохоорхоод авчихсан. Б.Ренчин багшийн үзэг одоо ч надад байдаг юм. Өөрөө бэлэглэсэн. Чой.Лувсанжав, Шаарийбуу гээд гурван том эрдэмтний үзэг бас бий.
-Ном бичихээс гадна өөр төрлийн бизнестэй юу?
-Хичээл зааж байна. Цагтаа заал заалаар нь дүүргэж явсан. Шилдэг борлуулалттай номоор ч шалгарч байсан.
-Одоо тэгээд хэр байх юм?
-Юу ч алга. Ном байтугай бүх юмыг хаачихсан шүү дээ.
-Таныг Монголын хошин шогийн зохиолын гайгүй төлөөлөгч гэж ярьдаг хүмүүс байдаг юм билээ. Цаашид хошин шогийн зохиол бичих үү?
-Хэн тэгээд байгаа юм.
-Жишээ нь "21 мянга" гээд ном бичсэн байдаг?
-Хамгийн дургүй ном. Тэрийг бичсэнээс хойш олон хүнтэй дайсан болчихоод байна. Хүмүүс уншаад инээлдээд л байх юм. Би уг нь мөрөөрөө л явж байгаа хүн. Гэтэл хошин шогийнхон хар сүлдэндээ мөргөөрэй, англи хэлээ сураарай гээд явах юм. "21 мянга" номыг 2000 хувь хэвлүүлээд тараасан. Тэгэхэд “Та нар хоёр цаг авах гэж бөөн юм болдог бол ганцаараа би тэрийг чинь авчихна” гэсэн. Тэгээд Улаанбаатар паласт тоглолт хийсэн.
Эх сурвалж:newspress.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ