1.3 сая долларыг зуучлагч нар УИХ-ын хоёр гишүүнтэй харилцаж байжээ
Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа сэжигтний гэрээс их хэмжээний буюу 1.3 сая ам.доллар бэлнээр олдсон. Энэ нь монгол төгрөгөөр бодох юм бол 3 орчим тэрбум төгрөг аж. Тухайн сэжигтнийг яллагдагчаар татан баривчилсан байгаа бөгөөд дээрх мөнгийг битүүмжлэн эд мөрийн баримт болгон хураан авчээ.
Одоогоор их хэмжээний энэ мөнгийг юунд зарцуулах гэж байсан, хэнд авлигад өгөх гэсэн байсан болон гарал үүслийг судалж, нарийчвлан шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээлсэн.
Энэ их мөнгийг цагдаагийн эрх бүхий дарга нар болон ШШҮХ-ийн шинжээчидтэй холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл гарч байгаа ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог үгүйсгэв.
Харин мөрдөн байцаалтын явцад уг их хэмжээний мөнгийг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахын тулд хахууль болгон өгөх гэж байсныг эхний байдлаар тодруулаад байгаа гэсэн шинэ мэдээлэл байна.
Тэгвэл дээрх 1.3 сая ам.долларыг Сүхбаатар дүүргийн нутаг, Баянгол зочид буудлын дэргэдэх “220к резиденс” байрыг түрээсэлсэн, уг хэрэгт холбогдоод буй хоёр иргэний гэрээс хураасан. Тус тусын байртай мөртөө уг байранд түрээс төлж их хэмжээний мөнгөө байршуулсан байсныг эх сурвалж баталлаа.
Мөн өөрсдийгөө дундын зуучлагч бөгөөд уг 1,3 сая доллар нь БНХАУ-ын иргэдийн мөнгө хэмээх тайлбарыг өгчээ.
Тиймээс их хэмжээний мөнгийг хэнд өгөх гэж байсныг АТГ-аас яг өнөөдрийн байдлаар тодруулахаар ажиллаж байгаа гэлээ. Мөрдөн байцаалтын явцад дээрх зуучлагч нарын фэйсбүүкийн чат болон гар утасны дуудлагыг прокурорын зөвшөөрөлтэйгээр шалгаж байгаа аж. Уг гүйцэтгэх ажиллагаагаар АМГ-ын албан тушаалтан болон УИХ-ын гишүүн асан хоёр ч хүнтэй холбогдсон байсныг илрүүлэн үргэлжлүүлэн ажиллагаа явуулж байгаа гэнэ. Мөн телеграмм гэх сүлжээгээр нэр нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтоож харилцаж байсныг илрүүлжээ.
Дээрх мөнгөнөөс гадна уржигдар дахин нэг төмөр сейф хураан авсан бөгөөд түүнд нь багагүй хэмжээний мөнгө байгааг бас эд мөрийн баримтаар хураан авчээ.
эх сурвалж:eagle.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ