"Чойбалсанд хятад эзэнтэй үйлчилгээний газар байхгүй, 1992 оноос хойш гарын таван хуруунд багтах хүн хятад иргэнтэй гэр бүл болсон"
Дорнод аймгийн Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр сүүлийн үед нийгмийн мэдээллийн сүлжээгээр түгээж байгаа "Дорнод аймаг хятад хүмүүсээр дүүрсэн", "Засаг дарга нь хятад нэрийн хуудастай, хятадуудтай цус сэлбэг бодлого явуулдаг" гэх мэт мэдээллүүдэд тайлбар өгсөн юм.
"Намайг хятад хэл дээр хэвлэсэн нэрийн хуудас хэрэглэдэг гэх мэдээлэлд эхлээд тайлбар өгье. Би Монгол Улсын төрийн албан хаагчийн хэрэглэдэг Монгол, Англи хэл дээр хэвлэгдсэн нэрийн хуудсыг л хэрэглэж байгаа.
Мөн 2018 оны наймдугаар сарын 25-нд гаргасан "Хүн амын өсөлтийг бодлогоор дэмжихийг хүсэх тухай" гаргасан захирамжийг маань мушгин гуйвуулж, Чойбалсан хотын иргэдийг Хятад иргэдтэй эрлийзжүүлэх бодлого явуулж байна хэмээн гүтгээд байгаа.
Тус захирамжийн агуулга нь 2000 оноос хойш төрсөн хүүхдүүд одоо насанд хүрч байна. Тиймээс залуучуудын гэр бүл төлөвлөлтийг дэмжиж, олон хүүхэдтэй болох талаас нь төрөөс дэмжлэг үзүүлэх санал байсан юм. Ингэхдээ дөрвөөс дээш хүүхэдтэй гэр бүлийн эцэг, эхийн аль нэгийг тогтвортой ажлын байраар хангах, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол эцэг, эх хоёрыг нь ажлын байраар хангах, найм болон түүнээс дээш хүүхэдтэй бол үнэгүй орон сууцаар хангах саналтай байгаагаа илэрхийлсэн.
Уг захирамжаар дамжуулан гаргаж буй хүсэлтээ УИХ-ын намрын чуулган эхлэхээр гишүүдэд хүргүүлэхээр төлөвлөж байгаа.
Энэ мэт хүн амын өсөлтийг дэмжих санал гаргасныг мушгин гуйвуулаад байвал цаашид төрийн албан хаагчдаас гарах, санал санаачилга саарах болов уу гэж бодож байна.
Олон нийтийн сүлжээнд нэг нийтлэгдсэн мэдээлэл дороо тарчихдаг юм байна. Тиймээс өнөөдөр залруулга хийж, мэдээллийг мушгин гуйвуулж байгаа хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна гэдгээ мэдэгдэж байна" хэмээн хэллээ.
"20 ГАРУЙ ЖИЛИЙН ХУГАЦААНД ГАРЫН ТАВАН ХУРУУНД БАГТАХ ХҮН АЛБАН ЁСООР ХЯТАД ИРГЭНТЭЙ ГЭР БҮЛ БОЛСОН"
Түүнээс олон нийтийн сүлжээгээр тархаад буй мэдээлэлтэй адил нөхцөл байдал үнэхээр Дорнод аймагт, Чойбалсан хотод бий болсон эсэхийг тодруулсан юм.
- Дорнод аймаг хэчнээн хүн амтай вэ. Олон нийтийн сүлжээгээр маш олон тооны Хятад иргэд Монгол иргэдтэй гэр бүл болж Дорнодод суурьшсан гэсэн мэдээлэл тараад байгаа. Энэ тухайд?
- Дорнод аймаг 85 мянган хүн амтай. Би Чойбалсан хотоо төлөөлж мэдээлэл өгье. Манай хот 46 мянган хүн амтай.
Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний хүрээнд БНХАУ-ын "Петро Чайна Дачин Тамсаг" компани Чойбалсан хотын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Уг компанид тодорхой тооны хятад иргэд хууль ёсны дагуу ажилладаг. Тэдгээр ажилчдыг Засгийн газар, Хөдөлмөрийн яам, Гадаадын иргэн харьяатын газар гээд холбогдох газрууд нь хянаж байгаа.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр үйл ажиллагаа явуулдаг уг компанид яг хэчнээн хятад ажилтан ажилладаг талаар тодорхой мэдээлэл надад алга.
Гэхдээ би нэг зүйлийг албан ёсоор хэлж чадна. Чойбалсан хотод хятад эзэнтэй худалдаа үйлчилгээний газар нэг ч байхгүй.
1992 онд хил нээгдсэнээс хойш 20 гаруй жилийн хугацаанд гарын таван хуруунд багтах хүн албан ёсоор хятад иргэнтэй гэр бүл болсон.
- Дорнод аймгаас БНХАУ-руу явж ажилладаг иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа гэх мэдээлэл бий. Энэ талаар статистик мэдээлэл танд байна уу?
- Нарийвчилсан тоог хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Дорнод аймгийн төв болон сумдаас 800 орчим иргэн тогтмол хууль бусаар БНХАУ-д ажилладаг гэх тоо бий. Төр засгийн хэмжээнд ажилчин солилцох гэрээ, хэлцэл байхгүй учраас иргэд маань цалингаа авч чадахгүй байх, янз бүрээр дарамтлуулах гэх мэт тохиолдол гардгийг үгүйсгэхгүй. Бидний зүгээс энэ асуудлаар холбогдох хүмүүстэй уулзалтууд хийж, шийдвэрлэх талаар оролдлого хийдэг ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна.
ikon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ