Б.Ангирмаа:Би нандин байх дуртай

Хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаагийн Сэтгэл догдлуулсан оройтоглолт энэ сарын 28, 29-нд Corporate Con­cert Hall-д 19 цагаас болно. ХХ зууны Манлай хамтлаг Соёл-Эрдэнэ-ийн өрөөнд тоглолтынхоо бэлтгэлийг хийж байхад нь түүнтэй уулзаж ярилцлаа.

-Таныг ард түмэн анх дуучин гэдгээр тань хүлээж авсан?

-Би дуучин гэхээсээ илүү дуу зохиох дуртай. Тэр нь надад арай ойрхон байдаг. Яагаад вэ гэвэл зохиосон дуундаа аз жаргалтай байдаг. Эргээд сонсох гоё. Миний зохиосон дууг дуучид дуулаад амьдруулаад, тэрийг нь эргээд сонсоход аз жаргалтай болдог байхгүй юу. Тэгэхээр би дуу зохиохдоо илүү дуртай.

-Анхны зохиосон дуу тань?

-Анхны дуу гэхээр нэг дор олон дуу зохиочихдог байсан юм. Нэг өдөр 2-3 дуу зохиодог байлаа.

-Хэдэн настайдаа тэр вэ?

-1982 онд гэхээр 14 настайдаа дуу зохиож байсан.

-Энэ удаагийн тоглолт хэд дэх нь юм бэ?

-1994 онд “Намайг Ангирмаа гэдэг” тоглолтоо хийж байсан, 1995 онд “Вавилон мөрний эрэг дээр” тоглолтыг поп Дива нартайгаа хамтарч хийж байлаа. Дараа нь 2000 онд “Ах, дүү ая зохиогч” гэж тоглолтоо тавьсан. Тэгээд л тэрнээс хойш тоглолт хийгээгүй явсаар энэ жил, 2018 онд тоглолт хийж байна шүү дээ. Энэ хооронд нэг ч тоглолт хийсэнгүй.

-Намайг Ангирмаа гэдэг тоглолтоос л улбаалж таныг дуучин гэж хүлээж аваад байж шүү. Тэр тоглолт дээр та жинсэн хүрэмтэй, гитар барьж

...Намайг Ангирмаа гэдэг

Ангираа гэж дуудаж болно... гэж дуулсныг тод санаж байна?

-(Инээв). Тийм үү.

-Тэр тоглолтоос хойш та алга болчихсон байсан чинь...

-Би арын фронтод продюсерын ажил хийж эхэлсэн. Продюсерын ажил хийх нь надад сайхан байдаг, гоё байдаг. Би дуртай. Дуу зохиож, продюсероор ажиллах нь надад тааламжтай байдаг юм. Төдийлөн тайзан дээр гарч дуулах дуртай биш.

-Таны хоолойны өнгө зөөлхөн, аргадсан. Эмэгтэй хүний л хоолой ийм байх болов уу гэмээр шүү?

-За яах вэ, би тийм ч айхавтар дуучин хүн биш шүү дээ. Мэргэжлийн дуучдын хажууд дуу зохиодог хүн байхгүй юу. Зохиосон дуугаа өөрийнхөө хоолойнд эвтэйхэн тааруулаад дуулчихдаг. Өөрийнхөө хоолойнд таарах дуу зохиох нь бий. Тэр дуугаа өөрийнхөө хэмжээнд л дуулдаг. Миний хоолой үнэхээрийн зөөлөн сонсогддог л доо. Би өөрийнхөө хоолойг сонсохоор хэтэрхий уянгалаг, зөөлөн байдаг.

-Таны гаднаасаа харагдах байдал тань ширүүн дориун, баргийн хүнтэй юм дуугардаггүй гэмээр сэтгэгдэл төрүүлдэг. Гэтэл танаас тийм зөөлөн дуу хоолой, өнгө аяс гарч байна гэхээр гадаад байдал тань хуурамч байх. Дуу хоолой бол дотоод сэтгэлийн илэрхийлэл. Тийм учраас таныг их уян зөөлөн эмэгтэй гэж бодож байна?

-Тийм шүү дээ. Би маш их эмэгтэйлэг. Маш зөөлөн. Нандин байх дуртай. Уян зөөлөн талын хүн. Яагаад вэ гэвэл надаас гарч байгаа дотоод мөн чанар минь тэр дуунуудаар илэрхийлэгдээд байгаа шүү дээ. Миний дуунууд намуухан, уянгын. Дууны үг нь хүртэл нэг л тийм мөрөөдөмтгий, романтик ч гэмээр байдаг. Энэ бүхэн л өөрөө Ангирмаа даа. Миний уран бүтээлүүд намайг хэн бэ, Ангирмаа гэж хэн бэ гэдгийг илэрхийлдэг. Мөн “Киви” хамтлаг байна. “Киви” хамтлагийнханд эмэгтэйлэг, сайхан, нандин байхыг би зааж өгсөн.

-Хөвсгөр цагаан цас нь хаялан орж

Хөндий тал нь цайран цэлийнэ

Хөдөө нутгийн хөгшнийгөө санан

Хөгжим болсоор сэтгэл хөдөлнө... Тал нутаг гэх энэ дуу тэр чигээрээ уянга.

-Энэ дууг бага насандаа зохиосон. Миний аавын эгч байдаг юм. Ангиа гээд хүн бий. Тэр хүн хөдөөнөөс, Архангай аймгаас манайд ирлээ. Хотод, байшинд сайхан амраад буцах боллоо. Тэр хүнийг би үдэж гаргаад цонхоор харж зогсохдоо нүдэндээ нулимс цийлэгнүүлж билээ. Аавын минь эгч намхаан хүн. Авга эгчийгээ буцаж байгааг нь хараад уйллаа. Ангиадаа бид их хайртай. Тэр богинохон хугацаанд бид их дассан байсан. Тэгээд л цонхоор харж зогсч уйлж байгаад төгөлдөр хуураа онгойлгоод л энэ дуугаа зохиосон юм даа. Ингэж л сэтгэлээс гарч байгаа байхгүй юу.

-Монголд продюсер гэдэг мэргэжлийг үйл хэрэг болгож, бодит болгосон хүн нь та. Таныг Киви хамтлагийн гурван охиныг айхавтар захирч байна, эрхэнд нь халдаж байна, хэзээ хүнтэй сууж, хүүхэд гаргахыг нь хүртэл гэрээгээр заачихсан гээд их л сөрөг дүрээр хүлээж авсан шүү, нэг хэсэг?

-Энэ бол ажил. Хоёрдугаарт, уран бүтээл. Бүтээлч байх хэрэгтэй. Бид олон зүйлийг хийх ёстой. Тийм учраас гал тогоогоо сонгох уу, олны танил болох уу гэдэг асуулт тавигдсан. Түүнийгээ дагаад хатуу гэрээ хийсэн. Таны хэлээд байгаа чинь зөв. Би тэгж гэрээ хийсэн. Энэ бол ажил. Харин амин хувьдаа бол бид сайхан эгч дүүс, багш шавь нар. Сайхан найз, андууд. Ажил дээрээ бол яг л шаардлагын дагуу, зарчмын дагуу ажилладаг ийм хамтлаг. Тэгээд ингэж сайн гэрээ хийж, ингэж сайн ажилласны үндсэн дээр амжилтын үндэс гарч ирсэн. Амжилтын үндэс гэж юу юм бэ. Амжилтын үндэс гэж хөдөлмөрлөхийг л хэлж байгаа шүү дээ. Сайн ч хөдөлмөрлөсөн. Тэгээд бас хүмүүсийн ярьдгаар од боллоо шүү дээ. Ингэж гэрээ хийж, ингэж ажилласан нь буруудаагүй. Харин сайн, зөв болсон. Бид дөрөв итгэлцэл дээр байдаг. Бид дөрөв бие биенээ мэдэрдэг, ойлгодог. Би гурван охиноо хүндэлдэг, гурван охин маань намайг маш их хүндэлдэг. Одоо хүртэл бид үргэлж хамтдаа байж байдаг.

Манай гурав намайг эмээ болчихсон гэдэг юм (инээв). Ука хүүхдээ төрүүлээд “Багш аа, та эмээ болчихсон шүү” гэж билээ. Би хөөрхөн ач, зээ нартайгаа сайхан байдаг юм.

-Сэтгэл догдлуулсан орой тоглолтынхоо талаар яривал?

-Энэ тоглолт бол миний 50 насны ойтой уялдаж байгаа. Агуулга нь энэ байгаа юм. 50 насны ойн баярын цэнгүүн ч гэж хэлж болно.

-Таны зохиосон дууг дуулсан гэхээсээ дуулаагүй дуучныг нь нэрлэвэл цөөн байх болов уу?

-Миний дууг дуулаагүй улсууд байлгүй яахав. Би голдуу эмэгтэй дуучидтайгаа хамтарч ажилладаг. Миний дуунуудыг эмэгтэй дуучид түлхүү дуулдаг юм. Залуу үеийнхэнтэйгээ бас их хамтарч ажилладаг. Миний дуунуудыг сэргээж энд тэнд мэр сэр дуулдаг бололтой юм билээ.

-Ахтайгаа нэг салбарт хамтдаа зүтгэж, бүхий л зүйлээ зориулж хоёулаа амжилттай явна гэдэг бас ховор завшаан шүү. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион таныг өдий зэрэгтэй явахад хамгийн их дэмжиж тусалсан хүн байлгүй?

-Миний уран бүтээл, ажил, амьдралд их нөлөөтэй. Нөлөөлж ирсэн, одоо ч нөлөөлдөг нөлөө бүхий хүн. Заавар зөвлөгөө өгдөг, загнадаг хурцалдаг, дэмждэг. Би ахыгаа хүндэлж хайрлаж явдаг. Их эмээдэг. Тавь хүрчихсэн мөртлөө л ахаасаа айна. Миний уран бүтээлд санаа тавьдаг. Анхнаасаа л намайг дэмжиж ирсэн л дээ. Одоо ч ах, дүү ая зохиогч гээд нэгнээ дэмжээд л явдаг.

Бид хоёрыг ийм мэргэжилтэй болоход гэр бүл хамгийн их нөлөөлсөн. Миний эцэг эх, ах эгч нар, найз нөхөд, орчин тойрон нөлөөлсөн. Би хотын охин. Хотын төвийн унаган охин. Ямар дуу сонсох, ямар дуу дуулах, ямар стиль барих тэр болгон бүгд нөлөөлсөн.

-Хөгжмийн чиглэлийн хүмүүс өдөржингөө хөгжим дуу хуурын дунд байж байгаад орой нь гэртээ очоод дахин хөгжим сонсч алжаалаа тайлдаг гэж ярьдаг. Хөгжим таны нэг хэсэг болчихсон уу?

-Би байнга хөгжим сонсоод явдаг хүн биш л дээ. Залуу байхад их сонсдог байлаа. Одоо бол багассан. Харин энд тэндээс мэдээлэл авч алжаалаа тайлж суудаг болсон. Юм уншдаг. Их юм уншдаг. Чимээгүй орчинд ганцаараа байх дуртай. Тэгж би алжаалаа тайлдаг. Эрт нойрсож, эрт сэрдэг.

-Өнгөрсөн хугацаанд та хичнээн дуу зохиосон бол оо. Урын сангаа уудалж тоолж үзсэн үү?

-100 гаруй дуу байдаг юм шиг байгаа юм. Би ерөөсөө тоолж үзээгүй. Тоолох гээд суудаг юм, тэгээд л больчихдог. Би өөрөө мартчихсан дуунууд бас байдаг. “Би энэ дууг зохиож байсан билүү” гэж өөрөөсөө асуух үе байна. Эртээд “Гала” хамтлагийн Ану тааралдсан. Би “Гала” хамтлагт хоёр дуу өгсөн байдаг юм байна. Ямар хайрын өвлийн өглөө гэнэ үү, тийм нэг нэртэй дуу. Тэр дууг бол би огт санахгүй байгаа байхгүй юу. Ийм санахгүй байгаа, мартагдсан дуунууд их байдаг юм билээ. Тэгээд л би дуунуудаа тоолж байснаа больчихдог.

-Энд тэнд явж байхад таны дуунууд эгшиглэхээр ямар мэдрэмж төрдөг вэ?

-Би өөрийн дууг сонсохоос өрөөлийн дууг сонсох сонирхолтой. Өөрийнхөө дуунаас мэдээж сайхан мэдрэмж авдаг л даа. Бусад хөгжмийн зохиолч, уран бүтээлчид ч тэгдэг л байх даа. Хааяа дэлгүүр хоршоогоор, гадуур явахаар манай Укагийн дуу явж л байдаг юм. Тэгэхээр нь би дотроо их баярладаг юм. Хөөрхий, миний шавийн дуу явж байна гээд баярладаг. Бас телевизээр клип нь явахаар баярлана. Надад хийсэн юмаа үзүүлнэ, шалгуулна.

-Та тоглолт дээрээ дуулах уу?

-Дуулна.

-1990-ээд онд дуулж байсан дуунуудаа бүгдийг нь дуулах уу?

-Тэгнэ.

-Гитартайгаа...

-Одоо тэгж тоглолтынхоо тухай дэлгээд яах вэ. Очоод үзэхгүй юу.

Эх сурвалж:dnn.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ