АТГ-ынхны хураан авсан 1.3 сая ам.долларыг хятадууд хуулийнханд хахууль болгон өгөх гэж байжээ

АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт нэгэн иргэний гэрээс их хэмжээний буюу 1.3 сая ам.доллар бэлнээр хураан авсан байна. Тухайн иргэнийг шалгаж байгаа бөгөөд дээрх мөнгийг битүүмжлэн хураан авчээ. Иргэд энэ их мөнгийг саяхан саатуулагдсан цагдаагийн дарга нарын хэрэгтэй холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж байсан. 

Тиймээс энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогоос тодруулахад "Цагдаагийн дарга нар болон шүүхийн шинжээчдийг баривчилсан. Гэхдээ энэ их хэмжээний бэлэн мөнгө нь энэ хэрэгтэй хамааралгүй" гэлээ.

Тэгвэл дээрх 1.3 сая ам.долларыг Сүхбаатар дүүргийн нутаг, Баянгол зочид буудлын дэргэдэх “220к резиденс” байрыг түрээсэлсэн, уг хэрэгт холбогдоод буй жирийн хоёр иргэний гэрээс хураасан юм байна. Уг байр нь харуул хамгаалалт өндөртэй, хурууны хээ мэдэрч хаалга нь нээгддэг бөгөөд нэлээд удаан хугацааны турш цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн АТГ-ынхан уг мөнгийг олж авсан гэнэ. Тэр их хэмжээний мөнгийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл булаацалдаж буй хятадууд цагдаа, шүүх, прокурорынхонд өгч өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулахаар оролдлого хийхээс өмнө баримтжуулан хурааж авсан байна.

Тодруулбал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь, 400 гаруй сая ам.доллараар үнэлэгдэх нөөцтэй гэж урьдчилсан байдлаар тогтоосон алт, мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг булаацалдсан хятадууд 3-4 тэрбум төгрөг зарцуулахаар болсон гэх мэдээлэл байна.  Үүнийх нь илрэл болсон 1.3 сая ам.долларыг АТГ-ынхан хураан авсан нь энэ аж. Дээрх мөнгөнөөс ганда өчигдөр дахин нэг төмөр шүүгээ (сейф) хураан авсан бөгөөд түүнд нь багагүй хэмжээний мөнгө байгааг бас эд мөрийн баримтаар хураан авахаар болжээ. 

 1.3 сая ам.доллар гэдэг бол 3 тэрбум гаруй төгрөг. АТГ урьд өмнө нь ийм их хэмжээний мөнгөн дүнтэй хахуулийн хэрэг шалгаж байсан эсэх нь эргэлзээтэй. Харин энэ удаад АТГ-ынхан маш их хэмжээний мөнгөн дүнтэй хэргийг илрүүлэн шалгаж эхлээд байна. 

Б.Анир

 

 zaluu.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ